Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/00274

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар  102/ШШ2022/00274

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Г

 

Хариуцагч: М.Б

 

Амины орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 142,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, уг орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах, 225,569,987 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч М.Бд холбогдуулан амины орон сууц чөлөөлүүлэх, уг сууцыг хөлслөж олох байсан орлого 142,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. М.Бгийн ар гэрийн байдлыг харгалзан 2016 оны 12 дугаар сараас амины орон сууцандаа түр суулгасан. Одоо шалтгаангүйгээр орон сууцыг чөлөөлөхгүй, байр үзэхээр очсон хүнийг оруулахгүй эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг зөрчиж байна.

 

1.2. Дээрх сууцыг үндэслэлгүйгээр чөлөөлөхгүй хохирол учруулж байна гэжээ.   

 

2. Хариуцагч М.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. “С” ХХК-ийг катерингийн үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулж, 34 хувийн хувьцаа эзэмшиж байсан ба уг үйл ажиллагааны чиглэлээр төсөл, тендерт оролцоход Ч.Г туслъя гэсэн. Компанийг төсөл, тендерт оролцуулахын тулд хувьцаа нэр дээр байх хэрэгтэй байна гэсний дагуу өөрийн эзэмшлийн хувьцаанаас 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 10 хувийг, дараа нь “СК” ХХК-ийг үүсгэн байгуулахдаа 24 хувийг нийт 34 хувийн хувьцааг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн.

 

2.2. Маргаан бүхий амины сууцыг 2016 оны 12 дугаар сард 350,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч орон сууцанд орсон, үнийг хувьцаагаа худалдан борлуулж өгөхөөр тохирсон байсан.

 

2.3. Ч.Г нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 14 хувийн хувьцааг 205,005 ам доллароор буюу 575,569,987 төгрөгөөр худалдаж, мөнгийг авсан тул амины сууцны үнэ төлөгдсөн.

 

3. Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Ч.Гт холбогдуулан амины орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах, амины орон сууцны үнээс илүү гарсан хувьцааны үнэ 225,569,987 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

 

3.1. Амины сууцыг 350,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үнийг хувьцаагаа худалдан борлуулж төлөхөөр тохирсон.

 

3.2. “С” ХХК-ийн 34 хувийн хувьцааг нэхэмжлэгчид үнэ төлбөргүй шилжүүлсэн ба үүнээс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нь 14 хувийн хувьцааг 575,569,987 төгрөгөөр зарж, сууцны үнийг олж авсан.

 

3.3. Нэхэмжлэгчийн худалдсан хувьцааны үнэ нь орон сууцны үнээс илүү гарсан. Иймд илүү төлсөн мөнгийг авна.  

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөв. Үүнд:

 

4.1. Амины орон сууцыг М.Бд 350,000,000 төгрөгөөр худалдах тохиролцоо хийгээгүй.

 

4.2. “С” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөгүй, өртэй компани байсан бөгөөд хувьцаа эзэмшигчээр үнэ төлбөргүй оруулъя, уг компанийн үйл ажиллагааг дэмжиж, төсөл, тендерт оролцуулж, хөрөнгийн баталгаа гаргаж туслах хүсэлтийг хариуцагч гаргаж, 10 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн.

 

4.3. “С” ХХК-д 1,235,358,097.28 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан, хариуцагч нь Г.Хасбаатарын эзэмшлийн 30 хувийн хувьцааг хууль бусаар авсан байсныг үнийг нь төлж өгсөн. Иймд “СК” ХХК-д эзэмшиж байсан өөрийн хувьцаагаа зарсан, энэ хувьцаа хариуцагчид хамааралгүй, орон сууцны асуудал нь мөн хувьцаанд хамаагүй гэжээ.   

  

5. Нэхэмжлэгчээс Ч.Гийн иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Ч.Гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, М.Бд болон “С” ХХК-д санхүүжилт, түр зээл, бусад хэлбэрээр оруулсан хөрөнгө оруулалтын жагсаалт гэсэн гар бичмэл, арматур худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт, төлбөрийн даалгавар, “А” ХХК-ийн нэхэмжлэх, зээлийн дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00087 дугаар захирамж, З.Э тайлбар, “С” ХХК-ийн дүрэм, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /I-ХХ-ийн 5-10, 12-19, 29-30, 37-38, 85-95, 96-157, 160-165 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, “СК” ХХК, “С” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “С” ХХК-ийн дүрэм, шинэчилсэн дүрэм, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, “УБЦТС” ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй /I-ХХ-ийн 57-74 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

7. Хариуцагч талын хүсэлтээр “СК” ХХК-ийн дүрэм, 14 хувийн хувьцааг Б.Чулуунтогтоход шилжүүлсэн тухай компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт СК ХХК-иас явуулсан 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18/01 тоот албан бичиг, “Голомт банк” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 14/хх/03-333 дугаар албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Чулуунтогтохын 3205100370 дугаарын данснаас Ч.Гийн 1601021671 дугаар данс руу “С” ХХК-ийн 14% хувьцааны үнэ Ч.Х гэсэн утгаар 205,005 ам.доллар шилжүүлсэн гүйлгээ хийсэн теллерийн №129 дугаар бүхий төлбөрийн баримт, “СК” ХХК-ийн хуулийн этгээдийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хувийн хэргээс хуулбарлан авсан баримтууд, “С ХХК-ийн хувийн хэргээс компанийг үүсгэн байгуулсан баримт бичгүүд, компанийн бүх дүрэм, М.Бгаас Ч.Гт хувьцаа шилжүүлсэн талаарх холбогдох баримтууд, “Скайкатеринг ХХК-ийн хувьцааны 24 хувийг СК ХХК-д шилжүүлсэн гэрээ, уг гэрээтэй холбогдох бусад баримтууд /I-ХХ-ийн 172-184, 191 дүгээр тал, II-ХХ-ийн 8-11, 12-43, 64-156, 165-196, 207-219, 225-240 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Үндэслэлгүйгээр амины орон сууцыг чөлөөлөхгүй, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг зөрчиж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Маргаан бүхий сууцыг худалдан авсан, хариуцагчийн эзэмшлийн хувьцааг нэхэмжлэгч худалдан борлуулж орон сууцны үнэ төлөгдсөн гэж марган татгалзалтайгаа холбогдуулан амины орон сууц болон доорх газрын өмчлөгчөөр тогтоолгох, тухайн сууцны үнээс илүү гарсан 225,569,987 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.    

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.Г нь маргаан бүхий амины орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. Дээрх амины орон сууц байршиж буй газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дугаар шийдвэрээр Ч.Гт амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгожээ. /I-ХХ-ийн 6-10 дугаар тал/

 

“С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар хурлын шийдвэрээр 50 хувийн хувьцаа эзэмшигч М.Б нэг бүрийн үнэ нь 1000 төгрөгийн 100 ширхэг буюу 10 хувийн хувьцаа, 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Х нэг бүрийн үнэ нь 1000 төгрөгийн 200 ширхэг буюу 20 хувийн хувьцааг Ч.Гт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тэдний хооронд компанийн эрх шилжүүлэх болон худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Г.Х30 хувь, нэхэмжлэгч Ч.Г 30 хувь, хариуцагч М.Б 40 хувийн хувьцаа эзэмшигчээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгджээ. Дээрх гэрээний төлбөр болон Г.Хасбаатараас сүүлд авсан 30 хувийн хувьцааны төлбөрт Ч.Г нь Г.Х ээж З.Э 20,000,000 төгрөг болон 2 өрөө орон сууц шилжүүлсэн, харин М.Б хувьцаагаа үнэ төлбөргүй шилжүүлсэн гэж талууд тайлбарлав. /II-ХХ-ийн 112-132 дугаар тал/

 

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар “С” ХХК-ийн хувьцааг Б.Х10 хувь, Г.Х 40 хувь, Ш.Б 16 хувь, хариуцагч М.Б 24 хувь, нэхэмжлэгч Ч.Г 10 хувийн хувьцаа эзэмшиж байсан ба 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаа эзэмшигчид бүх хувьцаагаа “СК” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж, уг компанийг катеринг, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулж, “С” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр “СК” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /II-ХХ-ийн 176-196 дугаар тал/ 

 

“СК” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 34 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.Г, үүсгэн байгуулагч, 66 хувийн хувьцаа эзэмшигчээр Г.Х нар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдэж, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Ч 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.Х, 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Ч, 10 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.Г, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Х 40 хувийн хувьцаа эзэмшигчээр, 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Ч, 10 хувийн хувьцаа эзэмшигчээр М.Б, 10 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.Г, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 64 хувийн хувьцаа эзэмшигчээр “М” ХХК, 16 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Ч, 10 хувийн хувьцаа эзэмшигчээр М.Бат-Өлзий, 10 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.Г, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 51 хувийн хувьцаа эзэмшигчээр П.Б, 39 хувийн хувьцаа эзэмшигчээр “М” ХХК, 10 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Ч нар бүртгэгджээ. /I-ХХ-ийн 160-163, 173-184 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь “СК” ХХК-д эзэмшиж байсан 34 хувийн хувьцаанаас 14 хувийн хувьцааг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр “М” ХХК-д шилжүүлж, уг гэрээний үнэ болох 205,005 ам доллар буюу 575,569,987.95 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан, 10 хувийн хувьцааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн эрх шилжүүлэх болон худалдах, худалдан авах гэрээгээр Т.Ч шилжүүлж, гэрээний үнийг М.Б хүлээн авсан үйл баримт тогтоогдсон. Уг үйл баримтын талаар зохигч маргаагүй. Харин 10 хувийн хувьцааг хариуцагчийн төрсөн ах М.Б үнэ төлбөргүй шилжүүлсэн гэж хариуцагч тайлбарлаж байх ба М.Б 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байна. /I-ХХ-ийн 164-165, 173, II-ХХ-ийн 9-11 дүгээр тал/

 

Дээрх үйл баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зохигчийн хооронд Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж 63/1 тоот хаягт байршилтай амины орон сууцыг 350,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь “СК” ХХК-ийн 14 хувийн хувьцааг бусдад худалдаж, мөнгийг авсан нь тогтоогдож байгаа боловч уг үйл баримтаар талуудын хооронд амины орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний үнийг 350,000,000 төгрөгөөр тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрээ гэдэг бол тухайн гэрээний талуудын хүсэл зориг харилцан нийцсэн хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгөө шилжүүлэх, худалдан авагч нь хариу төлбөр төлөх буюу худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээнэ. Иймд уг гэрээг байгуулахын тулд гэрээний зүйл буюу шилжүүлэх эд хөрөнгө, түүний үнийн талаар зайлшгүй тохиролцсон байх шаардлагатай. Харин хэрэгт маргаан бүхий амины орон сууцыг худалдан авах тохиролцоо хийгдсэн, үнийг 350,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх нотлох баримтгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзнэ. Хариуцагч маргаан бүхий амины орон сууцны ашиглалтын зардлыг төлж байсан нь тухайн хөрөнгийг худалдан авсан үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ зохигчийн хооронд байгуулагдаагүй байх тул тухайн гэрээний дагуу маргаан бүхий амины орон сууцыг хариуцагч эзэмшиж байгаа гэж үзэхгүй.

 

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сараас нэхэмжлэгчийн орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон бөгөөд энэхүү харилцааны үндэслэлийг “хариуцагчийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан, түүний хүсэлтээр түр суулгасан” гэж нэхэмжлэгч тайлбарлав. Энэ хугацаанд хариуцагч хариу төлбөр төлж байгаагүй, мөн 2016 оны 12 дугаар сараас өмнө эгч М.Б орон сууцанд амьдарч байсан үйл баримт тогтоогдсон байна. Нэг этгээд өөрийн хөрөнгөө нөгөө этгээдэд хариу төлбөргүйгээр ашиглуулахаар шилжүүлсэн бол Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдана. Талуудын хооронд үүссэн харилцаа эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний шинжийг агуулсан байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбараас дүгнэвэл эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгогүйгээр, сайн дураараа эд хөрөнгөө хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд зохигчийн хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдаагүй гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгөө хариуцагчаас хэдийд ч шаардах эрхтэй.     

 

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, өмчлөгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь өмчлөгчийн эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу эзэмших эрхгүй байх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл юм. 

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр маргаан бүхий хөрөнгийг эзэмшилдээ авсан хэдий ч Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь амины орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй байна. Иймд маргаан бүхий амины орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй.  

 

Маргаж буй амины орон сууцыг хөлслөж олох байсан орлогыг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас алдсан үндэслэлээр нэг сарын хөлсийг 2,500,000 төгрөгөөр тооцож 57 сарын хугацаанд олох байсан орлого буюу хохиролд 142,500,000 төгрөг шаарджээ. Нэхэмжлэгч нь эд хөрөнгөө сайн дурын үндсэн дээр хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байх тул уг эд хөрөнгөө ашиглаж орлого олоогүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар 142,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж 63/1 тоот хаягт байршилтай амины орон сууцыг нэхэмжлэгчээс 350,000,000 төгрөгөөр худалдан авсан, уг гэрээний үнийг нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн хувьцааг худалдан борлуулж авсан үндэслэлээр амины орон сууц болон доорх газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмчлөх эрх хууль болон өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу үүсдэг бөгөөд үүнээс өөр арга замаар үүсэх боломжгүй. Маргаан бүхий амины орон сууцыг худалдан авах талаар зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн, түүний үнийг 350,000,000 төгрөгөөр тогтоосон, үнийг хариуцагчийн эзэмшлийн хувьцааг худалдан борлуулж төлөх тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчид худалдах, худалдан авах гэрээний дагуу амины орон сууц болон газрыг өмчлөх эрх үүсээгүй байна. Иймд амины орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 11.9 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж зааснаар шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгодог тул гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах шаардлага нь тусдаа бие даасан шаардлага болохгүй. Иймд гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай адил агуулгатай гэж үзнэ.  

 

Талуудын хооронд маргаан бүхий сууцны үнийг 350,000,000 төгрөгөөр тохирсон, үнийг хувьцаа худалдан борлуулж төлөх тохиролцоо хийгдсэн болох нь тогтоогдоогүй тул хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээний үнийг илүү төлсөн гэж үзэхгүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 225,569,987 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нь “С” ХХК-д мөнгөн болон бусад хөрөнгөөр 1,235,358,097.28 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэж тайлбарлан, тухайн хөрөнгө оруулалттай холбоотой гэх 1 дүгээр хавтаст хэргийн 88-163 дугаар талд авагдсан баримтуудыг гаргаж өгсөн байна. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч нь хувьцаа эзэмшигч Г.Х, Ч.Г нарын гарын үсгийг хуурамчаар зурж компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсныг ахын хувьд Г.Х 30 хувийн хувьцааны үнийг төлж өгсөн гэж тайлбар гаргасан байна. Уг тайлбартайгаа холбогдуулан Г.Х ээж гэх З.Э гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан. Уг баримтад “М.Б гийн хамт “С” ХХК-ийг үүсгэн байгуулж, 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн, Хөшигийн хөндийд онгоцны буудалд катеринг байгуулахад хөрөнгө оруулалт хийж тендерт оролцох шаардлага гарсны улмаас Ч.Гтай тохиролцож хувьцаанаасаа салгаж Ч.Гт 30 хувийг өгсөн. Үүний дараа Г.Х 30%-тай үлдсэн бөгөөд энэ шилжилтийн дараа Ч.Гт 2018 оны 12 сард өөрийн бүх хувьцааг шилжүүлж тодорхой үнэ тохиролцож тооцоо дуусгасан болно” гэжээ. Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.О, З.Энарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг Г.Хасбаатараас авсан хувьцааны төлбөрт өгсөн гэжээ. Мөн Ч.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “С хувьцаа авах” гэсэн утгаар 25,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “С Энэбишд” гэсэн утгаар 5,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “С хувьцааны төлбөр Энэбишд” гэсэн утгаар 10,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “С хувьцааны төлбөр Энэбишд” гэсэн утгаар 2,000,000 төгрөгийг Хаан банкны данснаас шилжүүлсэн байна. Эдгээр баримтыг хариуцагч үгүйсгээгүй, эсрэг нотлох баримт гаргаж өгөөгүйгээс гадна “С” ХХК-д эзэмшиж байсан хувьцаанаасаа 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 10 хувийн хувьцааг Ч.Гт үнэ төлбөргүй шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Иймд дээрх үйл баримт болон нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл анх нэхэмжлэгчид 10 хувийн хувьцааг шилжүүлэхдээ талууд ямар тохиролцоотой байсан, Г.Хасбаатараас шилжүүлж авсан 50 хувийн хувьцааны үнэ төлөгдсөн эсэх, тухайн хувьцааг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь эзэмших эрхтэй болох, нэхэмжлэгч нь “С” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн эсэх, энэ нь эзэмшиж байсан хувьцаатай нь холбоотой эсэх гэх мэт асуудлаар зохигчийн хооронд маргаан бүхий харилцаа байна гэж үзэхээр байна. Иймд энэхүү шийдвэр нь талуудын хооронд “С” ХХК, “СК” ХХК-ийн хувьцаатай холбоотой маргаанд саад болохгүйг дурдах нь зүйтэй. /I-ХХ-ийн 153-159 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 37,500,000 төгрөгөөр ихэсгэж, уг дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн боловч нэхэмжлэлийн шаардлагаа “13 сарын орлогыг сарын 2,500,000 төгрөгөөр тооцсон” гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагын үнийг 32,500,000 /13 сар х 2,500,000 төгрөг/ төгрөг гэж үзэж, уг дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцов. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар илүү төлсөн 25,000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үнийн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө тодорхойлж, тухайн дүнгээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан хувь, хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө. Хариуцагч нь амины орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үнийг эд хөрөнгийн бус нэхэмжлэл гэж үзэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь буруу байна. Хариуцагч нь өмчлөгчөөр тогтоолгох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 350,000,000 төгрөгөөр тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар тухайн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ. Иймд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,837,750 /1,907,950 – 70,200/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж 63/1 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай 272м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Б гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс 142,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М.Б гийн нэхэмжлэлтэй Баянгол дүүрэг 7 дугаар хороонд байршилтай нэгж талбарын 0 дугаар бүхий 688м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхтэй газар болон Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж 63/1 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай 272м2 талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 225,569,987 төгрөг гаргуулах тухай Ч.Гт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,123,600 төгрөгөөс 1,098,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 25,000 төгрөг, хариуцагч М.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Гт олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,355,980 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 1,837,750 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА