| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 166/2017/0170/Э |
| Дугаар | 276 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 203.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 276
Ж.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, Ж.Б-д холбогдох 201709000184 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Х овогт Ж-гийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан “Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос Ж.Б-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Ж.Б-гээс 7,500,000 төгрөг гаргуулах тухай хохирогч Б.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Прокурорын эсэргүүцэлд дурдсан Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг нь Ж.Б-гийн “зөвшөөрөлгүй тээвэрлэсэн” гэх үйлдэлтэй хамааралгүй буюу зөвхөн “амьтны гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай” байхад уг заалтыг Ж.Б-гийн “тээвэрлэсэн” гэх үйлдэлд хамааруулан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн эсэргүүцэлд дурдагдсан Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт ч “тээвэрлэсэн” гэх үг ороогүй байхад Амьтны тухай хуулийн дээрх зүйл, хэсгийг үндэслэн бичсэн нь үндэслэлгүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүх “үндэслэлтэй” гэж үзэж байгаа нь шүүх өөрөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж ойлгох нөхцөл байдлыг үүсгэж байна. Ж.Б Амьтны тухай хуулийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй, хуулиар хамгаалагдсан байгалийн обьектод шууд санаатай халдаагүй, хог дээр хаягдсан байсан арьсыг Халиун бугын арьс гэдгийг мэдэлгүйгээр, санамсаргүй байдлаар олж авсан байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйл Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэсэн нэртэй байгаагаас үзэхэд энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд Амьтны болон Ан агнуурын тухай хууль тогтоомжийн зохих зүйл, заалтыг зөрчсөн байхыг шаардаж байна. Гэтэл прокурор яллах дүгнэлтдээ Ж.Б Ан агнуурын тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар огт дурдаагүй байдаг. Ж.Б нь уг арьсыг хог дээрээс олсон бөгөөд Халиун бугыг зөвшөөрөлтэй агнасан уу, зөвшөөрөлгүй агнасан уу гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх “Ж.Б нь Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг зөрчиж, гарал үүслийн гэрчилгээ, зөвшөөрөл авалгүй ховор амьтны арьсыг тээвэрлэсэн” гэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Амьтны тухай хуулийн заалтуудыг төсөөтэйгээр хэрэглэсэн гэж үзэж байна. Ж.Б-гийн үйлдэл тухайн Халиун бугыг агнасан этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу анх агнахдаа зөвшөөрөлтэй агнасан эсэх, Ж.Б зөвшөөрөлгүй агнасныг мэдсээр байж олж авсныг тогтоосны эцэст гэм буруугийн асуудлыг шийдэх боломжтой. Ж.Б нь тухайн арьсыг Халиун бугын арьс гэдгийг мэдээгүй, өвөл боож хөлдөөсөн амьтны арьсыг ямар амьтных болохыг шууд мэдэх боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх “мэдсээр байж тээвэрлэсэн” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Дээрх үндэслэлээр Ж.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт ховор ан амьтны түүхий эдийг мэдсээр байж тээвэрлэсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос яллагдагч Ж.Б нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хх хх ДАХ улсын дугаартай автомашинаар ховор зэрэглэлийн ангилалд орох “Халиун буга”-ын арьсыг тээвэрлэж, байгаль орчинд 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх “...Ж.Б нь “Халиун буга”-ын арьсыг түүхий эд авдаг газрын хог дээрээс олж авсан нь тогтоогдсон бөгөөд түүнийг тээвэрлэсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан “...ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, ...тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн” гэсэн шинжид хамаарахгүй” гэж дүгнээд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Ж.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ж.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд “Ж.Б нь ховор амьтны ангилалд хамаарах Халиун бугын арьс гарал үүсэл нь тодорхойгүй гэдгийг мэдсээр байж тээвэрлэсэн үйлдэл нь уг бугыг хэн, хэзээ агнасан, зохих зөвшөөрөлтэй агнасан эсэхээс хамаарахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан” гэж үзэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Ховор амьтныг зохих байгууллагын зөвшөөрөлтэйгөөр агнах, түүний түүхий эдийг уг зөвшөөрлийг үндэслэн тээвэрлэхээс гадна түүхий эдийг олж авсан этгээд зохих байгууллагын зөвшөөрөлтэй, эсхүл зөвшөөрөлгүй агнагдсан болохыг заавал мэдэх ёстой бөгөөд хаа нэг газраас олсон гэх үндэслэл нь зайлшгүй зөвшөөрөлтэй байх хуулийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэг нь ховор амьтныг хууль бусаар агнах явдлаас урьдчилан сэргийлэх, уг амьтны аймгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулж, зохих зөвшөөрөлгүй агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн аль ч үйлдлийг хориглож, таслан зогсоох зорилгыг агуулсан тул давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны, үндэслэлтэй болсон гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН