Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 0072

 

 

 

 

 

 

 

 

 

М.Э, М.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй      

Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Л.Э

Шүүгдэгч                                           М.Э, М.Б                    Шүүгдэгч нарын өмгөөлөгч         Х.О, Д.Э                 Хохирогч                                           О.Э

Нарийн бичгийн дарга                 О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолтой, М.Э, М.Б нарт холбогдох  эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Б, шүүгдэгч М.Эгийн өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэг илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  П овогт М-н Э.

Монгол Улсын иргэн, А овогт М-н Б.

Шүүгдэгч М.Э нь нийтийн албан тушаалд буюу Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2017, 2018 онуудад албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж болох “Зургаан зараа” ХХК-ийн оролцсон 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаар хорооллын 6,7 дугаар байрны дээврийн засварын ОР-24/2017 дугаартай 50.733.251 төгрөгийн ажил, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2 дугаар хорооллын 23 дугаар байрны 1 дүгээр блокийн дээврийн засварын ОР-127/2017 дугаартай 24.563.684 төгрөгийн ажил, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4-р хорооллын 6 дугаар байрны 1 дүгээр блокийн дээврийн засварын ОР-32/2018 дугаартай 20.009.181 төгрөгийн ажил, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвийн төрөх тасгийн хүлээн авах хэсгийн засварын ОР-137/2018 дугаартай 31.296.934 төгрөгийн ажил,

“Ахин ундрах” ХХК-ийн оролцсон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн 1 дүгээр хорооллын 5 дугаар байрны 5 дугаар блокийн дээврийн засварын ОР-145/2017 дугаартай 20.897.637 төгрөгийн ажил, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн 2 дугаар хорооллын 6 дугаар байрны 2 дугаар блокийн дээврийн засварын ОР-144/2017 дугаартай 20.631.021 төгрөгийн ажил, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн 2 дугаар хорооллын 11б дугаар байрны 1 дүгээр блокийн дээврийн засварын ОР-151/2017 дугаартай 20.842.738 төгрөгийн ажил, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 2 дугаар хорооллын 5 дугаар байрны 2 дугаар блокийн дээврийн засварын ОР-28/2018 дугаартай 19.867.732 төгрөгийн ажил, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 2 дугаар хорооллын 11а дугаар байрны 1 дүгээр блокийн дээврийн засварын ОР-29/2018 дугаартай 20.145.837 төгрөгийн ажил,

шүүгдэгч М.Б-тай бүлэглэн түүний болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгж болох “Ричи ойл” ХХК-ийн оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн Оюут баг 2 дугаар хорооллын 5 дугаар байрны дэргэд тогтоолын талбай байгуулах ОР-22/2018 дугаартай 44.516.383 төгрөгийн ажил, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 8 дугаар сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын ОР-16/2018 дугаартай 82.830.884 төгрөгийн ажил,

“Ган бөмбөрцөг” ХХК-ийн оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 6 дугаар хорооллын 15 дугаар байрны 4 дүгээр блокийн дээврийн засварын ОР-34/2018 дугаартай 24.633.012 төгрөгрийн ажил, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 6 дугаар хорооллын 16 дугаар байрны 1 дүгээр блокийн дээврийн засварын ОР-35/2018 дугаартай 21.633.012 төгрөгийн ажлуудын тендерийн зохион байгуулалтанд тус тус оролцож, сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллан “Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчин дээрхи нэр бүхий компаниудыг шалгаруулж, бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 402.105.510 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч М.Б нь нийтийн албан тушаалд буюу Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2018 онд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж болох “Ричи ойл” ХХК-ийн оролцсон 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эхлүүлсэн Баянцагаан багийн шинэ хороололд зөөврийн худаг барих ОР-120/2018 дугаартай 20.494.350 төгрөгийн тендер зохион байгуулалтанд оролцож “Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчин тус компанийг шалгаруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 20.494.350 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.Этай бүлэглэн өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгж болох “Ричи ойл” ХХК-ийн оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн Оюут баг 2 дугаар хорооллын 5 дугаар байрны дэргэд тоглоомын талбай байгуулах ОР-22/2018 дугаартай 44.516.383 төгрөгийн ажил, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 8 дугаар сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын ОР-16/2018 дугаартай 82.830.884 төгрөгийн ажил,

“Ган бөмбөрцөг” ХХК-ийн оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 6 дугаар хорооллын 15 дугаар байрны 4 дүгээр блокийн дээврийн засварын ОР-34/2018 дугаартай 24.633.012 төгрөгрийн ажил, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн 6 дугаар хорооллын 16 дугаар байрны 1 дүгээр блокийн дээврийн засварын ОР-35/2018 дугаартай 21.633.012 төгрөгийн ажлуудын тендерийн зохион байгуулалтанд оролцож, сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан М.Эд шууд нөлөөлж “Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчин дээрх нэр бүхий компаниудыг шалгаруулж, бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт 171.117.494 төгрөг, нийт 193.611.845 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Э, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж,

Шүүгдэгч Паалин овогт М-н Э, А овогт М-н Бт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эгийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, М.Бын нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000  /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, М.Б нарт оногдуулсан 5 400 000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд сар бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар худалдан авах ажиллагааны материалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн орон нутгийн өмчийн газарт олгож,

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдолдоо:

“ ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Орхон аймгийн Тамгын газраас захиалан ирүүлсэн худалдан авах ажиллагаанд өөрт хамаарал бүхий компанид албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг бий болгосон гэж М.Быг буруутгасан ба буруутгаж буй хэрэг нь эхнэр Эрдэнэчимэгийн 50 хувь эзэмшдэг, найз Д 50 хувийг эзэмшдэг “Ричи Ойл” ХХК нь захиалагчтай шууд гэрээ байгуулсан гэх гэрээ буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар сургуулийн гадна талбайд биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын тендер, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар хорооллын 5 дугаар байрны дэргэдэх тоглоомын талбайн тендер, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хороололд зөөврийн худаг барих ажлын тендер сонгон шалгаруулалт, найз Даваасүрэнгийн компани болох “Ганбөмбөлөг” ХХК-д тендер сонгон шалагруулалтаар авсан гэх 2 гэрээтэй холбоотой буюу Баян-Өндөр сумын 6 дугаар хорооллын 15 дугаар байрны 4 блокийн дээврийн засвар, Баян-Өндөр сумын 6 дугаар хороолол 16-1 дүгээр блокийн дээврийн засвар зэрэг худалдан авах ажиллагааны гэрээг байгуулахад М.Эд шууд нөлөөлж оролцсон гэх хэрэгт холбогдсон. Энэхүү компаниуд тендерийн гэрээ байгуулахад М.Б оролцсон гэх баримт хэрэгт байхгүй бөгөөд тухайн гэрээтэй холбоотой худалдан авах ажиллагааг зохион байгуулсан гэх этгээдүүд болох гэрч Л.О, Д.С, шүүгдэгч М.Э нар нь М.Быг оролцоогүй гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд гэрчлэн мэдүүлж байсан ба бичгэн нотлох баримтаар ч түүнийг оролцсон гэх баримт байхгүй байхад гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй.

М.Бтай хамаарал бүхий компани худалдан авах ажиллагаанд оролцох эрхгүй байсан мэт дүгнэж байгаа нь үндэслэлгүй, Тендерийн хороо зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд дээрх компаниуд оролцсон нь хэрэгт авагдсан баримтаар харагддаг. Гэтэл уг ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж, уг ажиллагаанд оролцоогүй атлаа бүлэглэн оролцсон гэж буруутгагдаж байгаа зэрэг нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй .

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж заасан байх ба бүлэглэн гүйцэтгэх үйлдэлд оролцсон этгээдүүдийн оролцоо, хамтран оролцсон хэлбэрийг тогтоосноор яллах хууль зүйн үндэслэлтэй. М.Бын хамтран оролцсон оролцоо, хэлбэр, санаа зорилго нэгдсэн эсэхийг тоггоогоогүй атал бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            Шүүгдэгчийн хамаарал бүхий компани ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцож гэрээ байгуулсныг буруутгаж, уг ажиллагаанд тухайн компани оролцон гэрээ байгуулж давуу байдлыг өөртөө бий болгоход М.Быг оролцсон гэж шууд тулган яллаж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 4 дэх заалтуудад гэмт хэргийн тухай ойлголтыг заасан бөгөөд захиалагч болох Орхон аймгийн Тамгын газар болон дээрх компаниудын хооронд хийгдсэн тендерийн гэрээний үр дагавраас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учирсан эсэхийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Орхон аймгийн Тамгын газар дээрх компаниудтай гэрээ байгуулахад М.Бын буруутай үйлдэл, эс үйлдэл байсан эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            Хэрэгт авагдсан гэрч нар болох компанийн төлөөллүүд нь төрийн байгууллагад итгэх итгэл алдсан гэх мэдүүлгүүдийг өгсөн ба энэхүү асуудалд М.Б буруутай эсэхийг анхаарч үзээгүй. Гэрч нар М.Б буруутай гэж гэрчлээгүй бөгөөд дээрх гэрч нар нь тендерийн баримт бичиг бүрдэл дутуу үйл ажиллагаанд оролцдог байсныг хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад ач холбогдол бүхий баримтуудыг анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 186 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож  М.Бад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.Эгийн өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо:

“... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “... гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг нотлоно...” гэж тус тус заасан.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай, хөдөлбөргүй нотлох баримтаар нотлож чадаагүй.

Яллах талын нотлох баримтаар үнэлэгдээд буй гэрчийн мэдүүлгүүд нь шүүгдэгч Э, Б нарын хувийн байдлыг тодруулах үүднээс асуусан гэрчүүдийн мэдүүлэг болохоос энэ гэмт хэрэг үйлдсэн эсэхийг гэрчилсэн мэдүүлэг биш юм. Гэтэл дээрх гэрчүүдийн “Б, Э нарыг 10 жилдээ нийлдэг найзууд байсан” гэх мэдүүлгийг л үндэслээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.С мэдүүлэхдээ: “Би ажил албан тушаалын үүргээр захиалагчийн үүднээс оролцсон. Хуулийн дагуу бүх үүргийг хэрэгжүүлж оролцдог. Би урилга хүргүүлэх, хариу хүргүүлэх үйл ажиллагааг албан бичгээр хүргүүлдэг, захиалагчийн хувьд би эцсийн шийдвэрийг гаргадаг” гэж мэдүүлсэн.

Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.1-д төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд захиалагч байхаар хуульчилсан. Энэ хуулиар захиалагчийн үүргийг гүйцэтгэгч нь Д.С байдаг. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т ..."Захиалагч төндерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж хуульчилжээ. Гэтэл миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа тендерийг зарлахдаа буюу урилга хүргүүлэхдээ өөрийн найзын компани болон хамт ажилладаг Батнягтын эхнэрийн компани руу л хүргүүлж давуу байдал олгосон гэж буруутгаад байгаа нь дээрх хуулиар үгүйсгэгдэж байна.

Учир нь: Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендерийн урилга хүргүүлэх, мэдээллийн хэрэгслээр цацах зэрэг ажлыг зөвхөн захиалагч өөрөө л гүйцэтгэхээр заасан байна.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Л.О мэдүүлэхдээ: “Би Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар хэрэгжүүлэгч агентлагийн даргын ажлыг эрхэлдэг. М.Б. М.Э нар миний ажилтан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль байгаа. Хуулинд захиалагч үнэлгээний хороо байгуулдаг. Хуульд зааснаар захиалагч нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар байдаг. Үнэлгээний хороонд хөндлөнгийн төлөөлөл, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, иргэдийн төлөөлөл хяналттайгаар зохион байгуулдаг. Манай мэргэжилтнуудийн хувьд нарийн бичгийн даргын үүрэгтэйгээр оролцдог. Нэг тендер үнэлээд үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагч хянаад хуулийн дагуу байна гэвэл захиалагчаас шалгарсан компани руу гэрээ байгуулах эрх олгохоо мэдэгдэнэ” гэж мэдүүлсэн. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс харахад М.Э, М.Б нар нь албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгох боломжгүй болох нь тодорхой байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад шүүгдэгч М.Эг бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт 402.105.510 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлснийг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзээд тогтоол үйлдсэн байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан О.Э мэдүүлэхдээ: Хэргийн материалтай танилцсан. Тухайн ажлуудыг мэргэжлийн байгууллагын баталсан зураг төслийн дагуу хүлээж авч орон нутгийн өмчид бүртгэсэн байдаг. Хавтаст хэргийн материалаас үзэхэд маргаан үүсгэсэн, ажлаа чанаргүй хийсэн зүйл гараагүй. 2017, 2018 оноос хойш хэрэгт авагдсан компаниудын гүйцэтгэсэн ажилтай холбоотой гомдол санал байхгүй, учруулсан хохирол байхгүй гэж байна гэж мэдүүлсэн.

Гэтэл ямар нотлох баримтыг үндэслэн их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Хэдийгээр шүүхээс хохирол тоггоогдоогүй байна гэж үзсэн ч гэсэн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байгаа болон төрийн нэрийн өмнөөс бусдыг яллаж байгаа улсын яллагчийн зүгээс хөдөлбөргүй нотолж орж ирэх ёстой байсан. Гэтэл тендерүүдийн ажлын үнийн дүнг нэмж нэгтгэн хохиролд тооцож оруулж ирсэн нь хэт нэг талыг барьж хэрэгт хяналт тавьсан үйлдэл гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс М.Эд ял шийтгэл оногдуулахдаа мөн л улсын яллагчийн яллах талын нотлох баримт гэгдээд байгаа гэрчүүдийн мэдүүлгийг болон дансны хуулгыг үндэслэж шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушааптан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамаарап бүхий аж ахуйн нэгжүүдийг тендерт шалгаруулах ажилд оролцож, тендерийг хүчингүйд тооцож шууд гэрээ байгуулахад нөлөөлөх зэрэг шууд санаатай идэвхитэй үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. М.Эг дээрх гэмт хэргийг санаатай үйлдсэн болохыг нотолсон нэг ч баримт 27 хавтаст хэрэгт байдаггүй.

Хэрэгт авагдсан тендерт ороод ялагдаж байсан компаниудтай холбоотой хүмүүсийг гэрчээр асууснаа хөдөлбөргүй нотлох баримт гэж үзэж байгаа нь буруу. Үнэхээр тендер хууль бус явагдаад нэг ч удаа тендерт оролцож байгаагүй юм бол дээрх компаниуд холбогдох хуулийн дагуу гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй, тендерийн урилга аваад оролцож байсан ч үгүйсгэж мэдүүлэг өгч байгаа этгээдүүдийг мэдүүлгийг үндэслэж буруутгаад байгаа нь үндэслэлгүй.

Шүүгдэгч нарын зүгээс тендерийн үйл ажиллагаанд өөрсдийн таньдаг хүмүүстээ давуу байдал олгоод байсан юм бол энэ хэрэгт Үнэлгээний хорооны дарга, захиалагч нар ч хамтран оролцож байж л дээрх санаатай үйлдэл нь хэрэгжих нөхцлийг бүрдүүлнэ. Гэтэл дан ганц үнэлгээний хорооны нарийн бичгээр оролцож байсан ямар ч эрх мэдэл байхгүй этгээдүүдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг олгосон гээд байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “... шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна ... ” гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна. Мөн өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцсон бөгөөд анхан шатны шүүхээс тогтоол гаргахдаа өмгөөлөгч нарын цагаатгах байр суурийг үгүйсгэсэн талаар үндэслэлийг тогтоолд дурдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 “... шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт ... иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ээ зааж бичнэ” гэж заасан хуулийн заалтыг тус тус ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд М.Эгийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “ ... шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Эг нийтийн албан тушаалд буюу Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2017, 2018 онуудад албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж болох “Зургаан зараа” ХХК-ийн оролцсон 4, “Ахин-Ундрах” ХХК-ийн оролцсон 5, М.Бтай бүлэглэн түүний болон өөрийн хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж болох “Ричи ойл” ХХК-ийн оролцсон 2, “Ган бөмбөрцөг” ХХК-ийн оролцсон 2 тендерийн зохион байгуулалтанд тус тус оролцож, сангон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллан, Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин дээрх нэр бүхий компаниудыг шалгаруулж, бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 402.105.510 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

М.Быг нийтийн албан тушаалд буюу Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2018 онд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж болох “Ричи ойл” ХХК-ийн оролцсон тендер зохион байгуулалтанд оролцож “Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчин тус компанийг шалгаруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 20.494.350 төгрөгийн хохирол учруулсан, М.Этай бүлэглэн өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгж болох “Ричи ойл” ХХК-ийн оролцсон 2, “Ган бөмбөрцөг” ХХК-ийн оролцсон 2 тендерийн зохион байгуулалтанд оролцож, сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан М.Эд шууд нөлөөлж Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин дээрх нэр бүхий компаниудыг шалгаруулж, бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 193.611.845 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх М.Э, М.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, шүүгдэгч М.Эгийн өмгөөлөгч Д.Э нар давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э, М.Б нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Шүүх хуралдаан даргалагчийн шүүх хуралдаанд уншиж сонсгосон болон шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт нь прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл /27 дугаар хх-173/ болон шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дуу, дүрсний бичлэгээр тус тус тогтоогдож байна.

 

Тодруулбал: Шүүх хуралдаан даргалагч шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо шүүгдэгч М.Э, М.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн заалтыг уншиж сонсгоогүй атлаа прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Э, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй” гэж дурьджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй тохиолдолд ноцтой зөрчилд хамаарах бөгөөд дээрх зөрчил нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болно.

 

            Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь энэ хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасан шаардлага хангаагүй байна.

 

            Учир нь: Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр...”, мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт “... шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тусгана” гэж тодорхой заасан байна.

 

            Гэтэл анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан нотлох баримтуудыг жагсаан бичиж, эдгээр нотлох баримтуудыг үндэслэн М.Э, М.Б нарыг дээрх тендер зохион байгуулалтанд оролцож “Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчин бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь тогтоогдож байна гэж хэт ерөнхийд нь дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс гадна тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, бусдад давуу байдлыг хэрхэн бүлэглэж бий болгосон талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.

 

            Мөн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн талаар дурьдаагүй, энэ талаарх зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасан дээрх шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

 

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Харин шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч М.Б болон өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч М.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                                      С.ЦЭЦЭГМАА

                                                                                                    С.УРАНЧИМЭГ