Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/00686

 

 

       

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ххххх тоотод оршин суух, Б овогт Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххх байрлах, Н-т холбогдох

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18290114/01 дугаартай мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4-180/27497 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4449 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/8641 дугаартай эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, Б.М-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н-т холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18290114/01 дугаартай мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4-180/27497 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4449 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/8641 дугаартай эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, Б.Мд холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч “Б Э” ХХК, иргэн Ю.Д нарын төлбөр барагдуулах ажиллагаанд төлбөр төлөгч Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Б.М намайг татан оролцуулж улмаар миний гадаадад зорчих эрхийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18290114/01 дугаар мэдэгдэх хуудсаар, мөн өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэх хуудас ирүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй гэх үндэслэлээр миний нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Би өөрийн гадаадад зорчих эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн нь илтэд үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэж Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах Ц.Г-д хүсэлт гаргасан ба 2021 оны 07 дугаар  сарын 21-ний өдөр 4/395 дугаар хариу мэдэгдэх хуудсаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй, ажиллагаа хуульд нийцсэн гэсэн хариуг өгсөн. Уг хариунаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэрээр “Х” ХХК-иас  156.852.684 төгрөгийг гаргуулж “Б Э” ХХК-нд, мөн шүүхийн 2018 оны 02 дугаар  сарын 08-ны өдрийн 341 дүгээр захирамжаар “Х” ХХК-иас  91.015.843 төгрөгийг гаргуулж Ю.Д-д олгохоор шийдвэрлэсэн болохыг олж мэдлээ.

Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч нь “Х” ХХК /хуулийн этгээд/ бөгөөд уг хуулийн этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс эхний ээлжинд төлбөрийг гаргуулан төлбөр авагч талд олгох талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журам, дарааллын дагуу явуулах байтал хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь Б.М надаас /компанийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг төлбөрийг бүхэлд нь гаргуулах ажиллагааг явуулж байгаа нь холбогдох хууль  тогтоомжийг ноцтой зөрчиж улмаар миний хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны “Төлбөр төлөгч” нь хуулийн этгээд байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93-98 дугаар зүйлд заасан тодорхой дарааллын дагуу хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулах байтал уг дарааллыг зөрчиж төлбөр төлөгч хуулийн этгээдийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.М надад холбогдуулан илтэд хууль бус ажиллагааг явуулж байгаад гомдолтой байна. Энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж гомдол, санал гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөх, хуульд заасан журам, дарааллын дагуу зохион байгуулахгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-т заасны дагуу иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд нь хандан нэхэмжлэл гаргаж  байна.  

Дээр дурдсан хоёр төлбөр барагдуулах ажиллагаанд төлбөр төлөгч нь хуулийн этгээд байвал  шийдвэр гүйцэтгэгчээс “Х” ХХК-ний нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болохыг тоггоосон гэж үзэхэд хангалтгүй энэ талаарх төлбөр барагдуулах ажиллагааг хангалттай явуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр  зүйлийн 9.3 дэх хэсэгт зааснаар: “...хувьцаа эзэмшигч нь комнанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ...” гэж заасан.

Б.М би хэлбэрийн хувьд төлбөр төлөгч компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч боловч компанид оруулсан гэх миний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компаний хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдсан эсэх, хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй болохыг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч тогтоогоогүй, энэ талаар огт ажиллагаа явуулаагүй байж шууд бусдын эрхэнд халдаж хууль зөрчсөн ажиллагааг явуулсан гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Б.М надад холбогдуулан явуулж буй төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18290114/01 дугаар мэдэгдэх хуудсыг,  мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээж, гадаадад зорчих эрхийг сэргээж Б.М надад холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэсэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж дараах байдлаар тодруулж байна. Үүнд: 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18290114/01 дугаартай мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4-180/27497 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4449 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/8641 дугаартай эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, Б.М-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж байна.

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.М-ыг ... компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг агуулгаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл ирүүлсэн. Б.М нь яагаад энэ компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон гэхээр Х ХХК-ийн захирал н.А-тай 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэхдээ н.А-д хувьцаа худалдаж авсан мөнгийг төлөөгүй, гэхдээ гэрээг үндэслээд Улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай маргаан энэ шүүхэд явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явж байна гэсэн хариу ирсэн. Энэ хариуг нь эс зөвшөөрөөд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан дур мэдэн хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс гаргуулах гэж байгаа нь Компанийн тухай хууль зөрчиж байна. Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М-д холбогдуулан явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бүхэлдээ хууль бус байна. Х ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн юм байна. Гүйцэтгэх захирал н.А-аас тайлбар авсан байна, Х ХХК-ийн арилжааны банкнууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарласан байна, авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагааг гаргуулсан байна. Эдгээр ажиллагааг хийчихээд хөрөнгө нь төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй байна гэж шууд үзэж болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаануудыг дутуу хийсэн байна. Энэ компани хаана байрлаж үйл ажиллагаа явуулж байна вэ, үйл ажиллагаа явуулдаг эсэх, холбогдох татварын байгууллагаас лавлагаа авсан эсэх нь дутуу байхад, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн хийсэн гэж болохгүй. Төлбөр төлөгчийн  компанийн нийт хөрөнгө нь төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх баримт бичгийг хангаж байгаа эсэх, баримт нь дутуу байна. Нэхэмжлэгчийн хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь тухайн компанид бүртгэлтэй эсэхийг заавал тодруулах шаардлагатай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хариу тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 542 дугаар магадлалаар Х ХХК-иас 155.915.159 төгрөгийг гаргуулж “Баунти-Энтерпрайс” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 18290114 дүгээр тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгч “Х” ХХК-ийн захирал Ц.А-д удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлүүдийг удаа дараа гардуулсан боловч үүргээ биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Х” ХХК-ийн арилжааны банкуудад данс битүүмжилж хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлж, эд хөрөнгийг тогтоохоор холбогдох байгууллагаас лавлагааг авахад төлбөрт гаргуулах хөрөнгө тогтоогдоогүй. Иймд төлбөр төлөгч “Х” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.М-д  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйийн 9.3, 9.5-т заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулахыг мэдэгдсээр байхад мөн шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.7-т “Төлбөр төлөгч-хуулийн этгээд энэ хуульд заасан иргэний шийдвэр -/гүйцэтгэх ажиллагааны талаар зээлдэгч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч, үүсгэн байгуулагчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас бий болсон хөрөнгийн өөрчлөлтийн талаар улсын бүртгэл, татварын байгууллагад мэдээлэх үүрэгтэй”. Мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөп хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг  хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна, 93 дугаар зүйлийн 93.4-т “төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн'' үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж тодорхой заасан байдаг.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-т “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгий хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай үндэслэж, компанийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Мын үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелүүлэхгүй байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хуульд заасны дагуу байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

Нэхэмжлэгчээс 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б.Маас О.М-д олгосон итгэмжлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 04/1865 дугаар О.М-ийн гомдолд хариу өгөх тухай албан бичиг, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 21/119 дугаар өмгөөлөгч О.М-ээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ерөнхий гүйцэтгэгч хурандаа А.Н-д гаргасан гомдол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04/2217 тоот иргэн О.М-ийн гомдолд хариу өгөх тухай албан бичиг, Монгол шуудангийн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ГХ2017/00408 дугаар Гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдийн 4/395 дугаар Хариу мэдэгдэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ГХ2018/00472 дугаар Гүйцэтгэх хуудас /хэргийн 3-6, 7, 8, 9-10, 11-12, 13, 14, 15, 16, 17, 18, 75-р хуудас/ зэрэг баримтуудыг,

хариуцагчаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1-180/406 дугаар Б.О-т олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1-180/442 дугаар Б.О, Ц.Г нарт олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ГХ2017/00408 дугаар Гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 542 дугаар магадлал, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18290114 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх хасалт хийх  тухай тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 14/1548 дугаар Албан бичгийн хариу, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 16/2061 тоот албан бичиг, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 19/934 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 13/1441 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2109 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12/1571 дугаар албан бичиг, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1125 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/9465 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 17/1719 дугаар албан бичиг, Багахангай дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 20/712 дугаар албан бичиг, Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18290114/180 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх хасалт хийх тухай тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 180/09 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/2949 тоот Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтсийн албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/4561 дугаар албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4-180/27497 дугаар албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18290114/01 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.М-т гаргасан гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх санал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1-180/38936 дугаар албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4449 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/8637 тоот албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/8639 тоот албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/8638 тоот албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/8640 тоот албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/8641 тоот албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4-180/9151 тоот албан бичиг /хэргийн 25, 26, 27, 28-29, 30-32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46-47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67-р хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч нь хууль зөрчиж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа тул 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18290114/01 дугаартай “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4-180/27497 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4449 тоот “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/8641 дугаартай “Эрх түдгэлзүүлэх тухай” мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, Б.М-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгохоор шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч Х ХХК-ийн захирал Ц.А-д төлбөр төлөх талаар мэдэгдсэн, компанийн хөрөнгөөр төлбөр гаргуулах ажиллагаа хийсэн боловч эд хөрөнгө тогтоогдоогүй тул уг компанийн 50 хувийн хувьцааг эзэмшигч Б.М-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан гэж нэхэмжлэлийг үгүйгсэсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-нд холбогдох гэрээний үүрэгт 155 915 159 төгрөг гаргуулах тухай хэргийн хэргийг хянан хэлэлцээд №183/ШШ2016/01243 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 155 915 159 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б Э ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №542 дугаар магадлалаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон байна.

Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/00341 дүгээр захирамжаар Ю.Д-ын нэхэмжлэлтэй Х ХХК-нд холбогдох гэрээний үүрэгт 145 261 336 төгрөг гаргуулах иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 54 245 493 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 91 015 843 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 18290114 дугаартай тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2027 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ГХ2017/00408 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Хариуцагч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч Х ХХК-ийн захирал Ц.А-д мэдэгдсэн, Х ХХК-ийн эзэмшил, өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаар тодруулахад өмчлөлд хөрөнгө бүртгэлгүй, дансны үлдэгдэл хүрэлцэхгүй болох нь тогтоогдсон тул Х ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.М-д холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь мэдэгдэл, мэдэгдэх хуудсуудыг хүлээн авсан талаар маргаагүй.

 Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Компанийн тухай хууль зөрчиж компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох Б.М-д холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан нь хууль бус, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний талаар маргаантай байгаа, төлбөр төлөгч болох Х ХХК болон түүний захирал Ц.А нартай холбоотой төлбөр төлүүлэх хангалттай ажиллагаа хийгээгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газазр нь төлбөр төлөгч Х ХХК, түүний захирал Ц.А-д төлбөр төлөх талаар мэдэгдэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж, Х ХХК-ийн эзэмшил, ашиглалтад үл хөдлөх эд хөрөнгө буюу хөрөнгө байгаа эсэх талаар Дүүргүүдийн газар зохион байгуулалтын алба, үнэт цаас эзэмшдэг эсэх талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, арилжааны банкнуудад данс эзэмшиж байгаа талаарх лавлагааг арилжааны банкнуудаас авч, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.М нь Х ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хувьцаа худалдах худалдан авах гэрээний талаар Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.А-тай маргаж байгаа гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4-180/27497 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Б.Мд төлбөр гаргуулах ажиллагаа явуулахыг мэдэгдсэн, мөн 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 18290114/01 тоот “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас”-аар гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл үүссэн талаар мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь дээрх 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4-180/27497 тоот мэдэгдэл, 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 18290114/01 тоот “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгуулахаар шаардсан боловч уг мэдэгдэл, мэдэгдэх хуудас нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин Б.М-д төлбөр төлөх үндэслэл үүссэн, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг эрх бүхий этгээдэд гаргаж байгаа талаараа мэдэгдсэн гэж үзнэ.

 Мөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4449 тоот “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-оор төлбөр төлөгч Б.М-ын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа А.Н-д хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргажээ.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5-д шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх эрхийг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлэхээр заасан байх бөгөөд төлбөр төлөгч Б.М-ын гадаадад зорчих эрхийг Ерөнхий шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч түдгэлзүүлсэн байгаа тул энэ тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргаагүй, нэхэмжлэлийн хариуцагч биш юм. Тиймээс нэхэмжлэгчийн уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шаардсан нь үндэслэлгүй, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх шаардлагыг хангах боломжгүй байна.  

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/8641 дугаартай “Эрх түдгэлзүүлэх тухай” мэдэгдэлд “...төлбөр төлөгч Х ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.М-ын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь үүрэг ногдуулсан хэлцэлд бүртгэгдсэн эсэхийг тодруулж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж гэрчилгээний хуулбарын хамт ирүүлнэ үү” гэсэн байх бөгөөд уг мэдэгдлээр нэхэмжлэгч Б.М-ын өмчлөх эрхийг зөрчсөн,түүний өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийг түдгэлзүүлсэн талаарх баримтгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх гэсэн нь тодорхойгүй байна гэж үзэв.

Дээрх баримтуудаас дүгнэхэд шүүх нэхэмжлэгч Б.М-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Мын хариуцагч Нт холбогдуулан гаргасан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18290114/01 дугаартай “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4-180/27497 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4449 тоот “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/8641 дугаартай “Эрх түдгэлзүүлэх тухай” мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, Б.М-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 271 дүгээр зүйлийн 271.3, 271.3.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ын хариуцагч Нт холбогдуулан гаргасан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18290114/01 дугаартай “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4-180/27497 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4449 тоот “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/8641 дугаартай “Эрх түдгэлзүүлэх тухай” мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, Б.М-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН