Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/01018

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00686 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/01130 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

2020.10.30-ны өдрийн 18290114/01 тоот мэдэгдэх хуудас, 2020.07.28-ны өдрийн 4-180/27497 тоот мэдэгдэл, 2020.11.02-ны өдрийн 4449 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоол, 2021.05.18-ны өдрийн 4-180/8641 тоот эрх түдгэлзүүлэх мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрх сэргээлгэх, *******д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч *******аас хариуцагч*******т холбогдуулан 2020.10.30-ны өдрийн 18290114/01 тоот мэдэгдэх хуудас, 2020.07.28-ны өдрийн 4-180/27497 тоот мэдэгдэл, 2020.11.02-ны өдрийн 4449 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоол, 2021.05.18-ны өдрийн 4-180/8641 тоот эрх түдгэлзүүлэх мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрх сэргээлгэх, *******д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00686 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 271 дүгээр зүйлийн 271.3, 271.3.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч*******т холбогдуулан гаргасан 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 18290114/01 тоот Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 4-180/27497 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 4449 тоот Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 4-180/8641 тоот Эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, *******д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/01130 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШтХ-ийн 172-р зүйлийн 172.2.1 болон 172.2.3-т заасныг баримтлан гомдол гаргаж байна.

Хоёр шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21-р зүйлийн 21.4 дэх хэсэгт ...Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна..., мөн хуулийн 44-р зүйлийн 44.1, 44.2-т заасан ажиллагааг явуулна гэж заасан боловч хариуцагч тал хуулийн дээрх зохицуулалтад заасан ажиллагааг дарааллын дагуу огт явуулаагүй байхад анхан, давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэх үндэслэл боллоо.

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч биш этгээдээс төлбөр гаргуулахаар ажиллагаа явуулж буй нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байхад энэ алдааг шүүхээс огт залруулахгүй байгаад гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93-р зүйлд төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар зохицуулсан байх ба хуулийн 93.1-т ...Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна... гэж заасан. Мөн хуулийн 93.4 дэх хэсэгт ...Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ... гэж заасан. Энэ зохицуулалтын агуулга нь шууд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эрхэнд халдах зохицуулалт биш байхад анхан, давж заалдах шатны шүүх хуулийн энэ зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ.

Дээр дурдснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан гэх ажиллагааг хийснээр нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болохыг тогтоосон гэж үзэхэд хангалтгүй байхад хоёр шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй байх талаас нь үнэлсэн гэж үзэхгүй.

Компанийн тухай хуулийн 9-р зүйлийн 9.3 дэх хэсэгт ...хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ... гэж заасан. Өөрөөр хэлбэл, компанийн хүлээх үүргийг гагцхүү өөрийн хувьцаанд ногдох компанийн хөрөнгөөр хариуцлага хүлээх талаар хуульчилсан байхад энэ зохицуулалтыг шүүх хэрэглэж хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байгаа ба Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолуудыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байгаа болно.

Нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгч компанийн 50 хувийн хувьцааг эзэмшигч байх бөгөөд /хэлбэрийн хувьд/ компанид оруулсан түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх компанийн хөрөнгөд бүртгэгдсэн, тайлан тэнцэлд тусгагдсан эсэх, хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй болохыг тогтоосон баримт хэрэгт огт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон ба шүүх энэ талаар огт тодруулаагүй болно.

Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ ИХШХШТХ-ийн 11-р зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг зөвтгөсөн ба нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хариуцагч тал биш байхад хүчин төгөлдөр шийдвэргүйгээр нэхэмжлэгчийн эрхэнд халдаж ажиллагаа явуулж байгааг зөвтгөсөн нь илтэд үндэслэлгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэрэг маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа ба доод шатны шүүхүүд хэргийн нөхцөл байдлыг бүрэн ойлгодоггүй, нотлох баримтыг үнэн шударгаар үнэлдэггүй байдлаас болж хүний эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсч байгааг анхаарахыг хүсье.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.09.30-ны өдрийн 001/ШХТ2022/00955 дугаар тогтоолыг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

7. Нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч гэж зорчих эрхийг хязгаарласан болон эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцэхгүй, эрх зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх гомдлыг /нэхэмжлэлийг/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байх бөгөөд хоёр шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

8. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.01-ний өдрийн 183/ШШ2016/01243 шийдвэрээр Хорсмэнклаб ХХК-иас 155,915,159 төгрөгийг гаргуулан Баунти Энтерпрайс ХХК-д олгохоор, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.10-ны өдрийн 183/ШШ2018/00341 захирамжаар мөн Хорсмэнклаб ХХК-иас 91,628,872 төгрөгийг гаргуулан Ю.Доржхандад олгохоор тус тус шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг албадан гүйцэтгэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2018.01.08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол үйлдэж, үйл ажиллагаа явуулсан.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч Хорсмэнклаб ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөрөнгө тогтоогдоогүй үндэслэлээр 2020.07.28-ны өдөр тус компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч *******д буюу нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж, ...бусдад төлөх төлбөр 248,661,556 төгрөг, үйл ажиллагааны зардал 350,000 төгрөгийн хамт нийт 249,011,556 төгрөгийг 2020.08.04-ний дотор Төрийн банкин дахь холбогдох дансанд шилжүүлэх...-ийг мэдэгдэж, 2020.10.30-ны өдөр *******тай биечлэн уулзаж 18290114/03 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан тухай тэмдэглэл үйлдэж, мөн өдрөө 18290114/01 тоот мэдэгдэх хуудсаар ...шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг даруй биелүүлээгүй тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал шийдвэрлүүлж, хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулах...-ыг мэдэгдэж, хуудсыг гардуулж өгсөн атлаа, тухайн өдөртөө НШШГГ-ын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаярт ...******* нь гүйцэтгэх бичиг баримтын шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх... санал гаргасныг НШШГГ-аас 2020.11.02-ны өдрийн 1-180/38936 дугаартай Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа А.Намсаманд хүргүүлсэнд 2020.11.02-ны өдрийн №4449 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор *******ын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн, 2021.05.18-ны өдрийн 4-180/8637, 4-180/8638, 4-180/8639, 4-180/8640, 4-180/8641 тоотуудаар Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст *******ын өмчлөлийн нэр заасан үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь үүрэг ногдуулсан хэлцэлд бүртгэгдсэн эсэхийг тодруулж, захиран зарцуулах эрхийн түдгэлзүүлэхийг мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ.

 

9. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэнэ гэж, 159.4-т шүүх аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно гэж тусгайлан зохицуулсан.

 

Шүүх хариуцагч******* нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбар татгалзлаа нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, түүнийг нь шүүх хуульд нийцсэн эсэхийг хянах байтал хариуцагчаас төлбөр төлөгч-хуулийн этгээд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул хувьцаа эзэмшигчийн хөрөнгөд халдсан гэж тайлбарлаж, шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

 

9.1. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж зохицуулсан тул шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулахдаа тухайн компанийн мөнгөн хөрөнгө, эзэмшиж байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг тогтоох үүрэгтэй.

 

Улмаар төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах, төлбөр төлөхөд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг хуулийн этгээдийн хэний эзэмшилд байгаагаас үл хамааран мөнгөн хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд шууд хэрэглэгдэхгүй бусад материал үнэт зүйл, хөрөнгийн эрх, үл хөдлөх эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамаарал бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, бараа материал бусад түүний эд, техник, тоног төхөөрөмж, үнэт цаасыг дээрх дарааллын дагуу хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлд тус тус заажээ.

 

9.2. Дээрх ажиллагааг явуулсан боловч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхээр хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зохицуулсан.

 

9.3. Иймд шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.1, 94-т заасан ажиллагааг нэг бүрчлэн явуулсны эцэст төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгө баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болохыг холбогдох баримтаар нотолно.

 

9.4. Ингээд нэгэнт төлбөр төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон нь тогтоогдсон бол тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэхийг холбогдох хуулийн хүрээнд шалгана.

 

9.5.******* нь Төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг төрийн болон арилжааны банкуудад явуулсан гэх боловч тухайн банкуудаас ирсэн хариу хэрэгт байхгүй тул төлбөр төлөгч Хорсмэнклаб ХХК-ийн арилжааны банкнууд дахь дансны хөрөнгийн мэдээлэл тодорхойгүй, тухайн хуулийн этгээд дансандаа хөрөнгөгүй гэх тайлбар баримтаар нотлогдоогүй байна.

 

Түүнчлэн Баянгол, Сүхбаатар, Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн дүүргийн газар зохион байгуулалтыг албаны газрын мэдээллийн санд эзэмшил газар бүртгэгдээгүй тухай хариу ирснээс бусад дүүрэг, орон нутагт энэ талаарх мэдээлэл байгаа эсэх нь тодорхойгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 218,100.50 төгрөгийн хөрөнгөтэй талаар бүртгэгдсэн байгааг тодруулаагүй, улмаар тус компанийн өмчлөлд Тоёота кровн, Исузу элф маркийн 2ш автомашин бүртгэлтэй байхад төлбөрт суутгах үйл ажиллагаа явуулаагүй, тус компани ямар нэг орлого, хөрөнгөгүй болохыг нотолсон өөрөөс шалтгаалах, хуульд заасан ажиллагааг явуулсан болохоо нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримтгүй байна.

 

9.6. Иймд хариуцагч нь төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй гэсэн үндэслэлээр тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагаа явуулах эрх үүсээгүй гэж үзнэ.

 

9.7. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж тунхагласан,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг -эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн,

-хөрөнгөө нуун дарагдуулсан,

-төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж, 59.3-т шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ гэж тусгайлан зохицуулсан.

 

9.7.1. Хэрэгт авагдсан баримтаар, шийдвэр гүйцэтгэгч 2020.19.30-ны өдөр *******д төлбөр төлөгч-хуулийн этгээдийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй нь түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл үүссэн болохыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг даруй биелүүлээгүй тохиолдолд түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг шийдвэрлүүлж, хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулахыг мэдэгдсэн байна.

 

Гэвч төлбөр төлөх үүргийг тогтоосон даруй гэх хугацаа өнгөрсөн эсэхээс үл хамааран мөн өдөртөө эрхийг хязгаарлах саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн, түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч эрх түдгэлзүүлэх мэдэгдэх хуудсандаа *******ыг төлбөр төлөгч Хорсмэнклаб ХХК-ийн бус Цахархүү ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч гэж тодорхойлжээ.

 

9.7.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.10.02-ны өдрийн 1-180/38936 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн гарсан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Намсамандын 2020.11.02-ны өдрийн №4449 дугаартай Төлбөр төлөгч Хорсмэнклаб ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *******ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 271 дүгээр зүйлийн 271.3.5-д заасан үндэслэлээр гарсан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5-д ерөнхий шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөрт төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх эрхтэй гэж зохицуулсан байтал эрхийг нь түдгэлзүүлж буй ******* төлбөр төлөгч Хорсмэнклаб ХХК-д ямар удирдах албан тушаал эрхэлдэг талаар тогтоолд заагаагүй байна.

 

9.7.3. Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч гэж үзсэн *******ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналдаа бичсэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэх үндэслэл нь түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байхад тухайн саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн, улмаар саналыг хүлээн авч тухайн иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйл, түүнчлэн хуульд заасан үндэслэлгүйгээр бусдын гадаадад зорчих эрхийг хязгаарлаж болохгүй талаарх Үндсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

9.7.4. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг******* гаргаагүй гэх үндэслэлээр тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын саналыг үндэслэн гарсан, тухайн санал явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй болох нь тогтоогдсон бөгөөд *******ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоол төлбөр төлөгч-хуулийн этгээд Хорсмэнклаб ХХК-д холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах тул ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгоход нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж гарсан тогтоол нэг адил хамаарах болохыг дурдах нь зүйтэй.

 

9.8. Дээр дурдснаас нэгтгэн дүгнэвэл, шийдвэр гүйцэтгэгч юуны өмнө төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болохыг үндэслэл бүхий баримтаар нотлоогүй атлаа тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч *******ын эрх, эд хөрөнгөд халдсан ажиллагаа явуулсан нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 

10. Хэрэв төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болсон нь хангалттай баримтаар тогтоогдсон бол тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг үндэслэнэ.

 

10.1. Энэ тохиолдолд компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалт хамаарах бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж, 30 дугаар зүйлийн 30.2, 30.5-д Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна гэж тус тус заажээ.

 

Иймд тухайн компанийн нийт хөрөнгөөс хувьцаа эзэмшигч компанид ямар хөрөнгө оруулсан, тухайн оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг шалган тогтоож, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө компанийн хөрөнгөөс тодорхой зааглагдаагүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллааг явуулахаар байна.

 

10.2. Шийдвэр гүйцэтгэгчийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар Хан-Уул дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан 2021.05.18-ны өдрийн 4-180/8637, 4-180/8638, 4-180/8639, 4-180/8640, 4-180/8641 тоотуудад дурдсан захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлэх тухай орон сууцнууд *******ын өмчлөлд бүртгэлтэй байх тул хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө компанийн эд хөрөнгөөс зааглагдаагүй гэх үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д нийцсэн гэж үзэхгүй.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр *******д холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэх ажилдаа бүхэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, *******д холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/01130 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00686 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул *******д холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдлээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас 2022.08.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                            Н.БАЯРМАА

                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                              Д.ЦОЛМОН

                                                      Х.ЭРДЭНЭСУВД