Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/01130

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00686 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н т холбогдох, 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 0000000000 тоот мэдэгдэх хуудас, 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 0-00000000 тоот мэдэгдэл, 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 0000 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоол, 2021 оны 05 сарын 18-ны өдрийн0-00000000 тоот эрх түдгэлзүүлэх мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрх сэргээлгэх, Б.М д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: Н аас төлбөр авагч Б ХХК, иргэн Ю.Д нарын төлбөр барагдуулах ажиллагаанд төлбөр төлөгч Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Б.М намайг татан оролцуулж, улмаар миний гадаадад зорчих эрхийг 2020 оны 10 сарын 30-ны өдөр 0000000000 тоот мэдэгдэх хуудсаар, мөн өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэх хуудас ирүүлж, миний нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би өөрийн гадаадад зорчих эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн нь илтэд үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэж ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяад хүсэлт гаргасан ба 2021 оны 07 сарын 21-ний өдөр 0/000 тоот хариу мэдэгдэх хуудсаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй, ажиллагаа хуульд нийцсэн гэсэн хариуг өгсөн. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч нь Х ХХК бөгөөд уг хуулийн этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс эхний ээлжинд төлбөр гаргуулан төлбөр авагч талд олгох талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журам, дарааллын дагуу явуулах байтал Б.М надаас төлбөрийг бүхэлд нь гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч нь хуулийн этгээд байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93-98 дугаар зүйлд заасан тодорхой дарааллыг зөрчиж төлбөр төлөгч хуулийн этгээдийн 50%-ийн хувьцаа эзэмшигч Б.М надад холбогдуулан илт хууль бус ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Төлбөр барагдуулах ажиллагаанд төлбөр төлөгч нь хуулийн этгээд байвал шийдвэр гүйцэтгэгчээс Х ХХК-ийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болохыг тоггоосон гэж үзэхэд хангалтгүй, энэ талаарх төлбөр барагдуулах ажиллагааг хангалттай явуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дэх хэсэгт ...хувьцаа эзэмшигч нь комнанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ... гэж заасан. Б.М би хэлбэрийн хувьд төлбөр төлөгч компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигч боловч компанид оруулсан гэх миний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдсан эсэх, хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй болохыг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч тогтоогоогүй, энэ талаар огт ажиллагаа явуулаагүй байж шууд бусдын эрхэнд халдаж хууль зөрчсөн ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

 

2. Хариу тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 542 дугаар магадлалаар Х ХХК-аас 155,915,159 төгрөг гаргуулж Б ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 00000000 дүгээр тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Х ХХК-ийн захирал Ц.А д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлүүдийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х ХХК-ийн дансыг битүүмжилж хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлж, эд хөрөнгийг тогтоохоор холбогдох байгууллагаас лавлагаа авахад төлбөрт гаргуулах хөрөнгө тогтоогдоогүй. Иймд төлбөр төлөгч Х ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч Б.М д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйийн 9.3, 9.5-т заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулахыг мэдэгдсээр байхад мөн шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.7, 93 дугаар зүйлийн 93.1, 93 дугаар зүйлийн 93.4-т заасны дагуу ажиллагаа хийсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелүүлэхгүй байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хуульд заасны дагуу байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 271 дүгээр зүйлийн 271.3, 271.3.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М ын хариуцагч Н т холбогдуулан гаргасан 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 0000000000 тоот Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 0-00000000 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 0000 тоот Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 0-00000000 тоот Эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, Б.М д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсэн.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамараалтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй төдийгүй тухайн маргааны хүрээнд хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна. Нэхэмжлэгч Б.М ын хувьд Н аас төлбөр авагч Б ХХК, иргэн Ю.Д нарын төлбөр барагдуулах ажиллагаа явагдаж байгааг 2020 оны 07 сарын 28-ны өдөр 0-00000000 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл ирснээр төлбөр төлөгч Х ХХК-тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг олж мэдэж улмаар төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөнийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан.

4.б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт ...Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авна... гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол үйлдэгдсэнээр мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авдаг. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн 44.2.1-44.2.18-д нэрлэн заасан тодорхой ажиллагаануудыг хийж гүйцэтгэх ёстой байтал зөвхөн хувийн хэрэгт хийгдсэн ажиллагаагаар хуульд заасан ажиллагааг явуулсан гэж шүүх эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

4.в. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулга нь шууд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эрхэд халдах зохицуулалт биш байхад анхан шатны шүүх хуулийн энэ зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна. Дээр дурьдсанаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан гэх ажиллагааг хийснээр нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцээгүй болохыг тогтоосон гэж үзэхэд хангалтгүй байхад шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй байх талаас нь үнэлсэн гэж үзэхгүй байна.

4.г. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт ...хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ... гэж заасан. Өөрөөр хэлбэл, компанийн хүлээх хариуцлагыг гагцхүү өөрийн хувьцаанд ногдох компанийн хөрөнгөөр хариуцлага хүлээх талаар хуульчилсан байхад энэ зохицуулалтыг шүүх хэрэглэж хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.М нь төлбөр төлөгч компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд /хэлбэрийн хувьд/ компанид оруулсан түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх компанийн хөрөнгөд бүртгэгдсэн, тайлан тэнцэлд тусгагдсан эсэх, хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй болохыг тогтоосон баримт бичиг хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон ба шүүх энэ талаар тодруулаагүй болно.

4.д. Шийдвэр гүйцэтгэгчээс ирүүлсэн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 0-00000000 тоот мэдэгдэл, 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 0000000000 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас нь Б.М д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэж улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу дуудан төлбөр авагчийн төлбөрийг хэрхэн яаж төлж барагдуулах талаар тайлбар мэдүүлэг авч, улмаар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, эд хөрөнгийг нь битүүмжлэх зэрэг ажиллагааг явуулсан нь эрх зүйн шууд үр дагавар үүсгэж байхад шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн ...уг мэдэгдэл, мэдэгдэх хуудас нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин Б.М д төлбөр төлөх үндэслэл үүссэн, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санарыг эрх бүхий этгээдэд гаргаж байсан талаараа мэдэгдсэн гэж үзнэ... гэсэн дүгнэлт нь үндэслэл муутай болжээ.

4.е. Нэхэмжлэгч Б.М аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахаар төлбөр төлөгч компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигчээс 2 төлбөр авагчийн төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс явуулж буй ажиллагаа хууль зөрчсөн болохыг тогтоолгож, Б.М ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх шаардлага гаргасныг тодорхойгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.М нь үл хөдлөх эд хөрөнгийн байгууллага дээр очиж шүүлгэж үзэхэд хориг тавигдсан байсан болно.

4.ё. Мөн төлбөр төлөгч Х ХХК нь хуульд заасан үндэслэл журмын дагуу татан буугдаагүй, компани дампуурал зарлаагүй байхад шууд хувьцаа эзэмшигчийн хөрөнгөд халдсан явдал нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй, улмаар давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н т холбогдуулан 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 0000000000 тоот мэдэгдэх хуудас, 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 0-00000000 тоот мэдэгдэл, 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 0000 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоол, 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 0-00000000 тоот эрх түдгэлзүүлэх мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрх сэргээлгэх, Б.М д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэрээр хариуцагч Х ХХК-аас 155,915,159 төгрөг болон 937,525 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэснийг /хх 28-29/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 542 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 30-32/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх учиртай.

 

4.   Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2018 оны 01 сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж /хх 33/, төлбөр төлөгч компанид шүүхийн шийдвэр биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэж /хх 35-36, 37, 49-50/, төлбөр төлөгч компанийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дуудан ирүүлж, төлбөр төлөх талаар уулзалт хийж /хх 51-52, 56/, төлбөр төлөгч компанийн арилжааны банкууд дахь харилцах дансыг битүүмжилж /хх 34, 51/, төлбөр төлөгч компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн /газар, үнэт цаас, тээврийн хэрэгсэл г.м/ талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа авах зэрэг ажиллагааг хуульд заасан журам, дарааллын дагуу явуулсан /хх 38, 39, 40, 41, 42, 43, 45, 53-54/ байна.

Эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар төлбөр төлөгч Х ХХК-ийн нэр дээр 1995 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Кроун маркийн автомашин, 1999 онд үйлдвэрлэгдсэн Исузу Элф маркийн автомашин бүртгэлтэй, өөр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон. /хх 54/

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар төлбөр төлөгч Х ХХК-д холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заагдсан тодорхой ажиллагаануудыг үе шаттайгаар хийсэн боловч үр дүн гараагүй буюу төлбөр төлөгдөөгүй үйл баримт тогтоогдож байна.

Иймд ...төлбөр төлөгч компанийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичигт заагдсан төлбөрийг хангахад хүрэлцэхгүй болохыг тогтоогоогүй, шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан ажиллагааг үе шаттайгаар хийгээгүй атлаа компанийн хувьцаа эзэмшигчид холбогдуулан ажиллагаа явуулж, эрх ашгийг нь хохироож байна... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.   Хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-гаар нэхэмжлэгч Б.М нь төлбөр төлөгч Х ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээдийн бүртгэл улсын бүртгэлд 2016 оны 06 сарын 16-ны өдөр бүртгэгдэж, одоог хүртэл өөрчлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн ... хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь ... гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч Х ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч Б.М д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсныг хууль бус гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгч Б.М д 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 0000000000 тоот мэдэгдэх хуудас, 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 0-00000000 тоот мэдэгдэл, 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 0-00000000 тоот эрх түдгэлзүүлэх мэдэгдлийг тус тус хүргүүлж, түүний эд хөрөнгийг битүүмжилснийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.   Нэхэмжлэгч нь хариуцагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг тодорхойлоогүй тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 0000 тоот Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй. Анхан шатны шүүхээс холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

7.   Төлбөр төлөгч Х ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч Б.М ын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс гүйцэтгэх баримт бичигт заагдсан төлбөрийг гаргуулсан, бүхэлд нь гаргуулсан үйл баримт хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдоогүй тул Н нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

_ Д.НЯМБАЗАР