Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/01381

 

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/01381

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Төмөрчний гудамж, Арга билэг төв 301 тоот хаягт байрлах, Мөнгөн буудай ББСБ ХХК /РД:5778522/-ийн нэхэмжлэлтэй, 

  Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 39 дүгээр байр, 19 тоот хаягт байрлах, Велдресс ХХК /РД:5357055/,

  Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 39 дүгээр байр, 19 тоотод оршин суух, Хүрэл ургийн овогтой, Дэмбэрэлийн Шаравдорж /РД:ЙС71122111/,

  Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 39 дүгээр байр, 19 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой, Пүрэвжавын Ганчимэг /РД:ХБ71021568/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 225,439,999 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК нь хариуцагч Велдресс ХХК, П.Ганчимэг, Д.Шаравдорж нарт холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээл 65,200,000 төгрөг, зээлийн хүү 133,533,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,706,666.67 төгрөг нийт 225,439,999 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар гаргасан тайлбартаа: П.Ганчимэг, Д.Шаравдорж нар нь Мөнгөн буудай ББСБ ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 272 тоот зээлийн гэрээ байгуулж 120,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж бэлнээр хүлээн авсан. Зээлийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Велдресс ХХК-ийн хөрөнгө болох 200 ширхэг пальто, товчны нүхний оёдлын машин 1 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг, ирээдүйд олох орлого 100,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийн хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 272а дугаартай зээлийн барьцааны гэрээг байгуулан барьцаалсан. Зээл авснаас хойш зээл, зээлийн хүүгээ огт төлөөгүй, 2 удаа зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл сунгасан. Зээлдэгч нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 98,800,000 төгрөг төлснөөс зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 54,800,000 төгрөг, зээлийн хүүд 44,000,000 төгрөгийг тус тус суутган тооцсон. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дууссан боловч үлдэгдэл төлбөр буюу 65,200,000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг огт төлөхгүй, гэрээний хугацаа дуусаж, улмаар зээлийн төлбөрөө төлөхөөс зайлсхийж, манай байгууллагад хохирол учруулж байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2018/03105 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2, 123.3-т заасны дагуу буцааж шийдвэрлэсэн. Улмаар 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2018/04170 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтыг удирдлага болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00781 тоот захирамжаар эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсний дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцагч П.Ганчимэг, Д.Шаравдорж нарыг эрэн сурвалжилж, хуучин оршин сууж байсан хаягандаа байгааг олж тогтоосон. Бид энэ хугацаанд зээлийн хүүгийн хэт их хуримтлал үүсч, улмаар зээлдэгчид хүндрэлтэй нөхцөл үүсгэхээс болгоомжилж, өөрсдийн аль болох боломжтой бүх хэлбэрээр зээлийг төлүүлэхээр ажилласан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсээгүй, ямар нэгэн идэвх, чармайлт, санал санаачлага, хүсэлт гаргаагүй билээ. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд тус тус заасны дагуу хариуцагч нарт холбогдуулж гаргасан 178,520,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тасалбар болгож, хариуцагч нарт ашигтай байдлаар нэхэмжилсэн. Гэвч хариуцагч нарын төлөөлөгч болон өмгөөлөгч нар элдэв хэрэгт ач холбогдолгүй зүйлсийг тодруулах, ач холбогдолгүй мэдээлэл тодруулахаар гэрч шүүх хуралдаанд дуудуулах зэргээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, маш их хугацаа авсан. Тиймээс өнөөдрийн хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, инфляци зэргийг тооцож үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна. Тиймээс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү 39,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,819,999 төгрөг, нийт 46,919,999 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас 225,439,999 төгрөгийг гаргуулж, хариуцагч П.Ганчимэг, Д.Шаравдорж, Велдресс ХХК нар зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд П.Ганчимэг, Д.Шаравдорж, Велдресс ХХК нартай байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 272а дугаартай зээлийн гэрээний барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Велдресс ХХК, П.Ганчимэг, Д.Шаравдорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Шаравдорж, П.Ганчимэг нар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 120,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний барьцаа 200 ширхэг пальто, товчны нүхний оёдлын машин нэг ширхэг, уурын индүү 3 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг ирээдүйд олох орлого 100,000,000 төгрөг 150,000,000 төгрөгийн барьцаа хөрөнгө дээр нь Сонжин болдогт байрлах 41 га газрыг барьцаалсан зээлсэн. Тухайн үед жижиг дунд үйлдвэрээс зээл гарах байсан зээл гарахаас өмнө зээл авъя гэж ярилцаад зээлийн гэрээ байгуулаад зээл авсан. Жижиг дунд үйлдвэрээс зээл гарах 100,000,0000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Мөнгөн буудай ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Жижиг, дунд үлдвэрээс авах ёстой зээлийн 100,000,000 төгрөгийг Мөнгөн буудай ББСБ ХХК 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр авсан. Тухайн үед үндсэн зээлд 54,800,000 төгрөг, хүү 44,000,000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 1,700,000 төгрөгийг суутгаж авсан. Хариуцагч нар авсан зээлийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэвэл үндсэн 120,000,000 төгрөгийн тал мөнгө болох 100,000,000 төгрөгийг хийсэн. Харин үлдэх 2,000,000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөд татгалзах зүйлгүй. Зээлийн гэрээг сунгасан байдаг. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, П.Ганчимэг, Д.Шаравдорж нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн барьцааны гэрээ, хөрөнгийн жагсаалтын баримт, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Мөнгөн буудай ББСБ ХХК-д гаргасан өргөдөл, зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт, Велдресс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00781 дугаар шийдвэрээр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 30/3-5/6646 тоот, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 25ж-1/2-9698 тоот албан бичиг,

Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаа, Жижиг дунд үйлдвэрийн газраас авсан баримт нолох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу гэрээгээр тохирсон хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй учир хууль болон гэрээнд заасны дагуу гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ...зээлийн болон барьцаан гэрээг байгуулж, зээлийн гэрээний хугацааг сунгасан нь үнэн. Гэвч зээлдэгчийн төлсөн 100,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдэх 20,000,000 төгрөг болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч байна гэж маргасан.

 

3.Нэг талаас нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК, нөгөө талаас хариуцагч П.Ганчимэг, Д.Шаравдорж нар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 272 тоот Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол зээлийн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирчээ. /хх-ийн 11/ Талууд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 272а тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г бичгээр байгуулж, зээлийн гэрээний хугацааг 4 сарын хугацаагаар, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 272б тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г бичгээр байгуулж гэрээний хугацааг 2 сараар сунгажээ. /хх-ийн 16,17, 20, 21/

 

4.Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.Нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК болон хариуцагч П.Ганчимэг, Д.Шаравдорж нар харилцан тохиролцож, хүсэл зоригийнхоо дагуу зээлийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дуусахад хугацааг 2 удаа сунгасан нь хуульд нийцсэн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.

 

6.Хариуцагч 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 100,000,000 төгрөгийн төлөлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг төлбөрөөс 54,800,000 төгрөгийг үндсэн зээлд, 44,000,000 төгрөгийг зээлийн хүүд, 1,200,000 төгрөгийг зээлийн шимтгэлд тооцож авсан байна.

 

7.Зээлийн гэрээний 2.1.9-д Зээл зээлийн хүүгийн төлбөрийн бэлэн бусаар буюу шилжүүлгээр хийсэн тохиолдолд зээлдүүлэгчийн гэрээнд заасан дансанд орж ирсэн өдрөөр төлбөр хийгдсэнд тооцно. Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү хасаж тооцон үлдэгдэл төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална, 2.2.5-д гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийг төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний үүрэг үргэлжилнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зэлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 2.2.7-д Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ гэжээ. Мөн зээлийн гэрээний хавсралтаар зээл, хүү төлөх графикт зээлийн хүүг сар бүр төлөх, гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийг бүрэн төлөхөөр тогтоосон байна.

 

8.Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 100,000,000 төгрөгөөс зээлийн шимтгэлд 1,200,000 төгрөгийг суутгасан гэж тайлбарласан хэдий ч зээлийн шимтгэл төлөх үүрэг хариуцагчид тухайн үед байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

9.Зээлдэгч 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 100,000,000 төгрөгийн төлөлт хийснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх хүү 42,000,000 төгрөг, үндсэн зээлээс 58,000,000 төгрөг төлөгдөж, зээлийн төлбөрийн үлдэгдэл 62,000,000 төгрөг болно.

 

10.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 2.1.9, 2.2.7-д заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 62,000,000 төгрөг, зээлийн хүү /40 сар 28 хоног/ 127,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,420,000 нийт 214,520,000 төгрөгийг хариуцагч П.Ганчимэг, Д.Шаравдорж нар хариуцан төлөх үүрэгтэй байна.

 

11.Иймд хариуцагч П.Ганчимэг, Д.Шаравдорж нараас 214,520,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,190,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

12.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00781 дугаар шийдвэрээр П.Ганчимэг, Д.Шаравдорж нарыг эрхэн сурвалжлахаар шийдвэрлэж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хаягийг олж тогтоосон талаар 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 30/3-5/6646 тоот албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул нэхэмжлэгч гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүйг дурдав.

 

13.Нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК нь хариуцагч Велдресс ХХК-д холбогдуулан барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч маргаагүй.

 

14.Нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК болон хариуцагч Велдресс ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 272а тоот зээлийн барьцааны гэрээ бичгээр байгуулж, гэрээгээр үлдэгдэл бараа 200 ширхэг, товчны нүхний оёдлын машин 1 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг, ирээдүйн орлого 100,000,000 төгрөг барьцаалсан байна. /хх-ийн 14/ Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

15.Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай.

 

16.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө бол тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах боломжтойг дурдах нь зүйтэй.

 

17.Иймд хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох үлдэгдэл бараа 200 ширхэг, товчны нүхний оёдлын машин 1 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг, ирээдүйн орлого 100,000,000 төгрөгөөс үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

18.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,513,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ганчимэг, Д.Шаравдорж нараас 1,230,550 төгрөг, хариуцагч Велдресс ХХК-иас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК-д олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч П.Ганчимэг, Д.Шаравдорж нараас 214,520,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,190,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үлдэгдэл бараа 200 ширхэг, товчны нүхний оёдлын машин 1 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг, ирээдүйн орлого 100,000,000 төгрөгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,513,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ганчимэг, Д.Шаравдорж нараас 1,230,550 төгрөг, хариуцагч Велдресс ХХК-иас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР