Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01370

 

 

 

 

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01370

 

 

 

 

                              “МББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

               

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/01381 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “МББСБ” ХХК-ийн хариуцагч “В” ХХК, Д.Ш, П.Гт нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 225,439,999 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн Д.Шийн өмгөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: П.Г, Д.Ш нар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “МББСБ” ХХК-тай 272 тоот зээлийн гэрээг байгуулж, 120,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авсан. Үүргийн гүйцэтгэлд “В” ХХК-ийн хөрөнгө болох 200 ширхэг пальто, товчны нүхний оёдлын машин 1 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг, ирээдүйд олох орлого 100,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийн хөрөнгийг барьцаалсан. Зээл авснаас хойш зээл, зээлийн хүүг огт төлөөгүй, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл сунгасан. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 98,800,000 төгрөг төлснөөс зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 54,800,000 төгрөг, зээлийн хүүд 44,000,000 төгрөг тус тус суутган тооцсон. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дууссан боловч үлдэгдэл төлбөр 65,200,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэрээний хугацаа дуусч, улмаар зээлийн төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2018/03105 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2018/04170 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтыг удирдлага болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00781 тоот захирамжаар хариуцагч нарыг эрэн сурвалжлуулж, хаягийг нь тогтоосон. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч нараас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 178,520,000 төгрөг нэхэмжилсэн. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү 39,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,819,999 төгрөг, нийт 46,919,999 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч нараас нийт 225,439,999 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:  Д.Ш, П.Г нар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 120,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд 200 ширхэг пальто, товчны нүхний оёдлын машин нэг ширхэг, уурын индүү 3 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг ирээдүйд олох орлого 100,000,000 төгрөг, 150,000,000 төгрөгийн барьцаа хөрөнгө дээр нь Цонжин болдогт байрлах 41 га газрыг барьцаалсан. Жижиг дунд үйлдвэрээс авсан 100,000,0000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр МББСБ ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Үндсэн зээлд 54,800,000 төгрөг, хүү 44,000,000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 1,700,000 төгрөгийг суутгаж авсан. Үндсэн зээл 120,000,000 төгрөгийн тал 100,000,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэх 2,000,000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүд төлөхөд татгалзах зүйлгүй. Зээлийн гэрээг сунгасан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч П.Г, Д.Ш нараас 214,520,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,190,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үлдэгдэл бараа 200 ширхэг, товчны нүхний оёдлын машин 1 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг, ирээдүйн орлого 100,000,000 төгрөгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,513,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г, Д.Ш нараас 1,230,550 төгрөг, хариуцагч “В” ХХК-аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “МББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Шүүхийн шийдвэрт хариуцагч Д.Шийн өмгөөлөгч Ю.Сг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч гэж бичсэн. Гэтэл Ю.С нь зөвхөн хариуцагч Д.Штой 2021 оны 05 сарын 18-ны өдөр эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Мөн шүүх хурлын ирц авахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь оролцогч нарын тэгш эрхийн байдлыг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан. Мөн шүүх хуралд хариуцагч Д.Шийн өмгөөлөгчийн хэлж ярьсан зүйлийг бүрэн бичиж тэмдэглээгүй, ойлгомжгүй утга авцалдаагүй бичсэн. Ю.С нь “В” ХХК, П.Г, Д.Ш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч биш итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нь оролцуулаагүй. Мөн “В” ХХК, П.Г, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч биш, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Б юм.

4.2. П.Г, Д.Ш нар нь анх зээл авахдаа Жижиг дунд үйлдвэрээс авах 250,000,000 төгрөгийн зээл нь гарахгүй удаад байгаа учраас зээл гартал урьдчилаад 120,000,000 төгрөг авахаар тохиролцож гэрээ байгуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, үлдэгдэл бараа 200 ширхэг пальто, товчнь нүхний оёдлын машин 1 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг, ирээдүйн орлого 100,000,000 төгрөг нийт 150,000,000 төгрөгийн барьцааны гэрээ байгуулж, гэрээнд П.Г, Д.Ш нар гарын үсэг зурсан. Гэтэл шүүх “МББСБ" ХХК нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч маргаагүй гэжээ. Гэтэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Д.Ш, “В” ХХК нь зээлийн гэрээнд хамаагүй байхад хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан байхад хариуцагч зөвшөөрч маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлэхгүйгээр дураараа дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 272 а тоот зээлийн барьцааны гэрээнд П.Г, Д.Ш нар гарын үсэг зурсан. “В” ХХК нь барьцааны гэрээ байгуулаагүй, батлан даалт гаргаагүй байхад “барьцааны гэрээг бичгээр байгуулж” гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй.

П.Г, Д.Ш нар Жижиг дунд үйлдвэрээс зээлсэн 100,000,000 төгрөгийг бүгдийг нь П.Гийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “МББСБ” ХХК-д гаргасан өргөдлийн дагуу зээлд төлсөн байхад бүхэлд нь үндсэн зээлээс хасаж тооцолгүй үндсэн зээлээс 54,800,000 төгрөгийг хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй.  Мөн тогтоох хэсгийн 3-т “.... хариуцагч “В” ХХК-аас 70.200 төгрөг гаргуулж ...” шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрт хариуцагч “В” ХХК нь төлбөр төлөх тухай заагаагүй атлаа улсын тэмдэгтийн хураамж төлөх хууль зүйн үндэслэлгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан бөгөөд 2020-2021 онд улс орон даяар хөл хориотой иргэд, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олох боломжгүй цаг хугацаа байсан бөгөөд энэ үед зээл төлөх ямарч боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Хариуцагч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд 20,000,000 төгрөг, түүнд тохирох зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрсөн. Харин үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хэрэгт цугларсан нотлох баримт болон Короновируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зээлийн хүүгийн хэмжээг 3 хувиар тогтоож, алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан тул зээлийн хүү,, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анх П.Г зээлийн хүсэлт гаргасан. 100,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээл авсан учраас хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, зээлийн төлбөрийг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахаар төлнө гэсэн агуулгаар хүсэлт гаргасан. 40 га газрыг нэхэмжлэгч огт барьцаалаагүй, барьцааны гэрээ байгуулаагүй, шилжүүлж аваагүй. Тийм учраас энэ үндэслэлгүйгээр хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй асуудлаар хүсэлт гаргаж н.Тг гэрчээр асуулгах тухай яригдсан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бөд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн хүндэтгэн үзэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас эзгүйд нь шүүх хуралдаан хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн хүсэлтээр хоёр удаа сунгасан. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл зээлийн гэрээ хүчинтэй байх хугацаанд 100,000,000 төгрөг төлөгдсөн. Гэрээний дагуу эхний ээлжинд зээлийг хүүгийн төлбөрийг тооцож, үлдэгдэл төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцсон. Иймд хууль болон гэрээнд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн Короновируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн харилцаанд хэрэглэхгүй. 2017 оноос хойш маргаан үүссэн. 2017 онд зээлдэгч, зээлээ төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин суух хаягаасаа зугтаж, хүндрэл учруулж өнөөдрийг хүртэл их хугацаа алдсан. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд 300 орчим сая төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжтой байсан ч хариуцагч нарт хүнд нөхцөл байдал үүсгэхгүйн тулд хугацааг нь тулгаж биш, өнгөрсөн хугацаагаар нь тасалбар болгож шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч “МББСБ” ХХК, хариуцагч “В” ХХК, Д.Ш, П.Гт нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 225,439,999 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэргийн оролцогчийн эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч талаас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Улмаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бөд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн байна. /хх154-155, 158, 170/

Шүүх хариуцагч талаас нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар ирүүлэх хуулиар тогтоосон хугацаанаас өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасан нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзнэ. Хариуцагчийн өмгөөлөгч 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож “... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар өгөх хугацаа дуусаагүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байжээ. /хх172/

4. Маргаан бүхий асуудлаар тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх замаар зохигчдын мэтгэлцэх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/01381 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Шоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,230,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР 

                     ШҮҮГЧИД                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                 А.МӨНХЗУЛ