Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00890

 

М- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00183 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ББСБ ХХК-ийн хариуцагч В- ХХК, Д.Ш-, П.Г- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 225,439,999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг хариуцагч Д.Ш-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: П.Г-, Д.Ш- нар нь М- ББСБ ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 272 тоот зээлийн гэрээ байгуулж 120,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 200 ширхэг пальто, товчны нүхний оёдлын машин 1 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг, ирээдүйд олох орлого 100,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийн хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 272а дугаартай зээлийн барьцааны гэрээг байгуулан барьцаалсан. Зээл авснаас хойш зээл, зээлийн хүүгээ огт төлөөгүй, 2 удаа зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл сунгасан. Зээлдэгч нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 98,800,000 төгрөг төлснөөс зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 54,800,000 төгрөг, зээлийн хүүд 44,000,000 төгрөгийг тус тус суутган тооцсон. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дууссан боловч үлдэгдэл төлбөр буюу 65,200,000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг огт төлөхгүй, гэрээний хугацаа дуусаж, улмаар зээлийн төлбөрөө төлөхөөс зайлсхийж, манай байгууллагад хохирол учруулж байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2018/03105 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123.3 дахь хэсэгт заасны дагуу буцааж шийдвэрлэсэн. Улмаар 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2018/04170 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасныг удирдлага болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00781 тоот захирамжаар эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсний дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцагч П.Г-, Д.Ш- нарыг эрэн сурвалжилж, хуучин оршин сууж байсан хаягандаа байгааг олж тогтоосон. Бид энэ хугацаанд зээлийн хүүгийн хэт их хуримтлал үүсч, улмаар зээлдэгчид хүндрэлтэй нөхцөл үүсгэхээс болгоомжилж, өөрсдийн аль болох боломжтой бүх хэлбэрээр зээлийг төлүүлэхээр ажилласан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсээгүй, ямар нэгэн идэвх, чармайлт, санал санаачлага, хүсэлт гаргаагүй билээ. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тасалбар болгон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд тус тус заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 272 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 65,200,000 төгрөг, зээлийн хүү 94,433,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,886,666.67 төгрөг бүгд 178,520,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан буюу хариуцагч нарын төлөөлөгч болон өмгөөлөгч нар элдэв хэрэгт ач холбогдолгүй зүйлсийг тодруулах, ач холбогдолгүй мэдээлэл тодруулахаар гэрч шүүх хуралдаанд дуудуулах зэргээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, маш их хугацаа авсан. Тиймээс хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, инфляци зэргийг тооцож үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрсэнучир бид нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэсэн. Үүнд: 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү 39,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,819,999 төгрөг, нийт 46,919,999 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Ингээд хариуцагч нараас нийтдээ 225,439,999 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудаа дэмжиж оролцож байна гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Тус ББСБ-д 100,000,000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх төлбөрт нь хариуцагч нарын дүү болох Ц.Т-гийн өмчлөлд байсан Төв аймгийн Эрдэнэ сумд байрлалтай 40 га газрыг үлдэх төлбөрт нь тооцож өгөөд өр төлбөрөө бүрэн дуусгасан байхад 178,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн уг зээлийн гэрээнд Д.Ш-, В- ХХК хамаагүй байхад хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Г-, Д.Ш- нараас 225,439,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М- ББСБ ХХК-д олгож, хариуцагч В- ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 20,000,000 төгрөгийн үнэ бүхий үлдэгдэл бараа /200 ширхэг пальто/, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж /1 ширхэг товчны нүхний оёдлын машин, 7 ширхэг шулуун оёдлын машин, 1 ширхэг хэрээсний машин, 3 ширхэг уурын индүү/, 100,000,000 төгрөгийн ирээдүйн орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,513,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г-, Д.Ш- нараас 1,513,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М- ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.  

 

4.Хариуцагч Д.Ш-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтанд дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна. М- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ оролцогч нарын тэгш эрхийн байдлыг хангахгүй мэтгэлзэх зарчмыг алдагдуулсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа нэхэмжлэгч талын өгсөн баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон, мөн хэрэгт ач холбогдол бүхий болон мэтгэлцээний үндэслэл буюу хамгийн чухал хариуцагчийн хариу тайлбартай холбоотой баримтыг шүүхийн шийдвэрт тусгаагүй орхигдуулсан. Хариуцагч талаас зээл гэх баримтыг П.Г-, Д.Ш- нар нь Жижиг дунд үйлдвэрээс 100,000,000 төгрөгийг П.Г-ийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр М- ББСБ ХХК-д гаргасан өргөдлийн дагуу зээлд төлсөн байхад түүнийг бүхэлд нь үндсэн зээлээс хасаж тооцолгүйгээр, 54,800,000 төгрөг төлсөн зээлсэн төгрөгийг хасаж үндсэн зээлээс хасаж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Г-, Д.Ш- нар нь жижиг дунд үйлдвэрээс 250,000,000 төгрөг зээлж авахаар гэрээ хийсэн мөнгө нь гарахгүй удаад байна тиймээс мөнгө гартал танайхаас урьдчилаад 120,000,000 төгрөг авъя гээд тохиролцоод гэрээ байгуулсан байх бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр М- ББСБ ХХК-д өргөдөл гарган, зээлийн барьцаанд 250,000,000 төгрөгийн зээл гэж, мөн Цонжинболдогт байрлах 40,000 м.кв га газар бичсэн байдаг. Энэ хүсэлтийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 272 дугаар зээлийн гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 272а дугаар зээлийн барьцааны гэрээ байгуулж, үлдэгдэл бараа 200 ширхэг пальто, товчны нүхний оёдлын машин 1 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг, ирээдүйн орлого 100,000,000 төгрөгийг нийт 150,000,000 төгрөгийн барьцааны гэрээ хийж П.Г-, Д. Шаравдорж нар гарын үсэг зурсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь тус баримтыг үнэлэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна гэж үзэж гомдол гаргаж байна.

4.а.Мөн шүүх нь 2019 оноос 2021 онд улс даяр хөл хориотой иргэн аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олох боломжгүй цаг хугацаа байсан бөгөөд энэ үед зээл төлөх ямарч боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Хариуцагч нарын төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцолгүйгээр өндөр хүү нэхэмжилж байгаа зэрэг нь тухайн зээлийн гэрээ хийж байсан талуудын хүсэл зоригоос эрс өөр шийдвэр гаргасан бөгөөд хариуцагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримт болон Короновирус халдар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Шүүх хэт нэг талыг баримтлан болон мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр хэргийг шийдвэрлээгүй. Шүүхээс шүүх хуралдааныг олон удаа товлон зарлаж, хариуцагч нарт мэдэгдсэн, 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан. Хариуцагчтай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан зээл хүсэх тухай өргөдлийн доод хэсэгт гараар бичсэн Цонжин болдогт байрлах газар гэсэн бичвэрийн тухайд талуудын хооронд тус газартай холбоотой харилцаа үүсээгүй юм. Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээ, Зээлийн нэмэлт гэрээнд тухайн газартай холбоотой асуудлыг тусгаагүй. Иймд хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаагүй хэмээн тайлбарлах нь үндэслэлгүй. Хариуцагч 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 100,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй үед зээлийн гэрээний графикийн дагуу төлүүлэх учир 54,800,000 төгрөгийг үндсэн зээлд тооцон, үлдэх хэсгийг зээлийн хүүд тооцсон. Хэрэв зээлийн гэрээний хугацаа дууссан үед 100,000,000 төгрөг төлсөн хууль зүйн үндэслэлтэй байсан. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 272 дугаартай Зээлийн гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 272А дугаартай Зээлийн барьцааны гэрээний тухайд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн талаар хариуцагч нар маргадаггүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзахгүй талаар мэдэгдэж байсан. Иймд анхан шатны шүүх нотлох баримтуудыг нэг бүрчлэн үнэлсэн. Монгол Улсад цар тахал гарахаас 2 жилийн өмнөх буюу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ байгуулж, 2, 3 удаа гэрээний хугацааг сунгасан. Иймд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Д.Ш-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч М- ББСБ ХХК нь хариуцагч В- ХХК, Д.Ш-, П.Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 225,439,999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а.Нэхэмжлэгч М- ББСБ ХХК нь хариуцагч П.Г-, Д.Ш- нартай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч М- ББСБ ХХК нь 120,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч нар нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 120,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, кассын зарлагын ордер зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 11-12, 19-р тал/

3.б.Талууд дээрх зээлийн гэрээний хугацааг хоёр удаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл сунгасан байна. /хх-ийн 16-17-р тал/

3.в.Мөн талууд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч нар нь 20,000,000 төгрөгийн үнэ бүхий үлдэгдэл бараа /200 ширхэг пальто/, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж /товчны нүхний оёдлын машин, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг/, 100,000,000 төгрөгийн ирээдүйн орлого зэргийг зээлдүүлэгчид тус тус барьцаалжээ. /хх-ийн 14-р тал/

3.г.Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

3.д.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч М- ББСБ ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар зээлдэгч нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

3.е.Зээлдэгч нар нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт нийт 99,800,000 төгрөг төлсний 54,800,000 төгрөгийг үндсэн зээлээс, 44,000,000 төгрөгийг хуримтлагдсан хүүгээс хассан нь Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дараалаар суутгах талаар тохиролцсон гэрээний 2.1.9-т заасныг зөрчөөгүй байна. /хх-ийн 25-р тал/. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

3.ё.Хариуцагч П.Г-, Д.Ш- нарт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 225,439,999 төгрөгийн үүрэг үүссэн болох нь зээлийн гэрээний тооцооллын баримтаар тогтоогджээ. /хх-ийн 155-р тал/. Иймд хариуцагч П.Г-, Д.Ш- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 225,439,999 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М- ББСБ ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

4.Хариуцагч В- ХХК-д холбогдох шаардлагын тухайд тус компани нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М- ББСБ ХХК-ийн өмнө үүрэг хүлээсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул В- ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

 

5.Хариуцагч Д.Ш-ийн өмгөөлөгч нь зээлийн барьцаанд Цонжинболдогт байрлах 40,000 м.кв газрыг барьцаалсан, энэ талаарх баримтыг үнэлээгүй, мөн ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр зээлийн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

5.а.Гэвч хэргийн 18-р талд авагдсан Цонжинболдогт байрлах 40,000 м.кв газрыг барьцаалж байна гэх баримт нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар зохицуулсан Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй байхаас гадна нэхэмжлэгч М- ББСБ ХХК нь дээрх газрыг зээлийн гэрээний үүрэгт тооцож авсан гэх байдлыг хариуцагч тал баримтаар нотлоогүй.

5.б.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар тушаалаар батлагдсан Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журмын 2.6, 3.1-т зааснаар талууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, улмаар төлбөр төлөлтийг хойшлуулсан, зээлийн хүү тооцохгүй байхаар тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

 

5.в.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлээс В- ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж буруу бичсэнийг залруулах шаардлагатай.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Ш-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00183 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... хариуцагч В- ХХК-д холбогдох хэргийг ... гэснийг хариуцагч В- ХХК-д холбогдох нэхэмжлэлийг гэж, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Ш-оос төлсөн 1,513,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ