Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/00478

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр             Дугаар 102/ШШ2022/00478                Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:... дүүрэг, 3 дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах “... ” ББСБ ХХК /РД: ... -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... байр, ... тоот хаягт оршин суух, ... овогтой ... ын ... /РД: ... /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 777,627,705 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...

Хариуцагч А....

Хариуцагчийн өмгөөлөгч ...

Гэрч ...

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь А.... ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 777,627,705 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Хариуцагч А.... нь ...-ны өдөр “... ББСБ” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 300,000,000 сая төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж хариуцагч А.... болон Ш.... нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатарын гудамж, ... дугаартай барилгын ... давхрын ... тоот хаягт байршилтай 218 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн хүү 35,009,747 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,548 төгрөг, нийт 35,052,295 төгрөг төлсөн байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 397,827,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,800,000 төгрөг, нийт 777,627,705 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч А.... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-тай зээлийг гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг зээлж авсан. “... ББСБ” ХХК-ийн захирал Б.... той 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ярилцаад барьцаа хөрөнгө болох ... дүүргийн ... хороо 4 хороолол Хасбаатарын гудамж ... дугаартай барилгын ... давхарт ... тоот хаягт байршилтай 218 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захирал Б.... ын нэр дээр шилжүүлж зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж, гэрээний үүргээ биелүүлсэн байхад дахин нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцаа хөрөнгө нь зээлийн төлбөр болон зээлийн хүүг төлөхөд хангалттай хүрэлцэхүйц юм гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас “... ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “... ББСБ” ХХК болон А.... ын хооронд ...-ны өдрийн .... дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, А.... ад 300,000,000 төгрөг олгосон баримт, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны А.... ын оршин суугаа газрын тодорхойлолт, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... дүүргийн ... хороо, 4 дүгээр хороолол, ... хаягт байршилтай 218 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “... ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хамт, А.... , Ш.... нарын иргэний үнэмлэхийн хуулбар, А.... аас “... ББСБ” ХХК-нд гаргасан барьцаа хөрөнгийг худалдан борлуулж төлбөр барагдуулах тухай хүсэлт, зээлийн төлбөрийн тооцооллын задаргаа зэрэг баримтуудыг, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн судалгааны баримт,

Хариуцагч талаас А.... , Ш.... нараас Ц.... д үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах эрх олгосон 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай итгэмжлэлийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, “... ББСБ” ХХК-ийн ерөнхий захирлын ... -ний өдрийн 18, 20 дугаартай Б.... , Ц.... нарыг албан тушаалд томилох тухай тушаал, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь хариуцагч А.... тай ...-ны өдөр .... дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу зээлдэгч А.... шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг, зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй тул үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 397,827,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,800,000 төгрөг, нийт 777,627,705 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, барьцаа хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “... ББСБ” ХХК, нөгөө талаас А.... нар ...-ны өдрийн .... дугаартай зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч тал болох “... ББСБ” ХХК нь 300,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох А.... нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... дүүргийн ... хороо, 4 дүгээр хороолол, ... хаягт байршилтай 218 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 7-10 тал/

 

5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

6. Гэрээний дагуу зээлдүүлэгч “... ББСБ” ХХК-аас ...-ны өдөр зээлдэгч А.... ад зээлийн гэрээний зүйл болох 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн,

зээлдэгч А.... зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 30 хоногийн зээлийн хүү 10,500,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч тэрээр 6 хоног хэтрүүлж буюу 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 12,614,700 төгрөг төлсөн байх ба зээлдүүлэгч талаас 36 хоногийн хүү 12,600,000 төгрөг /10,500,000/30 хоног =нэг өдрийн хүү 350,000 төгрөг/, хугацаа хэтэрсэн 6 хоногийн нэмэгдүүлсэн хүү 420,000 төгрөг /нэг өдрийн хүү 350,000 төгрөг *20 хувь = нэг өдрийн нэмэгдүүлсэн хүү 70,000 төгрөг/, нийт 13,020,000 төгрөгөөс суутгаж, үлдэгдэл төлбөр 405,000 төгрөг,

мөн хуваарийн дагуу дараагийн төлбөрийг 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 10,500,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх боловч 3 хоног хэтрүүлж буюу 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 9,807,595 төгрөг төлсөн байх ба зээлдүүлэгч талаас өмнөх сарын төлбөр төлсөн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 28 хоногийн зээлийн хүү 9,800,000 төгрөг /10,500,000/30 хоног =нэг өдрийн хүү 350,000 төгрөг/, хугацаа хэтэрсэн 3 хоногийн нэмэгдүүлсэн хүү 210,000 төгрөг /нэг өдрийн хүү 350,000 төгрөг *20 хувь = нэг өдрийн нэмэгдүүлсэн хүү 70,000 төгрөг/, нийт 10,010,000 төгрөгөөс суутгаж, үлдэгдэл төлбөр 202,405 төгрөг,

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 30 хоногийн хүү 10,500,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх боловч 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 12,630,000 төгрөг төлсөн байх ба зээлдүүлэгч талаас өмнөх сарын төлбөр төлсөн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 36 хоногийн зээлийн хүү 12,600,000 төгрөг /10,500,000/30 хоног =нэг өдрийн хүү 350,000 төгрөг/, хугацаа хэтэрсэн 5 хоногийн нэмэгдүүлсэн хүү 350,000 төгрөг /нэг өдрийн хүү 350,000 төгрөг *20 хувь = нэг өдрийн нэмэгдүүлсэн хүү 70,000 төгрөг/, нийт 12,950,000 төгрөгөөс суутгаж, үлдэгдэл төлбөр 320,000 төгрөг тус тус төлөөгүйгээс гадна цаашид зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн дансны хуулга /хэргийн 121 тал/ баримтаар тогтоогдож байна.

 

7. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.3-т “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийг зориулалтын бус зүйлд ашигласан тохиолдолд зээлдүүлэгч өөрийн санаачлагаар гэрээг цуцлах эрхтэй” гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” гэж заасан.

Зээлдэгч А.... зээлийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 313 хоног төлөөгүй, түүнчлэн хэргийн 22 талд авагдсан “... ББСБ” ХХК-нд гаргасан “Миний бие А.... нь ... зээл авсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр барьцаанд тавьсан обьектыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна” гэх хүсэлт зэргээс үзэхэд ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэхээр байх тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байна.

8. Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаарах эрхтэй. Хариуцагч А.... үндсэн зээл 300,000,000 төгрөг, гэрээ цуцлах хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 313 хоногийн зээлийн хүү 109,550,000 төгрөг /нэг сарын хүү 10,500,000 төгрөг /30 хоног = нэг өдрийн хүү 350,000 төгрөг/, нийт 409,550,000 төгрөг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

9. Талууд зээлийн гэрээний 2.4-т “зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлнө” гэж заасан байх ба Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцсэн.

Зээлдэгч А.... аас зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй зөрчилд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. Нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын хувьд, төлбөр төлөөгүй 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 313 хоногийн хүү 109,550,000 төгрөгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү 21,910,000 төгрөг, мөн түүнээс өмнөх хугацааны буюу 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн зөрчилд төлөх нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөр 927,705 төгрөг /405,300 + 202,405 + 320,000/, нийт 22,837,705 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

10. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь зээлдэгч А.... тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч А.... үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 109,550,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,837,705 төгрөг, нийт 432,387,705 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

11. Харин талууд зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс хойш Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсэхгүй. Иймд гэрээ цуцлагдсан өдрөөс буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 822 хоногийн зээлийн хүү 287,700,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,540,000 төгрөг, нийт 345,240,000 төгрөг шаардах эрхгүй гэж үзэхээр байна.

12. Дээр дурдсанчлан, зээлдэгч А.... зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, түүний гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ тогтоогдож байх боловч талууд амаар харилцан тохиролцож зээлийн гэрээний үүрэгт, барьцаа хөрөнгийг зээлдүүлэгч “... ” ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх замаар буюу үүргийн гүйцэтгэлд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан эсэх талаар харилцан адилгүй тайлбар гарган маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй.

 

13. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч А.... болон барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч Ш.... нараас нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-ийн харилцааны менежер Ц.... д барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... дүүргийн ... хороо, 4 дүгээр хороолол, ... хаягт байршилтай 218 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр олгосон байх бөгөөд уг итгэмжлэлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын харилцааны менежер Ц.... гаас гүйцэтгэх захирал Б.... той худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.... бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, “... ББСБ” ХХК-ийн ерөнхий захирлын ... -ний өдрийн 18 дугаартай Б.... ыг гүйцэтгэх захирлаар, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай Ц.... г харилцааны менежерийн албан тушаалд тус тус томилсон тушаал, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, “... ББСБ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1661 дугаартай ... дүүргийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн маргаан бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай албан бичиг /хэргийн 196 тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр “... ББСБ” ХХК-ийн харилцааны менежер Ц.... гаас гэрчийн мэдүүлэг авсан тэрээр шүүх хуралдаанд “А.... нь манай компаниас зээл авсан. А.... нь захиралтай уулзаад барьцаа хөрөнгийг шилжүүлэх итгэмжлэл надад хийж өгсөн. Тэдний хооронд ямар яриа болсныг мэдэхгүй. Би Б.... захирлын даалгаснаар барьцаа хөрөнгийг захиран зарцуулах итгэмжлэл авсан“ гэсэн мэдүүлэг өгсөн.

 

14. Дээрх үйл баримтаар барьцаа хөрөнгийг зээлдүүлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Б.... т шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нотлогдож байна.

 

15. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн байгууллагад барьцаа хөрөнгийг чөлөөлөх мэдэгдэл өгч, өөрийн хамаарал бүхий этгээдэд хөрөнгийг шилжүүлэхийг зөвшөөрсөн байх тул үүргийг хүлээн авсан гэж үзнэ.

16. Нэхэмжлэгч “... ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжтой атлаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, өөрийн хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн үндэслэлийг тодорхойлж, түүнийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

17. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болох бөгөөд талууд зээлийн гэрээний үүргийг төлөөгүй хэмжээгээр барьцаа хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулах замаар зээлдүүлэгчид шилжүүлсэн буюу зээлдүүлэгч өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан болох нь тогтоогдсон. Энэ нь талуудын эрхийн асуудал бөгөөд хууль зөрчөөгүй байна.

 

18. Иймд нэхэмжлэгч “... ББСБ” ХХК болон хариуцагч А.... нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь хариуцагч А.... аас зээлийн гэрээний үүрэгт 777,627,705 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй тус тус байна.

 

19. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасныг баримтлан хариуцагч А.... аас зээлийн гэрээний үүрэгт 777,627,705 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... дүүргийн ... хороо, 4 дүгээр хороолол, ... хаягт байршилтай 218 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай “... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,590,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.БАТЧИМЭГ