Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00313

 


2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/00000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ..

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны ... сарын 21-ний өдрийн ... дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г....

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, уг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1... сарын 03-ны өдрийн ... дугаар шүүхийн шийдвэрээр ... ХХК-иас 501,830,358 төгрөгийг гаргуулж ...инд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч Б.... нь барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.... миний өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ..тоот хаягт байршилтай ...талбайтай 4 өрөө орон сууцыг 2021 оны ... сарын 21-ний өдөр ... дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдэж хөрөнгийг битүүмжилсэн байна. Уг тогтоолоор миний өмчлөлийн хөрөнгийг битүүмжилснийг би 2021 оны ... сарын 24-ний өдөр ... ХХК-ийн захирал Т....ээс мэдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр биелүүлэх болон эд хөрөнгийг битүүмжлэх талаар хөрөнгийн өмчлөгч надад огт мэдэгдээгүй, мөн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд намайг байлцуулаагүй тул миний зүгээс уг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болон бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудаж, тайлбар авах, төлбөр төлөх талаар хугацаатай мэдэгдэл өгөхөөр заасан байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжилсэн хөрөнгийн өмчлөгч надад мэдэгдэх хуудсаар болон утсаар дуудаж мэдэгдэл өгч байгаагүй, ... ХХК-ийн захирал Т....т 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлбөр төлөхийг мэдэгдсэн ч уг хугацаа болоогүй байхад ... сарын 21-ний өдөр гуравдагч этгээдийн эд хөрөнгийг битүүмжилсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авахыг хориглосон. Иргэний хуулийн 10... зүйлийн 101.1-т өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр биелүүлэх болон эд хөрөнгө битүүмжлэх талаар өмчлөгч Б....ид огт мэдэгдэлгүй, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд Б....ийг байлцуулаагүй үйлдэл нь шууд бусаар өмчлөх эрхэд нь халдаж байна. Б.... өмчлөлөө битүүмжлэгдсэнийг 2021 оны 0... сарын 21-ний өдөр ... ХХК-ийн захирал Т....ээс мэдсэн. Тухайн үед Б.... мэдсэн бол эд хөрөнгө битүүмжлэхтэй холбоотой ажиллагаанд өөрөө оролцох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон уг тайлбарыг дэмжиж төлөөлөгч Б.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1... сарын 03-ны өдрийн ... дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны 96 тоот хаягт байршилтай ...4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авч, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно гэж заасны дагуу битүүмжлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: 214 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны ... сарын 21-ний өдрийн ... тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-5/, мөн өдрийн .../01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-6/, 2021 оны ... сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-7/, ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны 96 тоот дахь ...талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-8/, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тогтоолын хуулбар /хх-9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1... сарын 03-ны өдрийн ... дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-10-13/, 2017 оны ... сарын 09-ний өдрийн ... дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-14/, мөн өдрийн 102/... дүгээр Гүйцэтгэх хуудсын хуулбар /хх-15/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1... сарын 03-ны өдрийн ... дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх 31-35/, 2017 оны ... сарын 09-ний өдрийн .. дугаар гүйцэтгэх хуудсын хуулбар /хх-36, 37/, 2017 оны ... сарын 09-ний өдрийн .. дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-38/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн .. дугаар тогтоолын хуулбар /хх-39/, ... ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн .. дугаар албан бичгүүд /хх-40/, 2020 оны ... сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-41/, мөн өдрийн .../01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон Шийдвэр гүйцэтгэх тухай мэдэгдлийн хуулбар /хх-42, 43/ зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцсэн хэлбэрээр нотлох баримтаар гаргасан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Б.... нь ...нд холбогдуулан, 2021 оны ... сарын 21-ний өдрийн .../01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгөөс өөрийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны 96 тоот дахь ...талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т нийцүүлэн битүүмжлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан... гэж тодорхойлсон байна.

3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны 96 тоот дахь ...талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь Ж...., Б...., Б.... нарын гурван хүний өмчлөлд 2006 оны 1... сарын 09-ний өдөр бүртгэгдэж, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...ны барьцаалбаргүй барьцааны гэрээ бүртгэгдэж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжилт хөдөлгөөн түдгэлзүүлэх тусгай тэмдэглэл хийгдсэн болох нь тогтоогдож байна.

4.Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1... сарын 03-ны өдрийн ... дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2017 оны ... сарын 09-ний өдрийн .. дугаар гүйцэтгэх хуудас, 2017 оны ... сарын 09-ний өдрийн .. дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ..дугаар тогтоол, ... ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн.. дугаар албан бичгүүд, 2020 оны ... сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн .../01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон Шийдвэр гүйцэтгэх тухай мэдэгдлийн хуулбар зэрэг баримтуудыг зохигчид хэрэгт нотлох баримтаар гаргасан.

Дээрх баримтуудаар ... ХХК нь ...инд зээлийн гэрээний үүрэгт 501,830,358.02 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дотор графикийн дагуу төлж барагдуулах, хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, графикт хугацааг 1 сараар хэтрүүлсэн тохиолдолд зээлийн болон барьцааны гэрээ, эвлэрлийн гэрээнд тусгасан үл хөдлөх эд хөрөнгүүд болон бусад орлогуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр тохиролцож эвлэрснийг шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрт маргааны зүйл болох ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны 96 тоот дахь Ж...., Б...., Б.... нарын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, эвлэрлийн гэрээний дагуу хуваарьт хугацаанд ... ХХК төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон бусан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч ... ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ...ны хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэж, улмаар 2021 оны ... сарын 21-ний өдөр уг хөрөнгийг битүүмжилсэн үйл баримтууд тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч Б.... тухайн хөрөнгийн өмчлөгч учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогч буюу бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болох ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч өөрийг нь мэдэгдэх хуудсаар дуудах, тайлбар авах, төлбөр төлөх талаар хугацаатай мэдэгдэл өгөх ажиллагаа явуулалгүйгээр түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжилсэн нь уг ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх үндэслэл зааж мэтгэлцсэн.

6.Харин хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, хуульд заасны дагуу битүүмжлэх ажиллагааг явуулсан гэж тайлбарлан маргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно гэж заажээ.

7.Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх албадлагын арга хэмжээ авах ба хуульд заасан албадлагын арга хэмжээг авахдаа өмчлөгчид мэдэгдэх үүрэг хүлээгээгүй байна.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж, 14.2 дахь хэсэгт Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө гэж тус тус заасан ба шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх албадлагын арга хэмжээг авахад дээрх хуульд заасан мэдэгдэл хүргүүлэх зохицуулалт хамаарахгүй байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны 96 тоот дахь ...талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ...ны 2021 оны ... сарын 21-ний өдрийн .../01 дугаар тогтоолыг хүчингүй болгох, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай Б....ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА