Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/00594

 

Б.Ү-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00313 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ү-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ББХЗХТБАА-д холбогдох, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1725059/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв. 

            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Шийдвэр гүйцэтгэгч Б.С нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05589 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Ү миний өмчлөлийн ++++ талбайтай 4 өрөө орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1725059/01 дугаар тогтоолоор  битүүмжилснийг би 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Э” ХХК-ийн захирал Т.И-ээс мэдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр биелүүлэх болон эд хөрөнгийг битүүмжлэх талаар хөрөнгийн өмчлөгч надад огт мэдэгдээгүй, мөн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд намайг байлцуулаагүй тул миний зүгээс уг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжилсэн хөрөнгийн өмчлөгч надад мэдэгдэх хуудсаар болон утсаар дуудаж мэдэгдэл өгч байгаагүй, “Э” ХХК-ийн захирал Т.И-т 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлбөр төлөхийг мэдэгдсэн ч уг хугацаа болоогүй байхад 01 дүгээр сарын 21-ний өдөр гуравдагч этгээдийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр биелүүлэх болон эд хөрөнгө битүүмжлэх талаар өмчлөгч Б.Үид огт мэдэгдэлгүй, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд Б.Үийг байлцуулаагүй үйлдэл нь шууд бусаар өмчлөх эрхэд нь халдаж байна. Иймд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1725059/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас дээрх хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5589 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ++++ 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авч, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно” гэж заасны дагуу битүүмжлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 96 тоот дахь 48 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн БХЗХТББАА-ны 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 17250559/01 дугаар тогтоолыг хүчингүй болгох, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай Б.Ү-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухай эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч Б.Ү нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах... мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах боломжгүй тохиолдолд биечлэн эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заажээ. Гэтэл хариуцагч нь гуравдагч этгээдийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах талаар төлбөр төлөгч “Э” ХХК-ийн захирал Т.И-т мэдэгдсэн боловч тухайн хөрөнгийн өмчлөгч буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч Б.Үид мэдэгдээгүй.

Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно. ...Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, бусад хүн, бусад этгээдийг дуудан ирүүлнэ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талуудыг дуудан ирүүлэх, мэдэгдэхээр заасан бөгөөд бусад этгээдийг ч мөн дуудан ирүүлэхээр байна. Бусад этгээд нь хуулийн 32.5-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гэж үзэх бөгөөд хөрөнгийн өмчлөгч тул тухайн ажиллагаанд оролцох эрхтэй. Гэтэл хариуцагч нь эд хөрөнгийг битүүмжлэх үедээ эд хөрөнгийн өмчлөгч Б.Үид мэдэгдээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05589 дугаар "Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамжид ямар эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тодорхой дурдаагүй байхад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00313 дугаар шүүхийн шийдвэрт Б.Үийн өмчлөлийн ++++ талбайтай 4 өрөө сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шууд заасан нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч НШШГГ-тт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1725059/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас өөрийн өмчлөлийн ++++ талбай бүхий 4 өрөө сууцыг хасуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд БХЗХТББАА-аны шийдвэр гүйцэтгэгч Б.С нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/шш2016/05589 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн барьцаа хөрөнгө болох 4 өрөө орон сууцыг битүүмжлэн тогтоол, тэмдэглэл үйлдсэн, төлбөр төлөгчдөд мэдэгдэл хүргүүлсэн зэрэг ажиллагаа явуулсан, мөн тус албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбар гаргасан, уг албанаас Б.Буянбадрах, Б.С нарт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр итгэмжлэл олгосон, улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь хэргийн материалтай танилцан, шүүх хуралдаанд оролцсон байдал харагдаж байна. /хх5, 6, 17, 21, 29, 39-43, 62-64/

5. Шүүх нэхэмжлэлд дурьдсан НШШГГ-т холбогдуулан иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаас НШШГГ-т нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тодорхой харагдаж байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, шийдвэртээ БХЗХТББАА-ыг хариуцагч гэж тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28.4 дэх хэсэгт заасан хариуцагчийг солих журмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг сольж оролцуулан, эрх, үүрэг тайлбарлах, тайлбар гаргуулж, мэтгэлцүүлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр хүчингүй болж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хангагдаагүй тул гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01  дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00313 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

      ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                                          Д.ЦОГТСАЙХАН