Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01520

 

 

Б.Ү-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/02245 дугаар шийдвэртэй,

Б.Ү-ийн нэхэмжлэлтэй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05589 дугаар шийдвэрээр “Э С” ХХК-аас 501,830,358 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Ү-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор битүүмжилсэн. Уг тогтоолыг би 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Э С” ХХК-ийн захирал Т.И-ээс мэдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр биелүүлэх болон эд хөрөнгийг битүүмжлэх талаар хөрөнгийн өмчлөгч надад мэдэгдээгүй, мөн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд намайг байлцуулаагүй тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болон бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудаж, тайлбар авах, төлбөр төлөх талаар хугацаатай мэдэгдэл өгөхөөр заасан байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжилсэн хөрөнгийн өмчлөгч намайг мэдэгдэх хуудсаар болон утсаар дуудаж надад мэдэгдэл өгч байгаагүй. “Э С” ХХК-ийн захирал Т.И-т 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлбөр төлөхийг мэдэгдсэн ч уг хугацаа болоогүй байхад буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гуравдагч этгээдийн эд хөрөнгийг битүүмжилсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэж байна.

Иймд эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5589 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай 48 м.кв 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу битүүмжлэх ажиллагаа хуульд заасны дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэг, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 000 тоот дахь 48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17250559/01 дугаар тогтоолыг хүчингүй болгох, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай Б.Ү-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Ү-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол,32 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай 4 өрөө сууцыг өмчлөгч Б.Ү-ид мэдэгдэлгүй битүүмжилсэн ба битүүмжлэх ажиллагаанд байлцуулаагүй. Энэ ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “ Э С ” ХХК-ийн захирал Т.И-ээс мэдсэн.

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Т.И-т өгсөн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлд 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлбөр төлөхийг мэдэгдсэн боловч, мэдэгдэл өгсөн тэр өдөртөө буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 17250559/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдэж хөрөнгийг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тав дугаар зүйлийн 3, Арванзургаа дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж, хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авахыг хориглосон. Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр биелүүлэх болон эд хөрөнгө битүүмжлэх талаар өмчлөгч Б.Ү-ид огт мэдэгдэлгүй, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд Б.Ү-ийг байлцуулаагүй нь шууд бусаар өмчлөх эрхэнд халдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ү- шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан бусад этгээд гэдэгт эд хөрөнгийн өмчлөгчийг оролцуулан ойлгох ба тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй. Гэтэл хариуцагч нь гуравдагч этгээдийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах талаар өмчлөгчид мэдэгдээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй, тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Ү- нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж, зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05589 дугаар захирамжаар “Э С” ХХК нь 501,830,358 төгрөгийг тохиролцсон хуваарийн дагуу “Капитал банк” ХХК-д төлөх, хуваарьт заасан төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

3.2. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/25974 тоот албан бичгээр төлбөр төлөгч “Э С” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Ж.Б-, Б.М-, Б.Ү- нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201000014 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 000 тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгджээ.

 

3.3. Үүнээс хойш 3 жил 9 сарын хугацаанд аливаа нэгэн ажиллагааг явуулсан талаарх баримтыг хариуцагч байгууллага шүүхэд гаргаж өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17250559/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дээрхи 4 өрөө орон сууцыг битүүмжилж, энэ ажиллагаанд өмчлөгч Б.Ү-ийг оролцуулаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд барьцааны зүйлийн өмчлөгчийг заавал оролцуулах талаар заагаагүй байна. Өмчлөгчийг эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд оролцуулаагүй нь уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй болно.

 

4. Тухайн орон сууцыг хураах ажиллагааг хариуцагч байгууллага явуулаагүй байна.

 

5. Шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийг битүүмжилсэн нь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаанд хамаарахгүй юм.

Орон сууцыг битүүмжилсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасантай нийцсэн байна.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т заасан зохицуулалт нь төлбөр төлөгч буюу “Э С” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэхтэй холбоотой ажиллагаанд хамаарах юм. Харин мөнгөн хөрөнгийн төлбөр төлөгч биш, барьцаа хөрөнгийн өмчлөгч эд хөрөнгийг битүүмжлэхэд хамаарахгүй тул анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох заалтыг баримталсан алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/02245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэг” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      

                         ШҮҮГЧИД                                             С.ЭНХБАЯР

                                                                                        

                                                                                       Э.ЗОЛЗАЯА