Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00572

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ...тоот хаягт оршин суух, ... овогт Д-ийн Х /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ...тоот хаягт оршин суух, ... овогт Б-ийн М /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран өмчлөгчөөр тогтоолгож, хамтран өмчлөх нэмэгдэл хэлцэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,

Гэрч О.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Хын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартНэхэмжлэгч Д.Х гуайд 1992 онд маргаан бүхий 2 өрөө орон сууцыг буюу ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Хөдөө аж ахуйн материал хангамжийн баазад ажиллаж байхад нь тус байгууллагаас хувиарлаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч Д.Х нь 1974 онд Г.Р гэдэг хүнтэй гэр бүл болсон, үүнээс өмнө нь эхнэр, 5 хүүхэдтэй байсан, 2 дахь эхнэртэйгээ гэр бүл болоод хамтран амьдарч эхэлсэн. Анх Г.Р маань Р.Б гэдэг охин дагуулж ирсэн. Р.Б гэдэг охиноос гарсан хүүхэд бол Б.М буюу одоогийн хариуцагч байгаа юм. Б.Мг 2 настай байхад эх нь нас барж Б.Мг 2 наснаас нь өнөөдрийг хүртэл өсгөж хүмүүжүүлж, сургууль соёлд оруулж, энэ хүүхдийг өнчин өрөөсөн юм даа гээд дэндүү их эрхлүүлж, буруу өсгөж өөрийгөө эцсийн эцэст ийм байдалд хүргэсэнд гомдож явах юм гэдгээ шүүхэд дамжуулж хэлье гэсэн. Маргаан бүхийн орон сууцыг төрөөс үнэгүй хувьчилж авсан ба гэрчилгээн дээр Б.М, Г.Р, Д.Х нарын нэр бичигдэж байсныг үгүйсгэхгүй. Ингээд 2003 онд Г.Р гуайн бие муудаж харвалт өгөөд 11 жил хэвтрийн байдалд байж байгаад 2014 онд нас барсан. Гэтэл Б.М 2014 оны 01 дүгээр сарын 13-нд өөрөөр хэлбэл Г.Рыг нас барахаас 3 сарын өмнө Д.Х гуайг дагуулж гэр бүл бүртгэлийн газарт очиж гэрлэлтийг нь батлуулсан байдаг. Үүгээрээ 2014 оноос эхлэн Г.Р нь Д.Хын хууль ёсны эхнэр гэдэг нь тогтоож байгаа юм. Ингээд Г.Р нь 2014 онд нас барсан. Энэ хугацаанд Б.М 20 нас хүрч, сургуулиа төгсөөд эмээ, өвөөгийнхөө мөнгийг дур мэдэн хэрэглэж эхэлсэн ба заримдаа өөртөө хэрэглээд алга болдог болсон. Амьдралын жижиг сажиг хэл ам зөндөө байсан. Ер нь бол энэ хүүхэд эмээ, өвөө хоёрыгоо харж үзэхгүй, эмээгээ усанд оруулаач гэхээр алгадаад зодоод орилуулаад байдаг байсан гэж Д.Х гуай ярьдаг. 2014 оноос хойших үйл явдлыг тодорхой яръя. Д.Х гуай би ерөөсөө нотариатын газар очоогүй. Би яагаад өөрийн өмчлөлийн байраа энэ хүүхдэд май гээд зүгээр өгөх вэ, би хаана очиж үхэн үхтлээ амьдрах вэ, надад очих газар байхгүй. Тийм учраас өөрийн энэ байрандаа амьдарлаа дуусгахаас өөр арга байхгүй. Б.М надад хэлж байсан эмээ өвчтэй байна, та хоёрыг халамжинд оруулна, энэ байрнаас таны нэрийг хасч байгаад буцаагаад хийхгүй бол халамж нь ч олдохгүй юм байна. Тэргэнцэр ч үнэ өртөг ихтэй гээд нэг удаа надад ярьж байсан. Ингээд миний бүх карт, өмчлөх эрхийн гэрчилгээ бүгдийг аваад 3-4 жилийн өмнө яваад өгсөн. Д.Х нь 2019 онд орон сууцны мөнгө тушаахдаа банкны ажилтнаас наад байр чинь хэний нэр дээр байна вэ гэхэд Б.Мгийн нэр дээр байна гэсэн. Тэгээд энэ хүүхэд миний нэрийг хасуулаад өөрийн нэр дээрээ байлгаад алга болж байгаа юм байна гээд хорооны засаг дарга дээрээ орж уулзахад хороон дарга шүүхэд Х гэсэн зөвлөгөө өгсөн тухай хавтаст хэрэгт байгаа.

 

Шүүхийн шинжээчийн гарын үсгийн дүгнэлтэд хэлцэл дээрх гарын үсэг Д.Хын гарын үсэгтэй тохирч байна гэж дүгнэснийг нотариат дээр очоогүй байхад яагаад миний гарын үсэг гэж дүгнээд байгааг одоо хүртэл гайхаж байна лээ. Сүүлд байраа өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн хойноо та тэр хүүхдүүд дээрээ оч, яасан үхэж барагддаггүй юм. Та яасан урт насалдаг юм гэж загнасан. Нэг өдөр халамцуу орж ирээд ямар их удаан хаалга тайлдаг юм гээд суран бүсээр ороолгоод, хутаг барьж дайрсан. Одоо хүртэл хутганы сорив байдаг.Тэр бүгдийгээ Д.Х гуай яагаад өөрийнхөө төрсөн хүүхдүүддээ хэлдэггүй юм гэхээр энэ хүүхэд өнчин өрөөсөн амьтныг нөгөө том эрэгтэй хүүхдүүд ирээд нүдээд нэг нь шоронд ороод баларсан юм болно гээд хүүхдүүдээсээ нуудаг. Ингэж л Д.Х гуайг хууран мэхэлж өөрийг нь гомдоож таны байрыг авъя гэдэг ашиг сонирхлын үүднээс хэлцлийг хийсэн. Гэтэл хэлцэлд орж байгаа хоёр хүний хувьд Д.Х гуай байраа өгнө гэдэг ашиг сонирхол байгаагүй. Б.М нь 2014 онд эмээгээ нас барахаас 3 сарын өмнө Д.Х, Г.Р нарын гэрлэлтийг нь батлуулах ач холбогдол юу байсан гэхээр Б.М энэ байрыг авахын төлөө л 2 хөгшинийг хуураад ийм байдалд хүргэсэн. Нэхэмжлэгч нь анх шүүхэд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Миний хувь энэ хэргийн материалтай танилцахад Б.М нь тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр эхнээсээ бүртгэлтэй байсан, өөрөөр хэлбэл энэ орон сууц нь анхнаасаа Д.Х, Г.Р, Б.М нарын өмчлөлд хувьчлагдаж байсан тул хамтран өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөх нэмэлт хэлцэл хийхийг даалгаж өгнө үү гэж шаардлагаа өөрчилсөн. Д.Х гуайн нэг сэжиг авсан зүйл бол 2018 онд өвөө хоёулаа байраа заръя гээд утасдаад байхаар нь чи яаж байр зарах юм. Өмчлөх эрхийн гэрчилгээ аваад ир гээд Д.Х гуай сэжиглэж эхэлсэн. Нэхэмжлэлийн үндэслэл маань Д.Х хэлцэл хийгээгүй, гарын үсэг зураагүй, тийм учраас өөрийн байрыг үнэн санаанаасаа Б.Мд өгнө гэж бодоогүй гэдэг санааг хэлээд байгаа. Иймд хамтран өмчлөгчөөр тогтоолгож, хамтран өмчлөх нэмэгдэл хэлцэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Мгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Юуны өмнө ийм нэхэмжлэлийг миний өвөө надад холбогдуулан хэзээ ч гаргахгүй гэдгийг хэлмээр байна. Өвөөгийн нэрийг ашиглан түүнийг нэхэмжпэл гаргаж байгаа мэтээр туүний өмнөөс нэхэмжлэл гаргаж намайг илт гүжирдэн бодит байдалтай огт нийцэхгүй зүйл бичиж, шүүхэд худал мэдүүлэг гаргаж, хууль ёсны өмчлөгч миний эрхэнд халдан миний өмчлөлийн орон сууцыг булаан авахаар санаархсан гэж үзэхээс өөр аргагүй байна. Б-ийн М би төрсөн цагаасаа өөрийн өвөө Д-ийн Х, эмээ Г-ийн Р, ээж Р-ыг Б нарын хамтаар тухайн үед ... дүүргийн нутаг дэвсгэр ...д амьдран өсөж торнисон. Миний ээж ... дүүргийн ... сургуулийн багшаар ажилладаг байсан. Ээж маань 1994 оны 12 сарын 29-ний өдөр өвчний улмаас ... дахь өөрийн өсөж төрсөн хашаа байшиндаа насан өөд болж би бүтэн өнчин гэх нийгмийн тодотголтой өвөө, эмээтэйгээ үргэлжпүүлэн амьдарсан. Өвөө маань 1935 онд ... аймгийн ... суманд төрж, сумын сургуульд 4 дүгээр ангиа дүүргээд Улаанбаатар хотод шилжин ирж тухайн үеийн СТ-д элсэн орж санхүүч мэргэжлээр ажлын гараагаа эхлүүлсэн. Тэр үедээ ажлын холбоотойгоор Г гэх хүнтэй танилцаад түүний хүү Г.Бгийн хамтаар амьдарч эхэлсэн гэдэг. Тэд 9 жилийн хугацаанд дундаасаа 5 хүүхэд төрүүлсний дараа салж тусдаа амьдарч эхэлсэн ба өвөө маань өөрийн ээж Хтай айлын хашаанд амьдарч байсан гэдэг. Түүнээс 6 жилийн дараа миний эмээ Г.Ртай өөрийн дүү, үеэл нараар дамжуулан танилцсан гэж ярьдаг. 1974 онд тэд маань гэр бүл зохион албан ёсны эхнэр, нөхөр болж эмээгийн маань аавын төхөөрч өгсөн хашаа, зуны байшин, 5 ханатай гэрт ирж амьдарсан гэж тэд маань ярьдаг байсан. Г гуай 1990-ээд оны эхэн үеэр нас барсан байтал эхнэрийгээ нас барсаны дараа Ртай амьдарсан гэж бодит байдалд огт нийцэхгуй илт худал зүйл бичжээ. Зөвхөн үүнээс харахад л нэхэмжлэлийг миний өвөө өөрөө бичээгүй гэдэг нь тодорхой байна. Хичнээн өндөр насалсан ч ийм зүйл дээр худлаа бичихгүй гэдэгт итгэж байна. Мөн эмээтэй хамт амьдрахдаа дагавар охин болон зээгээ дагуулан ирсэн мэтээр бичсэнд гомдолтой байна. Би өвөө, эмээ, ээжтэйгээ хамт амьдарч байхдаа төрсөн шүү дээ. Тэд бүхэл бүтэн 40 жилийн хугацааныхаа амьдралыг хамтдаа өнгөрүүлсэн байхад нэхэмжлэл дээр ингэж түүнийг нь үнэгүйдүүлж, асуудалд ёс зүйгүй Хаж дэндүү худлаа бичиж байгаад би итгэхгүйн хажуугаар маш их гомдож байна. Өвөө Д.Хыг миний ээж Р.Б нь ааваа гэж дуудаж өссөний сацуу би өвөөгөө өдий хүртэл өөрийн өвөө гэж бодож өвөө, эмээгийнхээ хайр энэрэлд өссөн. Йймдээ ч өвөө маань надад байгаа нандин ганцхан хүн минь юм шүү. Нэхэмжлэлд олон хүүхэдтэйг үндэслэн өгсөн гэж бас л худал бичсэн байна. Анхнаасаа 1992 онд миний өвөөд орон сууцыг олгох үед зээ охины минь өмч шүү гээд үл хөдлөхийн гэрчилгээг авахдаа өвөө, эмээ болон 2 настай миний нэр дээр авч байсан гэдэг. Эмээ маань 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өвчний улмаас бичил хороолол дахь өөрийн гэртээ насан өөд болсон. 2012 онд өвөө, эмээ 2 маань өөрсдийн хүсэлтээр орон сууцны өмчлөгчөөс нэрсээ хасуулж миний нэр дээр цорын ганц өмчлөгчтэй болгосон. Гэтэл намайг тэргэнцэр авч өгнө гэсэн, мөнгөний хэрэгцээ байна гэсэн гэх зэргээр хуурч мэхлэн өмчлөгчөөс нэрийг нь хасуулсан мэтээр нэхэмжлэл гаргасанг огт хүлээн зөвшөөрөхгуй байна. Эмээг маань амьд ахуйд тэдний хүсэлтээр хийгдсэн байтал намайг хуурч мэхлэн хийлгэсэн гэж гүтгэсэнд гомдолтой байна. Эмээгээ амьд сэрүүн байх үед 2009 онд 19 настайдаа өөрийн ажил хийж олсон мөнгөөрөө байрандаа анхны засвараа хийж байсан. 2015 онд эмээгээ өнгөрсөний дараа өвөөгийнхөө сэтгэл санааг өргөж сайхан тавтай тухтай байлгахын тулд өөрийн унаж байсан машиныг зарж 20,000,000 төгрөгөөр бүрэн засвар хийж, эд хогшил тавилгаа бүхэлд нь шинэчлэн сольж дээрх онуудад нийтдээ 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт байрандаа хийсэн. Миний мэдээ орж сургуульд орсон цагаас миний ойлгож байсанчлан өвөөг хүүхдүүд нь огт харж ханддаггүй, бараг таньдаггүй байсан гэхэд болно. 2013 оны сүүл буюу эмээгийн бие муудсан тэр цагаас хойш өвөөгийн холбоогүй байсан хүүхдүүд бидний амьдралд гарч ирж мэр сэр эргэлдэх болсон. Эмээ маань насан өөд болсоны дараагаар өвөө рүү О гэж охин нь залгаж Баянхошуунд хэцүү амьдарч байна гэх мэтээр бүгд хөгшин настай хүнийг сэтгэл санаагаар дарамталж эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад Д.Х өвөөгийн хүүхдүүд нь нэр хасуулсан хэлцлийг хүчингүй болгож, улмаар өөрийгөө өмчлөгчөөр тоггоолгохоор хүссэн байна гэж харагдаж байна.

 

2018 оноос Д.Х гуайн өөрийнх нь төрсөн хүүхдүүд байртай холбоотой асуудал гаргаж явж эхэлсэн гэдэг юм билээ. Д.Х гуай өөрөө намайг шахаж шавдуулаад байна гэдэг байдлаар тайлбарладаг зүйл байгаа. Анх нэхэмжлэл гаргахдаа орон сууцны өмчлөлийг тогтоолгоно гэж шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэлээс орон сууцтай холбоотой баримтууд авагдаад ирсний дараа анхнаасаа энэ орон сууц нь 3 хүний өмчлөлд байсан нь тогтоогдоод ирэх үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү, мөн хамтран өмчлөх нэмэлт хэлцэл хийхийг даалгаж өгнө үү гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө тодорхой бус байна, хэдэн хувийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох гэж шаардаж байгаа нь тодорхойгүй. 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийхэд Д.Х гуайн нас одоогийнхоос залуу байсан, мөн Г.Р гуай өвчтэй хэвтэрт байсан. Энэ хоёр ганц охиндоо орон сууцаа үлдээнэ гэж хоорондоо ярьж тохироод өмчлөлөөс хасагдах хэлцэл хийгээд улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. 1992 онд буюу анхнаасаа 3 хүний бүртгэлд энэ орон сууц бүртгэлтэй байсан. Тэгэхээр 1998 оноос хойш энэ байр өөрийнх нь нэр дээр байсан гэдэг тайлбар хийгээд нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй. Энэ орон сууцыг ямар нэгэн байдлаар яаж ийгээд тодорхой хэсгийг юм уу бүхлээр нь авна гэж илт худал ярьж хандаж болохгүй байх. Орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай хэлцэл дээрх гарын үсгийг Д.Хын гарын үсэг мөн, эсхүл биш эсэхийг тогтоолгохоор шүүхээс удаа дараа шинжээч томилоход шинжээчийн 2 удаагийн дүгнэлтэд тухайн гарын үсэг нь Д.Хын гарын үсэг мөн гэж гарч ирсэн. 2012 оноос хойших бүх үйл ажиллагааг Б.М зохион байгуулсан мэтээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.1. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Төрийн мэдээллийн сангаас гаргах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтыг хавсаргажээ.

 

3.2. Хариуцагч Б.М 2020 оны 08 дугаар сарын 27-ны хариу тайлбараа шүүхэд бичгээр гаргасан ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 000187423 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 45/011349 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 45/011347, 45/011348 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11-1738476 дугаартай лавлагаа, 45/011346 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, 1107000032 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, 0000136802 тоот нас барсны бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3.3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШЗ2020/12341 дүгээр захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагаа, хэлцлүүдийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тус газраас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7/8228 дугаар албан бичгээр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Хаан банк ХХК-ийн 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлэг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0035977 дугаар гэрчилгээ, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 000187423 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4-144/30633 дугаар албан бичиг, хөрөнгө битүүмжлэх тогтоол, мөн 1535 албан бичгийг, дээрх захирамжийн дагуу ... дүүргийн ... хорооны засаг даргаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 74 дүгээр албан бичгээр Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг, Орон сууц, нийтийн ас ахуйн удирдах газар ӨНӨААТҮГазрын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/1336 дугаар албан бичгээр Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоол, хавсралтыг тус тус ирүүлсэн. Мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2020/08686 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу Нийслэлийн архивын газраас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04/437 дугаар албан бичгээр 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 000187423 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг, Архивын ерөнхий газраас 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 03/714 албан бичгээр Хадгаламж банкны кассын зарлагын мэдүүлгийг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Б.Мд холбогдуулан ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 30 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс хасуулсан хэлцлийг хүчингүй болгуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хамтран өмчлөгчөөр тогтоолгож, хамтран өмчлөх нэмэгдэл хэлцэл хийхийг даалгах гэж өөрчилжээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Д.Хт 1992 онд ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Хөдөө аж ахуйн материал хангамжийн баазад ажиллаж байхад нь тус байгууллагаас хувиарлаж авч өгсөн байдаг. Нэхэмжлэгч Д.Х нь 1974 онд Г.Р гэдэг хүнтэй гэр бүл болсон, тухайн үед Г.Р маань Р.Б гэдэг охин дагуулж ирсэн. Р.Б гэдэг охиноос гарсан хүүхэд бол Б.М буюу одоогийн хариуцагч байгаа юм. Г.Р, Р.Б нар өвчний улмаас нас барсан, үүнээс хойш Б.Мг нэхэмжлэгч Д.Х өсгөж, сургуульд сургаж маргаан бүхий орон сууцанд хамт амьдарч байсан. Б.М нь зээл авах хэрэгтэй байна, тэргэнцэр авах шаардлагатай тул таныг байнга дагуулаад яваад байх хэцүү байна, орон сууцыг ганцхан миний нэр дээр шилжүүлчих гэж хуурч мэхлэх талаар ярьж байсан. Харин би нотариат дээр очиж огт гарын үсэг зураагүй байхад 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл гэгчээр хуурамчаар үйлдэж миний өмчлөх эрхийг өөр дээрээ шилжүүлж авсан байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь үгүйсгэсэн. Үүнд: Манай өвөө Д.Х миний эсрэг ийм нэхэмжлэл гаргасан гэдэгт би итгэхгүй байна. Өвөө Д.Х маань миний эмээ Г.Ртай ханилан суухаасаа өмнө 5 хүүхэдтэй байсан юм. Миний эмээ Г.Р нь 2014 онд нас барсан бөгөөд үүнээс хойш Д.Х өвөөгийн хүүхдүүд гэх хүмүүс манайхаар ирдэг болсон. Манай эмээ Г.Р, өвөө Д.Х нар нь тухайн орон сууцыг охин Б.Мдээ үлдээхээр ярилцаж тохиролцоод 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлд өөрсдөө сайн дураараа гарын үсэг зурсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоол, хавсралт, мөн товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0035977 дугаар гэрчилгээ, Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хэлцэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 000187423 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 45/011349 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 45/011347, 45/011348 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, 45/011346 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, 1107000032 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 дүгээр шинжээчийн дүгнэлт, мөн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3507 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрч О.Агийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Х нь Г.Ртай 1974 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн, нэхэмжлэгч Д.Х нь 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 30 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг хувьчлан авсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ба хувьчлагдсан орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Г.Р, Б.М нар бүртгүүлжээ. Улмаар 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлээр дээрх маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөс Д.Х, Г.Р нар хасагдсан ба хэлцлийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 000187423 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Мд /нэг иргэний өмч/ олгосон болох нь тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.М нь тухайн орон сууцыг хамтран эзэмшиж амьдарч байсан, тэрээр эмээдээ тэргэнцэр авч өгнө, байраа засаж янзлах мөнгөний хэрэгцээ байна, таныг халамжинд хамруулахад эхлээд байрны гэрчилгээнээс нэрийг чинь хасуулаад дараа нь буцаагаад нэрийг чинь оруулчихна гэх шалтгаанаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурч мэхэлж авсан, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл дээрх гарын үсэг Д.Хын гарын үсэг биш, учир нь Д.Х нотариат дээр огч очиж байгаагүй гэж тодорхойлсон боловч Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл гэсэн баримтны баруун доод хэсэгт өөрийн хүсэлтээр хасагдагч гэсний дор, Д.Х гэсний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Хын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно гэх 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 дүгээр шинжээчийн дүгнэлт, мөн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3507 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, гэрч О.Агийн шүүх хуралдаанд гаргасан 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б.М гэх иргэн манай ажил дээр ирж надтай уулзсан, ингэхдээ манай эмээ өвчтэй хэвтэрт байдаг, өвөө өндөр настай тул ирэх боломжгүй байгаа юм. Та манай гэрт очоод хэлцэл хийж өгөөч гэх хүсэлтийг тавьсан. Би тухайн үед зөвшөөрөөд ... дүүргийн ... хороо, ... хороололд байрлах гэрт нь очсон. Очиход эмээ Г.Р хэвтрийн байдалтай байсан, мөн Д.Х гуай өөрийн биеэр байсан. Тэгээд би орон сууцны өмчлөлөөсөө татгалзаж байгаа эсэхийг нь асуугаад зөвшөөрсөн тул энэхүү хэлцлийг үйлдсэн. Тухайн үед Д.Х, Г.Р гуай нарт бүх учир холбогдлыг нь тайлбарлаж өгсөн, өөрсдөө гарын үсгээ сайн дурын үндсэн дээр зурсан, гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд би хүчээр зуруулах ямар ч боломжгүй гэх мэдүүлгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байх бөгөөд 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг Д.Х зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасантай 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл нийцэж байна.

 

7. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж зааснаар нэхэмжлэгч Д.Хын хариуцагч Б.Мд холбогдуулан гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, хамтран өмчлөх нэмэлт хэлцэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Хын хариуцагч Б.Мд холбогдуулан гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, хамтран өмчлөх нэмэлт хэлцэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР