Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/00801

 

210/МА2022/00801

 

 

Д.Х-ын нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00572 дугаар шийдвэртэй, Д.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-д холбогдох хамтран өмчлөгчөөр тогтоолгож, хамтран өмчлөгч нэмэх хэлцэл хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: 1992 онд Д.Х-ыг Хөдөө аж ахуйн материал хангамжийн баазад ажиллаж байхад нь тус байгууллагаас Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5б дүгээр байрны 25 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг өгсөн. 1974 онд Д.Х-, Г.Рэнцэндулам нар гэр бүл болсон. Г.Рэнцэндулам нь Р.Батчимэг гэдэг охинтой байсан бөгөөд Б.М-г төрүүлсэнюм. Б.М-г 2 настай байхад эх нь нас барж Б.М-г өнөөдрийг хүртэл өсгөж хүмүүжүүлсэн. Маргаан бүхийн орон сууцыг төрөөс үнэгүй хувьчилж авсан ба гэрчилгээнд Б.М-, Г.Рэнцэндулам, Д.Х- нарын нэр бичигдэж байсан. Г.Рэнцэндулам 2014 онд нас барсан. Г.Рэнцэндуламыг нас барахаас 3 сарын өмнө буюу 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Д.Х-, Г.Рэнцэндулам нарын гэрлэлтийг нь батлуулсан байдаг. Б.М- эмээ та хоёрыг халамжинд оруулна гэж хэлээд өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. 2019 онд орон сууцны мөнгө тушаахдаа орон сууцны өмчлөх эрх Б.М-гийн нэр дээр байгааг мэдсэн. Маргаан бүхий орон сууц нь Д.Х-, Г.Рэнцэндулам, Б.М- нарын өмчлөлд хувьчлагдсан. Иймд нэхэмжлэгч Д.Х-ыг маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, хамтран өмчлөх нэмэгдэл хэлцэл хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 1992 онд Д.Х-т маргаан бүхий орон сууцыг олгох үед өвөө, эмээ болон 2 настай Б.М-гийн нэр дээр авч байсан гэдэг. Эмээ Г.Рэнцэндулам 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өвчний улмаас нас барсан. 2012 онд өвөө, эмээ болох Д.Х-, Г.Рэнцэндулам нар өөрсдийн хүсэлтээр орон сууцны өмчлөгчөөс нэрсээ хасуулж Б.М-гийн нэр дээр цорын ганц өмчлөгчтэй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад Д.Х- өвөөгийн хүүхдүүд нь нэр хасуулсан хэлцлийг хүчингүй болгож, улмаар өөрийгөө өмчлөгчөөр тоггоолгохоор хүссэн гэж харагдаж байна. 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийхэд Д.Х- гуайн нас одоогийнхоос залуу байсан, мөн Г.Рэнцэндулам гуай өвчтэй хэвтэрт байсан. Энэ хоёр ганц охиндоо орон сууцаа үлдээнэ гэж хоорондоо ярьж тохироод өмчлөлөөс хасагдах хэлцэл хийгээд улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Х-ын хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, хамтран өмчлөх нэмэлт хэлцэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.  Шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан боловч дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангаагүй. 2 өөр газар хадгалагдаж байгаа 2 өөр гарын үсгийн хэв маягтай хэлцлийг шинжилсэн болохоор шинжээчийн дүгнэлтүүдэд тодорхойлсон гарын үсгийн хэв маяг, шинж тэмдгүүд нь хоорондоо зөрүүтэй байна.

4.2.  Хэрэгт авагдсан хорооны засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, хорооны ахмадын зөвлөлийн тодорхойлолтуудтай холбогдуулан уг тодорхойлолт гаргасан хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хангаагүй.

4.3.  2012 оны 04 сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг бүртгэсэн бүртгэлийн дэвтрийг нотариатч О.Ариунаа хуулбар үнэн тэмдэг дарж өгснийг шүүх хуралдаанд гаргасан. Иймд Д.Х-ын гарын үсэг мөн эсэхийг тогтоох шинжилгээнд бүртгэлийн дэвтрийг эх хувиар нь хамруулах шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч ажиллагааг хийсэн, шаардлагатай нотлох баримтуудыг бүгдийг нь татсан, 2 удаа нэхэмжлэгч талын гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангасан. Шинжээчийн дүгнэлтүүд үнэн зөв гарсан нь бусад баримтуудаар нотлогддог. Нотариатч мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхэд гэрчээр оролцохдоо шинжээчийн дүгнэсэн асуудлуудыг нотолдог. Анх 3 хүний өмчлөлд байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Өмчлөгч хасагдах хэлцлээр шилжүүлж өгсөн атлаа одоо 50 хувиа нэхээд байгаа нь үндэслэлгүй. Мөн хэлцэл хийхийг даалга гэх нэхэмжлэл гаргаж байгаа нь учир дутагдалтай. Иймд гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2.   Нэхэмжлэгч Д.Х- нь хариуцагч Б.М-д холбогдуулан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5б байрны 25 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс хасуулсан хэлцлийг хүчингүй болгуулж, хамтран өмчлөгчөөр тогтоолгож, хамтран өмчлөгч нэмэх хэлцэл хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Анхан шатны шүүх шинжээч томилох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байх тул дахин шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

4.   Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Х-, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Г.Р, Б.М- нар бүртгэгдсэн, улмаар 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн үндсэн дээр хариуцагч Б.М- уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

5.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл дээрх гарын үсэг Д.Х-ын гарын үсэг биш, мөн хариуцагч нь хүч хэрэглэж, хуурч мэхэлж орон сууцны гэрчилгээг авсан гэх агуулгаар тайлбарлажээ.

 

5.а. Нэхэмжлэгч нь хорооны засаг дарга Х.Г /хх 48/, өрхийн эмч н.Ц /хх 82/, болон хорооны ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ж.Д /хх 83/ гэх этгээдүүдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүйгээр хэргийг шийдвэрлэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдаагүй байна. Уг гэрчүүдийн мэдүүлэг нь нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахад ач холбогдолтой байж болох юм.

 

5.б. 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл нь хэлбэрийн шаардлагыг хангасан байх боловч уг хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй байна. Тодруулбал, бэлэглэлийн гэрээ, асран тэтгэх гэрээ зэрэг хариу төлбөргүйгээр бусдын өмчлөлд өөрийн хөрөнгийг шилжүүлэх гэрээний хувьд хөрөнгө хүлээн авагч тал хариу төлбөр хүлээхгүй боловч бэлэглэлийн гэрэний хувьд бэлэглэгчийг ноцтой гомдоохгүй байх, асран тэтгэх гэрээнд тодорхой үүрэг биелүүлэх зэрэг асуудлууд хөндөгддөг.

 

5.в. Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрт нь хандан хүч хэрэглэсэн гэх үндэслэл зааж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн хэлцэл хийх болсон хүсэл зоригийг тодруулах, үүний үндсэн дээр Хамтран өмчлөгч хасуулах гэх хэлцлийн хүрээнд ямар эрх зүйн харилцаа үүссэнийг тодорхойлж, холбогдох хуулийг хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

 

Нэхэмжлэгчийн шаардлага тодорхой болсноор талуудын маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг шүүхэд гаргах, мэтгэлцэх, шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлох боломжтой болно.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00572 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ