Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00590

 

Б.Халтарын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00281 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Халтарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мягмарсүрэнд холбогдох 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцны хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн зарим хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 5 Б байр, 25 тоотод байршилтай, 30 м.кв талбайтай хоёр өрөө үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

            Д.Халтар нь Баянгол дүүргийн 12 хороо, 6 хороолол 5 Б байрны 25 тоот 2 өрөө орон сууцанд 1992 оноос одоог хүртэл амьдарч байгаа. Гэтэл зээ охин Б.Мягмарсүрэн хэлцэл хийж өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэн болохыг 2020 онд байрны мөнгө төлөх үедээ мэдсэн. Б.Халтар нотариат дээр очиж хэлцэл хийж гарын үсэг зураагүй. Д.Халтарыг Хөдөө аж ахуйн материал техникийн газарт нягтлан бодогчоор 40 жил ажиллаж байх хугацаанд 1992 онд уг орон сууцыг байгууллагаас шагналын журмаар хуваарилж олгосон. Энэ орон сууцыг хувьчилж Д.Халтар, Г.Рэнцэндулам, Б.Мягмарсүрэн нар өмчлөгчөөр бүртгэгдсэн. Г.Рэнцэндулам 2003 онд харвалт өгч, 2009 оноос хэвтэрт байх хугацаанд Д.Халтар гуайн хүүхдүүд болон Б.Мягмарсүрэн нар асарсан. Б.Мягмарсүрэн 2012 оны 04 дүгээр сард Д.Халтарт хандаж “... эмээд тэргэнцэр авч, байр сууцаа өөрчилмөөр байна...” гэхэд нь “... эмээд нь тэргэнцэр аваад өгвөл аштай юу даа ...” гэж тайлбарлаж байсан. Орон сууцыг засварласан нь үнэн. Б.Мягмарсүрэн нь Д.Халтарт “...Та хоёрыг дагуулаад мөнгө төгрөг зээлэх гэхээр их явдалтай байна. Тиймээс байрныхаа нэрийг миний нэр дээр шилжүүлээд буцаагаад таны нэр дээр шилжүүлнэ...” гэж хэлж байсан. Орон сууцны гэрчилгээ аваад ирээч гэхээр өгдөггүй. 2014 оны 01 дүгээр сард Д.Халтар, Г.Рэнцэндулам нарын гэрлэлтийг батлуулсан. 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г.Рэнцэндулам нас барсан. Б.Мягмарсүрэн 2 удаа хаалганыхаа цоожийг сольж, Д.Халтар 1 сар гаруй хугацаанд том охиныхоо гэрт амьдарч байсан. Б.Мягмарсүрэн нь Д.Халтарыг байрны гэрчилгээ асуухаар уурлаж загнадаг байсан. Мөн зодож нурууг нь гэмтээж байснаас эмнэлэгт үзүүлж байсан. 2017 оноос хойш энэ орон сууцанд ирээгүй. Мөн Б.Мягмарсүрэн нь Д.Халтарт орон сууцаа заръя гэж хэлж байсан. Б.Мягмарсүрэн нь Д.Халтар, Г.Рэнцэндулам нарын өндөр настай байдал, эрүүл мэндийн байдлыг далимдуулан тэдний нэрийг хасаад буцааж оруулна гэж хуурч мэхэлж, дангаар өмчлөх санаа зорилго агуулж орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийсэн болох нь тогтоогдож байна. Тиймээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн Д.Халтар ... бид өөрсдийн хүсэлтээр дээрх орон сууцны хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж байна. Мөн өөрийн хүсэлтээр хасагдагч хэсгийн Д.Халтар гэж нэр, гарын үсэг бичигдсэн хэсэг, түүний иргэний үнэмлэх регистр, утасны дугаар бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах, уг орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

 

            2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:    

            Б.Мягмарсүрэн нь Д.Халтарыг орон сууцнаас хөөх хүсэл зориг байхгүй. Д.Халтар Б.Мягмарсүрэнгийн эмээ Г.Рэнцэндуламтай 1974 онд гэр бүл болж хамт амьдарч, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 08 дугаар тогтоолоор маргааны зүйл болсон орон сууцыг Б.Халтар болон түүний эхнэр Г.Рэнцэндулам, зээ охин Б.Мягмарсүрэн нар хувьчилж авсан. Б.Халтар 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцыг зээ охин Б.Мягмарсүрэнд хүлээлгэн өгч өөрийн хүсэлтээр өмчлөгчөөс хасуулж хэлцлийг нотариатаар батлуулсан. Б.Мягмарсүрэн нь 2012 онд эмээдээ тэргэнцэр авч, байрандаа засвар хийх хэрэгтэй байна гэсэн гэх тайлбар үндэслэлгүй. Тухайн үед тэргэнцэр хэрэггүй эрүүл саруул байсан. 2009 онд ажил хийж олсон орлогоороо орон сууцандаа анхны засварыг хийсэн. Эмээ Г.Рэнцэндулам 2014 онд нас барсан. Эмээг нас барсны дараа өвөөгийн сэтгэл санааг өргөж, автомашинаа худалдаж 20,000,000 төгрөгөөр бүрэн засвар хийсэн. Д.Халтар нэхэмжлэлийг бичээгүй нь тодорхой байна. Хэдий өндөр насалсан ч ийм зүйлийн талаар худлаа бичихгүй. Эмээг нас барсны дараа өвөө рүү н.Оюунчимэг гэдэг охин нь залгаж “...Баянхошуунд хэцүү амьдарч байна...” гэх мэтээр түүний сэтгэл санааг дарамталсан талаар хэлж байсан. Орон сууцны цоожны голыг солиогүй. Бие нь өвдөхөөр түргэн тусламж дуудаж байсан. Нэхэмжлэлийг Д.Халтарын өмнөөс хүүхдүүд нь бичсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

            Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар Б.Мягмарсүрэнд холбогдуулан гаргасан 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, маргаан бүхий орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Халтарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлд Д.Халтар гарын үсэг зураагүй ба дараах үндэслэлээр шинжилгээг дахин хийлгэх шаардлагатай.

            Анхан шатны шүүх “ Д.Халтар, Г.Рэнцэндулам, Б.Мягмарсүрэн нар харилцан тохирч 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг өмнө гаргаж байсан боловч шүүхээс хангаагүй, давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Б.Халтар уг хэлцэлд гарын үсэг зурснаа санадаггүй. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаар шинжээчийн дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3507 дугаар шинжээчийн дүгнэлтээр 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл баримтад зурагдсан “өөрийн хүсэлтээр хасагдсан Д.Халтар” гэх бичвэрийн ард зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч Д.Халтарын гарын үсгийн загваруудтай тохирч байна гэсэн дүгнэлтүүд тус тус гарсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.4.1.10,4.2, 16 дугаар зүйлийн 16.1.6-т заасныг үндэслэн Д.Халтарын гарын үсгийн чөлөөт харьцангуй загваргүйгээр буюу гэрээ байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнөх хугацааны 5 ширхэг болон мөн дараах хугацааны 5 ширхэг харьцуулах гарын үсэг зурсан, хөндлөнгийн байгууллагын тамга, тэмдэг бүхий эх баримтууд байхгүй байхад шинжилгээний шаардлага хангахгүй хангалтгүй баримтуудаар шинжилгээ хийж дүгнэлт гаргасан тул нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс 2 удаа хангаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилоход “... Б.Халтарын гарын үсгийн чөлөөт, харьцангуй загваруудыг ирүүлээгүй, ирүүлсэн гарын үсгийн болон бичгийн хэвийн загварууд нь адилтгалын шинжилгээ хийхэд тоон болон чанарын шаардлага хангахгүй өмнөх шинжээчид ирүүлсэн баримтууд тодорхойгүй байна. Иймд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 10 дугаар зүйлийн 10.4.1, 10.4.2, 16 дугаар зүйлийн 16.1.6-т заасныг үндэслэн өмнөх шинжээчийн дүгнэлтийн хуулбар, шинжилж буй гарын үсэг бүхий 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл, Д.Халтарын гарын үсгийн чөлөөт харьцангуй чөлөөт загваруудыг ирүүлнэ гэсэн баримтаар нотлогдоно. Хоёр дахь дүгнэлтийг гаргахдаа 3 шинжээчийн бүрэлдэхүүн томилогдон, тоон болон чанарын шаардлага хангасан баримтуудыг судалж шинжилсэн боловч шүүхэд анх дүгнэлт ирүүлэхдээ 3 шинжээч гарын үсэг зурсан байх ёстой атал нэг шинжээч гарын үсэг зурж ирүүлсэн ба дараа нь 2 шинжээчээр гарын үсгийг зуруулсан.  Мөн 2 дүгнэлт өөр газарт хадгалагдаж байгаа 2 өөр гарын үсгийн хэв маягтай 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасагдах хэлцлийг шинжилсэн. Өөрөөр хэлбэл, энэ хоёр өөр гарын үсэг бүхий хэлцлийг хамтад нь шинжлээгүй. Уг хэлцлийн нэг хувь нь Баянгол дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт, нөгөө нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Архивын газарт тус тус хадгалагдаж байгаа болох нь хэрэг авагдсан баримтаар нотлогдоно. 

            Эхний шинжээч дүгнэлт гаргахдаа шинжилгээний материал тоо болон чанарын шаардлага хангаагүй байхад дүгнэлт гаргасан тул нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, дараагийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргахдаа нэг шинжээч гарын үсэг зурсан байдалтай шүүхэд ирүүлсэн. Дараагийн шинжээч дүгнэлт гаргахдаа хоёр өөр газарт хадгалагдаж байсан хэлцлийг шинжилсэн ба нэг хэлцэлд, нэг өдөр цагт зурсан гэх гарын үсгийн хэв маяг хоёр өөр учраас хоёр дүгнэлтэд эдгээр нь зөрүүтэй тодорхойлогдсон тул дахин шинжээч томилуулах шаардлагатай байсан.

            Нотариатч О.Ариунаа орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг бичгээр байгуулж зээ охин Б.Мягмарсүрэнгийн хүсэлтээр гэрт нь очиж хэлцлийг гэрчилсэн гэж мэдүүлдэг. Д.Халтар хэлцэл хийснээ санадаггүй. Нотариатын бүртгэлийн дэвтрийн дээр хуулбар үнэн тэмдэг 2020 онд дарж нотлох баримтаар өгсөн. Уг тэмдэглэлийн хуулбар дээр уг хэлцлийг хэзээ, хаана хэрхэн хийсэн талаар тэмдэглэл үйлдээгүй нь Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 сарын 07-ны өдрийн 171 тоот тушаалаар “Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 2 дугаар зүйлийн 2.10-т заасныг зөрчсөн. Шүүх “... Хэлцлээр Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 5Б-25 тоот орон сууцны хамтран өмчлөгч Д.Халтар, Г.Рэнцэндулам бид өөрсдийн хүсэлтээр дээрх орон сууцны хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж байна. Хамтран өмчлөгчөөс хасагдаж буй миний бидний хувьд 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Иргэний хуулийн 128.1 дэх хэсэгт заасан орон сууц, эзэмших, ашиглах, захиран зарцуулахад гэр бүлийн бусад гишүүнтэй адил эрх эдэлж үүрэг хүлээх эрх дуусгавар болно. Үлдэх өмчлөгч Б.Мягмарсүрэн, өөрийн хүсэлтээр хасагдагч Д.Халтар, Г.Рэнцэндулам гэж нэрээ бичин гарын үсэг зурж баталгаажуулан уг хэлцлийг тухайн өдрөө нотариатчаар гэрчлүүлсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Д.Халтар, Г.Рэнцэндулам нар маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөх эрхээ хариуцагч Б.Мягмарсүрэнд  үнэ төлбөргүйгээр шилжүүлж бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэж дүгнэсэн.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2022/00801 дугаар магадлалд “2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөх хасуулах хэлцэл нь хэлбэрийн шаардлагыг хангасан байх боловч уг хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй байна. Тодруулбал, бэлэглэлийн гэрээ, асран тэтгэх гэрээ зэрэг хариу төлбөргүйгээр бусдын өмчлөлд өөрийн хөрөнгийг шилжүүлэх гэрээний хувьд хөрөнгө хүлээн авагч тал хариу төлбөр хүлээхгүй боловч бэлэглэлийн гэрээний хувьд бэлэглэгчийг ноцтой гомдоохгүй байх, асран тэтгэх гэрээнд тодорхой үүрэг биелүүлэх зэрэг асуудлууд хөндөгддөг.” гэж дүгнэсэн. Уг гэрээнд бичигдсэн агуулга бол “...бид өөрсдийн хүсэлтээр дээрх орон сууцны хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж байна...” гэсэн байна. Гэтэл гэрч О.Ариунаагийн шүүх хуралдаанд гаргасан “2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б.Мягмарсүрэн гэх иргэн манай ажил дээр ирж надтай уулзсан, ингэхдээ манай эмээ өвчтэй хэвтэрт байдаг. өвөө өндөр настай тул ирэх боломжгүй, гэрт очоод хэлцэл хийгээд өгөөч гэх хүсэлтийг тавьсан тул зөвшөөрч Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороололд байрлах гэрт нь очсон. Очиход эмээ Г.Рэнцэндулам хэвтрийн байдалтай, Д.Халтар байсан.  Орон сууцны өмчлөлөөс татгалзаж байгаа эсэхийг нь асуугаад зөвшөөрсөн тул энэхүү хэлцлийг үйлдсэн. Тухайн үед Д.Халтар, Г.Рэнцэндулам нарт бүх учир холбогдлыг нь тайлбарлаж өгсөн. Өөрсдөө гарын үсгээ зурсан” гэж мэдүүлсэн. Д.Халтар гарын үсэг зурснаа санадаггүй. Мөн уг хэлцэлд “...Хамтран өмчлөгчөөс хасагдсан өдрөөс эхлэн Иргэний хуулийн 128.1 дэх хэсэгт заасан орон сууц, эзэмших, ашиглах, захиран зарцуулахад гэр бүлийн бусад гишүүнтэй адил эрх эдэлж үүрэг хүлээх эрх дуусгавар болно....” гэсэн агуулга харагдах ба хуулийн энэ заалт нь Гэр бүлийн баталгаатай гэр бүлийн гишүүдэд л хамаарна. Анхан шатны шүүх “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн агуулгыг тайлбарлахдаа “...Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Д.Халтар, Г.Рэнцэндулам нар маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөх эрхээ хариуцагч Б.Мягмарсүрэнд хариу төлбөргүйгээр шилжүүлж бэлэглэлийн гэрээ байгуулагдсан” гэж дүгнэсэн.

            Гэрч Г.Ганхуяг нь Д.Халтар гуай 2020 оны 08 дугаар сард орон сууцны өмчлөгч нь Б.Мягмарсүрэн болсныг мэдээд цочирдсон, өрхийн бүртгэлд Д.Халтар, Г.Рэнцэндулам, зээ охин Б.Мягмарсүрэн нар бүртгэлтэй хамт амьдардаг байсан талаар, мөн зээ охин Б.Мягмарсүрэн нь Д.Халтарыг цохиж зөөлөн эдийн гэмтэл учруулсны улмаас өрхийн эмнэлэгт ирж үзүүлсэн тул Д.Халтарын биед үзлэг хийж, эмчилгээ зөвлөгөө өгч байсан. Талийгаач Г.Рэнцэндулам хэвтрийн байдалтай байсан зэргийг мэдүүлсэн. 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус болно. Иймд 2012 оны 04 сарын 12-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, маргаан бүхий орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Халтарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

            5. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

            Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 350 дугаар дүгнэлтээр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэлд “Д.Халтар” гэх бичвэрийн ард зурагдсан гарын үсэг Д.Халтарын гарын үсэгтэй тохирч байгаа нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан үйл баримт болон холбогдох бичгийн нотлох баримт, гэрч н.Должинсүрэнгийн мэдүүлэг, нотариатчийн өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд уг хэлцлийг хийхдээ өөрийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн. Талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн болохыг анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хууль хэрэглээний алдаа гаргасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            1. Нэхэмжлэгч Д.Халтар  хариуцагч Б.Мягмарсүрэнд холбогдуулан 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Орон сууцны хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн өөрт холбогдох зарим хэсгийг буюу “Д.Халтар ... бид өөрсдийн хүсэлтээр дээрх орон сууцны хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж байна. Мөн өөрийн хүсэлтээр хасагдагч хэсгийн Д.Халтар гэж нэр, гарын үсэг бичигдсэн хэсэг, түүний иргэний үнэмлэх регистр, утасны дугаар”  бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5 Б дугаар байрны 25 тоот хаягт байршилтай орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            2. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 08 дугаар тогтоолын дагуу Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, 5 Б байр 25 тоот хаягт байршилтай, орон сууцыг  Д.Халтар, Г.Рэнцэндулам, Б.Мягмарсүрэн нарт 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хувьчилсан ба Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хэлцлээр Д.Халтар, Г.Рэнцэндулам нар хасагдаж уг орон сууцны өмчлөгчөөр Б.Мягмарсүрэн бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлээр тогтоогджээ. (1хх-ийн 61-67)

 

            Талууд 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг байгуулж Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, 5 Б байр 25 тоот хаягт байршилтай, орон сууцны өмчлөлөөс Д.Халтар, Г.Рэнцэндулам нар хасагдаж, Б.Мягмарсүрэн өмчлөгчөөр үлдсэн  дээрх хэлцэлд нэхэмжлэгч Д.Халтар гарын үсэг зурсан эсэх талаар маргажээ.

 

            3. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийн “... Өөрийн хүсэлтээр хасагдсан Д.Халтар...” гэх бичвэрийн ард зурагдсан гарын үсэг Д.Халтарын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргасныг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2020/13911 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. (1хх-ийн 87-88)

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Орон сууц өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” гэсэн баримтын баруун доод хэсэгт “Өөрийн хүсэлтээр хасагдагч” гэсний дор “Д.Халтар” гэсний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Халтарын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байгаа нь тогтоогджээ. (1хх-ийн 102-116)

 

            Дээрх шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг дахин шинжээчээр томилсон ба тус хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчид 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” дээрх “Өөрийн хүсэлтээр хасагдсан Д.Халтар” гэх бичвэрийн ард зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Д.Халтарын гарын үсгийн загваруудтай тохирч байна гэж дүгнэсэн. (1хх-ийн 188-202)

 

            Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй тул шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангаагүй, дахин шинжээч томилуулах үндэслэлтэй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтад хамаарна. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг гэрчилсэн нотариатч О.Ариунаа “... гэрт нь очиж үйлчилсэн... Д.Халтар өрөөндөө байсан, 3 хүн байна... 2 хүн хасагдах хэлцэл хийж байна.... Б.Мягмарсүрэнгийн өмчлөлд ганцхан шилжих юм байна. Та 2 зөвшөөрч байна уу гэхэд тиймээ ээ гээд зөвшөөрсөн. Тухайн үед Д.Халтар, Г.Рэнцэндулам нарт бүх учир холбогдлыг нь тайлбарлаж өгсөн. Өөрсдөө гарын үсгээ зурсан...” гэж  мэдүүлсэн байна. (хх-ийн 236-237)

 

            Иймд шинжээчийн 2 удаагийн дүгнэлт, гэрч О.Ариунаагийн мэдүүлэг зэргээс үзэхэд Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэлд нэхэмжлэгч Д.Халтар гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна.

 

            5. Түүнчлэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд хийгдсэн хэлцлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь уг хэлцлийг хийхдээ ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан тул Б.Мягмарсүрэн нь Д.Халтар, Г.Рэнцэндулам нарын өндөр настай байдал, эрүүл мэндийн байдлыг далимдуулан тэдний нэрийг хасаад буцааж оруулна гэж хуурч мэхэлж, дангаар өмчлөх санаа зорилго агуулж орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч бусдаас мөнгөн хөрөнгө зээлэх зорилгоор орон сууцны өмчлөлөөс өөрийн нэрийг хасуулж дараа нь буцааж шилжүүлнэ гэж хуурч мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй  тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1 дэх хэсэгт заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн” гэж үзэх үндэслэл мөн тогтоогдсонгүй.

             

            6. Энэ иргэний хэрэгт уг хэлцлийг гэрчилсэн нотариатч О.Ариунаа хариуцагчаар оролцоогүй тул “... нотариатч хэлцлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар зөрчсөн” гэх гомдолд шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

             

            7. Харин зохигчдын хооронд Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн, хууран мэхэлж хэлцэл хийсэн эсэх талаар маргасан байхад анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болсныг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна. Дээрх хэлцэлд орон сууцыг хэн эзэмших, хэрхэн ашиглах, хэрхэн захиран зарцуулж болохгүй байх талаар тухайлсан нөхцөл заагдаагүй ба ийм нөхцөлийн талаар тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчид бэлэглэлийн журмаар орон сууцны өмчлөх эрх шилжсэн гэж үзэхгүй.

           

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00281 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

            1 дэх заалтын “189 дүгээр зүйлийн 189.1, 276 дугаар зүйлийн 276.1” гэснийг “59 дүгээр зүйлийн 59.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар майгадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА

 

                                                ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Н.БАТЗОРИГ