Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 157

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Чимэддоржийн Мөнхбатыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Хөшөөт овгийн Жаргалын Цогтгэрэлийг бусдын амь биед аюултай нөхцөлд тусламж үзүүлээгүй орхисоны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10-т зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбатад 20 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар шүүгдэгч Ж.Цогтгэрэлд 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбатыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбатад оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заанаар шүүгдэгч Ж.Цогтгэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбатын нийт цагдан хоригдсон 111 хоногийг,

Шүүгдэгч Ж.Цогтгэрэлийн нийт цагдан хоригдсон 14 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн найрсаг нэртэй архины хагарсан шил 1 ширхэг, мөн 4 ширхэг архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалыг шүүгдэгч Ч.Мөнхбатаас 3.576.309 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ган-Эрдэнэд олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бусад зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ч.Мөнхбатын “Монгол гэр”-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Мөнхбатад буцаан олгосугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Цогтгэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             И.ГАНБАТ

              

                                    ШҮҮГЧИД                                              Т.АЛТАНТУЯА

 

                                                                                                     Л.БААТАР