Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 217

 

Ч.М, Ж.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч Э.Уянгасайхан,

шүүгдэгч Ж.Ц-ийн өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 432 дугаар магадлалтай, 201726010002 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянгасайханы гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 24 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт заасан “Хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ж-ын Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан “Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.М-ыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг давтан үйлдсэн, Ж.Ц-ийг бусдын амь биед аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт зааснаар Ч.М-ыг 20 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар Ж.Ц-ийг 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар  Ч.М-ыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Ч.М-ын хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид, Ж.Ц-ийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.М болон өмгөөлөгч Э.Уянгасайхан, Л.Батаа нарын  гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Э.Уянгасайхан, Л.Батаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч Э.Уянгасайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байхыг шаардах бөгөөд гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, хохирогчийн хувийн байдал зэргийг дүгнэж, түүнтэй холбоотой нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байх шаардлагыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангаагүй гэж үздэг. Тухайлбал: Ч.М-ын хувьд хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн санаа сэдэлт байсан гэдэг нь нотлогдоогүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Ч.М нь амь хохирогчийн толгойн баруун хэсэг нэг удаа цохисон, хохирогч нас барсан болох нь тогтоогдсон.

Ч.М нь хохирогчийн толгойн тус газарт цохихдоо хохирогчийг алах санаа, зорилго байсан уу? шүүгдэгчийн дээрх үйлдэл, хохирогчийн амь хохирсон хоёрын дунд шалтгаант холбоо байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Ч.М-ын өөрийн болон Ж.Ц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлснээр хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй нөхцөл байдал нотлогддог. Ч.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би ширээн дээр байсан “Найрсаг” нэртэй 0.75 граммын хэмжээтэй архины шилийг баруун гараараа авч Х-ийн толгойн баруун хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл Х хойморт байх орны урдуур унасан. Тэгэхээр нь сандрахдаа Ж.Ц-ийг сэрээгээд газар унасан Х-г дамнаад орон дээр дээш нь харуулж хэвтүүлээд, цээжин дээр нь хоёр гарынхаа алгаар нэг бус удаа дарж сэрээх гэж оролдсон. ... намайг талийгаачийн цээжин дээр дарахад талийгаач сэргэх шиг болж дуугарсан тул талийгаачийг сэргээд агсарч магадгүй гэж айгаад Ж.Ц бид хоёр гарч явсан ...” гэсэн мэдүүлгээс үзэхэд хэдийгээр Ч.М хохирогчийг шилээр нэг удаа цохисон боловч энэ үйлдлийг хийхээс өмнө хохирогчтой таарамжгүй харилцаатай байсан, түүнийг алах санаа, зорилготой байсан гэдгийг нотолсон баримт байхгүйн дээр цохисноос хойшхи үйлдэл нь хохирогчийг алах зорилготой байгаагүйг давхар нотолж байна.  

Шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийг байцаасан тэмдэглэлд: Амь хохирогчийн тархинд үүссэн гэмтлүүд нь Ч.М-ын хэлсэнчлэн архины шилээр нэг удаа толгойн баруун хэсэгт цохиход үүсэх боломжтой юу? гэж хөтөлж асуусан асуултад үүссэн байх боломжтой гэж хариулсан нь бүрхэг байна. Учир нь зүүн хэсгийн хуйханд 2x2 см хөх өнгийн, зүүн чамархайн булчинд 3x1 см хөхөлбөр  хүрэн өнгийн цус хуралт хэрхэн үүссэн байж болох талаар тодруулаагүй байна. Мөн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой, тухайн гэмтлийг аваад амь хохирогч их зовиуртай байх боловч идэвхтэй хөдөлгөөн хийж, ярьж, явж үг хэлж чадах талаар тусгагджээ. Ер нь мөрдөн байцаалтын шатанд авагдсан шинжилгээнүүд маш хайнга хийгдсэн. Тухайлбал: 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр: нэмэлт шинжилгээнд авсан материалын хоёрт 10 мл цус, ходоодны шингэн авсан байхад  нэмэлт шинжилгээний хариу хоёрт шинжилгээнд ирүүлсэн Хүрэлбаатарын гэсэн хаягтай шээс, цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэсэн нь цогцосноос ходоодны шингэн эсвэл шээсний алинаас дээж авсан болох нь эргэлзээтэй, шинжилгээний объект талийгаачийн цогцос мөн үү гэдэгт эргэлзээ төрөхөөр байна.

Мөн шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэсэн нь магадлалд дурдагдсан Ч.М-ын мэдүүлгээр тухайн гэмтлийг үүсгэсэн хүчин зүйлийн хэлбэр шинжийг үгүйсгэж байна. Мөн дүгнэлтийн 4 дэх хэсэгт гавал тархины гэмтэл нь нэг болон хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж дүгнэсэн нь толгойн зүүн хэсэгт учирсан гэмтлийг өөр хүчин зүйлээс үүссэн байж болохыг тодорхойлно гэсэн зэрэг амь хохирогч өөр цаг хугацаанд өөр хүчин зүйлийн улмаас гэмтлүүдийг авсан байх боломжийг үгүйсгэхгүй байгаагаас харахад энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэнээс гадна Ч.М бусдыг санаатай алах үйлдэл хийснээс болж хохирогч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулмаар байна...” гэв.   

Шүүгдэгч Ж.Ц-ийн өмгөөлөгч Л.Батаа хяналтын шатны шүүх хуралдаанд: Тусгайлан гаргах саналгүй гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:  Ч.М, Ж.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Хэрэг хянагдаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Ч.М-ын “давтан” үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал болон онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон үндэслэлүүд хасагдсан байх тул түүнийг үйлдлийг шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч Э.Уянгасайханы гаргасан гомдлыг үндэслэн Ч.М, Ж.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 27-ны орой 18-19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 12 дугаар гудамжны 06 тоотод хамт архи уусан Г.Х-тай маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний толгойн тус газарт нь архины шилээр цохиж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алж, хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ч.М-ыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг давтан үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд Ч.М-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт заасан “давтан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон хуульчлаагүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Ч.М-ад оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасах үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Ч.М-ыг урьд нь онц хүнд гэмт хэрэг үйлдэж ялаа эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр шүүхээс түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялтай байдлыг халсанаар түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон нөхцөл байдал арилсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.  

Харин Ж.Ц хүнийг санаатай алах гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд түүний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

2002 оны Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт 6 сар байхаар хуульчилсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар уг хугацаа 1 жил болж нэмэгдэж шүүгдэгч Ж.Ц-ийн эрх зүйн байдал дээрдээгүй байх тул хууль буцаан хэрэглэхгүйгээр түүнд холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь ашигтай байна.

Иймд Ж.Ц-д холбогдох Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ц-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянгасайханы “Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй байдлыг арилгах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол болон магадлалд дээрх өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 432 дугаар магадлалд:

“Ж.Ц-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ц-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж сулласугай”,

 “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Ч.М-ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ч.М-ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Ч.М-ыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон 3 дахь заалт болон 4 дэх заалтын Ж.Ц-ийг хорих ял эдлэх дэглэмийг тогтоосон холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянгасайханы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  

                      ДАРГАЛАГЧ,

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Б.ЦОГТ