Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 432

 

Ч.Мөнхбат, Ж.Цогтгэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

ялтан Ч.Мөнхбатын өмгөөлөгч Э.Уянгасайхан,

ялтан Ж.Цогтгэрэлийн өмгөөлөгч Л.Батаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ган-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Мөнхбат, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан, ялтан Ж.Цогтгэрэлийн өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ч.Мөнхбат, Ж.Цогтгэрэл нарт холбогдох 201726010002 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Чимэддоржийн Мөнхбат, 1965 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, /Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 6-12 тоотод оршин суух бүртгэлтэй/, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд оршин суух, /регистрийн дугаар: УС65011711/,

- 1999 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 24 дугаартай шүүгчийн захирамжаар эдлэх ялаас үлдсэн 1 жил 10 сар 13 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан.

2. Хөшөөт овогт Жаргалын Цогтгэрэл, 1977 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, /Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй/, Сонгинохайран дүүргийн 2 дугаар хороо Орбитын 2-448 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  /регистрийн дугаар: ЧГ77021714/,

Ч.Мөнхбат нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 27-ны орой 18-19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 12 дугаар гудамжны 6 тоотод хамт архидан согтуурсан Г.Хүрэлбаатарыг “намайг шорон Мөнхөө гэж дуудлаа, миний духан тус газар цохилоо” гэж маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газарт нь архины шилээр цохиж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан,

Ж.Цогтгэрэл нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны орой 18-19 орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 12 дугаар гудамжны 6 тоотод хамт архидан согтуурсан Ч.Мөнхбат нь хамт сууж байсан Г.Хүрэлбаатартай маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газарт нь архины шилээр цохиж, Г.Хүрэлбаатарыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Г.Хүрэлбаатар нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ч.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт зааснаар, Ж.Цогтгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овгийн Чимэддоржийн Мөнхбатыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд, Хөшөөт овгийн Жаргалын Цогтгэрэлийг бусдын амь биед аюултай нөхцөлд тусламж үзүүлээгүй орхисоны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт зааснаар Ч.Мөнхбатад 20 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар Ж.Цогтгэрэлд 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбатыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбатад оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цогтгэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ч.Мөнхбатын нийт цагдан хоригдсон 111 хоногийг, Ж.Цогтгэрэлийн нийт цагдан хоригдсон 14 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Найрсаг” нэртэй архины хагарсан шил 1 ширхэг, мөн 4 ширхэг архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг оршуулахтай холбогдсон зардлыг шүүгдэгч Ч.Мөнхбатаас 3.576.309 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ган-Эрдэнэд олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бусад зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Ч.Мөнхбатын “Монгол гэрийг битүүмжилсэн” тогтоолыг хүчингүй болгон Ч.Мөнхбатад буцаан олгож,

шүүгдэгч Ж.Цогтгэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Ч.Мөнхбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр олон тооны шарх сорив үүссэн гэдэг. Эдгээр шарх сорив хэзээ, хаана, ямар хүний үйлдэлийн улмаас үүссэн болохыг шалгаж тогтоох шаардлагатай гэж бодож байна. Миний бие хохирогчийн биед нэг удаагийн үйлдэлээр архины шилээр цохисон болхоо шудрагаар хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн байцаалтын шатанд шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан хэдий ч яагаад олон тооны шарх соривтой байсныг ойлгоогүй. Би хохирогчийг шилээр нэг удаа цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Надад хүн алах санаа зорилго байгаагүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Ялтан Ч.Мөнхбатын өмгөөлөгч Э.Уянгасайхан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хөтөлбөргүй тогтоосон нотлох баримт шаардлагатай. Хүний амь нас хохирсон хэрэгт нотолгооны ач холбогдолтой зүйл бол шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт байдаг.

1. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 117 тоот дүгнэлтэд “...дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Талийгаач нь дээрхи гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь дээрхи гэмтлийг нас барахаас 24-48 цагийн өмнө авсан байх боломжтой байна.” гэх дүгнэлтээр олон удаагийн үйлчлэлээр үхэлд хүргэсэн байхаар дүгнэжээ. Мөн хохирогчийн цогцосноос спирт илрээгүй. Гэтэл шинжээч эмч Долгормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...талийгаачийн тархинд үүссэн гэмтлүүд архины шилээр нэг удаа толгойн баруун хэсэгт цохих үед үүсэх боломжтой. Амь хохирогчид гэмтэл авсаны дараа эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан” гэж мэдүүлсэн байх ба шүүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн гэм буруутай байна гэж дүгнэсэн нь шүүх эмнэлгийн дүгнэлтийн зөрүү арилгаагүй мөн шинжээч эмчийг хөтөлж байцаасан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосонд гомдолтой байна.

2. Хохирогчийн биед олон тооны гэмтэл үүссэн байгаа бөгөөд чухам тэр гэмтлийг хэн, хэзээ, хэрхэн, яаж учруулсан болохыг хавтаст хэрэгт тогтоогоогүй байх ба хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр талийгаачтай шүүгдэгчийг зодолдож биед нь олон тооны гэмтэл учруулсан зүйл байхгүй тул хохирогчийн биед олон тооны гэмтэл учруулсан үйлдэл холбогдлыг шалгах нь зүйтэй байна. Талийгаачийн үхэлтэй шалтгаант холбоотой байгаа энэ үйлдлийг хэн учруулсаныг шалгаагүй орхигдуулсан нь мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

3. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь дээрхи гэмтлийг нас барахаас 24-48 цагийн өмнө авсан байх боломжтой гэх тул шүүгдэгчээс гадна өөр цаг хугацаанд хохирогчийн биед олон тооны гэмтэл учруулаад үхэлд хүргэсэн үйлдэл байх боломжтой байна. Өөрөөр хэлвэл гэмт хэрэг хэдийд, хаана, ямар цаг хугацаанд хэрхэн үйлдэгдсэнийг хавтаст хэрэгт бүрэн дүүрэн эргэлзээгүй байхаар тогтоогоогүй бөгөөд зөвхөн шүүгдэгчийн шилээр цохисон гэх мэдүүлэг шинжээч эмчийн шүүх эмнэлгийн дүгнэлтээс зөрүүтэйгээр хөтөлж байцаасан мэдүүлгийг үндэслэж шийтгэх тогтоол гарсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн байна.

4. Амь хохирогч гэмтэл авсаны дараа эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан гэх шинжээч эмчийн мэдүүлэг нь талийгаачийг хүнд гэмтлийн улмаас нас барсан байх магадлалтайг мэдүүлж байх ба мөрдөн байцаалтын шатанд энэ талаар ажиллагаа хийгдээгүй бөгөөд хохирогч нас барсан тул хүнийг санаатай алсан гэмт хэрэг гэж үзэж зүйлчилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.” гэв.

Ялтан Ж.Цогтгэрэлийн өмгөөлөгч Л.Батаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Цогтгэрэл нь ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгодог, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Ж.Цогтгэрэл нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, хэрэг явдал болох үед Ч.Мөнхбат Ж.Цогтгэрэлийг унтаж байхад нь сэрээгээд дагуулж гарч явсан. Энэ талаар Ч.Мөнхбатын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Ж.Цогтгэрэл нь амь хохирогчийг хурхирч байгаа мэт “хо” гээд дугарахаар нь амьсгалж байна гээд гарсан. Ж.Цогтгэрэл нь тухайн үед амь хохирогчийг нас барсан эсэхийг мэдэх боломжгүй байсан бөгөөд энэ нь гэмт хэргийн сэдэлт зорилгын хувьд шууд санаатай үйлдэгдээгүй гэх үндэслэлтэй байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Би эцгээ алдсан, их гомдолтой байна. Анх Цогтгэрэл нь гарч явахдаа “ингэж болохгүй” гэж хэлсэн байдаг. Мөн Цогтгэрэл “утас байхгүй байсан” гэж тайлбарласан байдаг. Яаралтай тусламж дуудах 103, 102 зэрэг дугаар руу залгахад үнэгүй байдаг. Иймд хаанаас ч, хэний ч утаснаас залгаад тусламж дуудах боломжтой байсан. Иймд маш их гомдолтой байна.” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь мэдүүлгээрээ тухайн хэргийг нотлох үүрэг хүлээсэн этгээд биш юм. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хэргийн газар шүүгдэгч Ч.Мөнхбат, Цогтгэрэл, талийгаач нар тухайн цаг үед архи ууж согтуурсан байдаг бөгөөд шүүгдэгч Ч.Мөнхбат талийгаачийн толгойн тус газар архины шилээр цохиж гэмтэл учруулсан бөгөөд үүнийгээ Ч.Мөнхбат хүлээн мэдүүлдэг. Тухайн хэргийн газраас олдсон “Найрсаг” нэртэй архины шилэн дээр шинжээчийн дүгнэлтээр Ч.Мөнхбатын гарын хээ гарсан. Өмгөөлөгч “хохирогчийн биед нэлээд олон тооны шарх, гэмтэл учирсан байсан” гэж байна. Шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан. Ч.Мөнхбатын өмгөөлөгч эхний дүгнэлтийг ярьж байна. Энэ дүгнэлтийн дараа талийгаачийн биед нэмэлт шинжилгээ хийж 339 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан байгаа. Талийгаачийн биед үүссэн олон тооны гэмтэл шархнаас зөвхөн талийгаачийн тархинд үүссэн гэмтэл шарх нь үхэлд хүргэсэн гэмтэл, шарх байсан. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан. Бусад талийгаачийн биед үүссэн шарх гэмтэл нь талийгаачийг үхэлд хүргэх шалтгаан болохгүй гэж нэмэлт шинжилгээний дүгнэлтээр гарсан. Цогтгэрэл сэрээд харахад талийгаач орны урд уначихсан байсан бөгөөд Ч.Мөнхбат “өргөөд дээш нь тавья” гэж хэлэхэд талийгаач авиа гаргасан гэж хэлдэг. Ингээд Ч.Мөнхбат тусламж үзүүлэхийг ярьхад “орхиод явъя, янз бүрийн асуудал үүсч магадгүй” гэж хэлээд бид хоёр гараад явсан юм гэсэн мэдүүлгийг анх сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан. Үүнийг Ч.Мөнхбат мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ярьсан байдаг. Ч.Мөнхбат “хэрэв ингээд тусламж үзүүлэхгүй, энэ хүн нас барчих юм бол би цаазаар авах ял авах вий дээ” гэсэн байдлаар ярьж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Мөнхбат, Цогтгэрэл нарын үйлдсэн гэмт үйлдэл хангалттай тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн           284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ч.Мөнхбат нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 27-ны орой 18-19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 12 дугаар гудамжны 6 тоотод хамт архидан согтуурсан Г.Хүрэлбаатарыг “Намайг шорон Мөнхөө гэж дуудлаа, миний духан тус газар цохилоо” гэж маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газарт нь архины шилээр нэг удаа цохиж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан, Ж.Цогтгэрэл нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны орой 18-19 орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 12 дугаар гудамжны 6 тоотод хамт архидан согтуурсан Ч.Мөнхбат нь талийгаач Г.Хүрэлбаатарын толгойн тус газарт нь архины шилээр цохисноос ухаан алдан, тархиндаа гэмтэл авч амь биед нь аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Г.Хүрэлбаатар нас барсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

ялтан Ч.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хүрлээ ууж байх үедээ согтоод намайг “шорон Мөнхөө” гэх зэргээр дуудаж агсам тавьж эхэлсэн. Тэгээд баруун гараараа миний дух хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ширээн дээр байсан Найрсаг нэртэй 0.75 граммын хэмжээтэй архины шилийг баруун гараараа авч Хүрлээгийн толгойн баруун хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл Хүрлээ хойморт байх орны урдуур газар унасан. Тэгэхээр нь сандрахдаа Ж.Цогтгэрэлийг сэрээгээд газар унасан байсан Хүрлээг дамнаад орон дээр нь дээш харуулж хэвтүүлээд цээжин дээр нь хоёр гарынхаа алгаар нэг бус удаа дарж сэрээх гэж оролдсон. Ж.Цогтгэрэл бид хоёр манайд очиж хоноод маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай гэрээс гаралгүй өнжсөн. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед гэрээс гарч 11 цагийн үед талийгаачийн гэрийн гадаа очиж яндангаас нь утаа гэрч байгаа эсэхийг харахаар очсон. Тэгээд талийгаачийг нас барсан талаар мэдэхгүй Толгойтын хуучин эцсээр архи ууж явж байгаад цагдаа нарт баригдсан.” гэх мэдүүлэг /хх1, х150-151/,

“...Миний хувьд талийгаачийг нэг л удаа цохисон. Нүүр, хүзүүнд үүссэн зулгаралтууд нь шил хагарахад хэлтэрхийнүүдэд нь зүсэгдэж үүссэн байж магадгүй. Мөн шилний хагархай дээр унах үед гараараа хагарсан шилний хэлтэрхийнүүд дээр дарж гарт нь зулгаралт үүсэн байх гэж бодож байна. Би талийгаачийг цохисныхоо дараа цээжин дээр нь хэд хэдэн удаа дарж өгсөн. Тэрнээс бас зулгаралт үүссэн байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх1, х160/,

ялтан Ж.Цогтгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хүрлээ ахынд ороход Мөөгий ах, Хүрлээ ах хоёр байсан ба ширээний баруун доод буланд архины шил хагарсан байдалтай байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Нэг нэгнээ Хужаа, Хүрлээ гэх мэтээр хэлээд байсан. Тэгээд би тэр хоёрыг “больцгоо, яагаад хэрэлдээд байгаа юм бэ” гэж хэлээд авч ирсэн архинаасаа нэг аягаар дүүрэн хийгээд баруун талд байх орон дээр гараад унтаад өгсөн. Маргааш өглөө буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 8 цагийн үед Мөөгий ах намайг сэрээгээд “Яанаа энэ амьсгалахгүй байна шүү дээ” гээд Мөөгий ах Хүрлээ ахын цээжин дээр дараад байсан. Энэ үед Хүрлээ хурхирч байгаа мэт “Хоо” гээд дуу гаргасан. Тэгэхээр нь би айгаад “хүрээд хэрэггүй, явъя” гэхэд Мөөгий ах “болохгүй энэ хүнийг чинь ингээд орхих юм бол бүр аюултай” гэж хэлээд цээжин дээр нь дараад байсан. Тэгээд Хүрлээ ах амьсгалах шиг болохоор нь би “явъя” гэж хэлээд Мөөгий ах бид хоёр гараад явсан.” гэх мэдүүлэг /хх1, х223-224/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...аавын гэрт орох гэхэд Уранчимэг эгчийн нөхөр буюу хүргэн ах Г.Хүрэлбаатарыг “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд аавын гэрт ороход орныхоо урд газар нүүрэн хэсэг нь баруун урд зүг рүү харчихсан, бие хэсэг нь эвхэрчихсэн, хөл нь нугларсан байдалтай хэвтсэн байдалтай, ам хамарнаас нь цус гарчихсан байдалтай, гэрийн сандал толгойны хажууд буруу хараад уначихсан, ямар гэдгийг нь мэдэхгүй хагарсан архины шил байсан. Тэгээд би талийгаачийн цогцос руу ойртолгүй цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө аавын хашааны зүүн талд байдаг уул руу өгссөн гудамжны урд өнцөгт хар бараан өнгийн хувцастай 2 хүн 15-20 минут манай аавын хашаа руу сэжиг бүхий харж байгаад цагдаа ирэхээс өмнө явсан. Талийгаачид авч өгсөн 2 сим ордог хятад нимгэн, голоороо ногоон өнгийн оруулгатай товчлууртай гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх нь байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх1, х34-35/,

гэрч Г.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...нөхрөөсөө Г.Хүрэлбаатар ахыг өчигдөр орж ирсэн үү гэж асуусан чинь манай нөхөр “Г.Хүрэлбаатар орж ирээгүй” гэж хэлэхээр нь “хөгшөөн өчигдөр намайг ирэхэд гэрэлтэй байсан, сая бас гэрэлтэй байна, надад муу совин татаад байна, орж үзье” гэсэн чинь манай нөхөр “би орчихоод ирье, нохойны хоол өгөнгөө ороод ирье” гээд амь хохирогч Г.Хүрэлбаатарын гэр рүү явсан. Удалгүй манай нөхөр гэрт орж ирсэнээ “хөгшөөн хоёулаа цуг орье, орныхоо урд тал руу уначихсан байна, царай нь харагдахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэр рүү нь орсон чинь орныхоо урд хажуу талаараа хэвтэж байсан. Манай нөхөр толгой дээр нь гараа тавьж үзээд “амьсгалахгүй байна хөгшөөн” гэж хэлсэн. Тэгээд би амь хохирогчийн хүү, эгч нарыг нь дуудаад дараа нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх1, х49-51/,

гэрч Г.Цэцэгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 9 цагийн орчимд манай отгон дүү Уранчимэг утсаар “таны бие гайгүй юу, энд ирэх ажилтай болчихлоо, яаралтай хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би Уранчимэгийн гэрт яваад очсон чинь дүү Г.Хүрэлбаатарыг “нас барсан байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х52-54/,

гэрч Л.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хашаагаар нь ороход хашааны хаалга онгорхой мөн нохой уяанаасаа сул байдалтай байсан. Тэгээд би гэр рүү ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй, архи дарсны шилтэй, зурагт нь асаалттай байсан ба Хүрэлбаатар нь орныхоо урд талд газар уначихсан байдалтай толгойн хэсэгт нь сандал байрласан байхаар нь би сандалыг нь холдуулаад Хүрэлбаатарыг сэрээх гээд хацар дээр нь зөөлөн алгадаад “сэрээрэй” гэсэн чинь ямар нэгэн хариу үзүүлэхгүй мөн бие нь хүйтэн байхаар нь буцаж гараад гэр рүү ороод эхнэртээ “Хүрлээ их эвгүй болчихсон юм шиг байна” гээд эхнэрээ дагуулаад гэрт нь ороод холоос амьсгалж байгаа эсэхийг нь хараад байсан ямар нэгэн байдлаар хөдлөхгүй, амьсгаа авахгүй байсан чинь манай эхнэр “за битгий хүрээрэй, ямар нэгэн байдлаар асуудал болсон юм шиг байна” гэхээр нь би хүрэлгүй гэрт нь байсан зурагтыг нь утраагаад буцаад эхнэр хоёр гараад явсан. Тэгээд гэртээ орж байгаад Хүрэлбаатарын хүүхдүүдийг болон ах, дүү нарыг нь дуудаж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаагийн байгууллага ирээд үзлэг хийж байгаад гараад явсан. Гэрээ цэвэрлэж болохгүй шүү гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х55-56/,

гэрч Д.Тогоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 7 цагийн үед би гэрээсээ гараад Толгойтын эцсийн дэлгүүрээс тамхи авах гээд баруун тийшээ явдаг автобусны буудал дээр зогсож байсан чинь Шорон Мөөгий /Мөнхбат/, Данх, Өнөрөө гэх эмэгтэй нартай таараад Шорон Мөөгий нь “мөнгө байна уу” гэхээр нь би “тамхи авах 2.000 төгрөг байна” гэсэн чинь Шорон Мөөгий “наадах дээр чинь нэмээд нэг шил архи явъя” гэсэн. Бид дөрөв үйлчилгээний төвийн үүдэнд Г.Хүрэлбаатартай таарсан. Мөнгөө нийлүүлээд нэг юм авъя гэж ярилцаж байсан. Энэ үед Г.Хүрэлбаатар “манайх руу явъя” гэсэн. Оргил-Од гэх дэлгүүрээс Найрсаг гэх нэртэй 0.75 граммын нэг шил архи 4.500 төгрөгөөр аваад Г.Хүрэлбаатарын гэрт очсон. Гэрт очиход хүн байхгүй байсан ба Г.Хүрэлбаатар өөрөө гэрээ түлхүүрээрээ онгойлгосон. Тэгээд бид тав 8 цагийн үед гэрт нь ороод авсан архиа хувааж уусан. Тэгээд бид тавыг сууж байсан чинь Шорон Мөөгийтэй Хандаа гэх хүүхэн утсаар ярихад “Г.Хүрлээгийнд байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй /цагийг нь сайн санахгүй байна/ Хандаа 0.75 граммын Найрсаг нэртэй нэг шил архи, Улаан шонхор гэх нэртэй тамхитай ирсэн. Тэгээд би тэр хоёр архийг нь хувааж уугаад дуусгачихаад 10 цагийн үед Г.Хүрэлбаатарын гэрээс ганцаараа гараад гэр рүүгээ очсон. Г.Хүрэлбаатарын гэрт Мөөгий, Данх, Өнөрөө, Хандаа, Хүрлээ тав үлдсэн.” гэх мэдүүлэг /хх1, х64-66/,

            гэрч Д.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нэг шил архи авч өгөөч гэж Мөөгий ах хэлэхээр нь би дэлгүүр ороод дахин нэг шил 0.75 граммын архи нэгийг авч оруулж өгчихөөд шууд гэр рүүгээ явсан. Намайг явах үед шорон Мөөгий ах, Ж.Цогтгэрэл, Г.Хүрэлбаатар гурав үлдсэн. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх1, х73-74/,

            шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тархинд учирсан гэмтлүүд бүгд шинэ. Харин цогцосны гадна ил харагдах гэмтлүүдийг цогцосны гаднах үзлэг хэсэгт шинэ хуучнаар нь ялгаж тодорхой бичсэн байгаа. Архины шилээр нэг удаа толгойн баруун хэсэгт цохиход үүссэн байх боломжтой. Гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсан.” гэх мэдүүлэг /хх1, х94-95/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр их тархины зүүн талд бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамаарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдал, тархины бауун тал бөмбөлгийн дух, чамархай, бага тархины орой хэсгийн тархины зөөлөн бүрхүүл доорх голомтлог цус харвалт, бага тархины зүүн тал бөмбөлөг, уртавтар тархины цус хуралт, няцрал, дух, дагзны хуйх, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, дух, хамрын нуруунд шарх, хамрын нуруу, эрүү, хүзүү, баруун шуу, зүүн тохой, баруун, зүүн ташаа, хэвлийн зулгаралт, зүүн нүдний зовхи, уруул, эрүү, хүзүү, цээж, зүүн тохой, зүүн мөр, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үсгэгдсэн гэмтэл байна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Талийгаач AB/IV/ бүлгийн цустай байна. Талийгаач нь дээрх гэмлийг нас барахаас 24-48 цагийн өмнө авсан байх боломжтой байна.” гэх 117 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х87-90/,

            “...Г.Хүрэлбаатарын бие цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр гавар тархины битүү гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, зулай дагз хэсгийг хамарсан хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархи дарагдал тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, бага тархины орой хэсгийн тархины зөөлөн бүрхүүлийн доорхи голомтлог цус харвалт, бага тархины зүүн тал бөмбөлөг, уртавтар тархины цус хуралт, няцрал, дух, дагзны хуйа, баруун зүүн чамархайн булчинд цус хуралт, няцрал, дух, дагзны хуйх, баруун зүүн чамархайн булчинд цус хуралт, дух хамрын нуруунд шарх, хамрын нуруу, эрүү, хүзүү, баруун шуу, зүүн тохой, баруун, зүүн ташаа, хэвлийн зулгаралт, зүүн нүдний зовхи, уруул, эрүү, хүзүү, цээж, зүүн тохой, мөр баруун гуянд цус хуралт зэрэг гэмтлүүд учирсан байна. Эрүүний баруун хажуу доод хэсэг, цээжний баруун урд хэсэг, зүүн мөр, тохойд байгаа гэмтлүүд нь хуучин байна. Бусад гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гавал тархины гэмтэл нь нэг болон хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.” гэх 339 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х6-7/,

            “...Шинжилгээнд тэнцсэн 6 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь  папилон санд 2000 онд 100377 гэсэн дугаарт Чимэддорж овогтой Мөнхбат гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна.” гэх 04/034 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х116-117/,

            “...Шинжилгээнд  тэнцсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд 2000 онд 100377 гэсэн дугаарт Чимэддорж овогтой Мөнхбат гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна.” гэх 04/035 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х123/,

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х6-7/, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х13-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х21-22/, цогцост үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х23-26/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ч.Мөнхбат, Ж.Цогтгэрэл нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Мөн ялтан Ч.Мөнхбат нь 1999 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн захирамжаар эдлэх ялаас үлдсэн 1 жил 10 сар 13 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.5-д заасан ялтайд тооцогдох хугацаандаа дахин хүн амины хэрэг үйлдсэн гэж дүгнэн түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Амь хохирогч Г.Хүрэлбаатарын биед учирсан гавал тархины битүү гэмтлийг Ч.Мөнхбат учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд ялтан Ч.Мөнхбат нь мөрдөн байцаалтын шатанд амь хохирогч Г.Хүрэлбаатарыг архины шилээр нүүрэн тус газар нь цохисон талаар удаа дараа хэргээ хүлээн мэдүүлсэн байх ба хэрэг бүрэн нотлогджээ.

Иймд ялтан Ч.Мөнхбатын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай, ялтан Ч.Мөнхбатын өмгөөлөгч Э.Уянгасайханы гаргасан “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Ялтан Ж.Цогтгэрэл нь амь хохирогч Г.Хүрэлбаатарыг дээрх гэмтлийг авч газар ухаангүй болсныг мэдсэн атлаа яаралтай тусламж үзүүлж, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс гадна “Хүрээд хэрэггүй, явъя” гэх мэтээр шүүгдэгч Ч.Мөнхбаттай нийлж хэрэг гарсан газрыг орхиж явсан, хэрэг гарсны дараа хэргийн газар буцаж очин гаднаас нь ажиглаж байсан талаар шүүгдэгч, гэрч нар тодорхой мэдүүлэг өгсөн байна. Амь хохирогч Г.Хүрэлбаатарт цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан талаар шинжээч эмч Б.Долгормаа дүгнэсэн /хх1, х94-95/ байх бөгөөд Г.Хүрэлбаатарын яаралтай тусламж авалгүй амь насаа алдахад Ж.Цогтгэрэлийн гэм буруу байсан нь тогтоогдсон тул түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Иймээс ялтан Ж.Цогтгэрэлийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан “...хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах” тухай давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Ялтан Ч.Мөнхбат, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан, ялтан Ж.Цогтгэрэлийн өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ч.Мөнхбат, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан, ялтан Ж.Цогтгэрэлийн өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ