Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00076

 

Э.Т-ны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02275 дугаар шийдвэртэй, Э.Т-ны нэхэмжлэлтэй, МУИС-д холбогдох

 Олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 1 428 900 төгрөг, түүний алданги 132 887 төгрөг, нийт 1 561 787 төгрөг гаргуулж, олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Тогтуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд МУИС-д дагалдан багшаар ажилд орж, 1999 онд жинхлэн, 2000 оноос 2007 он хүртэл Япон улсад сурч ажиллаж байгаад 2007 оноос МУИС-д ахлах багшийн орон тоон дээр эргэн ажилдаа орж, өнөөг хүртэл багшилж байна. 2014 онд надтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж,гэрээний гол нөхцөлүүдийн талаар хэлэлцэн тохиролцож уг гэрээний 1.2-д гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж, сургалтын А цаг нь 15 ББЦ, Б цаг буюу эрдэм шинжилгээ хийх цаг 6 ББЦ, бусад В ББЦ цаг нь 5 байхаар зааж нийт 26 багц цагийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэтэл 2017-2018 оны хичээлийн жилд миний бие А цаг буюу сургалтын цаг 15 ББЦ заах байсныг 18 ББЦ зааж, 3 илүү багц цаг гарсан боловч энэхүү илүү цагийн нэмэгдэл хөлс 1 428 900 төгрөгийг надад олголгүй хууль ёсны эрх ашгийг маань хохироосон. Монгол Улсын Их Сургуулийн Захиргааны зөвлөлөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан шийдвэр нь Үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор доктор хамгаалаагүй МУИС-ийн багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцохдоо А цагийг 21 кредитээр тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Мөн МУИС-ийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/256 дугаар тушаалаар ээлжийн амралтыг тооцсон.  

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал МУИС-ийн Захиргааны зөвлөлөөс тооцохоор шийдвэрлэсэн чиглэлийн дагуу та бүхний багц цагийг тооцсон гэсэн хариуг өгсөн ба улмаар МУИС-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасны дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгсөнгүй. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаас өнөөдрийг хүртэлх олгогдоогүй нэмэгдэл хөлсний алданги нь 132 887 төгрөг болно. Иймд олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлсний алданги 132 887 төгрөг, нийт 1 561 787 төгрөг гаргуулж, уг олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмыг Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дах хэсэгт заасны дагуу МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан. Журмаар Их сургуулийн багшийн тухайн албан тушаал, тус бүрээр гүйцэтгэх ажлын ачааллын ноогдлыг тогтоосон. Одоо мөрдөгдөж буй Профессор багш ажиллуулах журам МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн A/414 дүгээр тушаалаар батлан мөрдөгдөж эхэлсэн.

Журмын 2.5-д Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай. Докторын зэрэг хамгаалаагүй боловч бусад бүх болзлыг биелүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг 1 жилээр сунгаж болно. Тэнхимд тухайн мэргэжлийн багш хүрэлцээгүй, заалгах цаг хүрэлцээтэй нөхцөлд тэдгээр багшийг холбогдох тэнхим, салбар, бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн зөвхөн сургалтын багц цаг биелүүлэх нөхцөлөөр ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд МУИС-д үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзнэ гэж заасан. МУИС-ийн захиргаа болон багш ажилтнууд байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг биелүүлэх үүргийг МУИС-ийн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүлээсэн. МУИС-ийн захиргааны зүгээс бүрэлдэхүүн сургуулиудад тус журмын үйлчлэлд хамрагдах багш нарын сургалтын багц цагийн ноогдлыг тооцохдоо Профессор багш ажиллуулах журмыг мөрдлөг болгохыг удаа дараа анхааруулсаар ирсэн бөгөөд үүний дагуу Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн захирлууд тус журмын үйлчлэлд хамрагдаж буй багш нартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажлыг 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд зохион байгуулсан. Журмын үйлчлэлд хамрагдаж буй багш нарт удаа дараа цагийн ноогдлыг МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмын 2.5-д заасны дагуу тооцно гэдгийг хүн тус бүрээр мэдэгдэж мэдэгдэх хуудас гардуулж байсан. МУИС-ийн хэмжээнд энэ үйлчлэлд хамрагдаж буй нийт 60 гаруй багш байгаа бөгөөд бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад эрх шилжүүлсний дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж 2017-2018 оны хичээлийн жилийн төгсгөлд журмын дагуу цагийн ноогдлыг тооцож тооцоог хийсэн. Э.Тогтуун тус сургуульд анх багшаар ажилд орсноос хойш докторын зэрэг хамгаалаагүй тул МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмын 2.5-д заасны дагуу эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн тооцох журмын заалтын үйлчлэлд хамаарч байгаа юм.

Иймээс, Шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Э.Т-ны цагийн ноогдлыг бусад журмын үйлчлэлд хамрагдсан багш нарын адил гүйцэтгэвэл зохих 26 багц цагийн тооцоог хийсэн болно. МУИС-ийн зүгээс Э.Т-ны хөдөлмөрлөх эрхэд халдаж, эрх ашгийг хөндсөн ямар нэг хууль бус үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч Э.Т-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан МУИС-д холбогдуулан илүү цагийн хөлс, алданги нийт 1 561 787 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Э.Т-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 940 төгрөгийг улсын төсвийн орлого болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Т давж заалдах гомдолдоо: Талуудын байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Ажил олгогчоос 2017 оны 9 дүгээр сард хөдөлмөрийн гол нөхцлийг дордуулсан, ахлах багш нарын эрхийг зөрчсөн гэрээний нөхцөл санал болгосныг ахлах багш нар эсэргүүцэж шинэ гэрээ байгуулахаас татгалзсан үйл баримт хэргийн материал, зохигчдын тайлбараас хангалттай харагдаж байна. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн харилцаа зохицуулагдаж байгаа ба уг гэрээний 1.2-т “сургалтын А цаг-15, эрдэм шинжилгээний Б цаг-6, бусад В цаг-5” байхаар тохиролцсон, гэрээний 6.3-т “Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж тус тус заасан байхад ажилтны хүлээн зөвшөөрөхгүй нөхцөлөөр гэрээг шинэчлэн байгуулах тухай ажил олгогчийн санаачилсан, хууль бус шаардлагыг дэмжсэн дүгнэлтийг шүүхээс гаргасан байна. Мөн хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй нөхцөлөөр ажлыг дүгнэж, илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохгүй байгаа үйл баримтыг шүүхээс тогтоож, дүгнээгүй. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй гэдгийг харуулж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр үйлийн 21.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцлийг тохирно”, 21.1.2-т “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг” гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу ажил, үүргийг гэрээний 1.2 дах хэсэгт тодорхой тохиролцож. илүү цаг тооцох боломжтой А цагийг 15 кредит цаг байхаар заасан ба талууд тохиролцон сургалтын А цаг 15 байхыг 21 болгож өөрчлөсөн нөхцөл гэрээнд оруулаагүйг анхаарах хэрэгтэй. Хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон нөхцөлийг талууд мөрдлөг болгох нь зүйтэй. Хариуцагч “Профессор багш ажиллуулах журам”-ын 2.5-д зааснаар багц цагийг шилжүүлэн тооцож байгаа тухай тайлбарладаг боловч тухайн журмынх нь 14.7-д “Багш тухайн хичээлийн жилийн эхэнд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа эрдэм шинжилгээний ажлын ноогдлоо сургалтын ажлаар, эсвэл сургалтын ноогдлоо эрдэм шинжилгээний ажлаар (энэ журмын 10.4 дугаар заалтыг үндэслэн) нөхөхөөр тусгаж болох ба гэрээнд заагаагүй нөхцөлд цаг шилжүүлэн тооцох бол энэ журмын 14.6 дугаар заалтыг баримтална. Ерөнхий суурь хичээл заадаг үндсэн багш болон зөвлөх профессор, зөвлөх дэд профессор хөдөлмөрийн гэрээнд тусгасны үндсэн дээр эрдэм шинжилгээний ажлын ноогдлыг сургалтын үйл ажиллагаагаар шилжүүлэн гүйцэтгэж болно” гэж заасны дагуу Эрдэм шинжилгээний цаг (Б}-аа сургалтын цаг(А)-аар тооцуулах бол заавал хедөлмөрийн гэрээнд тусгасны дараа шилжүүлэн тооцохоор ойлгогдоно. Гэрээнд энэ тухай нэмэлт, өөрчлөлт оруулаагүй тохиолдолд 2.5-д заалт хамаарахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дэх хэсэгт зааснаар “Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй” гэж заасан байдаг. Гэвч Ажил олгогчийн санаачилгаар ажилтны гүйцэтгэх ажил, үүргийг (А-15, Б-6, В-5 байсныг А-21, Б-0, В-5 гэж) өөрчилсөн нөхцөл бүхий гэрээг багш нарт тулгаж, байгуулахыг шаардсан харагдаж байна. Үүнийг ахлах багш нар эсэргүүцэн 2017 оны 9 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн маргаан таслах комисс, сургууль захиргаа зэрэгт гомдол гаргасан байх ба сургуулийн захирлын тушаалаар захиргаа, ажилтны төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулсан байдаг. Энэ ажлын хэсэг 2018 оны 4 дүгээр сарыг хүртэл ажилласан гэдэг бөгөөд ажлын хэсэг нь ажилчдын төлөөллийг оролцуулахгүйгээр дүгнэлт гаргаж сургуулийн захиргаанд уламжилсан тухай талууд тайлбарладаг.

Гэвч сургуулийн захиргаа 2018 оны 6 дугаар сард 2017-2018 оньг хичээлийн жилд сургалтын A цагийг 21 кредитээр тооцох болсноо мэдэгдсэн. 2017-2018 оны хичээлийн жилд ажил олгогчоос гэрээг шинэчлэн байгуулах санал ирсэн хэдий ч гэрээний гол нөхцөлтэй холбоотой маргаан үүсч 2018 оны хичээлийн жил дууссан. Гэтэл шүүх хэргийн үйл баримтыг дутуу үнэлж маргаан бүхий хугацааны нэгэнт гүйцэтгэсэн ажлын үр дүнд илүү цагийн цалин хөлс олгох ёсгүй мэтээр дүгнэж ажилтны эрх ашгийг хэт хохироосон.

МУИС-ийн захиргаанаас 12 жилээс дээш жил ажилласан ахлах багш нарыг ялгаварласан үйлдэлд шүүхээс дүгнэлт өгөөгүй тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, xyfic, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт “Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэж заасан байтал МУИС-ийн захиргаа “ахлах багш” нарыг “Профессор, багш ажиллуулах журам”-ын 2.5 дах заалтыг үндэслэн ялгаварлаж байгаа тухай нэхэмжлэгч талаас тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас харвал дээрх 2.5 дах заалт нь ялгаварласан шинжийг агуулсан байна. Тухайлбал, "Үндсэн мэргэжлийн багш”, “МУИС-д 12 жил ажилласан багш” гэж заасан нь Үндсэн мэргэжлийн хичээлээс өөр хичээл заадаг тухайн сургуулийн 12-с дээш жил ажилласан багш нарт хамаарахгүй, өөр сургуульд багшилж байгаад үргэлжлүүлэн МУИС-д ахлах багшаар ажиллаж эхэлсэн багшаар 12 жилээс дээш ажилласан багш нарт хамаарахгүй заалт байгаа юм. Өөрөөр хэлбэл, адил түвшний ахлах багшийн орон тоонд ажиллаж буй, багшаар ажилласан жил нь 12-с дээш жил ажилласан багш нарт ийнхүү ялгамжтай хандаж байгаа нь хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварласан байдлыг харуулж байна. Мөн МУИС-ийн захиргаанаас Профессор багш ажиллуулах журмын 2.5 дах заалтыг багш нарт тулгаж хэрэгжүүлэх явцад олон багшийн эсэргүүцэлтэй тулгарсан учир гэрээг хүн бүрт нь тохируулан ялгамжтай байгуулах болсон. Тухайлбал, 1. Хөдөлмөрийн гэрээ нь хавтаст хэрэгт байх МУИС-ийн ахлах багш А-Энхтуяатай 2017 оны 09 сарын 15-ны өдөр хөнгөрүүлсэн нөхцөлөөр буюу А-18, Б-3, В-5 байхаар гэрээ байгуулсан. 2. Хөдөлмөрийн гэрээ нь хавтаст хэрэгт байх МУИС-ийн ахлах багш Б.Багнямтай 2018 оны 01 сарын 08-ний өдөр гэрээ байгуулахдаа хуучнаар буюу А-15. Б-6. В-5 байхаар гэрээ байгуулж, улмаар гэрээний 5.4.2-т хэсгийн 7-д зөвхөн тухайн багшид зориулсан тусгайлсан нөхцөл буюу “ахлах багш докторын зэрэг хамгаалаагүй тохиолдолд гэрээ цуцлах үндэслэл болж буй “Профессор, багш ажиллуулах журам"-ын 2.5 дахь заалтын шаардлага нь 2017 оноос хойш шинээр томилогдсон багш нарт хамаарах" агуулга бүхий заалт оруулсан байдаг. Энэ нөхцлөөр хэд хэдэн багштай гэрээ байгуулсан тухай талууд тайлбарласан ба маргаан үүсгэж буй багш нар дээрх нөхцөлөөр гэрээ байгуулах санал илэрхийлэхэд Сургуулийн захиргаа үндэслэлгүйгээр татгалзсан байна. Ийнхүү ижилхэн статус бүхий ахлах багш нарт өөр өөр нөхцөл бүхий Хөдөлмөрийн гэрээг санал болгож байгаа нь дээр дурдсан хууль дахь ялгаварласан шинжтэй үйлдэл болсон ба энэ тухай шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбарласан байтал дүгнээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүхээс хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотолж буй “МУИС-д Профессор багш ажиллуулах журам”-н 2.5 дах заалтаар “ахлах багш”-д докторын зэрэг хамгаалах шаардлага тавьсаныг зөвтгөж дүгнэсэн тухайд: Энэ журмыг баталсан сургуулийн эрдмийн зөвлөлд багш нараас боловсрол, мэргэжлийн зэрэг хамгаалахыг шаардах эрх хуулиар олгоогүй /Дээд боловсролын тухайн хуулийн 13.62, Мэргэжлийн болон Боловсролын зэрэг хамгаалах эсэх нь багшийн эрх /Боловсролын тухай хуулийн 44.1.6[1]/ байхаар хуульчилсан байтал шүүхээс мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах шаардлага тавьж, үүрэгжүүлсэн ажил олгогчийг зөвтгөн дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулжээ. Мөн хариуцагч тал журмын 2.5 дах заалтыг татгалзлынхаа гол үндэслэл болгож, түүнийг нь нэхэмжлэгч үгүйсгэж мэтгэлцсэн байтал маргааны гол зүйл болох журмын 2.5 дах заалттай холбоотой дүгнэлт хийгээгүй нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Уг журмыг МУИС-ийн эрдмийн зөвлөл хэлэлцэж, батлах эрхтэй хэдий ч 2.5 дах заалтыг журамдаа оруулснаар Багш нарын боловсролын зэрэг хамгаалах эрхийг зөрчсөн, үүнийг мөрдүүлэх зорилгоор багш нарт хууль бус шаардлага, дордуулсан гэрээний нөхцөл санал болгож байгаа юм. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Боловсролын сайдын 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 139 дүгээр тушаалын 1-р хавсралт “Их сургууль, дээд сургууль, коллежийн багш”-д тавигдах шаардлагыг магистраас доошгүй зэрэгтэй байх шаардлага тавьсан байхад шүүхээс өөрөөр тайлбарлаж "...захиргаа өөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, боловсон хүчнээ чадавхижуулах үүднээс өөрийн сургуульд 12 ба түүнээс дээш жил ажилласан багшийн хувьд докторын зэрэг хамгаалсан байх, уг шаардлагыг хангаагүй бол Б цагийг зөвхөн А цагаар тооцохоор дотоод дүрэм журмаараа стандарт шаардлага тогтоосныг буруутгах боломжгүй...” хэмээн хууль, тогтоомжоор баталсан шаардлагыг хэтрүүлснийг нь зөвтгөж, хэт нэг талын эрх ашигт нийцсэн агуулгаар дүгнэж байгаа нь хууль тогтоомжийг буруу тайлбарласан гэх үндэслэлд хамаарахаар байна. Ахлах багш нь доктор, эсвэл магистр зэрэгтэй байгаагаас үл шалтгаалан заах хичээлийн агуулга, хөтөлбөр өөрчлөгдөхгүй гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан.

МУИС-ийн Эрдмийн зөвлөл нь “Профессор багш ажиллуулах журам”-даа 2.5 дах заалтыг оруулснаар өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлсэн байх бөгөөд ахлах багш нарын сурч боловсрох эрхэнд халдсан гэдэг нь тодорхой харагдаж, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх”, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх” зэрэг хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн нь илэрхий байхад ажил олгогчийн үйлдлийг хуулийн үндэслэлгүйгээр зөвтгөсөн.

Нэхэмжлэгч нь МУИС-д багшаар томилогдсоноос хойш илүү цагийн нэмэгдэл хөлс тооцох хүртэл нийт 11 жил 8 cap ажилласан байх бөгөөд энэ тухай анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хангалттай тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байтал шүүхээс шийдвэртээ уг тайлбарыг зөвтгөсөн, эсвэл үгүйсгэсэн дүгнэлт гаргаагүй, үнэлж үзээгүй. Хариуцагч тал татгалзлын үндэслэл болж буй “Профессор багш ажлуулах журам”-ын 2.5 дах заалтыг тайлбарлахдаа МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жил ажилласан бол докторын зэрэг заавал хамгаалах ёстой гэдэг боловч уг шаардлага нь хуульд нийцсэн эсэхэд тайлбар өгдөггүй, нэхэмжлэгч Э.Т-ны МУИС-д багшаар ажилласан жил 12 хүрээгүй талаар тайлбар гаргадаггүй юм. Нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 18-ны байдлаар дээрх шаардлагад хамаарахгүй байхаар харагдаж байна.

Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн үх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Э.Т хариуцагч МУИС-д холбогдуулан илүү цагийн нэмэгдэл хөлс 1 428 900 төгрөг, алданги 132 887 төгрөг, нийт 1 561 787 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Э.Т нь МУИС-ийн Монгол судлалын сургуульд 1997 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дагалдан багш, 1998 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс багш, 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс ахлах багш, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, ХУС Ази судлалын тэнхимд ахлах багшаар ажиллаж байгаа, талууд 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Энэ талаар  маргаангүй байна. /хх-ийн 8-10 дугаар тал/

Харин МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар тушаалаар багш нарын цагийн хөлс тооцон олгохдоо Э.Т-ны илүү цаг ажилласан нэмэгдэл хөлс дутуу тооцож, 2017-2018 оны хичээлийн жилд А цаг буюу сургалтын цагийг 15 ББЦ заах байсныг 18 ББЦ буюу 3 багц цаг илүү заасан байтал илүү цагийн хөлсийг дутуу олгосон  гэж маргасан.

Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулахдаа гэрээний 1.2 дах заалтаар ахлах багшийн гүйцэтгэх ажлын ачааллын хэмжээг сургалтын А цаг- 15, эрдэм шинжилгээний Б цагийг- 6, бусад В цагийг -5, нийт 26 багц цаг байхаар тохиролцжээ. Мөн нэхэмжлэгч нь гэрээний 3.1.1-т холбогдох хууль, тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам болон МУИС-д профессор багш ажиллуулах журамд зааснаар багшийн үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 5-7 дугаар тал/

Хариуцагч МУИС-ийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын их сургуульд профессор, багш ажиллуулах журмын 2.5-д үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах, докторын зэрэг хамгаалаагүй боловч бусад бүх болзлыг биелүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар сунгаж болохоор, тэнхимд багш хүрэлцээгүй, заалгах цаг хүрэлцээтэй нөхцөлд ... багшийг .... сургалтын цаг биелүүлэх нөхцөлөөр ажиллуулж болох, энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлэхээр, мөн журмын 14.8, 14.9 дэх заалтад илүү цагийн хөлс, урамшуулал олгох нөхцөл, тооцох аргачлалыг тус тус тогтоожээ. /хх-ийн 32-53 дугаар тал/

МУИС-д профессор, багш ажиллуулах журам нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх-ийн 38-48 дугаар тал/

Харин хэргийн 38 дугаар талд МУИС-ийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр “МУИС-д Профессор, багш ажиллуулах журмыг шинэчлэн батлах тухай”  тушаалын 2 дах заалтаар “Энэ тушаал батлагдсантай холбогдуулан тушаалаар захирлын 2012 оны 652 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар шинэчлэн баталсан “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам” болон 4 дүгээр хавсралтаар баталсан “МУИС-ийн Багшийн орон тоо, ажлын үнэлгээний журам”-ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тушаал хүчин төгөлдөр байна. Энэ хүчин төгөлдөр тушаалын агуулгаас талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу багц цагийг тооцох өмнөх журам хүчингүй болсон гэж үзэхээр байна. Ийм учраас хүчингүй болсон журмыг үндэслэсэн хөдөлмөрийн гэрээний 1.2 дах заалтыг үндэслэн 3 цагийн багцын хөлсийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байгаа тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 128 дугаар зүйлийн 128.1.1, 141 дүгээр  зүйлийн 141.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас хариуцагч МУИС-иас нэхэмжилсэн илүү цагийн хөлс, алданги 1  561 781 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Э.Т-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02275 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуагч МУИС-иас илүү цагийн нэмэгдэл хөлс, алданги нийт 1 561 787 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Э.Т-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн төлсөн 39 940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                      ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

                                                                                                             Д.БАЙГАЛМАА