Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 54

 

 

 

    З.Д-ийн нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03410  дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Л.Х” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 100 000 000 төгрөг, хүүнд 38 341 654 төгрөг, алдангид 69 170 827 төгрөг, нийт 207 512 481 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч З.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр З.Д миний бие болон “Л.Х” ХХК-ийн хооронд зээлийн гэрээгээр 100.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 25 хувийн хүүтэйгээр зээлж, мөн компанийн хувьцааг буцаан шилжүүлэх тухай гэрээгээр барьцаанд Хүннү хороолол 110 дугаар байрны 1801 тоот 95.71 м.кв байраар барьцаалбар хийж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр, мөн зээлийг бүрэн төлж дуусах хүртэл “Л.Х” ХХК-ийн 40 хувийн хувьцааг иргэн З.Д-д шилжүүлэхээр тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээл төлөлтийг хойшлуулсаар байсан. 2017 оны 07 дугаар сард “Л.Х” ХХК нь үндсэн зээлийн 55.000.000 төгрөг, хүү 82.500.000 төгрөг тооцож барьцаалуулсан Хүннү хороолол 95.71 мкв байрыг найз Д.Мөнхбатын Наран хотхонд байрладаг 3 өрөө байр, мөн Сүхбаатар дүүрэгт байрлах Шаргаморьт зуслангийн Д.Мөнхбатын эхнэр, дүүгийн нэр дээрх 3 ширхэг газраар солилцсон. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр миний бие “Л.Х” ХХК-ийн захирал Д.Сарантуяатай уулзаж үлдэгдэл төлбөр болох 45.000.000 төгрөг, хүүнд 63.000.000 төгрөгийг 30 хоногт төлөх талаар тохиролцож акт үйлдсэн. Тооцоо нийлснээс хойш “Л.Х” ХХК нь надаас зээлсэн 13.200.000 төгрөг, хүү алданги 25.080.000 төгрөгийн төлбөрт 1 зуслангийн газрыг барьцаа болгон өгсөн бөгөөд хэрэв 1 сарын хугацаанд зээл болон зээлийн хүүг төлж барагдуулахгүй бол газрыг борлуулан, хохирлыг барагдуулахыг зөвшөөрсөн. Хариуцагч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа тул өмнөх шаардлага 60.420.000 төгрөгөө 147.092.481 төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Иймд үндсэн зээлд 100.000.000 төгрөг, хүүнд 38.341.654 төгрөг, алдангид 69.170.827 төгрөг, нийт 207.512.481 төгрөгийг “Л.Х” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Л.Х” ХХК-ийн төлөөлөгч Д.Сарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: З.Д- нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Л.Х” ХХК-ийн зээлж буй 100.000.000 төгрөгийг хугацаанд нь өгөөгүй. З.Д- мөнгөө хугацаандаа өгөөгүй, мөн татварын өрийг данс андуурч тушаасан зэргээс шалтгаалж тендерт оролцож чадаагүй. Гэвч би нэхэмжлэлд дурдсан 14 удаагийн гүйлгээний эхний 13 гүйлгээний дүн 99.719.050 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. “Тэнгэрийн сухай” ХХК-д би өөрөө зээлээ төлсөн. Д.Мөнхбат, Н.Ганзориг, З.Д- нартай мөнгө зээлэх талаар уулзсан, дундаасаа мөнгө нийлүүлнэ гэж ярьж байсан. Уг зээлийн 55.000.000 төгрөг нь Д.Мөнхбатаас орсон гэдгийг З.Д- хүлээн зөвшөөрсөн. Би Д.Мөнхбатын зээл 55.000.000 төгрөг, 2 сарын хүү 22.000.000 төгрөг, нийт 77.000.000 төгрөгийг авснаар тооцон, 4 өрөө байраа шилжүүлэн өгч, Д.Мөнхбатын 3 өрөө орон сууцыг солилцож тооцоогоо дуусгасан. Д.Мөнхбатын байр зээлтэй байсан учир би төлөхөөр тохиролцон, оронд нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод байрлах 3 газар, 2 үл хөдлөх хөрөнгийг авахаар тохирсон. 2 газар, 1 үл хөдлөх хөрөнгийг гэрээ байгуулсан. 1 газар, 1 үл хөдлөх хөрөнгө нь А.Түвшинзаяагийн дүү А.Уянгын нэр дээр байсан учир шилжүүлж өгөөгүй. А.Уянгаас З.Д- итгэмжлэл аваад захиран зарцуулсан гэж байна, Би уг газар, үл хөдлөхийг З.Д-д өгөх өрөндөө өгөхөөр ярилцсан боловч үнээ тохирч чадаагүй. З.Д уг газар, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэлдээ 25.080.000 төгрөгөөр зарсан гэсэн атлаа одоо 18.000.000 төгрөгөөр зарсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

Хариуцагч “Л.Х” ХХК-ийн төлөөлөгч Д.Сарантуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Д-ийн хариуцлагагүй үйлдлээс болж буюу буруу дансанд мөнгө шилжүүлснээс манай компани тендертээ орж чадаагүй, хасагдсан. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 100.000.000 төгрөг зээлсэн мэт боловч, энэхүү мөнгө нь тухайн өдрөө орж ирээгүй, 14 удаагийн давтамжтай, хамгийн сүүлийн мөнгө нь нэхэмжлэлд дурдсанаар 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр манай компани уруу шилжсэн байдаг. Энэ тухай З.Д-д удаа дараа хэлж, шаардсанаар 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үйлдсэн боловч З.Д- нь миний саналыг хүлээж авахгүй өнгөрсөн. Гэтэл “Л.Х” ХХК нь мөнгө зээлэх болсон зорилгодоо хүрч чадаагүй, зээлсэн 100.000.000 төгрөгөө бүрэн аваагүй, харин З.Д-оос зээл авснаас дор хохирол хүлээж байхад хүү, алданги нэмж төлүүлэхээр шаардаж байгаа нь хэт нэг талыг барьсан, хууль бус гэрээ болсон, мөн нэгэнт шүүхэд маргаан үүсгэсэн учир асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж, “Л.Х” ХХК , иргэн З.Д- нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Д- шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: З.Д-д “Л.Х” ХХК-ийн 40 хувийн хувьцаа шилжиж, баталгаажсаны дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс зээлж буй 100.000.000 төгрөгийг зээлдэгч “Л.Х” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд “Л.Х” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус тусын данс уруу шилжүүлсэн. Талууд сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нийт 63.000.000 төгрөгийг тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн зэрэг байдал нь бодит байдлыг илэрхийлсэн. Хариуцагч “Л.Х” ХХК-ийн зүгээс бодит байдлыг үгүйсгэж, зөвхөн зээлээ төлөхгүй гэсэн шалтаг хайж, зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийг удаа дараагийн үйлдлээр олгосон байтал, хугацаа хэтэрч зээл олгосон хэмжээн улмаар уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч “Лидер хит" ХХК-ийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Лидер хит ХХК-иас 91.422.423 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Д-д олгож, нэхэмжлэлээс 116.090.058 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Д-д холбогдуулан З.Д, “Л.Х” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай “Л.Х” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.355.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Лидер хит ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 615.062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Д-д олгож, хариуцагч “Л.Х” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Л.Х” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: З.Д- нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 13 удаагийн давтамжтайгаар 99.719.050 төгрөгийг шилжүүлсэн. Мөн З.Д нь Д.Мөнхбатаас байр солилцсон мөнгөний зөрүүнд “Л.Х” ХХК-ийн авсан А.Уянгын нэр дээр байсан 0.6 га газар болон үл хөдлөхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсныг зээлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй. Д.Мөнхбат нь уг газар болон үл хөдлөхийг 40.000.000 төгрөгт тооцож “Л.Х” ХХК-д өгсөн. Мөнгө  зээлдүүлэгч З.Д нь  “Л.Х” ХХК-д   мөнгө  зээлдүүлнэ гэж  иргэн Д.Мөнхбат, Н.Ганзориг нараас авсан мөнгийг өөртөө хувийн ашиг зорилгоор ашиглаж байсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн баримтуудаар нотлогдож байгааг шүүх шийдвэртээ тусгаагүй  “Л.Х” ХХК-ийн зээлсэн  99.719.050 төгрөгний  үндсэн  зээлнээс зөвхөн Д.Мөнхбатад өгсөн 55.000.000 төгрөгийг хасч, үлдсэн 44.719.050 төгрөг, хүү 16.229.232 төгрөг, алданги 30.474.141 төгрөгийг тооцож шийдвэрлэсэн нь зээлдэгчийг хохироож байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч З.Д хариуцагч “Л.Х” ХХК-д холбогдуулан үндсэн зээлд 100.000.000 төгрөг, хүүнд 38.341.654 төгрөг, алдангид 69.170.827 төгрөг, нийт 207.512.481 төгрөг гаргуулахаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, хүү, алданги төлөхийн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч өөрийн өмчлөлийн орон сууцыг энэ хэрэгт гэрчээр асуугдсан Д.Мөнхбатад арилжааны гэрээгээр худалдсан зөрүүг зээлийн гэрээний үүрэгт тооцсон тайлбар гаргаж, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг хэрэгт хавсаргасан байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй байхад шүүх Д.Мөнхбатын 55.000.000 төгрөгийн талаар дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг зөрчжээ. /хх-ийн 43-45/

Мөн нэхэмжлэгч Н.Даваадоржид Н.Ганзоригоос “Л.Х” ХХК-ийн захирал Д.Сарантуяагаас 60.420.000 төгрөг гаргуулах тухай хэрэгт түүнийг төлөөлөх итгэмжлэл олгогдсон байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгч, эсхүл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцуулах эсэхийг шүүх тодруулж шийдвэрлээгүй атлаа “...тэрээр уг иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байхад гаргаагүй...” гэж хэрэгт байгаа баримтыг байхгүй мэтээр буруу дүгнэсэн байна. /хх-ийн 118/

Н.Ганзориг нь гэрчээр шүүх хуралдаанд “...би өөрийн 31.800.000 төгрөгийг З.Д-ийн данс уруу шилжүүлсэн, ...З.Д-оос өөрийн мөнгөө нэхэмжилнэ... Мөнгийг 2 сарын дотор 20 хувийн хүүтэй өгнө гэсэн....”  гэж, Д.Мөнхбатыг гэрчээр асуухад “...зээлсэн 55.000.000 төгрөгийг сарын 20 хувиар хүү тооцож, 2 сарын хүү 22.000.000 төгрөгийн хамт 77.000.000 төгрөгийг байраа солилцсоны зөрүүд тооцсон. Би 55.000.000 төгрөгөө зээлэхээр тохирсон, миний мөнгө, би нэхэмжлэх эрхтэй, З.Д-д хамаагүй...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд тэдгээрийн эрх зүйн байдал нь “ гэрч” бус  харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт заасантай илүү нийцэхээр байна.

Гэтэл шүүх “...З.Д Д.Мөнхбатын зээлсэн 55,000,000 төгрөгийг шаардах эрхгүй өөрийн шилжүүлсэн 44.719.050 төгрөгийг шаардах эрхтэй...” гэх дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт заасантай нийцээгүй байна. Түүнчлэн, шүүх хариуцагч талын нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн /хх-ийн 133-135/ атлаа Д.Мөнхбатаас арилжааны гэрээний дагуу Д.Сарантуяад шилжүүлэхээр тохирсон гэх Сүхбаатар дүүрэг 19-р хороо Шарга морьтод байрлах газар, хувийн сууцыг Лидер хит ХХК-иас З.Д-д төлөх зээлийн төлбөрт өгөхөөр харилцан тохиролцсон баримтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч уг газар, хувийн сууцыг 25.080.000 төгрөгийн төлбөрт тооцсон талаар нэхэмжлэлдээ бичсэн /хх-ийн 3/, шүүх хуралдаанд 18.000.000 төгрөгөөр бусдад худалдсан /хх-ийн 199/ гэх зэргээр зөрүүтэй тайлбарлаж байгаа тохиолдолд хариуцагчийн энэ талаарх нотлох баримт гаргуулах хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал, хэргийн оролцогдын эрх зүйн байдал  тодорхой бус байхаас гадна шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Л.Х” ХХК-ийн захирал Д.Сарантуяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

                                                                                    Н.БАТЗОРИГ