Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00383

 

З.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01808 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1726 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: З.Д нэхэмжлэлтэй

Хариуцагч: Лидер хит ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Н.Г

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.М

Гэрээний үүрэгт 207,512,481 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй 2017.04.04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Анх 2017.03.15-ны өдөр Д.Сарантуяа нь надтай уулзаж өөрийнх нь Лидер хит ХХК нь Шивээ Овоо ХК-иас зарласан сэлбэг нийлүүлэх тендерт орохын тулд 100,000,000 төгрөг шаардлагатай болсон тул намайг хүүтэй мөнгө олж өгч туслаач гэж гуйсан юм. Би хоёр найз Н.Ганзориг, Д.Мөнхбат нартай ярилцаад хамтарч зээлүүлэхээр тохиролцсон. Д.Сарантуяа нь чи 100,000,000 төгрөгөө манай компанид 2 сарын хугацаатай, сарын 25%-ийн хүүтэй зээлүүлээч, хэрэв манай компани Шивээ Овоо ХК-иас зарласан Ус шүүрүүлэлтийн Д шугамын үндсэн шугамын сэлбэг нийлүүлэх тендерт шалгарч чадахгүй бол сарын 20%-н хүүтэйгээр бодож тооцон буцааж төлье гэсэн хүсэлт тавьсан. Ийнхүү 2017.04.04-ний өдөр З.Даваадорж миний бие болон Лидер хит ХХК-ийн хоорондох зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг 2017.04.04-с 2017.06.04-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 25%-ийн хүүтэйгээр зээлж, мөн зээлийн барьцаалбар, компанийн хувьцааг буцаан шилжүүлэх тухай гэрээгээр барьцаанд Хүннү хороолол 110 дугаар байрны 1801 тоот 95.71 м.кв байрыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаар барьцаалбар хийж улсын бүртгэлд бүртгүүлэхээр, мөн зээлийг эгүүлэн төлөх баталгаа болгож зээлийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд Лидер хит ХХК-ийн 40%-ийн хувьцаа болох 1 бүрийн үнэ нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг иргэн З.Даваадоржид шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан юм. Дээрх гэрээний дагуу З.Даваадорж би 100,000,000 төгрөгийг Лидер хит ХХК-ийн данс руу шилжүүлэх гэтэл Д.Сарантуяа манай компани татвар, нийгмийн даатгал, санхүүгийн хэлтэс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг газруудад нэлээд их өглөгтэй учир энэ бүгдийг төлсний дараа тендерт орох эрхтэй юм байна. Тиймээс чи манай компанид зээлж байгаа 100,000,000 төгрөгөө дараах байдлаар, өгч тус болно уу гэсэн хүсэлтийн дагуу 100,000,000 төгрөгийг дараах байдлаар өгч зээлсэн болно. Үүнд: 2017.04.04-нд нотариатаар гэрээ байгуулахад 69,000 төгрөг, 04.04-нд 90,000 төгрөг, 04.05-нд 16,150,000 төгрөг, 04.06-нд 30,709,050 төгрөг, 04.06-нд 240,000 төгрөгийг Д.Сарантуяагийн хүсэлтээр өөрийнх нь 5034710482 тоот хувийн данс руу шилжүүлсэн, 04.06-нд 9,381,000 төгрөгийг Лидер хит ХХК-ийн татварын өглөгийг УБ хотын банкны дансанд тушаасан, 04.06-нд 30,000,000 төгрөгийг Д.Сарантуяагийн хүсэлтээр бэлнээр авч Лидер хит ХХК-ийн санхүүгийн торгуулийн мөнгийг УБ хотын банкны дансанд тушаасан, 04.12-нд 4,350,000 төгрөгийг Лидер хит ХХК-ийн данс руу шилжүүлсэн, 04.13-нд 1,000,000 төгрөгийг Д.Сарантуяагийн хүсэлтээр өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн, 04.19-нд 3,000,000 төгрөгийг Д.Сарантуяагийн хүсэлтээр өөрийнх нь 5034710482 тоот хувийн данс уруу шилжүүлсэн, 04.20-нд 900,000 төгрөгийг Лидер хит ХХК-ийн данс руу шилжүүлсэн, 04.20-нд 830,000 төгрөгийг Лидер хит ХХК-ийн данс руу шилжүүлсэн, 04.27-нд 3,000,000 төгрөгийг Д.Сарантуяагийн хүсэлтээр өөрийнх нь 5034710482 тоот хувийн данс руу шилжүүлсэн. 04.27-нд 280,950 төгрөгийг Д.Сарантуяагийн хүсэлтээр Тэнгэрийн сухай ХХК-аас авсан зээлд нь төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2017.06.04-с эхлэн Лидер хит ХХК-аас зээл болон зээлийн хүүг төлөх талаар удаа дараа шаарддаг байсан боловч, тэрээр удахгүй мөнгө ороод ирнэ гэх мэтээр зээл төлөлтийг хойшлуулсаар байсан. 07 сард Лидер хит ХХК нь үндсэн зээлийн 55,000,000 төгрөг болон түүний хүү болох 27,250,000 төгрөг нийтдээ 82,500,000 төгрөгтөө тооцож бартерийн хэлбэрээр зээлийн барьцааны гэрээнд барьцаалуулсан Хүннү хороолол 1801 тоот 95.71 мкв байрыг манай найз Д.Мөнхбатын Наран хотхонд байрладаг 3 өрөө байр, мөн СБД-т байрлах Шарга морьт зуслангийн Д.Мөнхбатын эхнэр, дүүгийн нэр дээрх 3 ширхэг газраар солилцож, дээрх 3 зуслангийн газрын 2 газрыг нь Д.Сарантуяагийн 2 хүүхдийнх нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Ингээд 09.25-ны өдөр миний бие Лидер хит ХХК-ийн захирал Д.Сарантуяатай уулзаж анх зээлсэн 100,000,000 төгрөгөөс, үлдэгдэл төлбөр болох 45,000,000 төгрөг болон түүний хүү 18,000,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөгийг 30 хоногийн дотор төлж барагдуулах талаар харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн юм. Тооцоо нийлснээс хойш Лидер хит ХХК нь надаас зээлсэн 13,200,000 төгрөг болон түүний хүү 5,280,000 төгрөг, алданги 6,600,000 төгрөг, нийт 25,080,000 төгрөгийн төлбөрт 1 зуслангийн газрыг барьцаа болгон 1 сарын хугацаатай өгсөн бөгөөд хэрэв 1 сарын хугацаанд Лидер хит ХХК нь зээл болон зээлийн хүүг төлж барагдуулахгүй бол энэхүү газрыг зарж борлуулан, хохирлыг барагдуулахыг зөвшөөрсөн юм. Ингээд дээрх 1 сарын тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч Лидер хит ХХК нь зээлийн төлбөрөөс ямар нэгэн төлбөр төлөөгүй тул барьцаанд авсан зуслангийн байшинтай 0,07 га газрыг 25,080,000 төгрөгийн төлбөрт тооцож авсан болно. Одоогоор Лидер хит ХХК нь З.Даваадорж надаас анх зээлсэн 100,000,000 төгрөгөөс үлдэгдэл зээл 31,800,000 төгрөг болон түүний хүү 12,720,000 төгрөг, алданги 15,900,000 төгрөг буюу нийт 60,420,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй зээлийг төлнө гэж хойшлуулсаар байгаа тул хариуцагч Лидэр хит ХХК-аас нийт 60,420,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Өнөөдрийг хүртэл төлөөгүй тул 60,420,000 төгрөгөө 147,092,481 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлд 100,000,000 төгрөг, хүүнд 38,341,654 төгрөг, алдангид 69,170,827 төгрөг, нийт 207,512,481 төгрөгийг гаргуулж өгнө үү. Талууд сүүлд 2017.09.25-ны өдөр анх зээлсэн 100,000,000 төгрөгөөс үлдэгдэл төлбөр болох 45,000,000 төгрөг болон түүний хүү 18,000,000 төгрөг нийт 63,000,000 төгрөгийг тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн зэрэг байдал нь бодит байдлыг илэрхийлсэн. Хариуцагч Лидер хит ХХК-ийн зүгээс бодит байдлыг үгүйсгэж, зөвхөн зээлээ төлөхгүй гэсэн шалтаг хайж, зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийг удаа дараагийн үйлдлээр олгосон байтал, хугацаа хэтэрч зээл олгосон хэмжээн улмаар уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч Лидер хит ХХК-ийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: ...З.Даваадоржийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон агуулга нь бодит байдлаас зөрүүтэй, мэдээлэл оруулснаас гадна компанийн нэр хүндийг унагах худал мэдээлэл оруулсан байна. Мөн иргэн З.Даваадорж нь 2017.04.04-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээний 1-р зүйлд зааснаар 2 сарын хугацаатай, 3-р зүйлд зааснаар Зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс 2017.04.04-ний өдөр хүчин төгөлдөр болно гэсэн заалтууд зөрчигдөж иргэн З.Даваадорж нь 2017.04.04-нд Лидер хит ХХК-ийн зээлж буй 100,000,000 төгрөгийг хугацаанд нь өгөөгүй. Мөн 2018.05.11-ний байдлаар тооцоо нийлэхэд 2 талын тооцоо зөрж байгаа ба Лидер хит ХХК-нд нийт 99,719,050 төгрөгийг өгсөн байна. З.Даваадорж мөнгөө хугацаандаа өгөөгүйгээс, мөн татварын өрийг данс андуурч тушаасан зэргээс шалтгаалж тендерт оролцож чадаагүй. 13 гүйлгээний дүн 99,719,050 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ хугацаа алдаж авсан. Хамгийн сүүлийн 280,950 төгрөгийг би аваагүй, Тэнгэрийн сухай ХХК-д би зээлтэй байсан боловч өөрөө зээлээ төлсөн, 100,000,000 төгрөгт нь хүрэхгүй болохоор 280,950 төгрөг төлсөн мэт баримтыг З.Даваадорж үйлдэж хийсэн. Д.Мөнхбат, Н.Ганзориг, З.Даваадорж нартай мөнгө зээлэх талаар уулзсан, дундаасаа мөнгө нийлүүлнэ гэж ярьж байсан. Уг зээлийн 55,000,000 төгрөг нь Д.Мөнхбатаас орсон гэдгийг З.Даваадорж хүлээн зөвшөөрч 2017.09.25-ны өдөр тооцоо нийлчихээд одоо Д.Мөнхбатын 55,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Би Д.Мөнхбатын зээл 55,000,000 төгрөг, 2 сарын хүү 22,000,000 төгрөг, нийт 77,000,000 төгрөгийг авснаар тооцон, 4 өрөө байраа шилжүүлэн өгч, Д.Мөнхбатын 3 өрөө орон сууцыг солилцож тооцоогоо дуусгасан. Д.Мөнхбатын байр 100,000,000 төгрөгийн ипотекийн зээлтэй байсан учир би төлөхөөр тохиролцон, оронд нь СБД-н 19-р хороо Шарга Морьтод байрлах 3 газар, 2 үл хөдлөх хөрөнгийг авахаар тохирсон. 2 газар, 1 үл хөдлөх хөрөнгийг гэрээ байгуулсан. 1 газар, 1 үл хөдлөх хөрөнгө нь А.Түвшинзаяагийн дүү Уянгын нэр дээр байсан учир дараа шилжүүлж өгнө гээд шилжүүлж өгөөгүй байгаа. Уянгаас З.Даваадорж итгэмжлэл аваад захиран зарцуулсан гэж байна, би уг газар, үл хөдлөхийг З.Даваадоржид өгөх өрөндөө өгөхөөр ярилцсан боловч үнээ тохирч чадаагүй. З.Даваадорж уг газар, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэлдээ 25,080,000 төгрөгөөр зарсан гэсэн атлаа одоо 18,000,000 төгрөгөөр зарсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. З.Даваадорж нь зээлийн гэрээ байгуулсан даруйдаа мөнгөө өгөхгүй алга болсон. 2017.04.04-ний өдөр 100,000,000 төгрөг зээлсэн мэт боловч, энэхүү мөнгө нь тухайн өдрөө орж ирээгүй, 14 удаагийн давтамжтай, хамгийн сүүлийн мөнгө нь нэхэмжлэлд дурдсанаар 04.27-ны өдөр манай компани уруу шилжсэн. Зээл бүтэн олгогдоогүй, гэрээ байгуулснаас хойш 04.04-ний өдрөөс 04.27-г хүртэлх 23 хоногийн дараа орж ирсэн нь зээлийн хүүг хэрхэн, яаж тооцох нь тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг үүсгэдэг. Энэ тухай З.Даваадоржид удаа дараа хэлж, шаардсаны хүчинд 2017.09.25-ны өдрийн Тооцоо нийлсэн актыг үйлдсэн боловч З.Даваадорж нь миний саналыг хүлээж авахгүй, хэрүүл болохоор байсан тул миний бие дараа болж болох байх гэж бодоод хүлээцтэй хандаад, өнгөрсөн. Ингэж шаардсаны учир нь ИХ-н 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалтаас үзэхэд 04.04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хэзээ хүчинтэй болж, хүү, алданги албан ёсоор тооцогдох вэ гэдэг асуудал эргэлзээтэй байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Д.Сарантуяа би З.Даваадоржийн шаардсан болгоныг хүлээж авч өөрт байсан байр, газар, хувьцаа гэх мэт зүйлийг шилжүүлж өгсөн. Хүнээс мөнгө зээлсэн учир төлөх нь зүй ёсны асуудал. Гэтэл Лидер хит ХХК нь мөнгө зээлэх болсон зорилгодоо хүрч чадаагүй, зээлсэн 100,000,000 төгрөгөө бүрэн аваагүй, харин З.Даваадоржоос зээл авснаас дор хохирол хүлээж байхад хүү, алданги нэмж төлүүлэхээр шаардаж байгаа нь хэт нэг талыг барьсан, хууль бус гэрээ болсон, мөн нэгэнт шүүхэд маргаан үүсгэсэн учир асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ. Иймд ИХ-н 56.1.1, 281.1, 282.4-т заасныг тус тус үндэслэж, Лидер хит ХХК, иргэн З.Даваадорж нарын хооронд 2017.04.04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Ганзориг тайлбартаа: Миний найз З.Даваадорж 2017.03 сарын сүүлээр Лидер хит ХХК-ийн захирал Д.Сарантуяа гэдэг хүнд 100,000,000 төгрөгийг сарын 25 хувийн хүүтэй зээлүүлье, Д.Мөнхбат гурвуулаа нийлээд энэ мөнгийг босгоод зээлье гэсэн санал тавьсан. Миний хувьд 2018.03 дугаар сард эхнэрээ БНХАУ-д хагалгаанд оруулахаар байсан тул саналыг хүлээн авч өөрт байсан 31,800,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Лидер хит ХХК-ийн захирал Д.Сарантуяатай З.Даваадорж 04.04-ний өдөр бичгээр гэрээ байгуулах үед нь би тэдэнтэй хамт байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахаар би мөнгөө чамаас хүүтэй нь авна гэж З.Даваадоржид хэлсэн. Гэрээний хугацаа дуусахад би мөнгөө нэхэхэд Д.Сарантуяа удахгүй өгнө гэсэн гэж хэлсээр өгөөгүй. Миний бие 2017.09 сард эхнэрээ БНХАУ-д хагалгаанд оруулахаар Д.Сарантуяатай удаа дараа утсаар ярихад дансаа өгчих араас чинь шилжүүлнэ гэх мэтээр арга саам хийж байсан. Би эрээн хотод байхдаа хүртэл түүнтэй ярихад би араас чинь шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй. Д.Сарантуяа мөнгө орж ирнэ түр хүлээж бай гэсээр өнөөдрийг хүрч байна. Бидний Лидер хит ХХК-д зээлүүлсэн 100,000,000 төгрөгийн 31,800,000 төгрөг миний мөнгө юм. Иймд З.Даваадорж Д.Сарантуяа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Мөнхбат тайлбартаа: 2017.04.04-ний өдөр З.Даваадорж Сарантуяа гэж хүн тендерт орох гээд 100,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж байна. Дундаасаа мөнгө босгоод 100,000,000 төгрөг болгоод өгье, 2 сарын дараа 20 хувийн хүүтэй өгнө гэж байна гэхэд нь би 55,000,000 төгрөг өгсөн. Хугацаа дууссаны дараа би Д.Сарантуяатай уулзахад Хүннү хорооллын байрыг оронд нь авчих гэж хэлсэн. Би зөрүүд өөрийн Саруул хотхоны 3 өрөө байр болон лагерийн 2 байшинтай 3 газар, 9911-тэй дугаар, Портер машин өгөөд Хүннү хороолол дахь 4 өрөө байрыг өөрийн нэр лүү шилжүүлэн авсан. Дараа нь тооцоо зөрөөд би эхнэрийнхээ унаж байсан Тоёота Кроун маркийн суудлын авто машиныг тус тус Д.Сарантуяад шилжүүлэн өгсөн. Ийнхүү би үндсэн мөнгө 55,000,000 төгрөгөө, хүү 22,000,000 төгрөгийн хамт 77,000,000 төгрөгийг бартераар тооцон шилжүүлэн өгсөн. Д.Сарантуяа эгч бид хоёрын эхний тохиролцоонд манай эхнэрийн Тоёота Кроун маркийн авто машин байгаагүй, Гэтэл байрны гэрчилгээгээ шилжүүлэх болсон чинь мөнгө арай бага байна нэмж юм өг гэсэн учир би эхнэрийнхээ машиныг өгсөн. Одоо надад өр авлага байхгүй. Д.Сарантуяа бид 2 бүх зүйлээ шилжүүлэн өгсөн гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 101/ШШ2019/01808 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Лидер хит ХХК-иас 91,422,423 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Даваадоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116,090,058 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,355,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Лидер хит ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 615,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Даваадоржид олгож, хариуцагч Лидер хит ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1726 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 91,422,423 төгрөгийг гэснийг 66,788,000 төгрөгийг гэж, 116,090,058 төгрөгт гэснийг 140,724,481 төгрөгт гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 615,062 төгрөгийг гэснийг 491,890 төгрөгийг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох шийдвэр гаргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэрт ...бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Мөнхбат 55,000,000 төгрөг, 2 сарын хүү 22,000,000 төгрөг, нийт 77,000,000 төгрөгт хариуцагч Лидер хит ХХК-ийн захирал Д.Сарантуяатай арилжааны гэрээний дагуу тооцоо дууссан гэж үзэв ... Лидер хит ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 44,719,050 төгрөг, хүү 16,229,232 төгрөг, нийт 60,948,282 төгрөг төлөх үүрэгтэй ... хариуцагч Лидер хит ХХК-аас үндсэн зээлд 44,719,050 төгрөг, хүүд 16,229,232 төгрөг, алданги 30,474,141 төгрөг, нийт 91,422,423 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Даваадоржид олгохоор шийдвэрлэв гэж, магадлалд: ...Шүүх зуслангийн нэг газрыг төлбөрт тооцож авсан баримтыг үнэлээгүй алдаа гаргасныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэх боломжтой байх тул 31,800,000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү 12,720,000 төгрөг, алданги 22,260,000 төгрөгийн хамт, нийт 66,788,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй... гэжээ. Энэхүү дүгнэлт нь үндэслэлгүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтад нийцээгүй байна. Нэхэмжлэгч З.Даваадорж нь 2017.04.04-ний өдөр Лидер хит ХХК-тай хийсэн зээлийн гэрээний дагуу тухайн өдөртөө 100,000,000 төгрөгийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлж өгөөгүй, зээлийн гэрээний 3-р зүйлд заасан зүйл заалт хэрэгжээгүй, зээлийн гэрээ хийгдсэнээс хойш 23 хоногийн дараа мөнгийг хэсэгчлэн өгсөн байхад зээлийн хүүг бүтэн олгосон хэмжээнээс бодсон нь үндэслэлгүй юм. Гуравдагч этгээд Д.Мөнхбатын арилжааны гэрээгээр 77,000,000 төгрөг өөртөө авсныг үндсэн зээлээс хасч тооцоогүй. Нэхэмжлэгч З.Даваадорж нь шүүх хурлын явцад ...Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Шарга морьт 6-р гудамж, 457 тоот хаягт байрлах ...хувийн сууцыг 2019.09-р сард С.Жавхланд 18,000,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарласан боловч энэхүү мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцоогүй зэрэг нөхцөл байдлууд байхад шат шатны шүүх нь ямар үндэслэлээр үндсэн зээл, хүү, алдангийн нийлбэрийг 91,422,423 /66,788,0007/ төгрөг гэж тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй тооцоо дууссан, дахин төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байхад анхан, давж заалдах шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал, нотлох баримтанд нийцээгүй, үндэслэлгүйгээр хариуцагч Лидер хит ХХК-иас мөнгөн дүнг гаргуулж, нэхэмжлэгч З.Даваадоржид олгохоор шийдэж байгаа нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн эрхийг зөрчиж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэл /хэрэг/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

З.Даваадорж, Лидер хит ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 207,512,481 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа ...2017.04.04-ний өдөр 100,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, 25 хувийн хүүтэй, тендерт шалгарч чадахгүй бол хүүг 20 хувь болгох, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохирч зээлсэн, мөнгөө төлөөгүй тул үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 38.341.654 төгрөг, алданги 69.170.827 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч мөнгийг хугацаандаа бүрэн шилжүүлээгүйгээс зээлийг ашиглаж тендерт оролцож чадаагүй хохирсон, хүү хэт өндөр, зарим төлбөрийг төлсөн гэж маргасан, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Ганзориг, Д.Мөнхбат нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбар өгсөн байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн хангасан хэмжээг багасгажээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

1. Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан 2017.04.04-ний өдрийн гэрээгээр хариуцагч Лидер хит ХХК нь /захирал Д.Сарантуяа/ нэхэмжлэгч З.Даваадоржоос 100,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 25 хувийн хүүтэй зээлэх, тендерт шалгарч чадахгүй бол хүүг 20 болгох, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон нь тогтоогдсон, уг гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсаныг зохигч маргаагүй байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцжээ.

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

2. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Сарантуяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222, 110 дугаар байрны 1801 тоотод байрлах 95.71 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалахаар тохирсон боловч уг барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул гэрээний энэ нөхцөл Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байна.

3. Анхан шатны шүүх гэрээний дагуу хариуцагчийн нийт гүйцэтгэвэл зохих үндсэн болон нэмэлт үүргийн төлбөрийн хэмжээг зөв тогтоосон боловч, төлөгдсөн төлбөрийн талаар алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэл бүхий болжээ.

а/ Зохигч 100,000,000 төгрөг зээлэхээр тохирсон, нэхэмжлэгч нь 13 удаагийн шилжүүлгээр нийт 99.719.050 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн тул шүүх уг үнийн дүнгээр үндсэн зээлийн хэмжээг тодорхойлсон нь зөв байна.

Гэрээнд хүүг 2 өөр нөхцөлөөр тогтоосон боловч уг нөхцөлийн багаар буюу 1 сарын 20 хувиар хүүг тооцох нь хууль зөрчихгүй бөгөөд хариуцагч нь гэрээгээр тохирсон 2017.06.04-ний өдөр гэхэд үндсэн зээл 99,719,050 төгрөгийг, 2 сарын хүү 39,887,620 төгрөгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлжээ.

б/ Зээлийн гэрээ З.Даваадорж, Лидер хит ХХК-ийн хооронд байгуулагдсанаас үзвэл тэд харилцан эрх эдэлж, үүрэг хүлээх гэрээний талууд мөн.

Гэвч З.Даваадорж нь 55,000,000 төгрөгийг гуравдагч этгээд Д.Мөнхбатаас, 31,800,000 төгрөгийг гуравдагч этгээд Н.Ганзоригоос авч, үлдэх 13,200,000 төгрөг өөрөө гарган харилцан зөвшөөрч мөнгөө нийлүүлж Лидер хит ХХК-д зээлдүүлсэн нь тогтоогдсон байна.

в/ Зохигчийн тайлбар, хэргийн бусад баримтаар гуравдагч этгээд Д.Мөнхбат нь мөнгөө Лидер хит ХХК-аас шаардсаны дагуу тус компанийн захирал Д.Сарантуяа зээл 55,000,000 төгрөг, 2 сарын хүү 22,000,000 төгрөг, нийт 77,000,000 төгрөгийн төлбөрт өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Хүннү 2222, 110 дугаар байрны 1801 тоотод байрлах 95.71 м.кв талбай бүхий орон сууцыг өгч, үнийн зөрүүд 3 өрөө орон сууц, зуслангийн 2 байшинтай, 3 газар, 2 автомашин, 9911-тэй дугаарыг авсан нь тогтоогджээ. Иймд зээл, хүүгийн төлбөрөөс 77,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн зээлийн үлдэгдэл 44,719,050 төгрөг, зээлийг хэсэгчлэн олгосон хугацаа бүрийг харгалзан хүүг тооцоолж 16,229,232 төгрөг, алданги 30.474.141 төгрөг нийт 91,422,423 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ зохигч зээлийн үлдэгдэл тооцоо нийлж баримтжуулсан 2017.09.25-ны өдрөөс хойш Лидер хит ХХК нь З.Даваадоржийн зээл 13,200,000 төгрөг, уг мөнгөний хүү 5,280,000 төгрөг, алданги 6,600,000 төгрөг, нийт 25,080,000 төгрөгийн төлбөрт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байрлалтай 571 м.кв газрыг барьцаа болгож 1 сарын хугацаатай өгснийг нэхэмжлэгч бусдад худалдаж мөнгийг авсныг анхаараагүй, тухайлбал төлбөрөөс дээрх мөнгийг хасч тооцоогүй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болдог ба зээлээс үндсэн зээл 13,200,000 төгрөг болон түүнд ногдох хүү, алданги төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулж үндсэн зээлийн үлдэх хэсэг 31.800,000 төгрөг, хүү 12,720,000 төгрөг, алдангид 22,260,000 төгрөг, нийт 66,788,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар сарын 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

4. Зохигч зээлийн гэрээг 2017.04.04-ний өдөр 2 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээ байгуулагдмагц мөнгийг бүхэлд нь шилжүүлээгүй явдлыг нэхэмжлэгч тайлбарлахдаа хариуцагчийн хүсэлтээр, тухайлбал, татвар, нийгмийн даатгал болон бусдад өртэйн улмаас дансандаа бүхэлд нь авах боломжгүй гэснээс заасан хэмжээгээр өөрийнх нь болон бусдын дансанд хэсэгчлэн шилжүүлсэн гэснийг хариуцагч үгүйсгээгүй болно.

Лидер хит ХХК-ийн захирал Д.Сарантуяа нь Д.Мөнхбаттай харилцан тохиролцож зээл 55,000,000 төгрөг, зээлийн хүү 22,000,000 төгрөг, бүгд 77,000,000 төгрөгт өөрийн орон сууцаа шилжүүлсэн, мөн З.Даваадоржид газрыг барьцаалахдаа зээл 13,200,000 төгрөг, түүний хүү, алдангийг тооцоолон нийт 25,080,000 төгрөгт барьцаалсан атлаа эдгээр мөнгийг бүхэлд нь үндсэн зээлээс хасаагүй гэж гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

5. Сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч татгалзсаныг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцжээ.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1726 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 615,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ЗОЛЗАЯА

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                                            ШҮҮГЧИД                                       Х.СОНИНБАЯР

                                                                                                                                  Б.УНДРАХ

                                                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД