Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 01808

 

 

 

 

2019 оны 06 сарын 18 өдөр

    Дугаар 101/ШШ2019/01808

            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:  З.Д /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Л Х” ХХК /РД: /-д холбогдох

207,512,481 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, гуравдагч этгээд Н.Г, Д.М, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..Анх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Д.С нь надтай уулзаж өөрийнх нь “Л Х” ХХК нь *******" ХХК-иас зарласан сэлбэг нийлүүлэх тендерт орохын тулд 100,000,000 төгрөг шаардлагатай болсон тул намайг хүүтэй мөнгө олж өгч туслаач гэж гуйсан юм. Би хоёр найз Н.Г, Д.М нартай ярилцаад зээлүүлэхээр тохиролцсон. Д.С нь чи 100,000,000 төгрөгөө манай компанид 2 сарын хугацаатай, сарын 25%-ийн хүүтэй зээлүүлээч, хэрэв манай компани “*******” ХК-иас зарласан Ус шүүрүүлэлтийн Д шугамын үндсэн шугамын сэлбэг нийлүүлэх тендерт шалгарч чадахгүй бол сарын 20%-н хүүтэйгээр бодож тооцон буцааж төлье гэсэн хүсэлт тавьсан.

Ийнхүү 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр З.Д миний бие болон “Л Х” ХХК-ний хооронд Зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 25%-ний хүүтэйгээр зээлж, мөн Зээлийн барьцаалбар, компанийн хувьцааг буцаан шилжүүлэх тухай гэрээ-ээр барьцаанд Хүннү хороолол 110 дугаар байрны 1801 тоот 95.71 м.кв байрыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаар барьцаалбар хийж улсын бүртгэлд бүртгүүлэхээр, мөн зээлийг эгүүлэн төлөх баталгаа болгож зээлийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд “Л Х” ХХК-ийн 40%-ийн хувьцаа болох 1 бүрийн үнэ нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг иргэн З.Дид шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан юм.

Дээрх гэрээний дагуу З.Д би 100,000,000 төгрөгийг “*******т Хит” ХХК-ийн данс уруу шилжүүлэх гэтэл Д.С манай компани татвар, нийгмийн даатгал, санхүүгийн хэлтэс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг газруудад нэлээд их өглөгтэй учир энэ бүгдийг төлсний дараа тендерт орох эрхтэй юм байна. Тиймээс чи манай компанид зээлж байгаа 100,000,000 төгрөгөө дараах байдлаар, өгч тус болно уу гэсэн хүсэлтийн дагуу 100,000,000 төгрөгийг дараах байдлаар өгч зээлсэн болно. Үүнд:

2017 оны 4 дүгээр сарын 4-нд нотариатаар гэрээ байгуулахад 69,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 4-нд 90,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 5-нд 16,150,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд 30,709,050 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд 240,000 төгрөгийг Д.Сгийн хүсэлтээр өөрийнх нь 5034710482 тоот хувийн данс руу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд 9,381,000 төгрөгийг “Л Х” ХХК-ийн  татварын өглөгийг Улаанбаатар хотын банкны дансанд тушаасан, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд 30,000,000 төгрөгийг Д.Сгийн хүсэлтээр бэлнээр авч “Л Х” ХХК-ийн  санхүүгийн торгуулийн мөнгийг Улаанбаатар хотын банкны дансанд тушаасан, 2017 оны 4 дүгээр сарын 12-нд 4,350,000 төгрөгийг “Л Х” ХХК-ийн  данс руу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 13-нд 1,000,000 төгрөгийг Д.Сгийн хүсэлтээр өөрийнх нь хувийн данс уруу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 19-нд 3,000,000 төгрөгийг Д.Сгийн хүсэлтээр өөрийнх нь 5034710482 тоот хувийн данс уруу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд 900,000 төгрөгийг “Л Х” ХХК-ийн  данс уруу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд 830,000 төгрөгийг “Л Х” ХХК-ийн  данс руу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 27-нд 3,000,000 төгрөгийг Д.Сгийн хүсэлтээр өөрийнх нь 5034710482 тоот хувийн данс руу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 27-нд 280,950 төгрөгийг Д.Сгийн хүсэлтээр “Тэнгэрийн сухай” ХХК-иас авсан зээлд нь төлсөн.

Зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2017 оны 6 дугаар сарын 4-ны өдрөөс эхлэн “Л Х” ХХК-иас Зээл болон зээлийн хүүг төлөх талаар удаа дараа шаарддаг байсан боловч, тэрээр удахгүй мөнгө ороод ирнэ гэх мэтээр зээл төлөлтийг хойшлуулсаар байсан. 2017 оны 7 дугаар сард “Л Х” ХХК нь үндсэн зээлийн 55,000,000 төгрөг болон түүний хүү болох 27,250,000 төгрөг нийтдээ 82,500,000 төгрөгтөө тооцож бартерийн хэлбэрээр Зээлийн барьцааны гэрээнд барьцаалуулсан Хүннү хороолол 110 дугаар байрны 1801 тоот 95.71 мкв байрыг манай найз Д.Мын Наран хотхонд байрладаг 3 өрөө байр, мөн Сүхбаатар дүүрэгт байрлах Шарга морьт зуслангийн Д Мөнхбатын эхнэр, дүүгийн нэр дээрх 3 ширхэг газраар солилцож, дээрх 3 зуслангийн газрын 2 газрыг нь Д.Сгийн 2 хүүхдийнх нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр миний бие “Л Х” ХХК-ийн захирал Д.С-тай уулзаж анх зээлсэн 100,000,000 төгрөгөөс, үлдэгдэл төлбөр болох 45,000,000 төгрөг болон түүний хүү 18,000,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөгийг 30 хоногийн дотор төлж барагдуулах талаар харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн юм. Тооцоо нийлснээс хойш ******* хит ХХК нь надаас зээлсэн 13,200,000 төгрөг болон түүний хүү 5,280,000 төгрөг, алданги 6,600,000 төгрөг, нийт 25,080,000 төгрөгийн төлбөрт 1 зуслангийн газрыг барьцаа болгон 1 сарын хугацаатай өгсөн бөгөөд хэрэв 1 сарын хугацаанд “Л Х” ХХК нь зээл болон зээлийн хүүг төлж барагдуулахгүй бол энэхүү газрыг зарж борлуулан, хохирлыг барагдуулахыг зөвшөөрсөн юм. Ингээд дээрх 1 сарын тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч “Л Х” ХХК нь зээлийн төлбөрөөс ямар нэгэн төлбөр төлөөгүй тул барьцаанд авсан зуслангийн байшинтай 0,07 га газрыг 25,080,000 төгрөгийн төлбөрт тооцож авсан болно. Одоогоор “Л Х” ХХК нь З.Д надаас анх зээлсэн 100,000,000 төгрөгөөс үлдэгдэл зээл 31,800,000 төгрөг болон түүний хүү 12,720,000 төгрөг, алданги 15,900,000 төгрөг буюу нийт 60,420,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй зээлийг төлнө гэж хойшлуулсаар байгаа тул хариуцагч “Л Х” ХХК-иас нийт 60,420,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

Нэхэмжлэгч З.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Л Х” ХХК нь З.Д надаас анх зээлсэн 100,000,000 төгрөг болон түүний ашигласан хугацааны хүү 38,341,654 төгрөг, алданги 69,170,827 төгрөг буюу нийт 207,512,481 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа тул өмнөх шаардлага 60,420,000 төгрөгөө 147,092,481 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлд 100,000,000 төгрөг, хүүнд 38,341,654 төгрөг, алдангид 69,170,827 төгрөг, нийт 207,512,481 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хүүг зээлийг бодитоор олгосон өдөр тус бүрээс хойш 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл бодсон. Бодсон аргачлал нь хэргийн 138 дугаар хуудсанд байгаа. 69,000 төгрөг, 90,000 төгрөг, 16,150,000 төгрөг, 30,709,050 төгрөгийн хүүг бодсон аргачлал нь 138 дугаар хуудсанд дутуу хэвлэгдсэн байна, гэхдээ хүүгийн тооцоо нь 38,341,653 төгрөгт орсон учир тайлбарлая. 2017 оны 4 дүгээр сарын 4-нд олгосон 69,000 төгрөг*20%:30*61хоног=28,060 төгрөг, 2017 оны 4 лүгээр сарын 4-нд олгосон 90,000 төгрөг*20%:30*61хоног=36,600 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 5-нд олгосон 16,150,000 төгрөг*20%:30*60хоног=6,460,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд олгосон 30,709,050 төгрөг*20%:30*59хоног=12,078,893 төгрөг, нийт 18,603,554 төгрөгийн хүү дээр хэргийн 138 дугаар хуудсан дахь 19,738,100 төгрөгийн хүү нэмэгдээд нийт 38,341,654 төгрөгийн хүү нэхэмжилсэн.

Үндсэн зээл 100,000,000 төгрөг дээр 38,341,654 төгрөгийн хүүг нэмж, нийт 138,341,654 төгрөгийн 50 хувь болох 69,170,827 төгрөгийн алданги, нийт 207,512,481 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Надаас авсан 99,719,050 төгрөгтэй маргахгүй байна, Д.С нь Тэнгэрийн сухай ХХК-иас тусдаа зээл авсан байсан, тэр зээлд 280,950 төгрөгийг төлөөд өгөөч гэж хүссэнийх нь дагуу би төлсөн. Би Тэнгэрийн сухай ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг юм. Би хүсээгүй байхад нь хүний зээлийг төлөхгүй шүү дээ. Д.Мын 55,000,000 төгрөг, гэрч Н.Гийн 31,800,000 төгрөг, миний 13,200,000 төгрөг нийлж “Л Х” ХХК-д зээл олгосон нь үнэн боловч зээлийн гэрээг би байгуулсан учир 100,000,000 төгрөгөө шаардах эрхтэй гэж үзэж 100,000,000 төгрөгөө нэхэмжилсэн гэжээ.

Нэхэмжлэгч З.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Д.С нь надтай уулзаж өөрийнх нь ₮******* хит” ХХК нь *******" ХХК-иас зарласан сэлбэг нийлүүлэх тендерт орохын тулд 100,000,000 төгрөг шаардлагатай болсон тул намайг хүүтэй мөнгө олж өгч туслаач гэж гуйсан юм. Тендерт ороод ялах юм бол сарын 25 хувь, чадахгүй бол сарын 20 хувийн хүү төлнө гэж хэлсэн.

Ингээд би хоёр найз Н.Г, Д.М нартай ярилцаад, Д.Мын 55,000,000 төгрөг, Н.Г 31,800,000 төгрөг, би 13,200,000 төгрөг нийлж “Л Х” ХХК-д зээлүүлэхээр тохиролцоод би зээлийн гэрээг бичгээр байгуулсан.

Д.С эгч бид хоёр нотариат дээр очиж гэрээг байгуулахад нотариатчийн зөвлөснөөр компанийн хувьцааг шилжүүлсний дараа мөнгөө шилжүүлэхээр тохиролцоод, зээлийг 2017 оны 4 дүгээр сарын  6-ны өдрөөс эхлэн 13 удаагийн үйлдлээр түүний хүсэлтээр хувийнх нь болон компанийн данс, нийгмийн даатгал, татвар, бусдад төлөх өр зэргийг барагдуулсан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагад хүүг хэрхэн тооцсон талаар дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. Д.С эгч надад мэдэгдэлгүй Д.Мтай тохиролцоод зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг түүнд шилжүүлсэн. Миний бие Шарга морьт-ын зуслангийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад 18,000,000 төгрөгөөр худалдсан.

Хариуцагч надтай бичгийн гэрээ байгуулчихаад дур мэдэн Д.Мад зээлийн барьцааг шилжүүлээд байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 100,000,000 төгрөг дээр 38,341,654 төгрөгийн хүүг нэмж, нийт 138,341,654 төгрөгийн 50 хувь болох 69,170,827 төгрөгийн алданги, нийт 207,512,481 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Л Х” ХХК-ийн төлөөлөгч Д.С шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...иргэн З.Дийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон агуулга нь бодит байдлаас зөрүүтэй, мэдээлэл оруулснаас гадна компанийн нэр хүндийг унагах худал мэдээлэл оруулсан байна. Мөн иргэн З.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, 3 дугаар зүйлд зааснаар Зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болно гэсэн заалтууд зөрчигдөж иргэн З.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 4-нд “Л Х” ХХК-ийн зээлж буй 100.000.000 төгрөгийг хугацаанд нь өгөөгүй. Мөн 2018 оны 5 дугаар сарын 11-ний байдлаар тооцоо нийлэхэд 2 талын тооцоо зөрж байгаа ба “Л Х” ХХК-нд нийт 99,719,050 төгрөгийг өгсөн байна.

З.Д мөнгөө хугацаандаа өгөөгүйгээс, мөн татварын өрийг данс андуурч тушаасан зэргээс шалтгаалж тендерт оролцож чадаагүй. 13 гүйлгээний дүн 99,719,050 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ хугацаа алдаж авсан. Хамгийн сүүлийн 280,950 төгрөгийг би аваагүй, Тэнгэрийн сухай ХХК-д би зээлтэй байсан боловч өөрөө зээлээ төлсөн, 100,000,000 төгрөгт нь хүрэхгүй болохоор 280,950 төгрөг төлсөн мэт баримтыг З.Д үйлдэж хийсэн. Д.М, Н.Г, З.Д нартай мөнгө зээлэх талаар уулзсан, дундаасаа мөнгө нийлүүлнэ гэж ярьж байсан. Уг зээлийн 55,000,000 төгрөг нь Д.Маас орсон гэдгийг З.Д хүлээн зөвшөөрч 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлчхээд одоо Д.Мын 55,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Би Д.Мын зээл 55,000,000 төгрөг, 2 сарын хүү 22,000,000 төгрөг, нийт 77,000,000 төгрөгийг авснаар тооцон, 4 өрөө байраа шилжүүлэн өгч, Д.Мын 3 өрөө орон сууцыг солилцож тооцоогоо дуусгасан. Д.Мын байр 100,000,000 төгрөгийн ипотекийн зээлтэй байсан учир би төлөхөөр тохиролцон, оронд нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга Морьтод байрлах 3 газар, 2 үл хөдлөх хөрөнгийг авахаар тохирсон. 2 газар, 1 үл хөдлөх хөрөнгийг гэрээ байгуулсан. 1 газар, 1 үл хөдлөх хөрөнгө нь *******гийн дүү *******ын нэр дээр байсан учир дараа шилжүүлж өгнө гээд шилжүүлж өгөөгүй байгаа. *******аас З.Д итгэмжлэл аваад захиран зарцуулсан гэж байна, “би уг газар, үл хөдлөхийг З.Дид өгөх өрөндөө өгөхөөр ярилцсан боловч үнээ тохирч чадаагүй. З.Д уг газар, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэлдээ 25,080,000 төгрөгөөр зарсан гэсэн атлаа одоо 18,000,000 төгрөгөөр зарсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч “Л Х” ХХК-ийн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Д нь зээлийн гэрээ байгуулсан даруйдаа мөнгөө өгөхгүй алга болсон. Нэхэмжлэлдээ дурдсан "... манай компани татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг газруудад нэлээд их өртэй... манай компанид зээлж байгаа мөнгийг дараах байдлаар өгч, тус болно уу гэсэн нь бидний дунд огт яригдаагүй асуудал. Харин З.Д нь араасаа нэхэл, дагал болж байж мөнгөө шилжүүлдэг, компанид буюу Д.С би өөрөө зээлсэн мөнгөө юунд зарцуулахаа мэдэх боломжийг олгоогүй, хэрэгцээ гарахаар аргагүй эрхэнд гуйж, учраа тайлбарлаж байж, шаардлагатай газрууд уруу мөнгийг шилжүүлдэг байсан.

Ийнхүү нэхэмжлэгч З.Дийн дээрх хариуцлагагүй үйлдлээс болж буюу буруу дансанд мөнгө шилжүүлснээс манай компани тендертээ орж чадаагүй, хасагдсан. 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 100.000,000 төгрөг зээлсэн мэт боловч, энэхүү мөнгө нь тухайн өдрөө орж ирээгүй, 14 удаагийн давтамжтай, хамгийн сүүлийн мөнгө нь нэхэмжлэлд дурдсанаар 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр манай компани уруу шилжсэн байдаг. Зээл бүтэн олгогдоогүй, гэрээ байгуулснаас хойш 4 дүгээр сарын  4-ний өдрөөс 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх 23 хоногийн дараа орж ирсэн нь зээлийн хүүг хэрхэн, яаж тооцох нь тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг үүсгэдэг. Энэ тухай З.Дид удаа дараа хэлж, шаардсаны хүчинд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Тооцоо нийлсэн актыг үйлдсэн боловч З.Д нь миний саналыг хүлээж авахгүй, хэрүүл болохоор байсан тул миний бие дараа болж болох байх гэж бодоод хүлээцтэй хандаад, өнгөрсөн. Ингэж шаардсаны учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсэн хуулийн зохицуулалтаас үзэхэд 4 дүгээр  сарын 4-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ хэзээ хүчинтэй болж, хүү, алданги албан ёсоор тооцогдох вэ? гэдэг асуудал эргэлзээтэй байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Д.С би З.Дийн шаардсан болгоныг хүлээж авч өөрт байсан байр, газар, хувьцаа гэх мэт зүйлийг шилжүүлж өгсөн. Хүнээс мөнгө зээлсэн учир төлөх нь зүй ёсны асуудал.

Гэтэл “Л Х” ХХК нь мөнгө зээлэх болсон зорилгодоо хүрч чадаагүй, зээлсэн 100,000,000 төгрөгөө бүрэн аваагүй, харин З.Доос зээл авснаас дор хохирол хүлээж байхад хүү, алданги нэмж төлүүлэхээр шаардаж байгаа нь хэт нэг талыг барьсан, хууль бус гэрээ болсон, мөн нэгэнт шүүхэд маргаан үүсгэсэн учир асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 56-дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж, ******* хит ХХК, иргэн З.Д нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв

Нэхэмжлэгч З.Д шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ... Ххриуцагч “Л Х” ХХК-ийн зүгээс хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Зээлдүүлэгч З.Дид “Л Х” ХХК-ийн 40 хувийн хувьцаа шилжиж, баталгаажсаны дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс зээлж буй 100,000,000 төгрөгийг зээлдэгч “Л Х” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд “Л Х” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус тусын данс уруу шилжүүлсэн. Мөн дээрх зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг нэхэмжлэлд дурдсан хугацаанд хүлээн авсан гэдгээ зөвшөөрдөг боловч зөвхөн зээлдэгч “Л Х” ХХК-ийн  хүсэлтийн дагуу нэхэмжлэлд дурдсан байдлаар шилжүүлсэн эсэх дээр л маргаж байна. Талууд сүүлд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр анх зээлсэн 100,000,000 төгрөгөөс үлдэгдэл төлбөр болох 45,000,000 төгрөг болон түүний хүү 18,000,000 төгрөг нийт 63,000,000 төгрөгийг тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн зэрэг байдал нь бодит байдлыг илэрхийлсэн. Хариуцагч “Л Х” ХХК-ийн зүгээс бодит байдлыг үгүйсгэж, зөвхөн зээлээ төлөхгүй гэсэн шалтаг хайж, зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийг удаа дараагийн үйлдлээр олгосон байтал, хугацаа хэтэрч зээл олгосон хэмжээн улмаар уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч “Л Х” ХХК-ийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Г шүүх, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний найз З.Д 2017 оны 3 дугаар сарын сүүлээр “Л Х” ХХК-ийн захирал Д.С гэдэг хүнд 100,000,000 төгрөгийг сарын 25 хувийн хүүтэй зээлүүлье, Д.М гурвуулаа нийлээд энэ мөнгийг босгоод зээлье гэсэн санал тавьсан.Миний хувьд 2018 оны 3 дугаар сард эхнэрээ БНХАУ-д хагалгаанд оруулахаар байсан тул саналыг хүлээн авч өөрт байсан 31,800,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон.

 ******* хит” ХХК-ийн захирал Д.С-тай З.Д 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр бичгээр гэрээ байгуулах үед нь би тэдэнтэй хамт байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахаар би мөнгөө чамаас хүүтэй нь авна гэж З.Дид хэлсэн. Гэрээний хугацаа дуусахад би мөнгөө нэхэхэд Д.С удахгүй өгнө гэсэн гэж хэлсээр өгөөгүй. 

Миний бие 2017 оны 9 дүгээр сард эхнэрээ БНХАУ-д хагалгаанд оруулахаар Д.С-тай удаа дараа утсаар ярихад дансаа өгчих араас чинь шилжүүлнэ гэх мэтээр арга саам хийж байсан. Би эрээн хотод байхдаа хүртэл түүнтэй ярихад би араас чинь шилжүүлий гэсэн боловч шилжүүлээгүй. Д.С мөнгө орж ирнэ түр хүлээж бай гэсээр өнөөдрийг хүрч байна. Бидний “Л Х” ХХК-д зээлүүлсэн 100,000,000 төгрөгийн 31,800,000 төгрөг миний мөнгө юм. Иймд З.Д Д.С нарын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын     4-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр З.Д ******* гэж хүн тендерт орох гээд 100,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж байна. Дундаасаа мөнгө босгоод 100,000,000 төгрөг болгоод өгье, 2 сарын дараа 20 хувийн хүүтэй өгнө гэж байна гэхэд нь би 55,000,000 төгрөг өгсөн. Хугацаа дууссаны дараа би Д.С-тай уулзахад Хүннү хорооллын байрыг оронд нь авчих гэж хэлсэн. Би зөрүүд өөрийн Саруул хотхоны 3 өрөө байр болон лагерийн 2 байшинтай 3 газар, 9911-тэй дугаар, Портер машин өгөөд Хүннү хороолол дахь 4 өрөө байрыг өөрийн нэр шилжүүлэн авсан.  Дараа нь тооцоо зөрөөд би эхнэрийнхээ унаж байсан Тоёота Кроун маркийн суудлын авто машиныг тус тус Д.Сд шилжүүлэн өгсөн. Ийнхүү би үндсэн мөнгө 55,000,000 төгрөгөө, хүү 22,000,000 төгрөгийн хамт 77,000,000 төгрөгийг бартераар тооцон шилжүүлэн өгсөн. ******* эгч бид хоёрын эхний тохиролцоонд манай эхнэрийн Тоёота Кроун маркийн авто машин байгаагүй, Гэтэл байрны гэрчилгээгээ шилжүүлэх болсон чинь мөнгө арай бага байна нэмж юм өг гэсэн учир би эхнэрийнхээ машиныг өгсөн. Одоо надад өр авлага байхгүй. Д.С бид 2 бүх зүйлээ шилжүүлэн өгсөн гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, бусад бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Д хариуцагч “Л Х” ХХК-д холбогдуулан үндсэн зээлд 31,800,000 төгрөг, хүүнд 12,720,000 төгрөг, алданги 15,900,000 төгрөг, нийт 60,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ үндсэн зээлд 100,000,000 төгрөг, хүүнд 38,341,654 төгрөг, алданги 69,170,827 төгрөг, нийт 207,512,481 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч тал зээлийг бүтэн олгоогүй, тасалж олгосон, нэхүүлж мөнгө өгсөн гэх үндэслэл зааж, хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас дараах нөхцөл байдал тогтоогдов.

А.Үндсэн нэхэмжлэл болох 207,512,481 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

1. “Л Х” ХХК-ийн захирал Д.С нь З.Дид “...Шивээ овоо ХХК-ийн Ус шүүрүүлэлтийн Д шугамын үндсэн шугамын сэлбэг нийлүүлэх тендерт оролцох тул 100,00,000 төгрөгийг зээлүүлээч, хэрэв тендерт ялбал 100,000,000 төгрөгийг сарын 25 хувийн хүү, чадахгүй бол сарын 20 хувийн хүү төлнө.“ гэсэн саналыг тавьжээ.

2. З.Д өөрийн хоёр найз болох З.Ганзориг Д.М нарт мөнгө нийлүүлж зээлдүүлэх саналыг тавьсныг тэд хүлээн зөвшөөрч, Д.М 55,000,000 төгрөг, Н.Г 31,800,000 төгрөг, З.Д 13,200,000 төгрөг нийт 100,000,000 төгрөгийг “Л Х” ХХК-ийн захирал Д.Сд зээлүүлэхээр харилцан тохиролцсоноос үзэхэд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

3. Нэхэмжлэгч З.Д, “Л Х” ХХК-ийн захирал Д.С нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 25 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги 0,5%-иар тооцохоор тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулж, үүргийн гүйцэтгэлд Д.Сгийн захиалан бариулсан гэх Хан-Уул дүүрэг 0дугаар хороо, Хүннү 2222, 0дугаар байрны 0тоотод байрлах 95.71 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, “Л Х” ХХК-ийн 40 хувь буюу 400 ширхэг хувьцааг З.Дид хариу төлбөргүйгээр “Бэлэглэл”-ийн гэрээгээр шилжүүлж, зээлийн гэрээний хугацаа дуусах 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр үүргийн гүйцэтгэл дууссан үед З.Д 400 ширхэг хувьцааг буцаан “Л Х” ХХК руу шилжүүлэхээр тохиролцжээ. “Л Х” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдөр тус компанийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2 гишүүнтэй гэж өөрчлөн дахин авсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Энэ талаар талууд маргаагүй./1 хх-ийн 9-10, 30-42 дугаар талууд/

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

5. Нэхэмжлэгч З.Д 2017 оны 4 дүгээр сарын 4-нд 69,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 4-нд 90,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 5-нд 16,150,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд 30,709,050 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд 240,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд 9,381,000 төгрөг,  2017 оны 4 дүгээр сарын 6-нд 30,000,000 төгрөг,  2017 оны 4 дүгээр сарын 12-нд 4,350,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 13-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 19-нд 3,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд 900,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд 830,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 27-нд 3,000,000 төгрөг, нийт 13 удаагийн үйлдлээр нийт 99,719,050 төгрөгийг шилжүүлж, “Л Х” ХХК хүлээн авч ашигласан зэргээс үзэхэд хариуцагчийн төлөөлөгчийн “...зээлийг бүтэн олгоогүй, тасалж олгосон, хүү, алдангийг зөвшөөрөхгүй...” гэх тайлбар үндэслэлгүй юм.

6. Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт Д.Сгийн захиалан бариулсан гэх Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Хүннү 2222, 110 дугаар байрны 1801 тоотод байрлах 95.71 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэх боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлага хангаагүй байх тул талуудын хооронд барьцааны гэрээ байгуулсан гэж үзэхгүй болно.

7. “******* хит”ХХК-д зээлүүлэхээр тохирсон 100,000,000 төгрөгөөс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Г 31,800,000 төгрөгийг Д.М 55,000,000 төгрөгийг тус тус З.Д-ийн Хаан банкны 5075063773 тоот данс руу шилжүүлжээ.

8. “Л Х” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт/2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 4/ үндсэн зээлд 99,719,050 төгрөг, 2 сарын хүү 39,887,620 төгрөг, алданги 69,803,335 төгрөг нийт 209,410,005 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

9. Шүүхийн хэлэлцүүлэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М “…..55,000,000 төгрөгийг сарын 20 хувиар хүү тооцож, 2 сарын хүү 22,000,000 төгрөгийн хамт 77,000,000 төгрөгт тооцон өөрийн өмчлөлийн Саруул хотхоны 3 өрөө орон сууц, Шарга Морьт-ийн зусланд байрлах 2 байшинтай 3 газар, Портер машин, Тоёота Кроун маркийн машин, 9911-тэй утасны дугаар зэргийг арилжааны гэрээгээр солилцон зээлийн барьцаанд тавьсан гэх Хан-Уул дүүрэг 15 дугаар  хороо, Хүннү 2222, 110 дугаар байрны 1801 тоотод байрлах 95.71 м.кв орон сууцаар арилжаалсан.

Миний хувьд Д.С-тай тооцоо дууссан, өглөг авлага байхгүй” гэж, Н.Г “...2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр зээлийн гэрээ байгуулах үед Д. *******, З.Д нарын хажууд би байсан, өөрийн 31,800,000 төгрөгийг З.Дид шилжүүлсэн₮ гэж, З.Д  “.... Сүхбаатар дүүрэгт 19 дүгээр хороо, Шарга морь 6 дугаар гудамж, 457 тоот хаягт байрлах ГД:000323242, Ү-2203029175 улсын бүртгэлийн дугаартай, 52 м.кв талбайтай хувийн сууцыг 2017 оны 9 дүгээр сард С.Жавхланд 18,000,000 төгрөгөөр худалдсан” гэж тайлбарласан. Энэ талаар талууд маргаагүй болно. /2 хх-ийн 12-23 дугаар талууд /1 хх-ийн 94-100, 115-117, 120-122 дугаар талууд/

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М 55,000,000 төгрөг 2 сарын хүү 22,000,000 төгрөг нийт 77,000,000 төгрөгт хариуцагч “Л Х” ХХК-ийн захирал Д.С-тай арилжааны гэрээний дагуу тооцоо дууссан гэж үзэв.

11. Зохигчдын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” –ыг үйлдэж “….үндсэн зээл 45,000,000 төгрөг, хүү 18,000,000 төгрөг нийт 63,000,000 төгрөгийг 30 хоногийн дотор төлнө.” гэж гарын үсэг зурж ******* хит ХХК-ийн тамга дарагдсан нь хариуцагч зээлийн гэрээгээр 63,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх-ийн 11 дүгээр тал/

12. Зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс ******* ХХК-д бодитоор шилжүүлсэн 99,719,050 төгрөгөөс Д.Мын шилжүүлсэн 55,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 44,719,050 төгрөгт гэрээнд заасан хугацаанд хүү, алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4 –д зааснаар тооцох нийцнэ.

13. Нэхэмжлэгч З.Доос шилжүүлсэн 44,719,050 төгрөгт:

2017 оны 4 дүгээр сарын 6-нд олгосон 1,639,050 төгрөг*20%:30*58 хоног= 633,766 төгрөг,

2017 оны 4 дүгээр сарын 6-нд олгосон 30,000,000 төгрөг* 20%:30*58хоног= 11,600,000 төгрөг,

2017 оны 4 дүгээр сарын 12-нд олгосон 4,350,000 төгрөг*20%:30*52хоног= 1,508,000 төгрөг,

2017 оны 4 дүгээр сарын 13-нд олгосон 1,000,000 төгрөг*20%:30*51хоног= 340,000 төгрөг,

2017 оны 4 дүгээр сарын 19-нд олгосон 3,000,000 төгрөг*20%:30*45хоног= 900,000 төгрөг,

2017 оны 4 дүгээр сарын 20-нд олгосон 900,000 төгрөг* 20%:30*44хоног= 264,000 төгрөг,

2017 оны 4 дүгээр сарын 20-нд олгосон 830,000 төгрөг*20%:30*44хоног= 243,466 төгрөг,

2017 оны 4 дүгээр сарын 27-нд олгосон 3,000,000 төгрөг*20%:30*37хоног= 740,000 төгрөг, Нийт 16,229,232 төгрөгийн хүү тооцогдож байна.

14. “Л Х” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 44,719,050 төгрөг, хүү 16,229,232 төгрөг, нийт 60,948,282 төгрөг төлөх үүрэгтэй.

15. Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Зээлийн гэрээний 3 дахь заалтад “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-дахь хэсгийн дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5% алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж тохиролцсон байх тул алдангийг гэрээний хугацаа дууссан 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 16-ныг хүртэл бодоход 95,079,320 төгрөгийг /60,948,282*0.5%х312хоног/ төлөх үүрэгтэйгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож хариуцагч “Л Х” ХХК-иас үндсэн зээлд 44,719,050 төгрөг, хүүд 16,229,232 төгрөг, алданги 30,474,141 төгрөг, нийт 91,422,423 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Дид олгохоор шийдвэрлэв.

             Б.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч “Л Х” ХХК, нэхэмжлэгч З.Д-ид холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид хэн аль нь өөрт хохирол учирсан гэж үзвэл шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,5, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л Х” ХХК-иас 91,422,423 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Д-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116,090,058 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,355,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 615,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Д-ид олгож, хариуцагч “Л Х” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ГАНЧИМЭГ