Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2002

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01671 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.А-, Б.Б- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 5 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Б.А-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.А-, Б.Б- нартай зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлж зээлийн гэрээний үүрэгт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчид 1 гудамж, 133 тоот хаягт байрлах Б.Б-ий өмчлөлийн 700 м.кв газрыг барьцаалсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч нар 600 000 төгрөгийн хүү төлсөн. Иймд үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 120 000 төгрөг, алданги 1 560 000 төгрөг, эрх зүйн туслалцаа авсан 500 000 төгрөг, нийт 5 180 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Б-гаас 3 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Гэхдээ би зээлсэн мөнгөнөөс 1 500 000 орчим төгрөгийг бэлнээр болон дансаар хийсэн. Иймд 5 180 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Би жижиг бизнес эрхэлдэг байсан боловч лангуугаа татан буулгасанаар төлөх боломжгүй болсон. Миний ээж Б.Б- нэг удаа 250 000 төгрөг бэлнээр өгсөн. Зээлсэн мөнгөө төлөхгүй гэж маргахгүй, харин үндэслэлгүйгээр нэмж мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.А-, Б.Б- нараас 4 320 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 860 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97 830 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.А-, Б.Б- нараас улсын тэмдэгтийн хураамж 84 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.А- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүхээс шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулаагүй байж шүүх хуралдаан хийсэн, шүүхийн шийдвэрээр 4 320 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэхдээ 2 хариуцагчтай байхад хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах тухай тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүйд нь гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б.А-, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 5 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.А- эс зөвшөөрч, зээлийн үүргээс 1 500 000 төгрөгийг төлсөн байхад нэмж шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгч уг хэргийг хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарган хурлыг товлож, мөн зүйлийн 76.1.2-т заасан зааснаар хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг явуулах ёстой. Шүүх дээрх ажиллагааг явуулсан талаарх баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагч нарт шүүх хуралдаан хэзээ, хаана болох талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна шүүх хуралдааны товыг хариуцагч Б.А-д мэдэгдсэн гэх баримтад шүүгч гарын үсэг зураагүй байх тул хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр нь хангасан гэж үзэх боломжгүй байна.

            Мөн хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах эрхтэй бөгөөд уг эрхийг бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангах нь шүүхийн үүрэг болно. Ингэснээр хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн зүйлийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа шүүхээр бүрдүүлэх тухай хүсэлт гаргах зэрэг эрхээ эдлэх боломж бүрдэнэ. Шүүх энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй буюу хэргийн оролцогчид хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй гэж үзнэ. Шүүх энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хэргийн материалыг хариуцагч нарт танилцуулаагүй байх тул нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэх үндэслэлтэй.  

            Давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01671 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84 070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 Ч.ЦЭНД