Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0057/З |
Дугаар | 128/ШШ2020/0310 |
Огноо | 2020-05-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2020/0310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Э
Хариуцагч: Нийслэлийн татварын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн татварын газрын дарга нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан намайг Налайх дүүргийн татварын хэлтсийн даргын ажилд шилжүүлэн томилохдоо “...томилолтын хугацаа дуусангуут Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын ажилд эргүүлэн томилно гэсэн амлалт болон шүүхэд гаргасан миний гомдлыг татуулахдаа Налайх дүүрэгт 2 өрөө орон сууц өгнө гэсэн амлалтаа биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, эдгээр амлалтуудаа биелүүлэхийг Нийслэлийн татварын газрын даргад даалгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Б.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Намайг 2009 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхад Б.Б нь тус дүүргийн Засаг даргаар томилогдон ирсэн болно. Удалгүй түүний хариуцан ажиллаж байсан “Кёкшүзан хөгжил сан” ТББ нь улсын төсөвт төвлөрүүлэх ёстой 711.2 сая төгрөгний өртэй болох нь нэгэнт тодорхой болсон юм.
Энэ өрөө төлөхийг эрхэлж байсан ажил үүргийнхээ хүрээнд Засаг дарга Б.Батзоригоос шаардан ажилласаныхаа төлөө би хилс шийтгэл хүлээж Налайх дүүрэгт Татварын хэлтсийн даргаар шилжин ажиллах болсон билээ.
Үүнд нь миний бие гомдолтой байсан учраас НЗХШ-д хандаж, шүүх ч энэ томилгоо нь бус болох”-ыг тогтоосон 2009 оны 6 дугаар сарын 11 ний өдрийн 212 тоот шийдвэр гаргасан бөгөөд НТГ-н зүгээс давж заалдах гомдол гаргаж улмаар Давж заалдах шатны шүүхээс дахин миний талд буюу намайг БЗД-ийн Татварын хэлтсийн даргаар эгүүлэн томилох шийдвэр гаргасан 212 тоот шүүхийн шийдвэрийг дэмжин 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 279 тоот Магадлал гаргасан байдаг.
Энэ үед Нийслэлийн Татварын Газрын даргаар ажиллаж байсан С.Энь тухайн үед Татварын Ерөнхий Газрын “даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилогдоод байсан Ц.О шууд явуулгаар намайг хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлээ татан авахыг шаардсан бичиг тоот өгөх , Ярилцлагын тэмдэглэл хөтлөх зэргээр ятган үнэмшүүлж, улмаар миний бие өөрийн нэхэмжлэлээ татан авсанаар Хяналтын шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/29 тоот тогтоол гарсан билээ.
Харамсалтай нь дээрх 1/29 тоот тогтоол гарсанаар тухайн үеийн ТЕГ-ын болон НТГ-ын удирдлагууд уг шүүх хурлаас 4 сар хүрэхгүй хугацааны дараа амласнаасаа буцаж харин ч намайг тухайн үед эрхэлж байсан Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас “тодорхой хуулийн оносон үндэслэлгүй”-гээр хэлмэгдүүлэн халсан билээ.
Үүнийг нь “намайг хилсээр хохироосон шийдвэр байсан болох”-ыг 2014 оны 02 дугаар сарын 24 ний өдрийн 1/432 тоотоор Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн Танхимын Тэргүүн асан О.Зд хүргүүлсэн Татварын Ерөнхий Газрын дарга Батмагнайгийн томилсон Ажлын хэсгийн 2 сар гаруй шалгасны эцэст гаргасан дүгнэлт маш тодорхой нотолдог юм.
Энэ нь дээрх ТЕГ-ын даргын 1/432 тоот бичгийн дагуу хуралдсан Захиргааны хэргийн Танхимын Тэргүүнээр томилогдсон М.Батсуурийн даргалан хуралдуулсан Хяналтын шатны Шүүх хурлын 32 тоот тогтоолд ч “маш оновчтой” тусгалаа олсон байдаг юм. Тухайлбал, 2014 оны 03 дугаар сарын 24 ний өдөр хуралдсан Хяналтын шатны шүүх хурлын 32 тоот тогтоолд «...Нэхэмжлэгчээс шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар ирүүлсэн дээрх баримт нь тухайн хэргийг шийдвэрлэх үед шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт биш харин Татварын ерөнхий газрын даргад хандсан хүсэлттэй холбоотой “шинээр бий болсон баримт юм. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Ёс зүйн хорооны 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг Татварын ерөнхий газрын 2014 оны 02 дугаар сарын 24 ний өдрийн албан бичгээр “хүчингүй болгоогүй байх тул... ” хэмээн маш тодорхой “оновчтой” заасан байдаг билээ.
Энэ нь үнэн хэрэгтээ Хяналтын шатны шүүхээс ТЕГ-т хандан “та нар нэгэнт нэхэмжлэгч буруугүй болохыг олж тогтоосон юм бол дээрхи Ёс зүйн хорооны 01 тоот шийдвэрээ цуцал” гэсэн санаа агуулсан болохыг нь нэхэмжлэгч миний бие тухайн үед нь холбогдох хүмүүст удаа дараалан тайлбарлан бичсэн боловч харамсалтай нь ТЕГ-ын дарга Т.Б ажлаа н.Ариунсанд өгч солигдсоноор энэ асуудал замхран алга болсон юм.
Ийнхүү НТГ болон ТЕГ-ын дарга нарын надад өгсөн “худал амлалт”-анд хууртан итгэж шүүхээс нэхэмжлэлээ татсан явдал нь 1 жилийн хугацаатай төрийн албанаас хилсээр чөлөөлөгдөх атгаг санаагаар солигдсон юм.
Үнэндээ бол намайг Налайх дүүрэгт анх шилжүүлэн томилохдоо “даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсугай хэмээсэн байдаг нь намайг ажилгүй болгох санааг эхнээсээ агуулж байсныг илтгэн харуулдаг билээ.
Гэвч шүүхээс шударга шийдвэр гаргаж тэдний атгаг санаа нь бүтэлгүйтэж бантахдаа надад шинээр гаргаж өгсөн НТГ-ын даргын 216 тоот тушаалд “Ажлын шаардлагыг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22-р зүйлийн 22.3-д заасны дагуу өөрөө зөвшөөрсөнийг үндэслэн Н.Эг 2 жил хүртэл хугацаагаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс Налайх дүүргийн татварын хэлтсийн даргаар томилсугай” гэсэн байдаг юм.
Энэ нь үнэндээ хуулийн дагуу 2 жилийн дараа эргээд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар эгүүлэн томилох тухай амлалт байсан юм.
Ийнхүү НТГ болон ТЕГ-ын дарга нарын хоосон хуурамч амлалтанд итгэн миний бие шүүхээс нэхэмжлэлээ татан авч, Хяналтын шатны шүүх 1/29 тоот шүүхийн тогтоол гаргаснаар Н.Э намайг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2009-2018 оны хооронд, Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд 2011 оноос 2018 оны хооронд 11 удаа өгч, нийтдээ 33 удаа шүүх хуралд орж Татварын ерөнхий газрын үе үеийн дарга нарын хаалгыг сахиж 10 жилийн хугацаанд анхан шатны шүүхүүдэд ажилд эргүүлэн томилуулах асуудлаар явсан боловч эрх ашгаа хамгаалуулж чадаагүй өдий хүрсэн бөгөод эцэс сүүлд нь ажилласан хугацааны тэтгэмж авах, тэтгэврээ тогтоолгох, төрийн албанаас тэтгэвэрт гарсан иргэдэд олгодог 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжээ авах зэрэг нэн чухал иргэн хүний болон төрийн албан хаагчийн эрхээ алдаж, 30-аад жил төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нөр их хөдөлмөр минь талаар болж ажил амьдрал, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ давхар хохироход хүргээд байгаа юм.
Энэ бичиг нь намайг шүүхээр өнгөрсөн хугацаанд “тасралгүй явсаар байгааг” нотлож “хуульд заасан хугацаа’’-г тасралтгүйгээр тооцоход ч нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч хамгийн гол тэд амласан амлалтаасаа уг 1/29 тоот тогтоол гарснаар буцаж 2009 оны 10 сарын 21-нд НТГ-ын дарга С.Энь: Уулзалтын Протоколыг өөрийн хуулийн зөвлөхөөр албажуулж «1-рт .Н.Э нь 2009 оны 04 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлий захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2009 оны 10 дугаар сарын 30-ны дотор татаж авах » гэж шүүхээс Нэхэмжлэлийг минь татуулсан боловч 2-рт: тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 22-р зүйлийн 22.2, 22.3-д заасныг үндэслэх гэж өөрөөр хэлбэл уг хуульд зааснаар 2 жилийн хугацаа дуусмагц Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар эгүүлэн томилно гэж амласнаа өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 22-р зүйлийн 22.2 дах заалтанд: «Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно» гэж харин 22.3-дах заалтанд «Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллууллах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна» гэж тус тус маш тодорхой заасан байдаг билээ.
Ийнхүү НТГ-ын дарга С.Э нь 216 тоот тушаалаар намайг БЗД-т Татварын хэлтсийн даргаар эгүүлэн томилох тухай амлалтаа баталгаажуулсан төдийгүй үүнээсээ хэдхэн хоногийн өмнө буюу 2009 оны 04 дүгээр сарын 09 ний өдрийн 1/385 тоот албан бичигтээ «Н.Э д ТЕГ-ын удирдлагын саналыг үндэслэн Налайх дүүргийн татварын хэлтсийн даргаар сэлгүүлэн ажиллуулна. Өөрийн чинь тавьж байгаа хүсэлтийг харгалзан үзэж 2 жилийн дараа нийслэлийн аль нэг дүүрэгт хэлтсийн даргаар ажиллуулах асуудал нээлттэй болно » гэсэн байдаг.
2-рт: Мөн уг Протоколд 3-рт Н.Эгийн ТЕГ-ын даргад тавьсан хүсэлт, нийгмийн асуудлыг шийдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцов» гэж заасан төдийгүй НТГ-ын дарга С.Э нь 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1/326 тоотоор Налайх дүүргийн Засаг даргад хандан бичсэн албан бичигтээ « Н.Эгийн нийгмийн асуудлыг шийдэхээр болсон билээ. Налайх дүүрэгт 2 өрөө орон сууц ямар үнэтэй байгаа талаар хариу өгнө үү?» гэсэн байдаг бөгөөд Налайх дүүргийн Засаг дарга 23-35 сая төгрөгний ханштай байгаа талаар хариу өгсөн байдаг боловч хэрэгжүүлсэнгүй өнөөдрийг хүрлээ...”
Иймд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.- д зааснаар “эс үйлдэхүй ” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг” хэлнэ гэж заасны дагуу намайг хуурч мэхлэн шүүхээс нэхэмжлэлээ татуулсан явдал болж даруй 10 жил намайг хэлмэгдүүлэн хохироогоод байгаа асуудалд шударгаар дүгнэлт хийн олон жилээр хохирч яваа надад болон миний гэр бүлд 07 сараас 19 насны таван хүүхдийн минь амьдралд бодитой тусална уу.
Надад маш тодорхой амлалт өгч Хяналтын шат хүртэл миний талд ашигтайгаар шийдээд байсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон 2009 оны 11 дүгээр сарын 16 ны өдрийн 1/29 тоот тогтоолыг гаргахад гол нөлөө үзүүлсэн “амлалтаа огт xэрэгжүүлээгүй,, байгааг шалган үзэж тэдний энэ үйлдэл нь “эс үйлдэхүй” мөн болохыг тогтоож өгнө үү.
Ер нь намайг шилжүүлэн ажиллуулах хугацаа дуусмагц Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар эгүүлэн томилно гэсэн амлалтаа биелүүлээгүйгээр барахгүй тодорхой шалтгаангүйгээр Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажлаас минь ч халж хохироосон, улмаар шүүхээс нэг жилээр миний төрийн албанд ажиллах эрхийг хассан атал 10 жилээр зөвхөн энэ л шалтгаанаар ажилгүй явуулан хохироосон,
Надад амлан шүүхээс нэхэмжлэлийг минь татуулсан 2 өрөө байр олгох амлалтандаа өнөөдрийг хүртэл хүрээгүйгээр барахгүй, төрийн албан хаагчид хуулийн дагуу олговол зохих 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоогүй,
Миний нэр төрд ноцтойгоор халдсан гүтгэлгийг олон нийтийн радио телевизээр олон удаа гаргаж, сонин хэвлэлүүдэд нийтэлж энэ бүх гүжир гүтгэлгээ улсын төсвийн мөнгөөр хийсний дээр өндөр хөлстэй өмгөөлөгч хүртэл авч ажиллуулж байсан бөгөөд түүнчлэн хүнд гэмт хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагад удаа дараа Ц.Оюунбаатар нь өөрийн хууль бусаар Татварын Ерөнхий газарт авч ажиллуулж байсан хүмүүсээр дамжуулан өгч шалгуулах зэргээр сэтгэл санааны болон эдийн засгийн дарамт хүндрэлтэй байдалд оруулсан зэрэг нь тэдэнд итгэн Шүүхээс нэхэмжлэлээ татсаны улмаас гарсан УДШ-ийн Хяналтын шатны шүүх хурлын 1/29 тоот тогтоол болоод байгааг тогтоож өгөхийг шүүхэд хандан хүсэж байна” гэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сарын 27, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэмэлт тайлбар гарган, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ирүүлэхдээ:
“...амлалтуудаа хэрэгжүүлээгүй Нийслэлийн татварын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, амласан амлалтаа биелүүлэхийг даалгах.
Намайг аль нэг дүүргийн Татварын хэлтсийн даргаар тухайлбал Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар эгүүлэн томилно гэсэн амлалтаа биелүүлэхийг Нийслэлийн татварын газарт даалгах;
Надад амлан нэхэмжлэлийг минь татуулсан 2 өрөө байраа нөхөн олгохыг Нийслэлийн татварын газарт даалгах;
Ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг Нийслэлийн татварын газраар гаргуулах, уг алдагдсан хугацааг алдагдсан жилд тооцуулах;
Шүүхээс нэг жилийн хугацаатай төрийн албанд миний ажиллах хугацааг хориглосон шийдвэр гаргасан атал хилсээр буруутган ажил албаар хангахын оронд 10 илээр ажил албагүй байлган хохироосон болохыг тогтоож өгөх.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад: “Албан бичгээр өгсөн амлалтаа биелүүлээгүй. Томилолтын хугацаа дуусахад Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар эгүүлэн томилно гэж мэдэгдсэн. Мөн томилолтын 2 жилийн хугацаа дуусахад хүссэн дүүрэгт чинь татварын хэлтсийн даргаар томилно гэсэн албан бичиг байдаг. Налайх дүүрэгт 2 өрөө байр өгье гэсэн албан бичгийг Налайх дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Налайх дүүргийн Засаг даргаас 28 сая төгрөгөөс 32 сая төгрөгийн үнэтэй 2 өрөө байр байна гэсэн хариуг өгсөн. Миний бие орон байрны нөхцөл хүнд байна. Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт өглөө, оройдоо очиход хүндрэлтэй байна гэхэд 2 өрөө байр өгье гэсэн амлалт өгсөн. Эдгээр амлалтыг Нийслэлийн татварын газрын дарга бичгээр өгсөн. Энэ амлалтуудаа биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүйг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Тус газарт иргэн Н.Э гээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4, 47 дугаар зүйлийн 47.4-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан байна.
Н.Э гийн нэхэмжлэлд дурдсан “амлалт" гэж хэлээд байгаа зүйл нь хууль зүйн үндэслэлгүй холбогдох баримтгүй байна. Учир захиргааны байгууллагын чиг үүрэг нь төрийн албан хаагчийг хууль, журмын дагуу сонгон шалгаруулж, сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан журмаар нөхдөг. Энэ зохицуулалт өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа бөгөөд хэн нэгэн этгээдүүдийн хооронд хийгддэг аман хэлцэл журмын дагуу зохицуулагддаггүй болно.
Налайх дүүргийн татвар хэлтсийн даргын ажлаас шалтгаангүйгээр чөлөөлөгдөөгүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулан чөлөөлөгдсөн байгаа нь холбогдох баримтуудаар тогтоогдож, шүүхэд нэхэмжпэл гаргаад эцэслэн шийдвэрлэгдсэн байсан.
Н.Э гээс “...байр өгөх..." талаар шат шатны шүүх хуралдаанд тайлбарладаг боловч мөн нотлох баримтгүй байдаг.
Төрийн албан хаагчид дараах тохиолдолд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг нэг удаа олгодог, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байна.
Иймд иргэн Н.Эгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Захиргааны хэргийн шүүх үйлдэл болон эс үйлдэхүйг тогтоодог байгууллага биш. Гагцхүү тус үйлдэл, эс үйлдэхүй нь хууль ёсны эсхүл хууль бус болохыг тогтооно. Амлалтыг захиргааны байгууллага биелүүлэхгүй байгаа бөгөөд тухайн амлалт нь хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол байсан эсэх нь тодорхойгүй байна. Шүүх амлалт өгсөн үйлдэл байсан байна гэж үзэх юм уу, амлалт өгсөн эс үйлдэхүй байсан байна гэж тогтоох юм уу. Хуульд заасан ямар эрх, үүргээ захиргаа биелүүлээгүй нь хууль бус байна гэдэг асуудал яригдах болохоос биш захиргааны байгууллага амлалт биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг шүүх тогтоох боломжгүй.
Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалд томилох үүргээ биелүүлээгүйтэй холбоотой асуудлаар маргах боломжтой. Түүнээс хэн нэгний амласан үйлдлийг шүүх тогтоох боломжгүй. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар томилох амлалтаа биелүүлээгүй гэдэг нь эс үйлдэхүй юм бол Төрийн албаны тухай хуульд заасан ямар үүргээ биелүүлээгүй нь хууль бус юм бэ. Нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэдэгт орон байрны асуудал байхгүй байна. Нэхэмжлэгчээс тайлбарлаж буй эс үйлдэхүй нь ямар хуульд заасан эрх үүргээ захиргааны байгууллага биелүүлэхгүй байгаагаас үүсч байна вэ. 2009 онд Улсын дээд шүүхэд маргаан хянан хэлэлцэгдэж байхад нэхэмжлэгч Н.Э нь нэхэмжлэлээсээ татгалзаад Налайх дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ёс зүйн зөрчил гаргасан учраас төрийн албанд 1 жил эргэн орох эрхгүйгээр халагдсан. Уг халагдсан тушаалыг эс зөвшөөрч 3 шатны шүүхээс тушаалыг үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. 1 жилийн хугацаа дуусаад шууд ажилд орох боломжгүй. Энэ шууд 1 жилийн хугацаа дуусаад ажилд нь оруулна гэсэн ойлголт биш юм. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан учраас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Н.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Э тус шүүхэд хандаж “...Нийслэлийн татварын газрын дарга нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан намайг Налайх дүүргийн татварын хэлтсийн даргын ажилд шилжүүлэн томилохдоо “...томилолтын хугацаа дуусангуут Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын ажилд эргүүлэн томилно гэсэн амлалт болон шүүхэд гаргасан миний гомдлыг татуулахдаа Налайх дүүрэгт 2 өрөө орон сууц өгнө гэсэн амлалтаа биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, эдгээр амлалтуудаа биелүүлэхийг Нийслэлийн татварын газрын даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Налайх дүүргийн татварын хэлтсийн даргаар томилсон 2 жилийн хугацаа дуусангуут намайг шууд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар томилох ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл томилохгүй байгаа нь хууль бус...,Налайх дүүргийн татварын хэлтсийн даргаар шилжүүлэн томилох тушаалаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-ыг үндэслэн гаргасан, 1 жил гаруй ажиллахдаа хотоос ажилдаа ирж очих хэцүү байсныг харгалзан үзэж Налайх дүүрэгт хоёр өрөө орон сууц өгөхөөр шийдвэрлэсэн..., одоог хүртэл өгөөгүй, би шударга ёсны төлөө явсан...” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Нийслэлийн татварын газрын даргын 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр “Албан тушаалаас чөлөөлж томилох тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг үндэслэн Н.Эг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж мөн өдрөөс Налайх дүүргийн татварын хэлтсийн даргаар томилсон, 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар бүхий “Албан тушаалаас чөлөөлж томилох тухай” тушаалаар ажлын шаардлагыг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3-д заасны дагуу өөрөө зөвшөөрснийг үндэслэн Н.Эг 2 жилийн хугацаагаар...Налайх дүүргийн татварын хэлтсийн даргаар томилж...энэ тушаал гарсантай холбогдуулан өмнө дурдсан, Нийслэлийн татварын газрын даргын 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр тушаалыг хүчингүйд тооцжээ.
Түүнчлэн 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн татварын газрын дарга С.Энхбаатараас Н.Эд “...Татварын ерөнхий газрын саналыг үндэслэн Налайх дүүргийн татварын хэлтсийн даргаар сэлгэн ажиллуулна, өөрийн чинь тавьж байгаа хүсэлтийг харгалзан 2 жилийн дараа нийслэлийн аль нэг дүүрэгт хэлтсийн даргаар ажиллуулах асуудал нээлттэй болно” гэсэн 1/325 дугаар албан бичиг хүргүүлсэн, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн татварын газрын дарга С.Энэхэмжлэгч Н.Э нар “...Н.Э нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлээ 2009 оны 10 дугаар сарын 30-ны дотор татаж авах, С.Этушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22:2, 22.3-д заасныг үндэслэх, Н.Эгийн Татварын ерөнхий газрын даргад тавьсан хүсэлт, нийгмийн асуудал шийдүүлэхэд дэмжлэг үзүүлэх”-ээр тохиролцож уулзалтын протокол үйлдсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Дээр дурдсан уулзалтын протоколд тусгаснаар хариуцагч Нийслэлийн татварын газрын дарга 39 дүгээр тушаалаа зөвтгөн 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 216 дугаар тушаал гаргасан байх ба улмаар Налайх дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэрт хандаж 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1326 дугаар албан бичгээр “...Н.Эгийн орон байрны асуудлыг шийдвэрлэх саналтай тул Налайх дүүргийн хэмжээнд 2 өрөө орон сууц ямар үнэтэй байгаа талаар бодитой мэдээлэл ирүүлэх”-ийг хүссэн, уг хүсэлтийн хариуд Налайх дүүргийн Засаг даргаас 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/572 дугаар албан бичгээр “...налайх дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 2 өрөө орон сууц нь төвдөө 30-35 сая... төгрөгийн ханштай байгаа...”-г мэдэгдсэн, нэхэмжлэгч хариуцагч нар эдгээр үйл баримтуудтай маргаагүй болно.
Ийнхүү Н.Э нь Налайх дүүргийн татварын хэлтсийн даргын албан үүргийг гүйцэтгэж байх явцад Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Бат-Эрдэнээс 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3/701 дүгээр албан бичгээр Нийслэлийн татварын газрын дарга С.Энхбаатарт хандаж “...Н.Эгийн, ажил хаялт, өлсгөлөн зарлаж байна гэж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ажил тасалсан үйлдэл нь...Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байна...,Н.Эд төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авч хариуг 2010 оны 4 дүгээр сарын 01-ний дотор ирүүлэхийг мэдэгдсэн”-ээр Нийслэлийн татварын газрын даргын 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Татварын ерөнхий газрын дэргэдэх ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Н.Эг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр үүрэгт ажлаас нь мөн өдрөөр тасалбар болгон халахаар шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч уг захиргааны актыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Налайх дүүргийн татварын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 462 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар тогтоолоор тус тус хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгч Н.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Төрийн албаны тухай хуулийн 2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-д төрийн албан тушаал эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана, 27.1.2-т албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцлөөр хангуулах, 27.1.5-д төрөөс орон байраар хангагдах... гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь төрийн албан хаагч хэвээр байсан нөхцөлд дээр дурдсан баталгаагаар хангагдах учиртай.
Гэвч нэхэмжлэгч Н.Э нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсанаар тэрээр төрийн албан хаагч биш болсон тул энэ хугацаанаас эхлэн нэхэмжлэгчийн хувьд төрийн албан хаагчийн баталгаа шаардах эрхгүй болсон гэж үзнэ.
Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчид “Налайх дүүрэгт 2 өрөө орон сууц өгнө” гэсэн амлалтаа биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Н.Эгийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч захиргааны байгууллагыг “...2 жилийн дараа нийслэлийн аль нэг дүүрэгт хэлтсийн даргаар ажиллуулах асуудал нээлттэй...гэж амалсан тул Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар эгүүлэн томилох үүрэгтэй..., томилохгүй эс үйлдэхүй гаргаж байна” гэж марган, түүний үндэслэлээ “би нэг жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халагдсан, энэ хугацаа дууссанаар төрийн албанд шууд орох эрхтэй” гэж тайлбарлаж байна.
Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “энэ хуулийн...25 дугаар зүйл, 26.1.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан, уг хугацаа дууссанаар нэхэмжлэгч төрийн албанд эргэж орохыг хүсвэл төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр зохицуулагдсан, тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч Н.Э нь Налайх дүүргийн татварын хэлтсийн даргын ажил, албан тушаалаас халагдсанаар түүний хувьд төрийн албаны харилцаа нэгэнт дуусгавар болсон, хариуцагч захиргааны байгууллагаас “амлалтаа биелүүлэхгүй эс үйлдэхүй” гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Эг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Эгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 17 дугаар зүйлийн 17.7, 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Эгийн гаргасан, “Нийслэлийн татварын газрын дарга нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан намайг Налайх дүүргийн татварын хэлтсийн даргын ажилд шилжүүлэн томилохдоо “...томилолтын хугацаа дуусангуут Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын ажилд эргүүлэн томилно гэсэн амлалт болон шүүхэд гаргасан миний гомдлыг татуулахдаа Налайх дүүрэгт 2 өрөө орон сууц өгнө гэсэн амлалтаа биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, эдгээр амлалтуудаа биелүүлэхийг Нийслэлийн татварын газрын даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Д