Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/02819

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 12 сарын 03 өдөр                         Дугаар 183/ШШ2021/02819                       Улаанбаатар хот

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 602 тоотод байрлах, М ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 11 тоотод байрлах, М Б ХХК /РД:00000/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 791 277 638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК нь М ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №МТВ/МNJ2020/02 тоот “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №МНЖ-МТБ-03 тоот “Тэсрэх материал худалдах, худалдан авах гэрээ”, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №МТВ-МNJ/04 тоот “Агуулах түрээслэх гэрээ” тус тус байгуулан хамтран ажиллах болсон. Эдгээр гэрээгээр М ХХК нь М ХХК-ийн захиалгаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших МУ-013319 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Төмөртэй төмрийн хүдрийн ил уурхайн тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэх, тэсэлгээний ажилд шаардагдах тэсрэх бодисыг нийлүүлэх, тэсрэх бодис хадгалах өөрийн агуулахыг түрээслүүлэх, М Б  ХХК нь гэрээний үнийг цаг тухай бүрт нь төлж барагдуулахаар тохиролцсон. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Төмөртэй төмрийн хүдрийн ил уурхайн тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар нийт төлбөр 1 044 185 092.29 төгрөг болохыг баталгаажуулсан. Үүнээс 2021 оны 05 дугаар сард 50 000 000 төгрөг төлсөн. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №МТВ/МNJ2020/02 тоот “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 5.4-р зүйлд “Гэрээт ажлын төлбөрийг гэрээнд заасан хугацаагаар бүрэн төлж дуусгана. Төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө” гэж заасан байна. Уг төлбөрийг төлж барагдуулах тухай Майнтех бластинг ХХК-д удаа дараа утсаар уулзаж, мөн албан бичгээр мэдэгдэж байсан. Хариуцагч М Б  ХХК нь 2020 оны Төмөртэй уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэлийн төлбөр, тэсрэх материал худалдсан болон тэсрэх бодисын агуулах түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2021 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар 994 185 092.29 төгрөг байгааг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №МТВ/МNJ2020/02 тоот “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний гүйцэтгэлийн төлбөрөөс гэрээний дагуу алдангийг тооцвол, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 1 590 888 484.58 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тусгасан. Иймд гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 994 185 092.29 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 497 092 546.15 төгрөг, нийт 1 491 277 638.44 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн МТБ-МНЖ-2020/02 гэрээний үлдэгдэл төлбөр болох 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн актаар 1 050 339 442.29 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар 994 185 092.29 төгрөг, үлдэгдэл алданги 497 092 546 15, нийт 1 491 277 638.44 төгрөг нэхэмжилсэн. Өнөөдрийн байдлаар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар үлдэгдэл төлбөр 297 185 092.29 төгрөг алданги болох 497 092 546.15 төгрөг, нийт 791 277 638 төгрөг нэхэмжилж байна. 2020.06.29-ний №МНЖ-МТБ-03 тоот, 2020.06.15-ны №МТБ-МКМ/04 тоот гэрээний үндсэн төлбөр дууссан болно.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх”, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Тэсрэх материал худалдах, худалдан авах гэрээ”, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Агуулах түрээслэх гэрээ”-г тус тус байгуулж ажилласан. Одоо шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний төлбөр 294 185 092 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Алданги 497 092 546 төгрөгийг нэхэмжилж байгаа, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний алданги нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд 1 590 888 484 төгрөг болсон. Тиймээс бид алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тал хувь болох 497 092 546 төгрөгийг л нэхэмжилсэн тул хариуцагчаас гэрээний үүрэгт болон алданги нийт 791 277 638 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эвлэрэх талаар холбогдох хүмүүстэй ярилцсан боловч шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон тул эвлэрэх боломжгүй гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М Б  ХХКнь 2020 оны 01 дүгээр сарын 24-нд байгуулсан МТВ/MNJ2020/02 тоот “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2020 оны 06 дугаар сарын 29-нд байгуулсан МНЖ-МТБ-03 тоот “Тэсрэх материал худалдах, худалдан авах гэрээ”, 2020 оны 06 дугаар сарын 15-нд байгуулсан МТБ-МКМ/04 тоот “Агуулах түрээслэх гэрээ”-г М ХХК-тай тус тус байгуулж 2020 оны туршид хамтран ажилласан. Манай компани нь захиалагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан АГ2020/03 тоот “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэхэд М ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр сонгож уг компанитай дээр дурдсан гэрээг байгуулсан. Захиалагч буюу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх үндсэн гэрээний дагуу туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлж, ажлын хөлсийг Захиалагчаас авч төлөх байдлаар бид хамтран ажилласан. Гэвч энэхүү авлагын төлбөрт Захиалагч талтай байгуулсан №АГ2020/03 тоот “Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.4-т заасан “Гэрээт ажлын төлбөрийг тооцоо нийлсэн актыг үндэслэж талууд харилцан тохиролцож Төмөртэй болон Төмөртолгойн уурхайн төмрийн хүдрийн баяжмалаар барагдуулж болно” гэсэн заалтын дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас ажпын хөлсний төлбөрт төмрийн хүдрийн баяжмал олгох бие даасан гэрээ байгуулах, гэрээгээр олгох төмрийн хүдрийн баяжмалыг тус үйлдвэрийн уурхайгаас өөрийн авто тээврээр татан авалт хийж Дархан өртөөнд тусгай талбай түрээслэн хадгалах, бартерын төлбөрт авсан төмрийн хүдрийн баяжмалыг төлбөрийн чадамжтай худалдан авагч олж борлуулалтын гэрээ байгуулах, төмөр замын экспортын вагон захиалах, гаалийн бүрдүүлэлтийг хийж, борлуулагчид хүргэх зэрэг олон шат дамжпагыг давж борлуулахад ковид-19 цар тахлын хорио цээрийн үеийн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас шалтгаалан цаг хугацаа алдсан нь манай компанийн санхүүгийн байдалд хүндрэл учруулсан. Дээрх шалтгаан болон ажил үйлчилгээний төлбөрийг цаг тухайд нь тооцож барагдуулаагүйгээс үүдэлтэйгээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар М Б  ХХКнь Захиалагч тал буюу “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-иас Тэсэлгээний ажил үйлчилгээний төлбөрийн 1 758 477 985.73 төгрөгийн авлагатай гарсан нь туслан гүйцэтгэгчийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулах боломжгүйд хүрэхэд нөлөөлсөн. М Б  ХХК нь туслан гүйцэтгэгчийн төлбөрийг барагдуулахыг чармайн ажиллаж тус компани шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн байдлаархи төлбөр болох 994 185 092.29 төгрөгийн төлбөрөөс дараах төлбөрийг төлж барагдуулсан. Үүнд төлбөр төлөлт:  2021 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар төлбөрийн үлдэгдэл 994 185 092.29 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 09-ний байдлаар 100 000 000 төгрөг төлсөн, төлбөрийн үлдэгдэл 894 185 092.29 төгрөг.  М ХХК шүүхэд төлбөрийн нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд дээрх төлбөрийг төлж барагдуулснаар манай компаниудын хоорондын тооцооны төлбөрийн үлдэгдэл 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 894 185 092.29 төгрөг болсныг талуудын санхүүгийн албаны “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-гаар баталгаажуулсан болно. Мөн хугацаанд М Б  ХХКнь 2021 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар Захиалагч буюу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас 1 468 631 949.07 төгрөгийн авлагатай байна. Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2021/05/27-ны өдрийн 21/209 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн 1 491 277 638.44 төгрөгийн дүнгээс 497 092 546,15 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болон нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд төлөгдсөн 100 000 000.00 төгрөгийн төлөлтийг хасаж нийт 894 185 092.29 төгрөгийн гэрээний үндсэн төлбөрийг хариуцагч тал дараах төлбөрийн хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцлоо. Үүнд: 2021 оны 08 дугаар сарын 03-ний өдөр 200 000 000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 173 546 270 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 173 546 270 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 173 546 270 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 173 546 282.29 төгрөг, нийт 894 185 092.29 төгрөг. Дээрх төлбөрийн хуваарийг талууд харилцан хүлээн зөвшөөрч “Эвлэрлийн гэрээ” байгуулахаар шийдвэрлэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан нь үнэн. Бид 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа юм. Миний хувьд М Б ХХК-ийн санхүү хариуцсан захирлаар ажилладаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж бид маргаагүй. 2017 оноос М ХХК-тай хамтраад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн орд уурхайд үйлчилгээ үзүүлж байсан. М ХХК 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс агуулах түрээслэх, худалдах худалдан авах нэмэлт 2 гэрээ нийт 3 гэрээ байгуулаад хамтран ажилласан. Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй хамтран ажиллаж байхад М ХХК тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, манай зүгээс санхүүгийн хувьд туслалцаа үзүүлж ажиллаж байсан. Өмнө нь бидний хооронд гэрээний маргаан гарч байгаагүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр Монгол улсдаа томоохон үйлдвэр байгаа. Төлбөр тооцооны хувьд хүндрэлгүй байдаг байсан боловч 2017 оны 06 дугаар сараас эхлэн 08 дугаар сар бүр төлбөр төлөгддөггүй байнгын төлбөрийн авлагатай байдаг болсон. Захиалагчтай байгуулсан гэрээний дагуу мөнгөн хөрөнгийн санхүүгээр хангаж амжилттай ажиллаж, Ч.А захиралтай тухай бүр ойлголцож байсан. 2019 оноос цар тахлаас улбаатай байдал хүнд байдалд орсон. Албан ёсны хорио цээр дууссаны дараа төлбөрийн асуудал авлага үйлчилгээний төлбөрийг шаардсан албан бичгийг хүлээн авсан. Бид байдал хэцүү байсан боловч Худалдах, худалдан авах гэрээ, Агуулах түрээслэх гэрээний үлдэгдлийг төлж барагдуулсан. Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөр л үлдсэн. Хамтарч ажиллаж, үйлчилгээ үзүүлж байсан захиалагч талаас төлбөрөө авч чадахгүй болсон. Хорио цээрийн дэглэм удаа дараа тогтоож санхүүгийн хүнд байдалд орсон. Нэхэмжлэгч талтай тогтмол сайн харилцаатай байсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт бэлэн мөнгө биш төмрийн хүдрийн баяжмал авахаар болж бартерийн гэрээгээр төлбөрөө авч байсан. Гэрээний үлдэгдэл төлбөр 294 185 092 төгрөгийг зөвшөөрч байгаа маргахгүй. 2021 оны 05 дугаар сарын 27-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн төлбөр 994 000 000 төгрөг, алданги 470 000 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ үед бид  нар төлбөрөө аваагүй, хэлэлцээр хийгдээд төлбөрөө бартераар авсан. Нэхэмжлэл гаргасан талаар мэдээгүй байсан бөгөөд нэхэмжлэл гардаж авахаас өмнө 150 000 000 төгрөг үүний дараа 50 000 000 төгрөг шилжүүлсэн. Үндсэн төлбөрөө төлөөд алдангийг төлөхгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулъя гэсэн 5 удаагийн албан бичгийг бид хүргүүлсэн. 3/2 хувийг төлөөд 294 185 092 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Бидний зүгээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч маань хоёр компаний нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг бүрэн төлвөл алдангиас татгалзах талаарх саналыг бидэнд танилцуулаагүй. Хурлын үеэр танилцуулсан бол шийдвэрлүүлэх боломжтой байсан. Өмнө төмрийн хүдэр борлуулж байсан 16 000 000 төгрөгийг манайх төлж барагдуулвал алдангиас татгалзана гэсэн байдлаар Ч.А захирал бид хоёр аман тохиролцоо хийсэн. Одоо үндсэн төлбөртэй маргахгүй, 4 жилийн хугацаанд хамтран ажилласан, үндсэн харилцагчаасаа мөнгөө авч чадахгүй байгаа нөхцөл байдлыг ойлгоод алдангиасаа татгалзвал 294 185 092 төгрөг, өмнөх маргааны үлдэгдэл 16 000 000 төгрөгийн хамт шүүх хуралдааны танхимд шууд шилжүүлээд маргаанаа эвийн журмаар шийдвэрлүүлэх саналтай байна. Алдангийг бол төлөх боломжгүй, улс орон даяар үүссэн цар тахал, бас авлагаа авч чадаагүй нөхцөл байдлыг харгалзан үзээд алдангиас татгалзвал үндсэн төлбөр дээрээ 16 000 000 төгрөгийг нэмж одоо төлөх саналыг гаргаж байна. Хэрэв алдангиас татгалзахгүй гэвэл бид алданги төлөхийг зөвшөөрөхгүй, өмгөөлөгч авч, нотлох баримт бүрдүүлмээр байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М Б ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг болон алдангид нийт 791 277 638 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч  М Б ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 294 185 092 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 497 092 546 төгрөг, нийт 791 277 638 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч М ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 294 185 092 төгрөгийг маргаангүйгээр төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч алданги 497 092 546 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, цар тахал болон бусдаас авлагаа авч чадаагүй нөхцөл байдлын улмаас төлөх боломжгүй байсан гэж маргасан. 

 

Нэхэмжлэгч М ХХК хариуцагч М Б  ХХК нар нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр №МТВ-МНЖ/04 тоот “Агуулах түрээслэх гэрээ”, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №МНЖ-МТБ-03 тоот “Тэсрэх материал худалдах, худалдан авах гэрээ”, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №МТВ-МНЖ/2020/02 тоот “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан Агуулах түрээслэх, Тэсрэх материал худалдах, худалдан авах, Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээнүүд, гэрээнүүдийн хавсралтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5-13-р хуудас/

Зохигч талууд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр №МТВ-МНЖ/04 тоот “Агуулах түрээслэх гэрээ”, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №МНЖ-МТБ-03 тоот “Тэсрэх материал худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийн төлбөр төлөгдсөн талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй, төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй байгаа тул төлбөрийн үлдэгдэл 294 185 092 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 497 092 546 төгрөг, нийт 791 277 638 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь төлбөрийн үлдэгдэл болох 294 185 092 төгрөгийг төлөхийг маргаагүйгээр хүлээн зөвшөөрсөн боловч алданги 497 092 546 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №МТВ/МНЖ 2020/02 тоот “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр ажил гүйцэтгэгч нэхэмжлэгч М ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших АТЗөвшөөрөл МҮ-013319 дугаартай Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайд тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, ажил гүйцэтгүүлэгч хариуцагч М Б  ХХКнь гэрээгээр тохирсон нөхцлийн дагуу төлбөр төлөхтэй холбогдох харилцааг зохицуулахаар харилцан тохиролцжээ.

“Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүүлэх гэрээ”-ний 1.4-д “гэрээний хугацаа 12 сар байна, гэрээ эхлэх хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, дуусах хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр” гэж заасан байх бөгөөд 5.4-д “гэрээт ажлын төлбөрийг гэрээнд заасан хугацаагаар бүрэн төлж дуусгана. Төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,3 хувийн алданги нэмж төлнө” гэж заажээ.

Зохигч “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан, уг гэрээний дагуу ажил үйлчилгээ үзүүлсэн талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй байсан болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэглийн баталгаа, гэрээний төлбөрийн алдангийн тооцоо гэсэн баримтуудаар нотлогдоно, шүүхэд нэхэмжлэл гаргахад нийт төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл нь 994 185 092,29 төгрөг байсан тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар буюу 497 092 546 төгрөгөөр тооцсон, үүргээ хугацаандаа гүйцэтгэх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэсэн.

Хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2021 оны 02 дугаар сарын 28-нд “...М Б  ХХКнь 1 044 185 092,29 төгрөгний өртэй гарсныг батлав”, 2021 оны 01 дүгээр сарын 31-нд “...1 048 953 772,29 төгрөгний өртэй гарсныг батлав”, 2021 оны 07 дугаар сарын 31-нд “...894 185 092,29 төгрөгний өртэй гарсныг харилцан батлав” гэж тооцоо нийлсэн байх бөгөөд М ХХК, М Б ХХК-ний хооронд байгуулсан гэрээний төлбөрийн алдангийн тооцоогоор  /2020.01.01-2021.03.10/ алданги тооцох дүн /төлбөрийн үлдэгдэл/ 1 048 953 772,29 төгрөг, тухайн сарын алданги 1 338 812 012,27 төгрөг, М ХХК, М Б ХХК-ний хооронд байгуулсан гэрээний төлбөрийн алдангийн тооцоогоор /2020.01.01-2021.05.31/ алданги тооцох дүн /төлбөрийн үлдэгдэл/ 994 185 092,29 төгрөг, тухайн сарын алданги 1 590 888 484,58 төгрөг” гэжээ. /хэргийн 14-р хуудас/

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 21/60 тоот мэдэгдэл, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 21/74 тоот мэдэгдлийг тус тус хүргүүлж байсан гэснийг хариуцагчийн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

Хариуцагчийн төлөөлөгч нь төлбөрийг хугацаандаа гүйцэтгэх боломжгүй байсан нь бусад байгууллагаас авлагаа авч чадаагүйтэй холбоотой гэж тайлбарлаад тайлбараа нотлохоор 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №АГ2020/03 тоот Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-тай байгуулсан тэсэлгээний ажлын гэрээ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-тай байгуулсан тооцооны үлдэгдлийн №06/30, №12/31 тоот баталгаа гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд улс орон даяар үүссэн цар тахалын улмаас үүргээ хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон гэсэн. /хэргийн 48-59-р хуудас/

Гэвч талууд “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүүлэх гэрээ”-ний 5.4-д үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд алданги тооцоход 1 590 888 484 төгрөг гэсэн нь үндэслэлгүй, талуудын хооронд байгуулсан “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 2.4-д “ажлын гүйцэтгэлийг тухайн сарын 01-ний өдрөөс 31-ний өдрөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлийг 2 талын баталгаажсан актыг дараа сарын 7-ны дотор үйлдэж, нэхэмжлэхийг хүргүүлэх, хүлээн авсан өдрөөс хойш сарын 10-аас 15-ны хооронд төлбөрийг барагдуулах” гэж зааснаар алдангийг тооцсон гэсэн боловч гэрээний 5.4-д гэрээт ажлын төлбөрийг гэрээнд заасан хугацаагаар бүрэн төлж дуусгана, төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээний хугацаа нь 12 сар буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дууссан байхад алдангийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс тооцсон нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн хэрэгт авагдсан М Б  ХХК-ний гэрээний төлбөрийн алдангийн тооцоо /2020.01.01-2021.05.31/ нийт авлагын үлдэгдэлд алданги тооцох дүн 994 185 092,29, тухайн сарын алданги 1 590 888 484,58 “ гэсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь төлбөрийн үлдэгдэл 994 185 092 төгрөгнөөс төлөлт хийж гэрээний төлөгдөөгүй төлбөр нь харилцагчийн дэлгэрэнгүй тайланд тусгагдсан /2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн/ 294 185 092,29 төгрөг буюу Тооцооны үлдэгдлийн баталгаа №12-д “...2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн “...№МТВ/МНЖ2020/02 тоот гэрээний үлдэгдэл төлбөр нийт 2021.11.30-ний байдлаар М Б  ХХКнь 294 185 092,29 төгрөгний өртэй гарсныг харилцан батлав” гэсэн байх тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 294 185 092,29 төгрөгөөр тооцохоор байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа төлбөрийн үлдэгдэл болох 294 185 092,29 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч эвлэрийн гэрээ байгуулж, төлөхөд татгалзахгүй гэсэн тул хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл 294 185 092,29 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул алдангийг хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 294 185 092.29 төгрөгний 50 хувиар буюу 147 092 546 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 294 185 092.29 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 147 092 546 төгрөг, нийт 441 277 638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 350 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад алдангийг зөвшөөрөхгүй тул өмгөөлөгч авч, нотлох баримт гаргаж өгнө гэсэн боловч хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д нь тус дүүргийн шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авч, мөн өдөр эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нь шүүх хуралдаанд эвлэрэх талаар хугацаа авах, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртлэх хугацаагаар хойшлуулсан, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь тайлбар өгөх, нэмэлт нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн хуульд заасан эрхээ хариуцагч нь өөрөө хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан хариуцагч М Б ХХК-иас гэрээний үүрэгт болон алдангид 441 277 638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 350 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 614 338 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М Б  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 364 338 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН