Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2231

 

Л.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01822 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Л.Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Г-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 16 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Х-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Л.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би О.Г-тай 2016 оны 10 дугаар сарын дундуур өөрийн Жигжидийн зусландаа 6х9 хэмжээтэй мансардтай 105 м.кв талбай бүхий орос дүнзэн байшинг 2017 оны 7 дугаар сард барьж дуусгахаар амаар ярилцаж тохирсон. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сууриа тавьж ажлаа эхлэе гэхэд 8 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 10-14 хоног Орос руу явж ирээд гэрээгээ албан ёсоор байгуулна, рублийн ханш нэмэгдэхээс өмнө дүнзэндээ явъя гэхэд нь 10 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг өгсөн. 2016 оны 10 сарын сүүлээр ид хүйтэн байхад тусгай бодис хийсэн гээд суурийг тавьсан. Гэтэл дутуу хийсэн суурь нь 2017 оны хавар цас хайлахад нурсан. Бид захиалгаа буцаах тухай 2016 оны 11 дүгээр сарын 15-нд түүнд хэлж, мөнгөө буцааж авахаа мэдэгдсэн, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг авсан. Үлдсэнийг нь удахгүй өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Анх хэлцлийг иргэн О.Г-тай хийж, түүнд мөнгө өгсөн. О.Г-ын компанийн талаар мэдэхгүй. Мөн олон ширхэг тоног төхөөрөмж барьцаалсан зүйл байхгүй. Өөрсдөө хоёр ширхэг шавар зуурагчаа хавар болтол байж байг гээд үлдээсэн, уг төхөөрөмжөө авч болно. Иймд О.Г-д өгсөн мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг хасаад, үлдэх 16 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Анх суурийн ажлыг 3 500 000 төгрөг болно гэж байсан учир суурийн ажлын хөлсөнд 4 000 000 төгрөг хасаад 12 000 000 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэжээ.

 

Хариуцагч О.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Х- нь 2016 оны 10 дугаар сарын дундуур Жигжид зуслан дахь өөрийн эзэмшил газарт “Нью Хаус Доктор" ХХК-тай тохиролцон орос дүнзээр амины орон сууц бариулахаар болсон. “Нью Хаус Доктор” ХХК-ийг би удирдан ажилладаг бөгөөд манай компани нь ОХУ-ын “Черемхово Дома Сибири” ХХК-тай хамтран ажиллаж, орос дүнзэн байшингийн түүхий эд орос дүнзийг ОХУ-аас захиалан авдаг. Нэхэмжлэгч Л.Х- нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүнзэн байшингийн ажлын хөлсөнд урьдчилан 8 000 000 төгрөг өгсөн. Иймд манай компани ОХУ-ын "Черемхово Дома Сибири” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулан 420 000 рубль буюу 16 800 000 төгрөгийн үнэ бүхий 26-ын диаметртэй 35 м.куб бэлдэц дүнзийг захиалсан. Мөн амины орон сууцны суурь болох арматурчилсан шугаман суурьтай 40 м.куб бетон цутгалтын ажлыг эхлүүлсэн. Дүнзний урьдчилгаа төлөх болсон тул Л.Х-гоос 2016 оны 11 дүгээр зарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг авч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 205 000 рубль буюу 8 200 000 төгрөгийг “Черемхово Дома Сибири” ХХК руу шилжүүлсэн. Суурийн ажлыг 14 хоног хийж, Мэргэжлийн хяналтын газраас дүнз импортлох зөвшөөрөл хүлээж байх зуур Л.Х- бидэнтэй тохирсон ажлаа хийлгэхгүй гэж хэл амаар доромжлон 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед ажлыг болиулсан. Тухайн үед Л.Х- нь миний таньдаг хүний шугамаар холбогдож харилцан ярилцаж ажлаа эхлүүлсэн тул бид буюу “Нью хаус Доктор” ХХК хооронд бичгээр гэрээ байгуулаагүй. Л.Х-гоос мөнгийг компанийн санхүүгийн баримтаар хүлээн авсан бөгөөд би иргэний хувиар биш харин компаниа төлөөлж оролцсон. Мөн гэрээнд гарын үсэг зураагүй ч төслийг нь өгсөн. Мэргэжлийн хяналтын газрын дүнз импортлох мэдэгдэл нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гарч, нэгэнт захиалсан дүнзийг буцаах талаар Оросын талтай үл ойлголцол гарч бидэнд хохирол учирсан. 2017 оны 4 дүгээр сард ОХУ-ын “Черемхово Дома Сибири” ХХК-аас 2 000 000 төгрөгийг хүлээн авч Л.Х-д буцаан өгсөн. Үлдэх 6 200 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан аваагүй.

Анх 2 давхар 105 м.кв талбайтай дүнзэн байшинг 1 м.кв-ыг 800 000 төгрөгөөр тооцон нийт 80 000 000 төгрөгөөр 2017 оны 7 дугаар сард барьж дуусгахаар тохирч, үүнээс суурийн ажил 3 500 000 төгрөг байх, хэрэв газар далий бол үнэ нэмэгдэхийг хэлсэн. Газар дээр нь очиход газар их өндөрлөг байсан учир суурийн ажлын зардал өсөхийг хэлж, техник очиход хүндрэлтэй байсан тул бетон зуурагч, пум түрээслэсэн.

Манай компани Л.Х-гийн амины орон сууцны суурийн ажилд 40 м.куб бетон зуурмагт 4 800 000 төгрөг, пумны түрээсэнд 700 000 төгрөг, бетон зуурагчийн түрээсэнд 300 000 төгрөг, арматур, хомд 400 000 төгрөг, ажлын хөлсөнд 1 200 000 төгрөг, эксковатор суурийн газар шорооны ажилд 150 000 төгрөг, хоол хүнс тээврийн зардалд 300 000 төгрөг, нийт 7 850 000 төгрөг зарцуулсан. Мөн Л.Х- нь 2 500 000 төгрөгийн үнэ бүхий том бетон зуурагч 1 ширхэг, тус бүрдээ 800 000 төгрөгийн үнэ бүхий жижиг бетон зуурагч 2 ширхэг, тус бүр нь 100 000 төгрөгийн үнэ бүхий шаврын тэрэг 3 ширхэгийг барьцаалан авч үлдсэн. Барьцаанд авсан техник тоног төхөөрөмжийн үнэ 4 400 000 төгрөг болно. Үүнээс том бетон зуурагч нь иргэн Б.Гантулгын өмч бөгөөд буцаан өгч чадаагүй тул үнийг төлсөн. Суурийг шаардлага хангаагүй гэж байгаа ч өөрсдөө уг суурийг ашиглан байшингаа барьсан. Иймд Л.Х- нь иргэний хувиар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин компанийн зүгээс 6 000 000 төгрөгийг төлөх саналтай байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар О.Г-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Х-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Х- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагчид ашигтайгаар буруу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би нэхэмжлэлийн шаардлагаа хувь хүн О.Г-д холбогдуулан гаргасан. Учир нь анхнаасаа ямарч байгууллага биш хувь хүн О.Г- над дээр ирж би бариад өгье гэж гуйснаар амины орон сууц бариулах ажил гүйцэтгүүлэхээр амаар хэлцэл хийж, урьдчилгаа 18 000 000 төгрөг өгч О.Г-тай иргэний эрх зүйн харилцаанд орсон. О.Г-аас гэрээ байгуулахыг шаардахад гэрээний төслийг та харж бай, удахгүй тохиролцоод нөхөөд гэрээ байгуулна гэсэн. Уг төсөлд "Нью хаус доктор" ХХК гэснийг аж ахуй нэгж байгууллагаар хэлцэл хийсэн гэж шүүх дүгнэсэн нь буруу. Би гэрээгээ нотариат орж байгуулахыг шаардсан боловч О.Г- уулзахгүй, утсаа авахгүй байсаар гэрээг албан ёсоор байгуулаагүй. Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 8 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг өгөхдөө О.Г-аар гарын үсэг зуруулж авсан бөгөөд нотариат орж баталгаажуулъя гэхэд О.Г- “энэ хангалттай удахгүй албажуулаад нотариат орно” гэхээр нь итгэж, чи тэгвэл ямар нэгэн өөрийн албан ёсны тамга ч гэсэн дарчих гэсэнд энэхүү санхүүгийн тамгыг дарсан. Анхнаасаа О.Г-тай иргэний эрх зүйн харилцаанд орсон болохоос ямар ч аж ахуй нэгж байгууллагатай харилцаагүй. Тодруулбал манай ажлыг хийлгэхээр авч ирсэн ажилчид нь "Нью хаус доктор' ХХК-ийн ажилчид биш 100 айл дээр зогсдог хөлсний ажилчид байсан бөгөөд байшингийн суурийн цутгалтыг чанаргүй хийчихээд, О.Г- бидэнд мөнгөө өгөхгүй байна гээд хаяад явсан.

Би ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй, харин өөрт учирсан хохирол болох 16 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүх хэт нэг талыг барьж хариуцагчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн. Мөн хариуцагч нь шүүх хуралдаанд бид хэлцэл хийж мөнгө авсан нь үнэн, гэхдээ ажлын гүйцэтгэл дээр маргаж байна, нэхэмжлэгчид 6 000 000 төгрөг өгөхөд бэлэн гэснийг буруугаар тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Л.Х- нь хариуцагч О.Г-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 16 000 00 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “нэхэмжлэгчтэй хуулийн этгээдийг төлөөлөх эрхийн хүрээнд гэрээ байгуулсан, иргэд хооронд гэрээ байгуулаагүй учир хариуцахгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

            Зохигчдын тайлбараар Л.Х-, О.Г-тай өөрийн эзэмшлийн зуслангийн газар дээр амины орон сууц бариулахаар амаар тохиролцон, гэрээний урьдчилгаанд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 8 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг О.Г-д хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулсан үйл баримт тогтоогдож байна. /хх-1, 6, 18, дахь тал/ Хариуцагч уг үйл баримтын талаар маргаангүй, харин уг мөнгийг “Нью хаус доктор” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарж авсан учир нэхэмжлэгч компанийн өмнөөс гэрээ байгуулсан гэж маргадаг.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “талуудын мөнгө хүлээлцсэн тухай” бичгийн баримтаас үзвэл хариуцагч О.Г- гэрээний урьдчилгаа 8 000 000 төгрөг хүлээн авсан уг баримтад гарын үсгээ зурсан байх бөгөөд “Нью хаус доктор” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарсан байгаа нь түүнийг хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан гэж эргэлзээгүй дүгнэх баримт биш юм. Хэрэгт “Нью хаус доктор” ХХК нь Л.Х- гэрээ байгуулсан гэж үзэх өөр баримт авагдаагүй болно. /хх-6 дахь тал/

Иймээс нэхэмжлэгч Л.Х-, хариуцагч О.Г- нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул талуудын хэн аль гэрээний үүрэг, гэрээ цуцлагдсаны үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлон, иргэн, хуулийн этгээдийн хооронд гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журамд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Л.Х- нь хариуцагчийг “... Орос руу дүнзэнд явна гэж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг авсан атлаа 20-ны өдөр гэхэд яваагүй байсан ..., ... суурийн цутгалтыг чанаргүй хийсэн ...” гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан, мөн хариуцагч О.Г- нэхэмжлэгчийн данс руу 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг буцаан шилжүүлсэн үйл баримт тэдгээрийн тайлбар, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-1-2, 7, 100-101 дэх тал/

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй учир зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч буюу хариуцагч О.Г-ын гэрээ цуцлах хүртэл хугацаанд хийсэн ажлын хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Зохигчид гэрээ цуцлах хүртэл хугацаанд хийгдсэн суурийн цутгалтын ажлын хөлсний хэмжээний талаар маргаж, хариуцагч О.Г- нь 7 850 000 төгрөгийн өртөг бүхий барилгын материал, зардлаар суурийн цутгалтын ажлыг хийсэн гэж мэтгэлцэн, шүүхэд “Жигжидийн амины орон сууцны барилгын ажлын тооцоо” гэх баримтыг гаргаж өгсөн боловч уг тооцооллыг баримтад зааж буй зардал, бараа материалыг худалдан авахад болон цалин хөлс олгоход гаргасан тухай баримт шүүхэд гаргаж өгөөгүй учир уг баримтыг үндэслэн ажлын хөлсний хэмжээг үнэн зөв, эргэлзээгүй нотлогдсон гэж үнэлэх боломжгүй юм. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар нь өөрөө нотолгооны хэрэгсэл болдог. Зохигчдын хэн аль нь суурийн цутгалтын ажлыг 3 500 000 төгрөг байхаар анх тохиролцсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд суурийн цутгалтыг 4 000 000 төгрөгөөр тооцох боломжтой гэж тайлбарласан тул давж заалдах шатны шүүх уг нотлох баримтад тулгуурлан хариуцагчийн хийсэн ажлын хөлсийг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. /хх-101-103 дахь тал/

Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Г-аас 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01822 дугаар шийдвэрийн  Тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Г-аас 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай”  гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Г-аас  206 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Х-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 960 төгрөгийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Ч.ЦЭНД