| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2018/01709/и |
| Дугаар | 2233 |
| Огноо | 2018-11-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2233
Д.У-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/01774 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Л.Б-од холбогдох
Өмчлөлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.У-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч Д.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ц.*******аас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 4 дүгээр гудамж, ******* тоот 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 64 м.кв байшинтай газрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулан авч, өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн 1285 м.кв газар, хашаа нь урагш шахсан хашаа буюу нийтийн эзэмшлийн газар байсан болохоор улс авсан байх. Хариуцагчийн гаргасан 2010 оны газрын зургийг мэдэхгүй, 19 дүгээр хороонд 194 тоот хаяг байхгүй. Намайг анх энэ газар, байшинг худалдаж авахад газрын албанаас гаргаж өгсөн кадастрын зураг дээр миний авсан байшингаас өөр ямар ч байшин байгаагүй. Улсаас гаргасан кадастрын зурагт итгэж газар, байшинг худалдаж авсан. Одоо миний газрын ихэнх хэсгийг эзэлж авчихаад ашиглах боломж олгохгүй байна. Миний газар дээрх байшин давхцсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Л.Б- нь миний газрын тал дээр байшин барьж амьдарч байгаа учраас миний өмчлөлийн газрыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Б- нь Чингэлтэй дүүргийн, 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамж, 194 тоотод 513,4 м.кв талбайтай газарт өөрийн амины орон сууцанд 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* тоот хаягт байрлах Ү-******* улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газар, амины орон сууцыг 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ц.******* нь худалдах-худалдан авах гэрээгээр Д.У-т шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь хариуцагч Л.Б-ын амьдарч буй газраас тусдаа бөгөөд түүний эзэмшлийн газарт хамаарахгүй болох нь “*******” ХХК, “*******” ХХК-ийн үйлдсэн кадастрын зургуудаас тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл 2012 онд хийсэн дээрх 2 компанийн зургаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын эзэмшиж байгаа нийт талбай нь 1285 м.кв болдог. Үүнээс харахад Л.Б-ын амьдарч буй газар нь Д.У-ын газартай давхцаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрх бүхий 2 компаниар хийлгэсэн 2010 оны кадастрын зураг хуулийн шаардлага хангасан. Талууд газрын нийт хэмжээ 1285 м.кв талаар маргаагүй. Л.Б-ын хувьд уг газартаа гэрчилгээ аваагүй, байшин нь ч гэрчилгээгүй, өөрийн эзэмшлийн газар гэсэн нотлох бичиг баримт байхгүй. Учир нь анх кадастрын зураг хийж байх үед буруу хийгдсэн тул талууд аль аль талаа ойлголцоод асуудлыг шийдэх боломжтой гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-ын нэр дээр өмчлөх эрхийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын ******* тоот хаягт байрлалтай, нэгж талбарын ******* дугаартай, 432,05 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Л.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс 267,95 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Ц.******* 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилт 3 гудамжны ******* тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй 700 м.кв газар, уг газарт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 64 м.кв талбайтай хувийн сууцыг нэхэмжлэгч Д.У-т худалдсан. Талуудын худалдсан гэх 700 м.кв талбай нь түүний зэргэлдээ байрлах Л.Б-ын амины орон сууц байрлаж байгаа 520 м.кв талбайгаас тусдаа болох нь хариуцагчийн гаргасан "*******" ХХК, "*******" ХХК-иудын хийсэн кадастрын зургаас харагдана. Эдгээр зургууд нь Д.У-т тухайн газрыг зарахаас өмнөх үед хийгдсэн ба дээрх нөхцөл байдлыг гэрч Ц.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр баталдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг хариуцагчийн татгалзлыг нотлох үндэслэл болохгүй байна гэж үзсэн. Эндээс харахад шүү хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч Д.У- нь хариуцагч Л.Б-од холбогдуулан өмчлөлийн газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...194 тоотод 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд уг газар нь Д.У-ын өмчлөлийн ******* тоотод байрлах газартай давхцаагүй...” гэж тайлбарлан, маргажээ.
Нэхэмжлэгч Д.У- нь 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Ц.*******аас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны ******* /хуучнаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, *******/ тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв газрыг улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 64 м.кв талбай бүхий хувийн сууцны хамт худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээнүүд, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-4-8 дахь тал/
Дээрх үйл баримтад зохигчид маргаангүй, харин хариуцагч тал өөрийн эзэмшиж буй газар нь нэхэмжлэгчийн газартай давхцаагүй гэж марган шүүхэд “*******” ХХК, “*******” ХХК-уудын хийсэн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн кадастрын зураглалыг нотлох баримтаар гаргаж өгчээ. /хх-16, 18, 20 дахь тал/ Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, гэрч Ц.*******ийн эзэмшиж буй 4-******* тоотод байрлах газрын талбайн хэмжээг 699.2 м.кв-аар, иргэн Л.*******ын эзэмшиж буй 4-194 тоотод байрлах газрын талбайн хэмжээг 513.4 м.кв-аар тогтоосон байх боловч иргэн Л.*******ын эзэмшиж буй газрын кадастрын зураглал нь хариуцагч Л.Б-ын газрын өмчлөх эрхийг нотлохгүй юм.
Хэдийгээр хариуцагч нь 1997 оноос хойш маргааны зүйл болох газрыг эзэмшиж байгаа нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа ч уг газартаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар кадастрын зураг хийлгэж, эзэмшил газрынхаа заагийг тэмдэгжүүлж, уг газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлэх үүргээ биелүүлээгүйгээс түүний эзэмшиж буй 194 тоот газар нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. /хх-46 дахь тал/
Түүнчлэн уг газраа мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан журмын дагуу дүүргийн Засаг даргад хүсэлт гарган, хууль ёсоор өмчилж аваагүй байх тул түүнийг шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй.
Мөн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/93 тоот “...Л.Б-ын хашаалан эзэмшиж буй 73.36 м.кв талбай бүхий байшинтай 432.05 м.кв газар нь нэхэмжлэгч Д.У-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газартай байршлын хувьд бүрэн давхцалтай байна” гэх дүгнэлтээр хариуцагчийн “...нэхэмжлэгчийн газартай давхцаагүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /хх-45-53 дахь тал/
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Л.Б-ын хууль бус эзэмшлээс Д.У-ын өмчлөлийн 432.05 м.кв талбай бүхий газрыг чөлөөлсөн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/01774 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ч.ЦЭНД