Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00995

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00995

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: СББСБ ХХК 

 

Хариуцагч: Э

 

Нэхэмжлэлийн шаардлага: 27,354,706 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б

хариуцагч О.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч О.Э-өөс 27,354,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр С ХХК нь хариуцагч О.Э-ийн хүсэлтийг үндэслэж түүнтэй №848 тоот зээлийн гэрээ байгуулсан. Талууд гэрээний хугацааг 12 сар, зээлийн дүнг 18,486,000 төгрөг, сарын 2 хувийн хүүтэй байхаар харилцан тохирсон. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа О.Э хугацаа сунгуулах хүсэлт гаргасан учир гэрээний хугацааг 2014 оны 3 дугаар сарын 15 хүртэл сунгасан. Улмаар 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилж байгаа. Тодруулбал, хариуцагчаас дараах зүйлсийг нэхэмжилж шүүхэд хандсан. Үүнд:

1/ Үндсэн зээл 18,486,000 төгрөг;

2/ Зээлийн хүү 7,480,828 төгрөг;

3/ Нэмэгдүүлсэн хүү 1,496,166 төгрөг;

4/ Зээлийн сунгалтын төлбөр 73,280 төгрөг, нийт 27,428,286 төгрөг. Гэвч бид зээлийн сунгалтын төлбөр 73,280 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзаад үлдэх 27,354,706 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагчийн эрүүл мэндийн шалтгааныг харгалзаж чөлөөлсөн болохыг энд дурдмаар байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. С ББСБ ХХК-тай гэрээ байгуулж, гарын үсэг зурсан нь үнэн. Гэвч үндсэн нэхэмжлэгч нь ББСБ биш харин С ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, эзэн болох С.О-нийг гэж бодож байна. Энэ хүнтэй би 24 жил нөхөрлөсөн. Бидний хооронд 10,000,000 төгрөгийн өр авлага үүссэн явдал бий. С.Онэ 3 жил зарж чадаагүй бараагаа намайг 15,000,000 төгрөгөөр зарж өг гэсэн. Би уг барааг 25,000,000 төгрөгөөр зарсан, үлдэх 10,000,000 төгрөг нь надад байсан. Үүний дараа тэрээр ...ББСБ-ын бүртгэлтэй болгоё гэхэд нь би зөвшөөрч гарын үсгээ зурсан. Үүнээс үүдэж бидний хооронд маргаан үүсээд явж байна. Би С.О-нэтэй асуудалтай байгаа болохоос С ББСБ ХХК-тай асуудалгүй. Би энэ хүнд С.О-нэд удаа дараа тусалж, олон үнэтэй хувь нэмэр оруулж байсан атал намайг ингэж 2 жил хохироож байна. Цаашлаад гэрээний зүйлийг бодитоор шилжүүлсэн өгсөн эсэх талаар шүүхээс дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байна. С.О-нийн зүгээс хүнд ийм байдлаар бэлэглэлийн журмаар ч юм уу өгчихөөд дараа нь шүүхэд өгдөг асуудал бий. Үүнтэй холбоотой асуудал нь Дээд шүүхээр шийдэгдэж дууссан. Ерөнхийдөө хүнд зүгээр өгсөн мөнгөө дараа нь шүүхээр нэхэмжилж явдаг зантай хүн. Үүнийг нь би маш сайн мэднэ. С.О-нийн зүгээс эдгээр баримтуудыг дараа нь шүүхэд ийм асуудал үүсгэхээр бүрдүүлж авсан нь харагддаг. Нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд заасан гэрээний шаардлага гаргах 3 жилийн хугацааг өнгөрөөсөн. Улсын Дээд шүүхийн тогтоолоос хойш нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд нь бүгд нэг талын баримт. Иймд уг сунгасан гэх зээлийн гэрээ хууль зөрчсөн тул тухайн гэрээг сунгагдаагүй гэж үзэж байгаа. Иймд зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гарган өгсөн. Үүнд: С ББСБ ХХК-ийн гэрчилгээ /хх3/, С ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 4, 103-105, 124-126/, 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №848 тоот зээлийн гэрээ /хх5/, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2014/15 дугаар зээлийн гэрээний сунгалт /хх6/, зарлагын мэдүүлэг /хх7/, 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн О.Э-н зээл хүсэх тухай баримт /хх8/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 9/, дансны хуулга /хх 106, 107, 127, 130-132/, зээлийн гэрээний сунгалт /хх108/, зээлдэгчийн талаарх мэдээлэл /хх128/.

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гарган өгсөн. Үүнд: Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх29/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

С ББСБ ХХК болон О.Э нар 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр №848 тоот Зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр сарын 2.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, ...хэрэглээний зээл зориулалтаар 18,486,000 төгрөгийн зээлийг С ББСБ ХХК-иас О.Э-д олгохоор харилцан тохирсон байна.

 

Харин 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2014/15 дугаар зээлийн гэрээний сунгалт гэх баримтыг талууд үйлджээ. Уг баримтаар №848 тоот гэрээний хугацааг 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилээр 1 удаа, 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 6 сараар 1 удаа сунгасан байна. Ингэхдээ 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн хуримтлагдсан хүүг 5,141,311 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 898,860 төгрөг, зээлийн үлдэгдэл дүнг 24,526,171 төгрөг, зээлийн хугацаа дууссан шимтгэлийг 73,580 төгрөг гэж тус тус тэмдэглэн үлдээжээ.

 

2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч О.Эд холбогдуулж үндсэн зээл 18,486,000 төгрөг, зээлийн хүү 7,480,828 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,496,166 төгрөг, зээлийн сунгалтын төлбөр 73,280 төгрөг, нийт 27,428,286 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс зээлийн сунгалтын төлбөр 73,280 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсан ба үлдэх 27,354,706 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

 

Хариуцагч нь ...зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, ...гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

 

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

С ББСБ ХХК болон О.Э нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан №848 тоот зээлийн гэрээний хугацаа 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дууссан байна. 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2014/15 дугаар зээлийн гэрээний сунгалтаар №848 тоот гэрээний хугацааг ...2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан гэж дүгнэх нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж заасантай нийцэхгүй.

 

Харин бичгээр үйлдсэн дээрх баримтаар хариуцагчийн төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар түр зогссон байна.

 

Аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зохицуулсан ба нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байна. Иймд хариуцагч буюу зээлийн гэрээний төлбөр төлөгч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар зээлийн төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй тул хариуцагч О.Эгөөс 27,354,706 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Э-гөөс зээлийн гэрээний үүрэгт 27,354,706 төгрөг гаргуулах тухай С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,091.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ