Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/01374

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03224 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 240 дүгээр магадлалтай,

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

О.Э-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 27,428,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баярцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК-г төлөөлөн С.Баярцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Эрдэнэ-Өлзий нь 2012.3.15-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүссэн өргөдөл гаргаж, 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа О.Эрдэнэ-Өлзий хугацаа сунгуулах хүсэлт гаргасан. 2014.9.15-ны өдрөөр тасалбар болгож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилсэн. Үүнээс: Үндсэн зээл 18,486,000 төгрөг, зээлийн хүү 7,480,828 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,496,166 төгрөг, зээлийн сунгалтын төлбөр 73,280 төгрөг, нийт 27,428,286 төгрөгийг хариуцагч О.Эрдэнэ-Өлзийгөөс гаргуулж өгнө үү. 2014.9.15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагчийн эрүүл мэндийн шалтгааныг харгалзаж чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч О.Эрдэнэ-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Стар кредит ББСБ ХХК-иас аливаа хэлбэрээр 18,486,000 төгрөгийг зээлж аваагүй бөгөөд зээлж авах хүсэл эрмэлзэл байгаагүй. Учир нь Стар кредит ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Сандагийн Од-Эрдэнээс түүний складанд байсан телевизийн зарагдаагүй олон жил болсон сэлбэгийг зарж өгсөн бөгөөд ийнхүү зарсан сэлбэгнээс орж ирсэн мөнгөнөөс 2008 онд 10 сая төгрөг зээлж авсан. С.Од-Эрдэнэ нь энэхүү 10 сая төгрөгийг өөрийн үүсгэн байгуулсан Стар кредит ББСБ ХХК-ийн оффис болох Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Зуун билэг дунд сургуулийн 2 давхарт надтай хамт сууж манай ББСБ-аас авсан болгоод зээл хүссэн өргөдөл, зээлийн гэрээ байгуулчих, хэн хэндээ амар гэсний дагуу түүний хүссэнээр хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл хүссэн өргөдөл, кассын зарлагын баримтууд дээр гарын үсэг зурж өгсөн бөгөөд энэхүү үйл байдлыг гэрчлэх хүмүүс байгаа болно. Миний бие С.Од-Эрдэнэтэй 1996 оноос хойш сайн найзуудын хэмжээнд байсан, түүнээс авч хэрэглэсэн 10 сая төгрөгийг эргэн төлнө гэсэн чин хүсэлтэй байсан учраас түүний хүссэн баримт бичгүүдэд гарын үсэг зурдаг байсан юм. ...С.Од-Эрдэнээс авсан 10 сая төгрөгийн зээлийг төлж дуусгасан гэж миний бие үзэж байгаа, мөн нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК-иас аливаа байдлаар зээл аваагүй тул энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Стар кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03224 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалтыг баримтлан хариуцагч О.Эрдэнэ-Өлзийгөөс зээлийн гэрээний үүрэгт 27,428,286 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,091 төгрөг 43 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 240 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03224 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч О.Эрдэнэ-Өлзийгөөс зээлийн гэрээний үүрэгт 15,989,512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,438,774 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,091.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эрдэнэ-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамжид 237,898 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК-иас төлсөн 295,091.43 төгрөгийн 237,898 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Стар кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Эрдэнэ-Өлзийд холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас доорх үндэслэлээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 240 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч О.Эрдэнэ- Өлзийгөөс 15,989,512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.9 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж дүгнэсэн хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэхээр байна. Талуудын хооронд 2012.3.15-ны өдөр зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа 2013.3.15-ны өдөр дуусах бөгөөд уг зээлийн гэрээг 2013.3.16-ны өдөр сунгах атал 2014.7.08-ны өдөр зээлийн гэрээг сунгаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс 2014.3.27-ны өдөр тодорхой хэмжээний төлбөр төлсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд зээлдэгч үүнийг няцааж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд О.Эрдэнэ-Өлзийгийн зүгээс аливаа байдлаар зээлийн төлбөр төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон зээлийн тооцоолол гэх баримтанд үндэслэн хариуцагчийг төлбөр төлсөн гэх үзэж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Хэрэв хариуцагч нь дээр дурдсанаар 2014.3.27-ны өдөр тодорхой хэмжээний төлбөр төлсөн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэж байгаа бол мөн өдрөөс хойш нэхэмжлэгч нь аливаа байдлаар зээлийн гэрээний үүрэг шаардаж байсан тухай үйл баримт аливаа баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 240 дугаартай магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК нь ...О.Эрдэнэ-Өлзий 2012.3.15-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагад зээл хүссэн өргөдөл гаргаж, 18,486,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлж авсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй... гэж марган, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 27,428,286 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч О.Эрдэнэ-Өлзий нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Миний бие Стар кредит ББСБ ХХК-иас 18,486,000 төгрөгийн зээл аваагүй. ...тус ББСБ-ын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч С.Од-Эрдэнийн складанд олон жил зарагдахгүй байсан телевизорын сэлбэгийг зарж өгсөн бөгөөд зарсан сэлбэгийн мөнгөнөөс 2008 онд 10 сая төгрөг зээлж авсан. ...С.Од-Эрдэнэ нь ...манай ББСБ-аас зээл авсан болгоод ...зээлийн гэрээ байгуулчих, хэн хэндээ амар гэсний дагуу зээлийн гэрээ байгуулж, зээл хүссэн өргөдөл, кассын зарлагын баримт зэрэгт гарын үсэг зурж өгсөн. ...С.Од-Эрдэнээс авсан 10 сая төгрөгийн зээлийг төлж дуусгасан гэж үзэж байгаа... гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад шүүхүүд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

 

Хариуцагч О.Эрдэнэ-Өлзий нь Стар кредит ББСБ ХХК-иас 2012.3.15-ны өдөр 18,486,000 төгрөгийн зээл аваагүй. ...С.Од-Эрдэнээс 2008 онд 10,000,000 төгрөг зээлсэн гэж маргасан, шүүх Стар кредит ББСБ ХХК болон О.Эрдэнэ-Өлзий нарын хооронд 2012.02.15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгө /18.486.000 төгрөг/-ийг хуульд заасан журмын дагуу зээлдэгчид шилжүүлсэн эсэх, зээл олгох хүсэлтийг хэн гаргасан, мөнгө хүлээн авсан баримт болох зарлагын мэдүүлэг, зээлийн гэрээний сунгалт гэх баримтууд болон хариуцагчийн зээл төлсөн төлбөрийн үндэслэлд дүгнэлт хийж, тэдгээр баримтуудыг үнэлэх шаардлагатай байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 75 дугар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заажээ. Мөн, энэ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус хуульчилсан.

 

Нэхэмжлэгч нь 2012 оноос хойш зээлийн төлбөрийг нэхэмжлэхэд, хариуцагч төлбөр төлөх хугацааг сунгаж өгөхийг хүсч удаа дараа хүсэлт гаргасан гэж тайлбарласан, гэвч хэрэгт нэхэмжлэгч зээлийн төлбөрийг нэхэмжилж, хариуцагч төлбөр төлөхийг зөвшөөрч, хугацаа сунгах хүсэлтүүд гаргасан талаарх болон хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэлтэй холбоотой баримтууд бүрэн авагдаагүй байхад анхан шатны шүүх гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж, давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл зохигч зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар мэтгэлцээгүй /мэтгэлцсэн талаарх баримт хэрэгт байхгүй/ байтал шүүхүүд дээрх байдлаар хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, зохигчийн бүрдүүлсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03224 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 240 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2020/03361 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА