Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 240

 

 

 

 

 

 

 

 

 

 “С К ББСБ”  ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03224 дугаар шийдвэртэй, “С К ББСБ”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 27 428 286 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баярцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр О.Э-гийн зээл хүссэн өргөдлийн дагуу 18 486 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж, гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусч, зээлдэгчийн хүсэлтээр хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Үүнээс хойш хугацааны гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл 18 486 000 төгрөг, хүү 7 480 828 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 496 166 төгрөг, зээлийн сунгалтын төлбөр 73 280 төгрөг, нийт                              27 428 286 төгрөгийг О.Э-гөөс гаргуулж өгнө үү. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгчийн эрүүл мэндийн шалтгааныг харгалзаж чөлөөлсөн гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: 2012 оны 3 дугаар сард нэхэмжлэгч байгууллагын захирлаас 10 000 000 төгрөгийн үнэ бүхий бараа материал авсан. Мөнгөн хөрөнгө зээлээгүй. Байгуулсан гэх зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн. Төлөх ёстой төлбөрийг  төлсөн. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ёстой. Бодитоор мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв шүүх зээл авсан гэж үзэхээр бол хариуцагчийг хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгийг харгалзаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулах боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан хариуцагч О.Э-гөөс зээлийн гэрээний үүрэгт 27 428 286 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “С К ББСБ”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 091.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй.

Зээлдэгчийн зээлийн данс гэж зээл олголтыг хүлээн авах харилцах данс байдаг бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн харилцах данс нээх эрхгүй ба боломжгүй. Энэ талаар Банк  бус  санхүүгийн  үйл  ажиллагааны   тухай   хуулийн   7  дугаар  зүйлийн   7.1, 12 дутаар зүйлийн 12.1, 12.1.1-т заасан. Иймд банк бус санхүүгийн байгууллага нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэхдээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.2-т тус тус заасны дагуу зээлийг бэлнээр олгосон. Мөнгө бэлнээр хүлээн авсан гарын үсэгтэй баримт байгаа болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгчийн хувийн хэргийн бүрдүүлбэр бүрэн хангалттай бүрдсэн. Мөн шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй тул үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүсэхгүй. Зээлдэгч О.Э- шүүх хуралдаан дээр зээл авсанаа хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөх талаар мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Зээлдэгч О.Э-д 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 18 486 000 төгрөгийг бэлэн олгосноор бүртгэлийн зээлийн данс нээж, зээлийн тухай мэдээлэл нь Монгол банкны мэдээллийн санд орсон. 2012 оны 4 дүгээр сарын 18, 2012 оны 5 дугаар сарын 16, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус бүр 369 720 төгрөг, мөн 813 384 төгрөгийн, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 443 664 төгрөгийн, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4 066 920 төгрөгийг, 2014 онд 500 000 төгрөг, нийт 7 удаагийн гүйлгээгээр зээл төлсөн. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Э-гээс 27 428 286 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “С К ББСБ”  ХХК нь хариуцагч О.Э-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 27 428 286 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 848 дугаар зээлийн гэрээгээр, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч О.Э-д 18 486 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэх, хариуцагч зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх5/ Улмаар 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2014/15 дугаар зээлийн гэрээний сунгалт гэх баримтыг талууд үйлдэж, гэрээний хугацааг 1 жилээр 1 удаа, 6 сараар 1 удаа тус тус сунгаж, энэ өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18 486 000 төгрөг, хуримтлагдсан хүү 5 141 311 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 898 860 төгрөг, нийт 24 526 171 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сарын 3,5 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх5,6/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлж, энэ талаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх баримтыг гаргаагүй байна. Хэрэгт Санхүүгийн зохицуулах хорооны 1/92 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гэх баримт авагдсан боловч үүгээр нэхэмжлэгч байгууллагад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгожээ. /хх4/

 

Дээрхээс үзвэл, талууд 2012 онд зээлийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь хуульд заасан эрх бүхий хуулийн этгээдийн хувьд зохих журмын дагуу үйлчилгээ үзүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгөтэй холбоотой зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Тодруулбал, хэрэгт авагдсан дээрх зээлийн гэрээ болон 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “гэрээний төлбөр”-ийн талаар тусгасан зээлийн гэрээний сунгалт гэх баримтуудад хариуцагч зээлдэгчийн хувиар гарын үсгээ удаа дараа зурсан нөхцөл байдлаас дүгнэвэл, 18 486 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзнэ.

 

Түүнчлэн, хөөн хэлэлцэх хугацааны хувьд, нэг тал нь нөгөө талдаа үүрэг үүссэн, улмаар уг үүргийг гүйцэтгэх талаар ямар нэгэн бичиг хүргүүлэх, хүү төлөх эсхүл баталгаа гаргах зэрэг үйлдэл хийсэн тохиолдолд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг.

 

Талуудын 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дуусч, үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу тоологдож 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар байна. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний сунгалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл, талууд хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээл, түүний хүүгийн талаар тохиролцсон баримт үйлдэж харилцан гарын үсэг зурсан, зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээний дагуу 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус тус тодорхой хэмжээний төлбөр төлсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд зээлдэгч үүнийг няцааж, маргаагүй байна.

 

Иймд хөөн хэлэлцэх хугацаа дээрх хуулийн зохицуулалтын дагуу тасалдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг шинээр тоолох учиртай. Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл түр зогссон гэж үзэж, үүнээс хойш 3 жилийн хугацааг тоолж, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусч, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэж хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18 486 000 төгрөг, түүний хүү 4 436 640 төгрөг, нийт 22 922 640 төгрөгөөс нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан “зээлийн эргэн төлөлтийн хуваарь” гэх баримтаар зээлдэгч О.Э- нийт 6 933 128 төгрөг төлснийг хасч тооцсоноор нэхэмжлэгч нь нийт 15 989 512 төгрөгийг шаардах эрхтэй тул давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, уг өөрчлөлттэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03224 дугаар шийдвэрийн

 тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч О.Э-гөөс зээлийн гэрээний үүрэгт 15 989 512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С К ББСБ”  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 438 774 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 091.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид 237 898 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С К ББСБ”  ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “С К ББСБ”  ХХК-аас төлсөн 295 091.43 төгрөгийн 237 898 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА