Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2366

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02004 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М-ь /цаашид МУИС гэх/-д холбогдох

 

Илүү цагийн хөлс, алданги 2 199 517 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, О.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2005 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр багш, ахлах багшаар ажиллаж байна. Сургуулийн зүгээс 2015 онд надтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, уг гэрээний 1.2-т гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж, сургалтын А цаг нь 15 багц, Б цаг буюу эрдэм шинжилгээ хийх цаг 6 багц, бусад үйл ажиллагааны В цаг нь 5 багц байхаар зааж, нийт 26 багц цагийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Дээрх хийж гүйцэтгэх ажлын нормыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын 10.4-д багш нарын хичээлийн жилд хийж гүйцэтгэх ажлын хэмжээг тогтоосон бөгөөд энэ цагийн ачааллын дагуу надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би 2017-2018 оны хичээлийн жилд А цаг буюу сургалтын цаг 15 багц цаг заах байснаас 23,6 багц цаг, эрдэм шинжилгээний Б цаг 6 байсныг 5 багц цагаар гүйцэтгэсэн ба журмын дагуу эрдэм шинжилгээний дутуу нэг багц цагийг сургалтын 1,5 багц цагаар дүйцүүлэн хасч, үлдсэн 7,1 багц цагийн илүү гарсан. Үүнээс 4,5 цагт олгох ёстой илүү цагийн нэмэгдэл хөлсийг надад олгоогүй. Өөрөөр хэлбэл журмаар сургалтын А багц цагийн 15 цагийг зааж, тухайн цагаас хэтэрсэн илүү цагт нэмэгдэл хөлс авдаг. Энэхүү 15 багц цагийг 21 багц цаг болгон өөрчилж эрдэм шинжилгээний багцыг тооцоогүйн улмаас илүү 4,5 багц цагийн нэмэгдэл хөлс болох 2 012 367 төгрөгийг олгоогүй. МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор доктор хамгаалаагүй МУИС-ийн багш нарын сургалтын цагийн ачааллыг А цагийг 21 багц цагаар тооцох шийдвэр гаргасан. Мөн МУИС-ийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/256 дугаар тушаалаар ээлжийн амралтыг тооцсон. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, МУИС-ийн Захиргааны зөвлөлөөс тооцохоор шийдвэрлэсэн чиглэлийн дагуу багц цагийг тооцсон гэсэн хариуг өгсөн ба улмаар МУИС-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасан 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгсөнгүй. Миний илүү цагийн нэмэгдэл хөлс нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орсон. Хөдөлмөрийн тухай туулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл надад олгогдоогүй илүү цагийн хөлс 2 012 367 төгрөгийн алданги 187 150 төгрөг болно.

            2014 онд баталсан МУИС-д профессор, багш ажиллуулах журам-ын 2.5 дахь заалт хууль, журамд нийцээгүй тул баримтлахгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй, гэрээг харилцан тохиролцож шинэчлээгүй тул хүчин төгөлдөр. Иймд уг гэрээний дагуу А багц цагийн хувьд 15 багц заах үүрэгтэй. Гэтэл захиргаа 21 багц цаг гүйцэтгэхийг шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчиж байна. 2017 оны 9 сард хичээлийн жилийн эхээр хөдөлмөрийн гэрээний төсөл ирсэн нь үнэн. Уг төслөөр ажлын байрны нөхцлийг дордуулахаар байсан тул гэрээг шинэчилж байгуулаагүй. Улмаар 2018 оны 3 дугаар сард ажилтны төлөөлөл захиргаатай энэ асуудлаар дахин зөвшилцөх гэсэн боловч захиргаа хүлээж аваагүй. 12 жил ажилласан багш 21 багц цаг хичээл заахаар болсноор тухайн багш судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх боломжгүй болж, эрхийг нь хааж байна. Мөн ахлах багшид тавигдах шаардлагын талаар харьяалах яамнаас өгсөн хариу болон Боловсролын тухай хуульд ахлах багшаар ажиллахад докторын зэрэг хамгаалсан байх шалгуур тавигдахгүй байтал хууль тогтоомжоос давсан, хууль бус шаардлагыг захиргаа тавьж байна.

Иймд илүү цагийн нэмэгдэл хөлс 2 012 367 төгрөг, алданги 187 150 төгрөг, нийт 2 199 517 төгрөгийг гаргуулж, уг цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М-ь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Б- 2005 оны 01 дүгээр сараас эхлэн 13 дахь жилдээ МУИС-д багшилж байна. МУИС-ийн хэмжээнд бүх үйл ажиллагаа Боловсролын тухай багц хуулиуд болон МУИС-ийн дүрэм, журмуудаар зохицуулагддаг. 2014 онд батлагдсан МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 10.4-т заасны дагуу ахлах багшийн зэрэглэлд ажиллаж буй багш нэг хичээлийн жилд сургалтын 15, эрдэм шинжилгээний 6, бусад ажил буюу мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээний 5 багц цаг биелүүлэх нормтой. Гэвч үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар ажиллаж эхэлснээс хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалаагүй бол түүнийг зөвхөн сургалтын цаг биелүүлэх нөхцлөөр ажиллуулж, эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлж гүйцэтгүүлэхээр тус журмын 2.5-д заасан. Уг журам өөрөө багшийг чадавхижуулж оюунжуулах, улмаар нийгэмд сайн боловсон хүчин бэлтгэн гаргах үүднээс тавьж буй шаардлага. Сургуулийн стратеги төлөвлөгөөгөөр Ази тивдээ тэргүүлэх зэргийн сургууль болох, уг зорилтын хүрээнд нийт багш нарын 70-с доошгүй хувь докторын зэрэгтэй байх шалгуур үзүүлэлтийг тавьж байна. Журам батлагдснаас хойш манайх даруй мөрдөж, шаардлага тавиагүй харин ажилтнуудад хугацаа олгосон.

            Г.Б- нь МУИС-д 13.5 жил ажилласан боловч докторын зэрэг хамгаалаагүй тул дээрх журмын дагуу 2017-2018 оны хичээлийн жилд 21 багц цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэх нормтой. Тэрээр 2017-2018 оны хичээлийн жилд 23,6 багц цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэсэн тул журмын дагуу захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар тушаалаар түүнд гүйцэтгэвэл зохих 21 багц цагаас давуулан биелүүлсэн 2,6 багц цагийн нэмэгдэл хөлс 1 238 380 төгрөгийг олгосон.

            2016 оны 12 дугаар сард МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэгдэн батлагдаж, улмаар МУИС-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/363 дугаар тушаалаар багш, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн баталсан. МУИС-ийн ажилтнууд 2017-2018 хичээлийн жилийн эхээр тэрхүү шинээр батлагдсан загварын дагуу хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. Тухайн үед МУИС-ийн зүгээс бүх багш, ажилтанд хөдөлмөрийн гэрээний загварыг тарааж өгсөн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын байдлаар Г.Б- нь 12-оос дээш жил ажилласан боловч докторын зэрэг хамгаалаагүй тул дээрх журмын дагуу 21 багц цагийн сургалтын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулах шаардлагатай болсон. Гэвч Г.Б- болон цөөн хэдэн багш хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж гэрээнд гарын үсэг зураагүй ба нэхэмжлэгчийн өгсөн 2015 оны хөдөлмөрийн гэрээ нь хуучин, хүчин төгөлдөр бус юм.

2018 оны 6 дугаар сард МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаар нэр бүхий багш нарын гаргасан хүсэлтийн дагуу тэдний гүйцэтгэсэн сургалтын цагийн тооцооны асуудлыг нэг бус удаа хэлэлцэж тухай бүрд холбогдох журмыг баримтлан ажлын хөлсийг тооцож олгохоор шийдвэрлэсэн. МУИС-ийн бүх үйл ажиллагаа тус сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан дүрэм, журмаар зохицуулагддаг бөгөөд түүнийг нийт багш, ажилтнууд дагаж мөрддөг ба МУИС-ийн дүрмийн 5.2, 5.3, МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3, 4.3.2, хөдөлмөрийн гэрээний /шинэ ба хуучин/ 3.1.1-д багш, ажилтан бүр МУИС-ийн дүрэм журмыг мөрдөж, түүнд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй болохыг заасан. Түүнчлэн Г.Б-тай ижил нөхцөл бүхий зарим багш өөрийн үүргээ ухамсарлан холбогдох журамд заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээ байгуулж цагийн ноогдлоо биелүүлсэн. Нэхэмжлэгчийг гэрээнд зааснаас илүү ажил хийлгэхээр шаардаагүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4-т заасныг баримтлан М-ьд холбогдуулан илүү цагийн хөлс, алданги 2 199 517 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "дээрх баримт, талуудын тайлбараас дүгнэвэл талууд харилцан тохиролцож гэрээг шинэчлэн байгуулаагүй тул 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх хэдий ч гэрээнд нэхэмжлэгчийн гүйцэтгэх ажил үүргийг МУИС-д профессор багш ажиллуулах журамд зааснаар багшлах гэж тодорхойлсон тул захиргаа ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг шаардсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, нотлох баримтыг дутуу үнэлсэн. Учир нь "МУИС-д профессор, багш ажиллуулах" журмын 14.7-д эрдэм шинжилгээний ажлын ноогдлоо сургалтын цагаар тооцуулахын тулд хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр гүйцэтгэхээр заасан. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байхад ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний нэг талын саналыг харгалзалгүй шууд ажлын цагийг шилжүүлэн тооцсон нь дээрх журмаа зөрчиж буй хэлбэр. Мөн үндэслэх хэсэгт "нөгөөтэйгүүр захиргааны зүгээс 2017 оны 9 дүгээр сард хөдөлмөрийн гэрээг шинэчлэн батлуулах саналыг тавьсан боловч уг нөхцөл, шаардлагын дагуу гэрээ байгуулж ажиллах боломжгүй хэмээн нэхэмжлэгч саналыг хүлээн аваагүй үйл баримтад маргаагүйг дурьдах нь зүйтэй" гэж бодит байдалд бүрэн нийцээгүй дүгнэлт хийн, хуулийг буруу хэрэглэсэн.

2018 оны 10 дугаар сард ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээний төслийг ирүүлсэн боловч буруу төслийн загвар явуулсан, энэ төслөөр гэрээ байгуулахгүй гэж хэлж буцаасан ба түүний дараа гэрээний төслийг ирүүлэхэд ажилчдын төлөөлөл гэрээний төсөл дээр санал солилцохоор ажил олгогчид хүсэлт гаргасны дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. Ийнхүү 2018 оны 3 дугаар сард тухайн ажлын хэсгийн ажилчдын төлөөллийг байлцуулалгүй хуралдан дүгнэлтээ гаргасан. Иймд хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах асуудал нь хууль дүрмийн дагуу явагдаагүйн гадна, хичээлийн жилийн төгсгөлд энэ асуудал гарсан байхад шинэчлэн байгуулах ёстой гэсэн үүрэг ногдуулж буй нь шударга бус. Түүнчлэн ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажлын ноогдлыг өөрөөр тооцож байгааг шүүхийн зүгээс зөвтгөж байгаа нь ойлгомжгүй. Мөн хэрэв МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 2.5-д зааснаар эрдэм шинжилгээний цагийг сургалтын цагаар шилжүүлэн тооцож 16+5=21 кр биелүүлэх ёстой гзвэл, 2017-2018 оны хичээлийн жилд А буюу сургалтын цаг 23,60 кр, Б цаг буюу эрдэм шинжилгээний цаг 5 кр биелүүлж нийт 38,60 кр биелүүлсэн байтал 2,6 кр цагийн мөнгийг л олгож миний эрх ашгийг хохироосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

      

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч М-ьд холбогдуулан илүү цагийн хөлс, алдангид 2 199 517 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Талуудын хооронд 2005 оны 01 дүгээр сараас хөдөлмөрийн харилцаа үүссэн, Г.Б- нь М-ийн Шинжлэх Ухааны сургуульд ахлах багшаар ажиллаж байгаа үйл баримтад хэн аль нь маргаангүй. /хх 120-121 дэх тал/ Харин 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар тушаалаар багш нарын цагийн хөлс тооцон олгохдоо Г.Б-гийн илүү цаг ажилласан нэмэгдэл хөлс дутуу тооцсон эсэх талаар маргаж, улмаар ажилтан Г.Б- шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт нийцэж байна. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв.

            Нэхэмжлэгч Г.Б- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2017-2018 оны хичээлийн жилд А цагийг 23.6, Б цагийг 5, нийт 28.6 багц цагийн ажил гүйцэтгэснээс Б багцын дутуу гүйцэтгэсэн 1 цагийг А багцын 1.5 цагаар дүйцүүлэн тооцон, байгууллагаас олгосон 2.6 цагийн илүү цагийн хөлсийг хасч, үлдэх 4.5 цагийн нэмэгдэл хөлсийг дутуу олгосон ...” гэж тайлбарладаг. /хх 23 дахь тал/

Зохигчид 2015 онд хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулахдаа гэрээний 1.2.4 дэх заалтаар гүйцэтгэх ажлын ачааллын хэмжээг сургалтын А цаг 15, эрдэм шинжилгээний Б цагийг 6, бусад В цагийг 5, нийт 26 багц цаг байхаар тохиролцсон, мөн гэрээний 3.1.1 дэх заалтаар нэхэмжлэгч Г.Б- нь холбогдох хууль, тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам болон МУИС-д профессор багш ажиллуулах журамд зааснаар багшийн үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна. /хх 6-11 дэх тал/

Хариуцагч М-ийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “М-ьд профессор, багш ажиллуулах журмын 2.5-д үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах, докторын зэрэг хамгаалаагүй боловч бусад бүх болзлыг биелүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар сунгаж болохоор, тэнхимд багш хүрэлцээгүй, заалгах цах хүрэлцээтэй нөхцөлд ... багшийг .... сургалтын цаг биелүүлэх нөхцлөөр ажиллуулж болох, энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлэхээр, мөн журмын 14.8, 14.9 дэх заалтаар илүү цагийн хөлс, урамшуулал олгох нөхцөл, тооцох аргачлалыг тус тус тогтоожээ.

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч байгууллагад 13 жил ажилласан байх бөгөөд докторын зэрэг хамгаалаагүй буюу байгууллагын дотоод журамд заасан үндэслэл бий болсон байна.

Талуудын хэн аль нь байгууллагын дагаж мөрдөж буй дүрэм, журмыг хууль зөрчсөн талаар маргаагүй, энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй бөгөөд “М-ьд профессор, багш ажиллуулах журам” нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх 38-48 дахь тал/

Хариуцагч М-ь нь дээрх журмын 2.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Г.Б-гийн хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон эрдэм шинжилгээний 5 багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн А сургалтын багц цагийг 21 цагаар тооцон, М-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаартай Багш нарт цагийн хөлс олгох тухай тушаалаар нэхэмжлэгч Г.Б-гийн А сургалтын 23,6 багц цагийн гүйцэтгэлээс 2.6 цагийг илүү цагт тооцон, ногдох нэмэгдэл хөлсийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтад нийцсэн байна. /хх 38, 49, 54 дэх тал/ Түүнчлэн хариуцагч тал ажилтан Б.Батням, н.Амаржаргал нартай 2017 онд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа ажилласан жилийг харгалзан гүйцэтгэх ажлын ачааллын хэмжээг өөрөөр тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49.2 дахь заалтыг зөрчөөгүй байна. /хх 59-61, 102-104 дэх тал/ Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгч Г.Б-д хариуцагч байгууллагаас 2017 онд дээрх нөхцлийг тусган хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулахыг санал болгосныг хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Талууд хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх ажил үүргийн хэмжээг тогтоосон, харин ажилтаны илүү цаг ажилласан нэмэгдэл хөлсийг хэрхэн тооцож олгох асуудал нь байгууллагаас тогтоосон дотоод журмаар зохицуулагдах учир зохигчдын шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэх тайлбар энэ маргаанд ач холбогдолгүй. Нэхэмжлэгч талын хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй, ... журам зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД