Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2018/02004

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г. Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МУИС-д холбогдох,

Илүү цагийн хөлс, алданги 2.199.517 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батсүх, Д.Очирдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие Ганболд овогтой Б нь 2005 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Их сургуулийн /цаашид:МУИС гэх/ Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр багш, ахлах багшаар ажиллаж байна. Сургуулийн зүгээс 2015 онд надтай Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж гэрээний гол нөхцлүүдийн талаар хэлэлцэн тохиролцож уг гэрээний 1.2 дахь заалтанд гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж, Сургалтын А цаг нь 15 багц, Б цаг буюу эрдэм шинжилгээ хийх цаг 6 багц, бусад үйл ажиллагааны В цаг нь 5 багц байхаар зааж, нийт 26 багц цагийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Мөн дээрх хийж гүйцэтгэх ажлын нормыг 2014 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын 10.4-д Багш нарын хичээлийн жилд хийж гүйцэтгэх ажлын хэмжээг тогтоосон байдаг бөгөөд энэ цагийн ачааллын дагуу надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Миний бие 2017-2018 оны хичээлийн жилд А цаг буюу сургалтын цаг 15 багц цаг заах байснаас 23,6 багц цаг зааж, эрдэм шинжилгээний Б цагийг 6 биелүүлэх байсныг 5 багц цагаар гүйцэтгэсэн ба журмын дагуу эрдэм шинжилгээний дутуу нэг багц цагийг сургалтын 1,5 багц цагаар дүйцүүлэн хасч, үлдсэн 7,1 багц цагийн илүү гарсан. Үүнээс 4,5 цагт олгох ёстой илүү цагийн нэмэгдэл хөлсийг надад олголгүй хууль ёсны эрх ашгийг маань хохироосон. Өөрөөр хэлбэл журмаар сургалтын А багц цагийн 15 цагийг зааж, тухайн цагаас хэтэрсэн цагт илүү цагт нэмэгдэл хөлс авдаг. Энэхүү 15 багц цагийг 21 багц цаг болгон өөрчлөн эрдэм шинжилгээний багцыг тооцоогүйн улмаас илүү 4,5 багц цагийн нэмэгдэл хөлс болох 2.012.367 төгрөгийг олгоогүй.

МУИС-ийн Захиргааны зөвлөлөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан шийдвэр нь “Үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор доктор хамгаалаагүй МУИС-ийн багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцохдоо А цагийг 21 багц цагаар тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Мөн МУИС-ийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/256 дугаар тушаалаар ээлжийн амралтыг тооцсон юм. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, МУИС-ийн Захиргааны зөвлөлөөс тооцохоор шийдвэрлэсэн чиглэлийн дагуу та бүхний багц цагийг тооцсон гэсэн хариуг өгсөн ба улмаар МУИС-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасан дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгсөнгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заажээ. Иймд миний илүү цагийн нэмэгдэл хөлс нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орсон юм. Хөдөлмөрийн тухай туулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно.” гэж заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл надад олгогдоогүй илүү цагийн хөлс 2.012.367 төгрөгийн алданги 187.150 төгрөг болж байна.

2014 онд баталсан “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 2.5 дахь заалт өөрөө хууль, журамд нийцээгүй тул баримтлахгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй, гэрээг харилцан тохиролцож шинэчлээгүй тул хүчин төгөлдөр. Иймд уг гэрээний дагуу А багц цагийн хувьд 15 багц заах үүрэгтэй. Гэтэл захиргаа 21 багц цаг гүйцэтгэхийг шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна. 2017 оны 9 сард хичээлийн жилийн эхээр Хөдөлмөрийн гэрээний төсөл ирсэн нь үнэн. Уг төслөөр ажлын байрны нөхцлийг дордуулахаар байсан тул гэрээг шинэчилж байгуулаагүй. Улмаар 2018 оны 3 дугаар сард ажилтны төлөөлөл захиргаатай энэ асуудлаар дахин зөвшилцөх гэсэн боловч захиргаа хүлээж аваагүй байдаг. 12 жил ажилласан багшийг 21 багц цаг хичээл заахаар болсноор тухайн багш судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх боломжгүй болгож, эрхийг нь хааж байгаа үйлдэл. Мөн ахлах багшид тавигдах шаардлагын талаар харьяалах яамнаас тодруулсан баримтыг хэрэгт өгсөн. Яамнаас өгсөн хариу, Боловсролын тухай хуулиар ахлах багшаар ажиллахад докторын зэрэг хамгаалсан байх шалгуур тавигдахгүй тухай дурдсан. Гэтэл хууль тогтоомжоос давсан, хууль бус шаардлагыг захиргаа ажилтанд тавьж байна.

Иймд илүү цагийн нэмэгдэл хөлс 2.012.367 төгрөг, алданги 187.150 төгрөг, нийт 2.199.517 төгрөгийг гаргуулж, уг олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б 2005 оны 01 дүгээр сараас эхлэн 13 дахь жилдээ МУИС-д багшилж байна. МУИС-ийн хэмжээнд бүх үйл ажиллагаа Боловсролын тухай багц хуулиуд болон МУИС-ийн дүрэм, журмуудаар зохицуулагддаг. Тэдгээр журмуудын нэг нь 2014 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэгдэн батлагдаж, эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй “МУИС-д профессор, багш ажиллуулах журам” юм. Уг журмын 10.4-т заасны дагуу ахлах багшийн зэрэглэлд ажиллаж буй багш нэг хичээлийн жилд сургалтын 15, эрдэм шинжилгээний 6, бусад ажил буюу мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээний 5 багц цаг биелүүлэх нормтой. Гэвч үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар ажиллаж эхэлснээс хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалаагүй бол түүнийг зөвхөн сургалтын цаг биелүүлэх нөхцлөөр ажиллуулж, эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлж гүйцэтгүүлэхээр тус журмын 2.5-д заасан байдаг. Уг журам өөрөө багшийг чадавхижуулж оюунжуулах, улмаар нийгэмд сайн боловсон хүчин бэлтгэн гаргах үүднээс байгууллага дотроо ажилтандаа тавьж буй шаардлага. Сургуулийн тавьсан стратеги төлөвлөгөөгөөр “Ази тивдээ тэргүүлэх зэргийн сургууль болох”-оор ажиллаж байгаа. Уг зорилтын хүрээнд сургуулийн нийт багш нарын 70-с доошгүй хувь докторын зэрэгтэй байх шалгуур үзүүлэлтийг тавьж байгаа. Мөн журам батлагдснаас хойш манайх тэр даруйд мөрдөж, шаардлага тавиагүй харин ажилтнуудад хугацаа олгосон.

 Г.Б нь МУИС-д 13,5 жил ажилласан боловч докторын зэрэг хамгаалаагүй байгаа тул дээрх журмын дагуу 2017-2018 оны хичээлийн жилд 21 багц цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэх нормтой. Тэрээр 2017-2018 оны хичээлийн жилд 23,6 багц цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэсэн тул журмын дагуу захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар тушаалаар түүнд гүйцэтгэвэл зохих 21 багц цагаас давуулан биелүүлсэн 2,6 багц цагийн нэмэгдэл хөлс 1.238.380 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 онд МУИС-тай байгуулж байсан хөдөлмөрийн гэрээг дурьдаж түүндээ сургалтын 15, эрдэм шинжилгээний 6, бусад ажил 5 багц цаг биелүүлэхээр тусгасан, энэхүү нормоор цагийн гүйцэтгэлийн тооцоог хийх ёстой байсан хэмээн бичжээ. Гэтэл түүнээс хойш буюу 2016 оны 12 дугаар сард “МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам” шинэчлэгдэн батлагдаж, улмаар МУИС-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/363 дугаар тушаалаар багш, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн баталсан.  МУИС-ийн ажилтнууд 2017-2018 хичээлийн жилийн эхээр тэрхүү шинээр батлагдсан загварын дагуу Хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан юм.

Тухайн үед МУИС-ийн зүгээс бүх багш, ажилтанд Хөдөлмөрийн гэрээний загварыг тарааж өгсөн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын байдлаар Г.Б нь 12-оос дээш жил ажилласан боловч докторын зэрэг хамгаалаагүй байсан тул дээр дурдсан журмын дагуу 21 багц цагийн сургалтын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулах шаардлагатай болсон. Гэвч Г.Б болон түүнтэй ижил нөхцөл бүхий цөөн хэдэн багш хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж гэрээнд гарын үсэг зураагүй болно. Иймд Г.Бгийн зүгээс шүүхэд хавсаргаж өгсөн 2015 оны Хөдөлмөрийн гэрээ нь хуучин, хүчин төгөлдөр бус баримт бичиг байна.

2018 оны 6 дугаар сард МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаар нэр бүхий багш нарын гаргасан хүсэлтийн дагуу тэдний гүйцэтгэсэн сургалтын цагийн тооцооны асуудлыг нэг бус удаа хэлэлцэж тухай бүрд холбогдох журмыг баримтлан ажлын хөлсийг тооцож олгох нь зүйтэй хэмээн шийдвэрлэж байсан болно. МУИС-ийн бүх үйл ажиллагаа тус сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан дүрэм, журмаар зохицуулагддаг бөгөөд түүнийг нийт багш, ажилтнууд дагаж мөрддөг. Өөрөөр хэлбэл тус их сургуульд хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэм журам бүх багш, ажилтанд ижил тэгш үйлчилдэг зарчимтай. Түүнчлэн багш, ажилтан бүр МУИС-ийн дүрэм журмыг мөрдөж, түүнд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй болохыг “МУИС-ийн дүрэм”-ийн 5.2, 5.3, “МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.1.3, 4.3.2, Хөдөлмөрийн гэрээний (шинэ ба хуучин гэрээний аль алинд) 3.1.1-д тус тус тодорхой заасан байдаг.

Түүнчлэн Г.Бтай ижил төстэй нөхцөл бүхий зарим багш өөрийн үүргээ ухамсарлан холбогдох журамд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээгээ байгуулж цагийн ноогдлоо биелүүлсэн болно. Нэхэмжлэгчийг гэрээнд зааснаас илүү ажил хийлгэхээр захиргаа шаардсан зүйлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Б нь Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх Ухааны Сургуульд холбогдуулан илүү цагийн хөлс, алданги 2.199.517 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль хуулийн этгээдийн эрхгүй, хариуцагч биш үндэслэлээр татгалзав.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт  тогтоогдож байна.

Нэхэмжлэгч МУИС-д 2005 оноос хойш багш, ахлах багшаар ажиллаж байгаа, үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын А багц 23,60 цаг, Б багцийг 5 цаг, В багцийг 5 цаг тус тус гүйцэтгэсэн, үүнээс захиргаа 2,6 багц цагийн нэмэгдэл хөлсөд 1.238.380 төгрөг олгосон үйл баримтад талууд маргаагүй. Мөн 2010-2015 оны хооронд нэхэмжлэгч Г.Бг “докторын зэрэг хамгаалах” сургалтад хамрагдах боломжоор хангаж захиргааны чөлөө олгож байсан, МУИС-ийн дүрэм, журмаар Эрдмийн зөвлөл “профессор, багш ажиллуулах журам”-ыг батлах эрх олгогдсон гэдэгт мөн маргаагүй. 

Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажил үүргийг сургалтын А цагийг 15 цаг байхаар заасан,  илүү ажил гүйцэтгэхийг захиргаа шаардах эрхгүй, журмын 2.5 дахь заалт хуульд нийцээгүй тул илүү гүйцэтгэсэн 4,5 багц цагийн нэмэгдэл хөлсийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

Хариуцагч “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 2.5, 10.4-д зааснаар багшлах хугацаандаа 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалаагүй тохиолдолд эрдэм шинжилгээний Б цагийн 6 багц цагийг зөвхөн сургалтын цагаар тооцон нийт 21 кредит цаг гүйцэтгэхээр заасан, ажилтан захиргаанаас баталсан дүрэм журмыг мөрдөх үүрэгтэй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

Хэрэгт баримтаар авагдсан талуудын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 1.2-т “профессор багш ажиллуулах журамд зааснаар сургалтын А цагийг 15 цаг, эрдэм шинжилгээний Б цагийг 6 цаг, Бусад цагийг 5 цаг байхаар заажээ.

Мөн “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 10.4-т “тухайн хичээлийн жилд ахлах багш сургалтын А багц 15 цаг, эрдэм шинжилгээний “Б” 6 цаг, бусад ажлын “В” 5 цагийн хэмжээтэй байхаар”, мөн дүрмийн 14.6-д “Хэрэв А, Б цагийн аль нэг дутвал  илүү хэсгээс  1,5 цагийг дутуу хэсгийн 1 цагтай дүйцүүлэн шилжүүлэн тооцохоор,” 14.8, 14.9-д “...А-д илүү цагийн хөлс олгохоор” түүнчлэн 2.5-д “Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалахаар, хэрэв докторын зэрэг хамгаалаагүй бол ..... зөвхөн сургалтын цаг биелүүлэх нөхцлөөр ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлэхээр, уг шаардлагыг хангаагүй нөхцөлд МУИС-д үргэлжлүүлэн багшлуулах боломжгүй гэж үзэх”-ээр тус тус зохицуулсан байна. 

Дээрх баримт, талуудын тайлбараас дүгнэвэл талууд харилцан тохиролцож гэрээг шинэчлэн байгуулаагүй тул 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх хэдий ч гэрээнд нэхэмжлэгчийн гүйцэтгэх ажил үүргийг МУИС-д профессор багш ажиллуулах журамд зааснаар багшлах гэж тодорхойлсон тул захиргаа ажилтныг Хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг шаардсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн гэрээний 3.1.1-д “багш хууль, Хөдөлмөрийн дотоод журам, профессор, багш ажиллуулах журамд заасан үүргийг биелүүлэх”-ээр, 3.1.4-т “багш мэргэжлийн чадвараа дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах”-аар заасан тул захиргаа байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж буй журмыг баримтлан нэхэмжлэгчийн ажлын тоо хэмжээг тооцсоныг буруутгах боломжгүй. Нөгөөтэйгүүр захиргааны зүгээс 2017 оны 9 дүгээр сард хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах саналыг тавьсан боловч уг нөхцөл, шаардлагын дагуу гэрээ байгуулж ажиллах боломжгүй хэмээн нэхэмжлэгч саналыг хүлээн аваагүй үйл баримтад маргаагүйг дурдах нь зүйтэй.

Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Их сургуульд мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заах”-аар, Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайдын 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 139 дүгээр тушаалаар батлагдсан “Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлага”-д ахлах багш магистраас доошгүй зэрэгтэй байх ерөнхий шаардлага тавьсан байх хэдий ч захиргаа өөрийн зорилго зорилтыг хэрэгжүүлэх, боловсон хүчнээ чадавхижуулах үүднээс өөрийн сургуульд 12 ба түүнээс дээш ажилласан багшийн хувьд “докторын зэрэг хамгаалсан байх, уг шаардлагыг хангаагүй бол Б цагийг зөвхөн А цагаар тооцох-“оор дотоод дүрэм журмаараа стандарт шаардлагыг ихэсгэж тогтоосныг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч уг журмын 2.5 дахь заалт хууль тогтоомжид нийцээгүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйгээс гадна уг журам хүчин төгөлдөр гэдэгт шүүх хуралдаанд маргаагүйг дурдав.

Мөн захиргаа ажилтнуудыг ялгаварлаж өөр өөрөөр ажлын тоо хэмжээг тооцсон, гэрээг өөр өөрөөр байгуулсан, ажлын байрны нөхцлийг дордуулсан, 21 багц цаг болгосноор судалгаа хийх боломжийг хаасан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна. 

Нэхэмжлэгч А багц 23,6 цагийг гүйцэтгэсэн, журмын дагуу илүү 2,6 цагийн нэмэгдэл хөлсийг захиргаа тооцон олгосон, илүү цагийг зөрүүтэй дутуу тооцсон гэх байдал тогтоогдохгүй байх тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэмэгдэл хөлс шаардах эрхгүй байна.

Нэгэнт илүү цагийн нэмэгдэл хөлс шаардах эрхгүй тул мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар алданги тооцох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгээд Г.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4-т заасныг баримтлан Монгол Улсын Их сургуульд холбогдуулан илүү цагийн хөлс, алданги 2.199.517 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ