Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00551

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02004 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2366 дугаар магадлалтай

Г.Бгийн нэхэмжлэлтэй,

Мд холбогдох

Илүү цагийн хөлс, алдангийн хамт нийт 2 199 517 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батсүх, О.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Б нь 2005 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Мийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр багш, ахлах багшаар ажиллаж байна. Сургуулийн зүгээс 2015 онд надтай Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж гэрээний гол нөхцлүүдийн талаар хэлэлцэн тохиролцож уг гэрээний 1.2 дахь заалтанд гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж, Сургалтын А цаг нь 15 багц, Б цаг буюу эрдэм шинжилгээ хийх цаг 6 багц, бусад үйл ажиллагааны В цаг нь 5 багц байхаар зааж, нийт 26 багц цагийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Мөн дээрх хийж гүйцэтгэх ажлын нормыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МУИС-д Профессор, багш ажиллуулах журам-ын 10.4-д Багш нарын хичээлийн жилд хийж гүйцэтгэх ажлын хэмжээг тогтоосон байдаг бөгөөд энэ цагийн ачааллын дагуу надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Миний бие 2017-2018 оны хичээлийн жилд А цаг буюу сургалтын цаг 15 багц цаг заах байснаас 23,6 багц цаг зааж, эрдэм шинжилгээний Б цагийг 6 биелүүлэх байсныг 5 багц цагаар гүйцэтгэсэн ба журмын дагуу эрдэм шинжилгээний дутуу нэг багц цагийг сургалтын 1,5 багц цагаар дүйцүүлэн хасч, үлдсэн 7,1 багц цаг илүү гарсан. Үүнээс 4,5 цагт олгох ёстой илүү цагийн нэмэгдэл хөлсийг надад олголгүй хууль ёсны эрх ашгийг маань хохироосон. Өөрөөр хэлбэл журмаар сургалтын А багц цагийн 15 цагийг зааж, тухайн цагаас хэтэрсэн цагт илүү цагийн нэмэгдэл хөлс авдаг. Энэхүү 15 багц цагийг 21 багц цаг болгон өөрчлөн эрдэм шинжилгээний багцыг тооцоогүйн улмаас илүү 4,5 багц цагийн нэмэгдэл хөлс болох 2.012.367 төгрөгийг олгоогүй.

МУИС-ийн Захиргааны зөвлөлөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан шийдвэр нь Үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор доктор хамгаалаагүй МУИС-ийн багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцохдоо А цагийг 21 багц цагаар тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Мөн МУИС-ийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/256 дугаар тушаалаар ээлжийн амралтыг тооцсон юм. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, МУИС-ийн Захиргааны зөвлөлөөс тооцохоор шийдвэрлэсэн чиглэлийн дагуу та бүхний багц цагийг тооцсон гэсэн хариуг өгсөн ба улмаар МУИС-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасан дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгсөнгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл,шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заажээ. Иймд миний илүү цагийн нэмэгдэл хөлс нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орсон юм. Хөдөлмөрийн тухай туулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно. гэж заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл надад олгогдоогүй илүү цагийн хөлс 2.012.367 төгрөгийн алданги 187.150 төгрөг болж байна.

2014 онд баталсан “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 2.5 дахь заалт өөрөө хууль, журамд нийцээгүй тул баримтлахгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй, гэрээг харилцан тохиролцож шинэчлээгүй тул хүчин төгөлдөр. Иймд уг гэрээний дагуу А багц цагийн хувьд 15 багц заах үүрэгтэй. Гэтэл захиргаа 21 багц цаг гүйцэтгэхийг шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна. 2017 оны 9 сард хичээлийн жилийн эхээр Хөдөлмөрийн гэрээний төсөл ирсэн нь үнэн. Уг төслөөр ажлын байрны нөхцлийг дордуулахаар байсан тул гэрээг шинэчилж байгуулаагүй. Улмаар 2018 оны 3 дугаар сард ажилтны төлөөлөл захиргаатай энэ асуудлаар дахин зөвшилцөх гэсэн боловч захиргаа хүлээж аваагүй байдаг. 12 жил ажилласан багшийг 21 багц цаг хичээл заахаар болсноор тухайн багш судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх боломжгүй болгож, эрхийг нь хааж байгаа үйлдэл. Мөн ахлах багшид тавигдах шаардлагын талаар харьяалах яамнаас тодруулсан баримтыг хэрэгт өгсөн. Яамнаас өгсөн хариу, Боловсролын тухай хуулиар ахлах багшаар ажиллахад докторын зэрэг хамгаалсан байх шалгуур тавигдахгүй тухай дурдсан. Гэтэл хууль тогтоомжоос давсан, хууль бус шаардлагыг захиргаа ажилтанд тавьж байна.

Иймд илүү цагийн нэмэгдэл хөлс 2.012.367 төгрөг, алданги 187.150 төгрөг, нийт 2.199.517 төгрөгийг гаргуулж, уг олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Б 2005 оны 01 дүгээр сараас эхлэн 13 дахь жилдээ МУИС-д багшилж байна. МУИС-ийн хэмжээнд бүх үйл ажиллагаа Боловсролын тухай багц хуулиуд болон МУИС-ийн дүрэм, журмуудаар зохицуулагддаг. Тэдгээр журмуудын нэг нь 2014 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэгдэн батлагдаж, эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй МУИС-д профессор, багш ажиллуулах журам юм. Уг журмын 10.4-т заасны дагуу ахлах багшийн зэрэглэлд ажиллаж буй багш нэг хичээлийн жилд сургалтын 15, эрдэм шинжилгээний 6, бусад ажил буюу мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээний 5 багц цаг биелүүлэх нормтой. Гэвч үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар ажиллаж эхэлснээс хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалаагүй бол түүнийг зөвхөн сургалтын цаг биелүүлэх нөхцлөөр ажиллуулж, эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлж гүйцэтгүүлэхээр тус журмын 2.5-д заасан байдаг. Уг журам өөрөө багшийг чадавхижуулж оюунжуулах, улмаар нийгэмд сайн боловсон хүчин бэлтгэн гаргах үүднээс байгууллага дотроо ажилтандаа тавьж буй шаардлага. Сургуулийн тавьсан стратеги төлөвлөгөөгөөр Ази тивдээ тэргүүлэх зэргийн сургууль болох-оор ажиллаж байгаа. Уг зорилтын хүрээнд сургуулийн нийт багш нарын 70-с доошгүй хувь докторын зэрэгтэй байх шалгуур үзүүлэлтийг тавьж байгаа. Мөн журам батлагдснаас хойш манайх тэр даруйд мөрдөж, шаардлага тавиагүй харин ажилтнуудад хугацаа олгосон.

Г.Б нь МУИС-д 13.5 жил ажилласан боловч докторын зэрэг хамгаалаагүй байгаа тул дээрх журмын дагуу 2017-2018 оны хичээлийн жилд 21 багц цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэх нормтой. Тэрээр 2017-2018 оны хичээлийн жилд 23,6 багц цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэсэн тул журмын дагуу захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар тушаалаар түүнд гүйцэтгэвэл зохих 21 багц цагаас давуулан биелүүлсэн 2,6 багц цагийн нэмэгдэл хөлс 1.238.380 төгрөгийг олгосон.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 онд МУИС-тай байгуулж байсан хөдөлмөрийн гэрээг дурдаж түүндээ сургалтын 15, эрдэм шинжилгээний 6, бусад ажил 5 багц цаг биелүүлэхээр тусгасан, энэхүү нормоор цагийн гүйцэтгэлийн тооцоог хийх ёстой байсан хэмээн бичжээ. Гэтэл түүнээс хойш буюу 2016 оны 12 дугаар сард МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэгдэн батлагдаж, улмаар МУИС-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/363 дугаар тушаалаар багш, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн баталсан. МУИС-ийн ажилтнууд 2017-2018 хичээлийн жилийн эхээр тэрхүү шинээр батлагдсан загварын дагуу Хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан юм.

Тухайн үед МУИС-ийн зүгээс бүх багш, ажилтанд Хөдөлмөрийн гэрээний загварыг тарааж өгсөн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын байдлаар Г.Б нь 12-оос дээш жил ажилласан боловч докторын зэрэг хамгаалаагүй байсан тул дээр дурдсан журмын дагуу 21 багц цагийн сургалтын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулах шаардлагатай болсон. Гэвч Г.Б болон түүнтэй ижил нөхцөл бүхий цөөн хэдэн багш хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж гэрээнд гарын үсэг зураагүй болно. Иймд Г.Бгийн зүгээс шүүхэд хавсаргаж өгсөн 2015 оны Хөдөлмөрийн гэрээ нь хуучин, хүчин төгөлдөр бус баримт бичиг байна.

2018 оны 6 дугаар сард МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаар нэр бүхий багш нарын гаргасан хүсэлтийн дагуу тэдний гүйцэтгэсэн сургалтын цагийн тооцооны асуудлыг нэг бус удаа хэлэлцэж тухай бүрд холбогдох журмыг баримтлан ажлын хөлсийг тооцож олгох нь зүйтэй хэмээн шийдвэрлэж байсан болно. МУИС-ийн бүх үйл ажиллагаа тус сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан дүрэм, журмаар зохицуулагддаг бөгөөд түүнийг нийт багш, ажилтнууд дагаж мөрддөг. Өөрөөр хэлбэл тус их сургуульд хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэм журам бүх багш, ажилтанд ижил тэгш үйлчилдэг зарчимтай. Түүнчлэн багш, ажилтан бүр МУИС-ийн дүрэм журмыг мөрдөж, түүнд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй болохыг МУИС-ийн дүрэм-ийн 5.2, 5.3, МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.1.3, 4.3.2, Хөдөлмөрийн гэрээний (шинэ ба хуучин гэрээний аль алинд) 3.1.1-д тус тус тодорхой заасан байдаг.

Түүнчлэн Г.Бтай ижил төстэй нөхцөл бүхий зарим багш өөрийн үүргээ ухамсарлан холбогдох журамд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээгээ байгуулж цагийн ногдлоо биелүүлсэн болно. Нэхэмжлэгчийг гэрээнд зааснаас илүү ажил хийлгэхээр захиргаа шаардсан зүйлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02004 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4-т заасныг баримтлан Мьд холбогдуулан илүү цагийн хөлс, алданги 2 199 517 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2366 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсдавж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 28-ны өдрийн дугаар 2366 магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

Уг магадлалын ХЯНАВАЛ НЬ хэсэгт “Зохигчид 2015 онд хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулахдаа гэрээний 1.2.4 дэх заалтаар гүйцэтгэх ажлын ачааллын хэмжээг сургалтын А цаг 15, эрдэм шинжилгээний Б цагийг 6, бусад В цагийг 5, нийт 26 багц цаг байхаар тохиролцсон” гэдэгт маргаагүй гэж дүгнэсэн боловч бодит байдал дээр хариуцагч нь дээрх хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчиж байгааг зөвтгөсөн нь ойлгомжгүй болжээ.

Учир нь миний бие “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 2.5-д зааснаар эрдэм шинжилгээний цагийг сургалтын цагаар шилжүүлэн тооцож 16+5=21 кредит биелүүлэх ёстой гэвэл, 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын А цаг 23.60 кр, эрдэм шинжилгээний Б цаг 5 кр биелүүлж, нийт 38.60 кредит биелүүлсэн байтал Б цагийн гүйцэтгэлийг тооцолгүй зөвхөн 2.6 кредит цагийн нэмэгдэл хөлсийг олгосон байтал шүүх бодит гүйцэтгэсэн цаг, биелэлтийг тооцож үзэлгүй хэт нэг талыг баримтлан дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Түүнчлэн ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн дотоод журам, “МУИС-д профессор багш ажиллуулах журам”-д зааснаар багшийн үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна гэж үзсэн боловч нөгөө талаас ажил олгогч ч мөн Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, МУИС-д профессор, багш ажиллуулах журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн гэдгийг харгалзан үзээгүй.

Ажил олгогчийн хувьд “МУИС-д профессор, багш ажиллуулах” журмын 14.7 дугаар зүйлд “Багш тухайн хичээлийн жилийн эхэнд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа эрдэм шинжилгээний ажлын ногдлоо сургалтын ажлаар, эсвэл сургалтын ногдлоо эрдэм шинжилгээний ажлаар (энэ журмын 10.4 дугаар заалтыг үндэслэн) нөхөхөөр тусгаж болох ба гэрээнд заагаагүй нөхцөлд цаг шилжүүлэн тооцох бол энэ журмын 14.6 дугаар заалтыг баримтална. Ерөнхий суурь хичээл заадаг үндсэн багш болон зөвлөх профессор, зөвлөх дэд профессор хөдөлмөрийн гэрээнд тусгасны үндсэн дээр эрдэм шинжилгээний ажлын ноогдлыг сургалтын үйл ажиллагаагаар шилжүүлэн гүйцэтгэж болно” гэж заасан байдаг.

Уг журмын дээрх заалтаар эрдэм шинжилгээний ажлын ногдлоо сургалтын цагаар тооцуулахын тулд хөдөлмөрийн гэрээн дээр өөрчлөлт оруулсны үндсэн дээр гүйцэтгэхээр заасан. Гэтэл талуудын хооронд байгуулсан 2015 оны хөдөлмөрийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байхад ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний нэг талын саналыг харгалзалгүй шууд ажлын цагийг шилжүүлэн тооцож байгаа нь дээрх журмаа зөрчиж буй хэлбэр юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, .. хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, ...талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино” гэж, 21 дүгээр үйлийн 21.1-т “Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцлийг тохирно”, 21.1.2-т “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг”, 21.2-т “Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй” гэж тус тус заасан.

Дээрх заалтуудын дагуу талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу гүйцэтгэх ёстой ажил, үүргийг гэрээний 1.2 дахь хэсэгт 15 кредит цаг /сургалтын А цаг/ байхаар заасан. Шүүхээс дүгнэсэнчлэн МУИС-иас баталсан дотоод дүрэм журмын дагуу зөвхөн А цаг буюу 15 кредит цагаас илүү гарсан хэсэгт илүү цагийн хөлс тооцож олгох боломжтой.

Гэтэл шүүхээс гэрээний гол нөхцөл 1.2 дахь заалтаас илүүтэйгээр бусад нөхцөл буюу 3.1.1, 3.1.4 дэх хэсгийг баримтлан, байгууллагын дотоод дүрэм, журмыг мөрдөх үүрэгтэй гэж тайлбарласан нь огт үндэслэлгүй бөгөөд дотоод дүрэм журмаар гэрээний гол нөхцөл 15 кредит цагийн ажлын гүйцэтгэлийг гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээр 21 кредит цаг болгон тооцож байгааг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд тогтоомжид нийцээгүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох ...үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.1-т “Ажилтны цалин хөлсийг ....цагаар ...хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно. ” гэж заасан ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргийг харгалзаж үзээгүй, хуулийг зохих ёсоор хэрэглээгүй байна.

Давж заалдах шатны шүүх “Талууд хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх ажил үүргийн хэмжээг тогтоосон, харин ажилтны илүү цаг, ажилласан нэмэгдэл хөлсийг хэрхэн тооцож олгох асуудал нь байгууллагаас тогтоосон дотоод журмаар зохицуулагдах учир зохигчдын шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэх тайлбар энэ маргаанд ач холбогдолгүй” гэж хэргийн үйл баримтыг буруу тайлбарласан.

Багшийн ажил нь жилд гүйцэтгэх цагийн нормоор хэмжигддэг бөгөөд тухайн цагийн нормын биелэлтээс хамаарч цалин хөлс, амралтын хугацаа тодорхойлогддог. Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг болон хийж гүйцэтгэх ажлын хэмжээг тогтоох бөгөөд тухайн хэмжээнээс давсан тохиолдолд илүү цаг ажилласан нэмэгдэл шууд хамааралтай байтал шүүх хэрхэн олгох асуудлыг тусдаа зохицуулалт гэж үзсэн нь хэргийн үйл баримтыг дутуу үнэлж, буруу тайлбарлаж буйн хэрэг юм.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 28-ны өдрийн 2366 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Г.Б нь МУИС-д холбогдуулан илүү цагийн хөлс, алдангийн хамт нийт 2 199 517 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б нь МУИС-д 2005 оноос эхлэн 13 дахь жилдээ багшилж байгаа, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн онолын тэнхимд ахлах багшаар ажилладаг.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...ажил олгогч нь талуудын хооронд байгуулсан 2015 оны хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт ороогүй байхад гэрээний нэг талын саналыг харгалзалгүй сургалтын багц цагийг шилжүүлэн тооцож, хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэхээр, илүү цагийн хөлсийг дутуу тооцож олгосон нь Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн...” гэжээ.

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ авагдсан, 2017-2018 оны хичээлийн жилд Г.Б сургалтын 23.6 багц цагийн ажил гүйцэтгэсэнтэй зохигч маргаагүй байна.

Гагцхүү нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээнд зааснаар сургалтын 15 багц цаг гүйцэтгэх үүрэгтэйгээс 23.6 багц цагийг гүйцэтгэсэн, үүнээс Мьд профессор, багш ажиллуулах журамд заасны дагуу 1.5 багц цагийг эрдэм шинжилгээний дутуу 1 багц цагт дүйцүүлэн хасч,  22.1 багц цагаас гэрээгээр гүйцэтгэх ёстой 15 багц цагийг хасахад 7.1 багц цаг үлдэж байхад 2.6 багц цагийн хөлсийг өгч, 4.5 багц цагийн хөлсийг олгоогүй гэж маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ гэжээ.

МУИС-ийн 2016.12.28-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журмын  6.1.2.-т “...багшийн нэг өдрийн танхимын хичээлийн цагийн ачаалал ажлын 8 цагаас, нэг улирлын ачаалал А цагийн нормын 70%-с хэтрэхгүй байна. Тодорхой шалтгааны улмаас шаардлагатай гэж үзвэл А цагийн нормыг нэмэгдүүлж болно...”, 6.1.3.-т “...ажлын байрны онцлог, хичээлийн хуваариас шалтгаалан 6.1.2-т зааснаас өөр горимоор ажиллаж болно. Энэ тохиолдолд асуудлыг тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусган зохицуулна...” гэж, 6.1.4.-т “...ажил олгогчийн санаачилгаар ажлын зайлшгүй шаардлагаар багш ажилтныг илүү цагаар ажиллуулбал ажилтныг нөхөн амруулах ба амраах боломжгүй бол ажлын цагийн бүртгэлийг үндэслэн илүү цагаар ажилласны хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу тооцон олгоно...” гэж тус тус заасан байна.

Мьд профессор, багш ажиллуулах 2014.12.22-ны өдрийн журам нь МУИС-ийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэгдэн батлагдсан гэх хариуцагчийн тайлбарыг  нэхэмжлэгч үгүйсгээгүй тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4. дэх хэсгийг зөрчихгүй юм.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны хөдөлмөрийн гэрээний 1.2.-т “...МУИС-ийн профессор багшийн албан тушаалын тухайн зэрэглэлд тохирох ачааллыг гүйцэтгэх, МУИС-ийн профессор, багш ажиллуулах журам, МУИС-ийн багшийн орон тоо, ажлын үнэлгээний журам, багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг, ачааллыг гүйцэтгэнэ...” гэж, 3.1.1.-т “...багш нь хууль...дотоод журам...профессор багш ажиллуулах журам...-д заасныг биелүүлэх үүрэгтэй...” гэж зааснаас үзвэл багшийн ачааллыг Мьд профессор, багш ажиллуулах журмын дагуу тооцох талаар зохигч 2015 оны хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон  байна.

Мьд профессор, багш ажиллуулах тухай журам 2014 онд эрдмийн зөвлөлөөр батлагдсан хэдий ч хариуцагч  2017-2018 оны хичээлийн жилээс уг журмыг баримтлан багшийн ажлын гүйцэтгэлийг тооцож эхэлсэн, энэ нь Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6. дахь хэсгийн “....багшийн хийж гүйцэтгэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ажлын ачааллыг тооцох аргачлалыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох бөгөөд багшийн ажлын ачааллыг тогтоохдоо түүний мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, суралцагчтай үр бүтээлтэй ажиллах, захиргааны ажилд оролцох нөхцөл, бололцоог харгалзана...” гэсэнд нийцжээ.

Багшийн ачааллыг МУИС-н профессор, багш ажиллуулах журмын дагуу тооцохыг   талууд 2015 оны хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон, уг журмын 2.5.-д “...12 жилийн дотор докторын зэрэг хамгаалаагүй ... тохиолдолд  ... эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн гүйцэтгүүлнэ...” гэж шийдвэрлэсэн байх тул   “...ажил олгогч  дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилсөн...” гэж үзэхгүй.

Дээрх журамд зааснаар Г.Бг жилд сургалтын 21 багц цагийг биелүүлэх нормтой гэж үзэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Багш нарт цагийн хөлс олгох тухай А/320 тушаалын 2 дугаар хавсралтаар Г.Бг 2017-2018 оны хичээлийн жилд 23.6 багц цагийн сургалтын ажил гүйцэтгэсэн гэж дүгнэн, илүү 2.6 багц цагийн хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Ажилтанд илүү цагийн хөлсийг хугацаанд нь олгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4.-т заасан алданги тооцох үндэслэл үүсэхгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд “...ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 21.2. дахь хэсгийн зохицуулалтыг зөрчиж, илүү цагийн хөлсийг дутуу олгосон, “...нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02004 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2366 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Г.Бгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 150 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УНДРАХ   

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД