Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2458

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/02634 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ш-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 19 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өмнө хамт ажиллаж байсан Д.Ш- нь яаралтай мөнгө олж өгч туслаач гэхэд би таньдаг хүнээсээ 8 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авч өгсөн. Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин 5 000 000 төгрөгийг нэмж зээлээч, би банкнаас зээл аваад мөнгийг бүтнээр өгнө гэж хэлэхээр нь би дахин нөгөө хүнээсээ 5 000 000 төгрөг зээлж өгсөн. Мөн хариуцагч нь газар зарахаар болчихлоо тиймээс таны мөнгийг хүүтэй нь хамт өгнө гэхдээ газар зарахад 3 500 000 төгрөг хэрэг болоод байна гэж хэлэхээр нь би дахин нөгөө хүнээсээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3 500 000 төгрөг зээлж өгсөн. Ингээд нийт 16 500 000 төгрөгийг хүнээс 10 хувийн хүүтэйгээр авч өгсөн. Үүнийг хариуцагч нь хүлээн зөвшөөрдөг. Удаа дараа манайд ирээд бичиг хийж өгч, би удахгүй өгнө гэдэг байсан. Миний мөнгө зээлсэн хүн одоог хүртэл хүү тооцож надаас мөнгө нэхсээр байна. Хариуцагчаас шилжүүлэн авсан бүх мөнгийг хүүнд тооцож авсан. Зээлийн төлбөрт хариуцагчийн нөхрийн дансаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1 250 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 4 250 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн авснаа зөвшөөрч байна. Харин 200 000 төгрөг, 50 000 төгрөгийг дансаар болон 500 000 төгрөгийг бэлнээр аваагүй.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 16 500 000 төгрөг, хүү 3 300 000 төгрөг нийт 19 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ш- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 8 000 000 төгрөг авахдаа хүү 800 000 төгрөгийг суутган 7 200 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг авахад хүү 1 300 000 төгрөгийг суутган 3 700 000 төгрөгийг н.Уранчимэгийн дансаар дамжуулан авсан. 2017 оны 11 дүгээр сард 1 250 000 төгрөг, 50 000 төгрөг, 500 000 төгрөг, 200 000 төгрөг дансаар өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг дансаар нийт үндсэн зээл хүүнд 7 сая гаран төгрөг төлсөн. 16 500 000 төгрөгөөс уг 7 000 000 төгрөгийг хасаад 10 000 000 төгрөг төлөх хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн данснаас 3 удаагийн давтамжаар 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 7 200 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3 700 000 төгрөг, дараа нь 2 725 000 төгрөгийг шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлэхдээ эхлээд 8 000 000 төгрөгийн зээлээс 800 000 төгрөгийг хүүнд тооцон авч 7 200 000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 5 000 000 төгрөгийг зээлэхэд 9 сарын хүү 800 000 төгрөгийг 500 000 төгрөгийн хүүгийн хамт суутгаад 3 700 000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 3 500 000 төгрөг зээлэхэд 10, 11 дүгээр сарын хүүг тооцон суутгаад үлдэгдэл 2 725 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчид 13 625 000 төгрөгийг шилжүүлсэн. Талуудын хооронд зээлийн гэрээ хийгдээгүй. Хариуцагч нь нөхрийнхөө дансаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1 250 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 200 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 4 450 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрт бэлнээр 500 000 төгрөг, дансаар 50 000 төгрөг өгсөн боловч тухайн үед баримт үйлдээгүй. Энэ 200 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу хариуцагчийн нөхрийн дансаар шилжүүлсэн. Иймд талууд нь албан ёсоор зээлийн гэрээ байгуулаагүй. Сүүлд нь нөхөж хэлцэл хийсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчид 4 450 000 төгрөгийг өөрийн нөхрийн дансаар шилжүүлсэн тул уг төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцно. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бол хүү авах эрхгүй болно гэж зааснаар хариуцагч нь хүү төлөхгүй гэж байгаа. Тиймээс 9 175 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ш-гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 175 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 625 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Ш-гээс 161 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх хэргийн бодит нөхцөл байдал, хэргийн баримтад хэт нэг талыг барьж миний эрх ашиг сонирхлыг хохироосон. Би Д.Ш-гийн гуйлтаар 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 8 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлэхээр болж, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мөнгийг шилжүүлэхэд эхний 1 сарын хүүд 800 000 төгрөг тооцон авч, 7 200 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Хүүг тооцож авч, үлдэгдлийг шилжүүлэхийг Д.Ш- зөвшөөрсөн. Гэтэл Д.Ш- нь мөнгөө хугацаандаа өгөөгүй тул харилцан тохиролцож гэрээг сунгаж, хүүг cap бүр төлөхөөр тохиролцсон. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.Ш- нь 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай нэмээд зээлээч гэсэн гуйлтын дагуу мөнгийг шилжүүлэх болоход Д.Ш- нь өмнөх 8 000 000 төгрөгийн зээлийн 1 сарын хүү болон 5 000 000 төгрөгийн хүүг тооцон хүүд 1 300 000 төгрөгийг авч үлдэгдлийг шилжүүлээрэй гэсэн. Иймээс 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3 700 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн.

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3 500 000 төгрөг зээлээч одоо зээл бүтэхээр таны мөнгийг өгнө гэсэн. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлэх болж, хүүг тооцон авч 2 775 000 төгрөг шилжүүлсэн. Би Д.Ш-д мөнгө зээлэхдээ хамаатны эгч н.Саранцэцэгээс зээлж өгсөн. Д.Ш- зээлээ төлөөгүйгээс би Б.Саранцэцэгт маш их хүүгийн төлбөрт унаж хохирсон.

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Д.Ш-тэй уулзаж, бид мөнгө хүлээлгэн өгч байсан болон зээлийн төлөлтийг баримтжуулж, төлөх төлбөрийн үлдэгдлийн талаар баталгаажуулсан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч 16 500 000 төгрөг зээлдүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх ба 13 650 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр дансаар зээлдүүлсэн болох нь тогтоогддог" гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчийн өмчлөлд мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлж, зээлдэгч нь зээлж авсан эд хөрөнгөтэй тэнцүү тооны эд хөрөнгө, мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгчийн зүгээс 16 500 000 төгрөгийг шилжүүлэн өгөхөөр бэлдсэн боловч түүний 800 000 төгрөг, 1 300 000 төгрөг, 775 000 төгрөг, нийт 2 875 000 төгрөгийг хүүгийн төлбөрт тооцож, үлдэх хэсгийг шилжүүлэх талаар талууд тохиролцож байсан нь хэргийн 5 дахь талд авагдсан Д.Ш-гийн бичвэрээр нотлогдоно. Б.Б-гийн зүгээс мөнгийг бүхэлд нь шилжүүлэх сонирхолтой байсан ч хариуцагч нь хүүгийн төлбөрийг суутгах хүсэл зоргийг түрүүлж илэрхийлж, төлбөрийг төлсөн. Өөрөөр хэлбэл Б.Б-д төлөх ёстой Д.Ш-гийн хүүгийн төлбөр төлөгдөж байгаа тул түүнийг мөнгийг захиран зарцуулж байна гэж үзэхээр байна.

Хэргийн 5 дахь талд авагдсан баримтаар талуудын хооронд 16 500 000 төгрөг зээлдүүлэх тохиролцоо явагдаж тус мөнгийг шилжүүлснийг талууд тооцоо нийлж баримтжуулсан байхад шүүх “13 650 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн" гэх хийсвэр дүгнэлт хийж талуудын тохиролцоо, хэргийн бодит нөхцөл байдалд ач холбогдол өгөөгүй.

Нэхэмжлэгч нь талуудын тохиролцоо болон 16 500 000 төгрөг шилжүүлэн өгсөнөө нотолж хэргийн 5 дахь талд авагдсан баримтыг гаргаж өгсөн. Гэтэл хариуцагч нь уг баримтыг ижил төрлийн нотолгооны хэрэгслээр няцаагаагүй байхад шүүх уг баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хэдийгээр зохигчид зээлийн гэрээг бичгээр хийгээгүй боловч энэ нь нэхэмжлэгчийн хүү авах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулах ёстой боловч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасны дагуу мөнгө хүлээн авсныг нотолсон баримт үйлдэгдэх хүртэл зохигчид хариуцагчаас хүү төлж байсныг, мөн хүүгийн үлдэгдэл байгааг зөвшөөрсөн буюу өмнө нь бичгээр хийсэн байхыг шаардахгүй байхад шүүх хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илэрхий хохироосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9 175 000 гэснийг 19 800 000 болгож, 10 625 000 гэснийг 0 болгож, 2 дахь заалтын 161 750 гэснийг 256 950 болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Д.Ш-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 16 500 000  төгрөг, зээлийн хүүд 3 300 000 төгрөг, нийт 19 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ “...  Д.Ш-д ХААН банкны дансаар 6 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлэхдээ зээлийн хүүг суутгахыг хариуцагч зөвшөөрсөн учир нийт зээлийн дүнг 16 500 000 төгрөгөөр тооцсон” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...бичгээр гэрээ байгуулаагүй учир хүү төлөх үндэслэлгүй ... зээлийн үүрэгт 9 175 000 төгрөг төлнө ...” гэж маргасан байна.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, Д.Ш- нь Б.Б-гаас мөн зээлсэн үйл баримтад маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоон, эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Зохигч талууд зээлийн дүн болон хүү шаардах эрхийн талаар марган, хэн аль нь бичгийн нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон хэлцлийг бичгээр хийх, уг шаардлагыг хангаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдахаар заажээ. Талууд зээлийн гэрээг аман хэлбэрээр хийсэн, хүү тогтоосон гэрээг бичгээр хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон учир нэхэмжлэгч Б.Б- хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй. Хэдийгээр хариуцагч зээлийг төлөх тухай хүсэлтдээ үндсэн зээлийг төлсний дараа 3 сарын хүү нэмж төлөхөөр амлаж байгаа талаар бичсэн байх боловч уг баримтыг хүү төлөх үүрэг хүлээсэн гэрээ гэж үзэхгүй юм. Харин хариуцагч Д.Ш-гийн 16 500 000 төгрөгийг хүүтэй авснаа хүлээн зөвшөөрч, зээлийн хүү төлж байсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн өрийг хүлээн зөвшөөрсөн тухай баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж, хариуцагчийн зээлийн хүүд суутгуулсан дүнг үндсэн үүргээс хасч тооцсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж дүгнэв.

Уг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Ш-гийн мөнгө хүлээн авсан тухай баримт зэрэг бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар Б.Б- нь Д.Ш-д 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 13 650 000 төгрөгийг 6 удаа цувуулан мөнгө шилжүүлсэн болох нь нотлогдсон байна. Мөн хариуцагч Д.Ш-, нэхэмжлэгч Б.Б-д хандаж бичсэн хүсэлтдээ нийт зээлийн дүнг 16 500 000 төгрөгөөр тодорхойлж, үүнээс 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлж, зээлийн нийт үлдэгдэл 13 500 000 төгрөг болсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. /хх-6 дугаар хуудас/ 

Хариуцагч 2018 оны 3 дугаар сарын 01, 02-ны өдөр зээлийн үүргээс 3 000 000 төлсөн нь хэргийн 45 дугаар талд авагдсан банкны хуулгаар тогтоогдсон. Иймд зээлдэгч буюу хариуцагчийн үндсэн үүргийг 13 500 000 төгрөгөөр тодорхойлох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцэж байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийг шаардах эрхтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/02634 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “9 175 000” гэснийг “13 500 000” гэж, “10 625 000” гэснийг “6 300 000” гэж, 2 дахь заалтын “161 750” гэснийг “225 450” гэж, “4” дэх заалтыг “3”, 5 дахь заалтыг “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                                Ч.ЦЭНД