Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2468

 

Ц.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03250 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.П-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.П-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хи

Хариуцагч Г.Б-

Хариуцагчийн өмгөөлөгч Т.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Ц.П- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 40 000 000 төгрөгийг хариуцагч Г.Б-д 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний дагуу мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн. Зээлийн дүн 40 000 000 төгрөгт дараах төлбөр багтаж байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Г.Б- над руу утасдаж ломбарданд байгаа хөөргөө алдах гээд байна, зээлийг нь төлөөд чөлөөлөөд өгөөч гэсэн. Би хөдөө байсан учир найз Б.Энхбатыг гуйж Г.Б-ы зээлийг төлүүлээд дараа нь өөрөө найздаа уг мөнгийг өгсөн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10 000 ам.доллар хэрэгтэй байна гэхэд нь Грандфин ББСБ-д 24 460 000 төгрөгөөр 10 000 ам.доллар солиулж хариуцагчид бэлнээр өгсөн, зээлийн барьцаанд Хар усан тохойд байдаг 80 ширхэг лотки, бенз машин зэргийг үзүүлж байсан. Мөн өдөр Хаан банк дахь өөрийн данснаас 6 000 000 төгрөг, өөрт бэлэн байсан 4 540 000 төгрөгийн хамт өгсөн. Би Г.Б-аас зээлийн гэрээнд заасан хугацаа өнгөрсөн болохыг удаа дараа сануулж, мөнгө төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Иймд хариуцагч Г.Б-аас зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 40 000 000 төгрөг, өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс 10 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 40 000 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүү, анз төлөхгүйгээр буцаан өгөхөөр тохиролцсон. Гэвч Ц.П- нь надад зээлийн гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй. Хэдийгээр гэрээ байгуулагдсан боловч тухайн гэрээний 1.1-д заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Тухайн гэрээний 3.2-т зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитой гардуулснаар хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитой биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан. Иймээс тухайн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн өгөөгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Б-аас 29 437 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.П-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 562 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас 305 136 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.П-ид олгож, хариуцагч Г.Б- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.П- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 10 562 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйд нийцнэ гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь Г.Б- “миний дансыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хаасан, дансаар мөнгө оруулж болохгүй байна, дансаар оруулахаар татаад авчихна, чи ахдаа бэлнээр бүрдүүлээд өг” гэж 40 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, бэлнээр хүлээж авсан. Г.Б- нь намайг шүүхэд хандахаас өмнө 40 000 000 төгрөгөө өгнө гэж ярьдаг байсан боловч өмгөөлөгч авсаны дараа би аваагүй гэсэн. Гэвч Г.Б-д зээлдүүлсэн 40 000 000 төгрөгийг би бэлнээр өгсөн нь банкны баримт, мөнгө солиулсан баримт, хөөрөг ломбарднаас чөлөөлсөн болон бэлнээр өгсөн баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдоно.

Шүүхээс зээлийн гэрээний дагуу Г.Б-д 29 437 200 төгрөг өгсөн болохыг баталж шийдвэрлэсэн. Харин 10 562 800 төгрөгөөс 6 000 000 төгрөгийг би зээлийн гэрээ байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Хаан банкны харилцах данснаас бэлнээр авсан нь нотлогдоно. Ц.П- нь өөрийн Хаан банкны 5174044589 тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр АТМ-ээс 1 000 000 төгрөг, банкнаас 5 000 000 төгрөгийг авч Г.Б-д бэлнээр өгсөн дансны хуулга байгаа тул энэ нь баримтаар нотлогдохын зэрэгцээ, энэ мөнгийг өөр байдлаар захиран зарцуулаагүй, Г.Б-д өгсөнөөс өөр бусдад шилжүүлээгүй. Мөн хэрэгт авагдсан Си-Ди дээр Г.Б- нь 6 000 000 төгрөгөө бэлнээр өгөхийг дурдсан баримт авагдсан ба 4 540 000 төгрөгийг би Г.Б-д бэлнээр өгсөн болохоо гэрчилж, тайлбар өгсөн. Энэ нь Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 281.2, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцэх тул шүүхийн шийдвэрийн 10 562 800 төгрөгийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийг шаардлагаас хэрэгсэхгүй болсон 10 562 800 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

            Нэг. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр урьдчилсан гэрээ бөгөөд эд зүйлийг шилжүүлэн өгөөгүй байхад хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Гэтэл хүчин төгөлдөр урьдчилсан гэрээ байгуулсан нөхцөл байдлыг үнэлж хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            Хоёр. Нотлох баримтыг буруу үнэлсэн

Хэрэгт цугласан баримтаар Ц.П-оос Г.Б-д мөнгө хүлээлгэж өгсөн үйл баримтыг бичгийн баримтаар тогтоогоогүй байтал шилжүүлсэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Шийдвэрт “гэрч Б.Энхбат мэдүүлэхдээ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч 10 000 ам.доллар Найман шарга төв дээр солиулаад хариуцагч Г.Б-д өгөхөд хамт явсан, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Г.Б-ы зээл 5 000 000 төгрөгийг ломбардад төлөөд хөөргийг нь барьцаанаас чөлөөлсөн, нэхэмжлэгч уг мөнгийг өөрт нь төлснөөр тооцоо дууссан" гэж дүгнэсэн. Гэтэл тухайн мөнгийг ломбардад шилжүүлж хөөргийг авсан болон 10 000 доллар солиулсан хүн нь Б.Энхбат байдаг. Үүнээс үзэхэд Б.Энхбат болон Г.Б- нарын хооронд эд хөрөнгийн өөр харилцаа үүссэнээс бус Ц.П-, Г.Б- нарын хооронд байгуулсан гэрээний үүргийг дээрх мөнгийг өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүхийн шийдвэрт "…5 000 000 төгрөг төлүүлж, хөөргөө чөлөөлүүлсэн, мөн 10 000 ам.доллар хүлээн авсныг үйл баримтын хувьд маргаагүй" гэсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд 10 000 ам.доллар солиулсан нь нэхэмжлэгч хариуцагчид өгсөн гэх үйл баримтыг нотлохгүй, хэрэв өгсөн бол хэнд өгсөн талаар тогтоох боломжгүй баримтаас үзэхэд энэхүү мөнгийг Б.Энхбат солиулж авсан, нэхэмжлэгчийн мөнгө биш гэж мэтгэлцсэн атал үйл баримтын хувьд эсрэг дүгнэлт хийсэн. Шийдвэрт "…гэрч Б.Энхбаттай холбоотой ба гэрч нь дурдсан мөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлснийг, мөн өөрөө холбогдолгүй болохыг тус тус шүүхэд гэрчилсэн" гэсэн. Гэрчийн хувьд хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байх шаардлагатай гэтэл өөрийн зүгээс нэхэмжлэгчтэй олон жилийн найз нөхдийн холбоотой гэдгээ илэрхийлсэн. Энэ нь тухайн хэрэгт субьектив байдлаар оролцох боломжтой байхад шүүх түүний мэдүүлгийг шууд нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу.

            Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн

Хариуцагчийн зүгээс тухайн хэрэгт өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж байгаа тухайгаа хэрэг үүссэн үеэс эхлэн баримтаар баталгаажуулж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа тул биеэ эмчлүүлтэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хүнд өвчин биш гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч нь тархины цус хомсрох, харвалт, баруун талын хөнгөн саа өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан болохоо тогтоолгосон. Шүүх хуралдааны өдөр хагалгаанд орох хуваарьтай гэдгээ шүүгчийн туслахад хэлсэн. Гэтэл үүнийг анхааралгүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Ц.П- нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 10 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “зээлийн харилцаа үүсээгүй” гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

            Анхан шатны шүүх маргалдагч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Учир нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ц.П-, Г.Б-д 40 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцон гэрээг бичгийн хэлбэрээр хийж, нотариатаар баталгаажуулсан болох нь тэдгээрийн тайлбар, зээлийн гэрээгээр нотлогдож байна. /хх-3-4, дэх тал/ Энэ үйл баримтад маргаангүй, харин гэрээний дагуу зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн эсэх талаар маргажээ.

            Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, “Грандфин” ББСБ-ын 187652 дугаартай тасалбар, гэрчийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга  зэргээр гэрч Б.Энхбат нь нэхэмжлэгч Ц.П-ийн хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн данснаас 5 000 000 төгрөг зарлагдаж хариуцагч Г.Б-ы хөөргийг барьцаанаас чөлөөлсөн,

мөн нэхэмжлэгч, гэрч нар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Грандфин” ББСБ-аас 24 460 000 төгрөгөөр 10 000 ам.доллар худалдан авч хариуцагч Г.Б-ы гэрт аваачиж өгсөн болох нь нотлогдсон байна. /хх-124, 126, 141-143 дэх тал/

            Дээрх үйл баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг боловч мөнгө Ц.П-ийнх биш гэрч Б.Энхбатынх, ... Б.Энхбат, Г.Б- нарын хооронд өөр мөнгөний асуудал байсан” гэх тайлбараа баримтаар нотлоогүй учир хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. /хх-174, 181-182 дахь тал/

            Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “... үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох”-оор заасан тул гэрч Б.Энхбатаас хариуцагч Г.Б-д шилжүүлсэн 29 460 000 төгрөг /10 000 ам.доллар + 5 000 000 төгрөг/-ийг нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүрэгт тооцох нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасанд нийцнэ. Иймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул хэн аль гэрээний үүргийг нөгөө талаасаа шаардах эрхтэй.

            Хариуцагч Г.Б- нэхэмжлэгчээс шилжүүлсэн авсан мөнгөө гэрээгээр тохирсон хугацаандаа биелүүлээгүй нь түүний тайлбараар тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ХААН банкны данснаас зарлагадсан 6 000 000 төгрөгийг, мөн өөрт нь бэлэн байсан гэх 4 540 000 төгрөг, нийт 10 540 000 төгрөгийг хариуцагч Г.Б-д зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй учир уг мөнгийг 40 000 000 төгрөгийн зээлийн үүрэгт тооцох боломжгүй. Мөн нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн дуу авианы бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүйн гадна талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний маргааныг шууд нотлох эргэлзээгүй баримт биш байна. Иймд нэхэмжлэгчийн нотлох баримтыг дутуу үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Мөн нэхэмжлэгч эрх зүйн туслалцаа авах үүднээс өмгөөлөгч авч хөлс төлөх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн үүрэгт хамаарахгүй юм. 

            Анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 29 437 200 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

  Шүүх, нэхэмжлэгч Ц.П-ийн “Грандфин” ББСБ-аас 24 460 000 төгрөгөөр 10 000 ам.доллар худалдан авсан баримтыг үнэлэх боломжтой байхад Монгол банкны ам.долларын ханшаар тооцсон нь алдаатай хэдий ч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Хэргийн баримтаас үзвэл шүүх, хариуцагч талын хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулсан байх бөгөөд шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.8 дахь хэсэгт заасны дагуу хүргүүлж мэдэгдсэн болох нь тогтоогдож байна. /хх-26, 40, 49, 75-76, 86-87, 98, 139, 162 дахь тал/ Түүнчлэн хариуцагчаас гаргасан хүсэлтийг хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг учир анхан шатны шүүхийг хариуцагчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 183 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

               

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

           

                                          ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                 Ч.ЦЭНД