Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00642

 

Ц ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03250 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2468 дугаар магадлалтай,

Ц ийн нэхэмжлэлтэй,

Г д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 50,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц , хариуцагч Г , нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Би 2017 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг хариуцагч Г д 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний дагуу мөнгийг 2017 оны 12 сарын 01-ний өдөр өгсөн. Зээлийн дүн 40,000,000 төгрөгт дараах төлбөр багтаж байгаа. 2017 оны 11 сарын 30-ны өдөр Г  над руу утасдаж “ломбардад байгаа хөөргөө алдах гээд байна, зээлийг нь төлөөд чөлөөлөөд өгөөч” гэсэн. Би хөдөө байсан учир найз Б.Энхбатыг гуйж Г ы зээлийг төлүүлээд дараа нь өөрөө найздаа уг мөнгийг өгсөн. Мөн 2017 оны 12 сарын 01-ний өдөр 10,000 ам.доллар хэрэгтэй байна гэхэд нь “Грандфин” ББСБ-д 24,460,000 төгрөгөөр 10,000 ам.доллар солиулж хариуцагчид бэлнээр өгсөн, зээлийн барьцаанд Хар усан тохойд байдаг 80 ширхэг лотки, бенз машин зэргийг үзүүлж байсан. Мөн өдөр Хаан банк дахь өөрийн данснаас 6,000,000 төгрөг, өөрт бэлэн байсан 4,540,000 төгрөгийн хамт өгсөн. Би Г д зээлийн гэрээнд заасан хугацаа өнгөрсөн болохыг удаа дараа сануулж, мөнгө төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Иймд хариуцагч Г аас зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 40,000,000 төгрөг, өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг 2018 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хүү, анз төлөхгүйгээр буцаан өгөхөөр тохиролцсон. Гэвч Ц  нь надад зээлийн гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй. Хэдийгээр гэрээ байгуулагдсан боловч тухайн гэрээний 1.1-д заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Тухайн гэрээний 3.2-т зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитой гардуулснаар хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитой биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан. Иймээс тухайн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн өгөөгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.        

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03250 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г аас 29,437,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,562,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г аас 305,136 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц ид олгож, хариуцагч Г  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2468 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03250 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2468 дугаар магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ц ийг огт таньдаггүй гэдгээ дурдъя. Мөн Ц той зээлийн гэрээ байгуулсан боловч хэрэгжээгүй бөгөөд түүний найз ашиг сонирхол нэг н.Энхбат, н.Ганбаяр нартай хамтран ажиллахаар үгсэн тохиролцсон 500,000 юаны зуучлалын гэрээ хийгдсэн билээ. Энэхүү ажлын бүтээмж нь 100 хувь биелж одоо болтол гэрээний үүрэг биелүүлээгүй байгаа болно. Гэтэл өнөөдөр Ц  нэхэмжлэгч болж, н.Энхбат гэрч болон нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болоод байна. Учир нь Ц оос миний бие нэг төгрөг ч аваагүй нь хэрэгт 100 хувь нотлогдож байгаа болно. Харин “Харивол глобал юнайтед” ХХК-ийн захирал Энхбат нарын хамтран ажиллахад гаргасан зардал юм. Энэ гарч байгаа зардал нь Энхбатын данснаас гарч байгаа бөгөөд хавтаст хэрэгт нотлогдсон байгаа. Гэтэл энэхүү зардлыг Ц  би төлсөн мэтээр нэхэмжилж байгаа нь хууль бус болно. Мөн миний ломбардад байсан 70,000,000 төгрөгийн үнэтэй хөөргийг 5,000,000 төгрөгөөр чөлөөлж аваад зарж борлуулах яриа хийснээ өнөөдөр барьцаанд өгсөн мэтээр ярьж хууль зөрчиж байна. Энэхүү зарцуулсан гэж нэхэмжилж байгаа мөнгийг Ц  биш н.Энхбат нь ОХУ-д явсан 2 хүний онгоцны тийз, зочид буудалд зарцуулагдсан болно. Хэрэв миний бие хүндээр өвчлөөгүй байсан бол анхан шатны шүүх хуралдаанд оролцож нотлох баримт гаргаж өгөх байлаа. Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон учир дахин нотлох баримтыг өнөөдрийн байдлаар өгөх боломжгүй болжээ. Ц оос нэг ч төгрөг аваагүй байтал хууль бус зээлийн гэрээг ашиглан тодорхой хэмжээний мөнгө нэхэж байгаа нь хууль бус болно. Эцэст нь “Ричвүүд” ХХК-ийн Ганбаяр, Энхбат нарыг хамтран хариуцагчаар нэхэмжлэл гаргаж хэрэг үүссэнийг дурдах нь зүйтэй болов уу. Дээрх 40,000,000 төгрөгийн холбоотой эх материалууд байгаа болно гэжээ. 

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц  нь хариуцагч Г д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,000,000.00 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 10,000,000.00 төгрөг, нийт 50,000,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 40,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, гарын үсэг зурсан ба энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ломбардад 5,000,000.00 төгрөг төлж хариуцагчийн барьцаалагдсан хөөргийг нь чөлөөлсөн, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Грандфин ББСБ-д 10,000.00 ам.доллар солиулж  хариуцагчид бэлнээр өгсөн, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хаан банк дахь өөрийн данснаас 6,000,000.00 төгрөг авч, өөрт бэлэн байсан 4,540,000.00 төгрөгийг өгсөн гэж шаардлагаа тайлбарласан бол хариуцагч нь зээлийн харилцаа үүсээгүй, хамтран ажиллах явцад гарсан зардал, нэхэмжлэгчийг танихгүй, түүнээс мөнгө аваагүй гэсэн тайлбар гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх “Грандфин” ББСБ-ын 187652 дугаартай тасалбар, гэрчийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Б.Энхбатын нэхэмжлэгч Ц ийн хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн данснаас 5,000,000.00 төгрөг зарлагадаж хариуцагч Г ы хөөргийг барьцаанаас чөлөөлсөн, мөн нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Грандфин” ББСБ-аас 24,460,000.00 төгрөгөөр 10,000.00 ам.доллар худалдан авч хариуцагч Г ы гэрт аваачиж өгсөн болох нь нотлогдсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 29,437,200.00 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

            Хэргийг хянахад нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг шаардсан боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагчид шаардлагад заасан хэмжээний мөнгийг хүлээлгэн өгсөн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг танихгүй, зээл аваагүй харин энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Энхбатаас зарим мөнгийг авсан боловч энэ нь хамтын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардал байсан гэсэн зөрүүтэй тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд оролцож, энэ тухай баримт гарган мэтгэлцээгүй байна.

            Хариуцагч нь Тархины цус хомсрох харвалт, баруун талын хөнгөн саа гэсэн оношийн үндэслэлээр мэдрэлийн эмчийн хяналтад байдаг, одоогоор шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагатай гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт 2018 оны 10 сарын 10-ны өдөр гаргахдаа 15 хуудас бүхий баримтыг хавсаргасан байна.

Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 17266 захирамжаар “...Батчулууны эрүүл мэндийн байдлын ямар нөхцөл байдлыг тодорхойлсон, мөн ямар эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа лавлагааг ...гаргуулах”-аар шийдвэрлэсний дагуу Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 336 тоот албан бичгээр хариу ирүүлснийг шүүгчийн захирамжид заасан нөхцөлийг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна. /хх-136-138, 152-161/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэргийн үйл баримтын талаар хангалттай мэтгэлцэж чадаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байхад хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хууль хэрэглэх боломжгүй.   

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03250 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2468 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2019/01305 дугаар шүүгчийн захирамжаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ЗОЛЗАЯА

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН