Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2018/03250

 

 

 

 

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2018/03250

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 40.000.000 төгрөгийг хариуцагч*******д 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний дагуу мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн. Зээлийн дүн 40.000.000 төгрөгт дараах төлбөр багтаж байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр******* над руу утасдаж ломбарданд байгаа хөөрөг алдах гээд байна, зээлийг нь төлөөд чөлөөлөөд өгөөч гэж ярьсан. Би хөдөө байсан учир найз Б.Энхбатыг гуйж*******ы зээлийг төлүүлээд дараа нь өөрөө найздаа уг мөнгийг өгсөн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10.000 ам.доллар хэрэгтэй байна гэхээр нь Грандфин ББСБ-д 24.460.000 төгрөгөөр 10.000 ам.доллар солиулж хариуцагчид бэлнээр өгсөн, надад зээлийн барьцаанд Хар усан тохойд байдаг 80 ширхэг лотки, бенз машин зэргийг үзүүлж байсан. Мөн өдөр Хаан банкин дахь өөрийн данснаас 6.000.000 төгрөг авч, өөрт бэлэн байсан 4.540.000 төгрөгийн хамт өгсөн. Зээлийн гэрээнд 40.000.000 төгрөгийн зээл олгосон талаар тусгагдсан. Би*******д гэрээнд заасан хугацаа өнгөрсөн болохыг сануулж, удаа дараа зээлсэн мөнгө төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч*******аас зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 40.000.000 төгрөг, өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс 10.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 40.000.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүү, анз төлөхгүйгээр буцаан өгөхөөр тохиролцсон байдаг. Гэвч *******-ийн зүгээс надад зээлийн гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй. Хэдийгээр гэрээ байгуулагдсан боловч тухайн гэрээний 1.1-д заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн байна. Тухайн гэрээний 3.2-т зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитой гардуулснаар хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитой биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан. Иймээс тухайн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн өгөөгүй нь гэрээ хүчин төгөлдөр бус байхаар байна. Миний зүгээс дээрх нэхэмжлэгч *******ийн үйлдлийг хуулийн боломжийг ашиглаж бусдаас үндэслэлгүйгээр мөнгө гаргуулан авах гэсэн оролдлого гэж харж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсныг маргахгүй боловч нэхэмжлэгч зээлийг бодитой шилжүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид 40.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ /хх-3/.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр гэрээ байгуулан гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр байх ба уг харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээнд хамаарна.

 

Дээрх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар шүүхэд маргаагүй, харин нэхэмжлэгчээс хариуцагчид зээл шилжүүлсэн эсэх, зээл төлөх үүрэг хариуцагчид үүссэн эсэхэд маргаж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 40.000.000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн гэж шүүхэд тайлбарлаж байна. Үүнд:

 

- 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр ломбарданд найз Б.Энхбатаар дамжуулан 5.000.000 төгрөг төлж барьцаалагдсан хөөргийг нь чөлөөлсөн,

 

- 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Грандфин ББСБ-д 24.460.000 төгрөгөөр 10.000 ам.доллар солиулж хариуцагчид бэлнээр өгсөн,

 

- 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкин дахь өөрийн данснаас 6.000.000 төгрөг авч бэлнээр өгсөн, мөн өөрт бэлэн байсан 4.540.000 төгрөгийг өгсөн.

 

Хариуцагчийн өмгөөлөгч дээрх тооцооноос хариуцагч ломбарданд 5.000.000 төгрөг төлүүлж, хөөргөө чөлөөлүүлсэн, мөн 10.000 ам.доллар хүлээн авсныг үйл баримтын хувьд маргаагүй боловч эдгээрийг нэхэмжлэгч бус Б.Энхбат шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан Б.Энхбатын Хаан банкин дахь тоот дансны хуулгаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  тоот дансанд 5.000.000 төгрөг Б-ы хөөрөг төлбөр төлөв энхбат-с гүйлгээний утгаар шилжүүлсэн, мөн нэхэмжлэгчийн Хаан банкин дахь тоот дансны хуулгаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгийн бэлэн зарлагын 2 гүйлгээ хийгдсэн, түүнчлэн Грандфин ББСБ-ын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 187652 тоот тасалбараар Б.Энхбат 24.460.000 төгрөгөөр 10.000 ам.доллар солиулсан байдал тогтоогдож байна /хх-123,124, 126/.

 

Гэрч Б.Энхбат шүүхэд мэдүүлэхдээ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч 10.000 ам.доллар Найман шарга төв дээр солиулаад хариуцагч*******д хүлээлгэн өгөхөд хамт явсан, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр*******ы зээл 5.000.000 төгрөгийг ломбарданд төлөөд хөөргийг нь барьцаанаас чөлөөлсөн, нэхэмжлэгч уг мөнгийг өөрт нь төлснөөр тооцоо дууссан гэжээ /хх-141-143/.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь барьцаанаас чөлөөлсөн хариуцагчийн гэх хөөргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж, үзлэг хийлгэн бэхжүүлүүлсэн байна /хх-144-149/.

 

Хариуцагчийн зүгээс дээрх баримтуудыг няцааж үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй.

 

Шүүх дээр дурдсан баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзээд нэхэмжлэгчийг зээлийн гэрээнд заасны дагуу 29.437.200 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэв. Тодруулбал, нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алины тайлбарт дурдагдаж буй 10.000 ам.доллар болон ломбардын зээлд шилжүүлсэн 5.000.000 төгрөг гэрч Б.Энхбаттай холбоотой байх ба гэрч нь дурдсан мөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлснийг, мөн өөрөө холбогдолгүй болохыг тус тус шүүхэд гэрчилсэн байна.

 

Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн данснаас 6.000.000 төгрөг бэлнээр авсан нь нотлогдож байх боловч уг мөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх баримтгүй, мөн нэхэмжлэгч өөрт бэлэн байсан 4.540.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.6-д зээлийг талуудын тодорхойлсноор 2017.12.01-нд олгосон гэж тусгаснаар 40.000.000 төгрөгийн зээл олгосон нь нотлогдож байгаа гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах журмын дагуу тайлбарлавал зээлийг хэсэгчлэн олгосон, үүнд хариуцагчийн бусдад төлөх өр багтсан, зээлийн зарим хэсгийг бэлнээр, дансаар шилжүүлсэн, гадаад валютаар шилжүүлсэн гэх зэрэг тус зээлийн гэрээний онцлог нөхцөлүүдийг уг заалтаас тодорхойлох боломжгүй байна.

 

Иймээс зээл бүрэн олгосон талаар зээлийн гэрээнд тусгагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэстэй гэж үзэх боломжгүй.

 

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь гэрч Б.Энхбат, хариуцагч******* нар зээлийн талаар утсаар ярьсан яриаг бичсэн гэх си диг нотлох баримтаар өгч судлуулсан бөгөөд Б.Энхбатаас шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдүүлээгүй, мөн нэр бүхий этгээдийн дуу хоолой мөн эсэх, хэзээ, хаана ярьсан, ярианы бичлэгийг хэн, хэрхэн бичиж авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй учир тус баримтаар маргааны үйл баримт нотлогдохгүй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба зээлийн гэрээний маргаанд зээл олгох үүргээ хэрхэн биелүүлснээ зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нотлох үүрэгтэй болно.

 

Зээл 10.000 ам.долларыг нийтэд илэрхий үйл баримт болох Монголбанкны албан ханшийг баримтлан зээл олгосон өдрийн байдлаар тооцоход 1 төгрөг 2.443,72 төгрөг буюу нийт 24.437.200 төгрөг болж байна.

 

Дээр дурдсаныг үндэслэн шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид 29.437.200 төгрөгийн зээл /24.437.200+5.000.000/ олгогдсон гэж дүгнэсэн ба хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөө тохирсон хугацаанд буюу зээлийн гэрээний 2.2-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 29.437.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлс 10.000.000 төгрөг нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

 

Гэвч хэрэгт авагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх 2 гэрээгээр нэхэмжлэгчээс өмгөөлөгчид хөлс төлөх талаар тусгагдаагүйгээс гадна хэрэгт өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 10.000.000 төгрөг төлсөн баримт авагдаагүй, нэхэмжлэгч өөрийн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан явдал нь түүнтэй холбоотой зардлыг төлөх үүргийг хариуцагчид үүсгэхгүй болно /хх-28, 41/.

 

Иймд өмгөөлөгчийн хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүх хариуцагч*******ы хүсэлт, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, 2018 оны 07 дугаар сарын 26, 2018 оны 09 дүгээр сарын 13, 2018 оны 09 дүгээр сарын 21, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан бөгөөд тэрээр өөрийгөө эрүүл мэндийн байдлын хувьд шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж үзэж байгаа нөхцөлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохыг удаа дараа мэдэгдсэн, мөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн 80109191 дугаар утсаар мэдэгдсэн тул зохигчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан гэж үзсэн болно. Түүнчлэн хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирж хариу тайлбараа бичгээр гаргасан ба хэргийн материалтай танилцахаас татгалзан түүний өмнөөс өмгөөлөгч танилцах тухай тайлбар гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч*******аас 29.437.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.562.800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 305.136 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай.  

 

3. Хариуцагч******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА