Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/00905

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 04 өдөр

                Дугаар 183/ШШ2022/00905

                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ц овогтой, С.С.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: А овогтой, Ц.Д.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: М овогтой, Д.А.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.М. 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулах тухай.

 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох.

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй.

Хариуцагч: “Ш” ХХК-д холбогдох.    

Хариуцагч: Ц овогтой, С.С-т холбогдох.

Хариуцагч: А овогтой, Ц.Д-д холбогдох.

Хариуцагч: М овогтой, Д.А-д холбогдох.

Хариуцагч: Б.М-д холбогдох. 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай.    

Шүүх хуралдааны оролцогчид:  

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн төлөөлөгч Д.Б.

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б.

Хариуцагч: “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: С.С.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ц.Д.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Д.А.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.М.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгч: Ц.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь “Г” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ш” ХХК, “Г” ХХК 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Ажил гүйцэтгэх” гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Аялал жуулчлалын цогцолборын” ТХ-07 байгуулалтын дээврийн угсралтын ажлын гэрээг байгуулж, хамтран ажилласан. Уг гэрээнүүдийн төлбөр нийт 1.166.117.922 төгрөг бөгөөд талууд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн, “Гурван билэг” ХХК-ийн зүгээс 1.028.944.000 төгрөгийг гүйцэтгэл батлан нийт 9 ширхэг орон сууцыг “Ш” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон болно. Гэтэл 5 байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч үлдсэн 531.867.000 төгрөгийн үнэ бүхий 4 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй байна. “Ш” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу ажлын хөлсөнд шилжүүлэх Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24 тоотод байрлах 61.1 м.кв талбайтай орон сууц, 31 тоотод байрлах 81.6 м.кв талбайтай орон сууц, 52 тоотод байрлах 76.2 м.кв талбайтай орон сууц, 67 тоотод байрлах 61.1 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг “Ш” ХХК-д шилжүүлэхийг “Г” ХХК-д даалгаж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулж өгнө үү гэв.

  

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ш” ХХК нь гэрээний дагуу нийт 894.957.922 төгрөгийн ажил гүйцэтгэхээс одоогийн байдлаар 318.441.794 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хийж дуусгаагүй юм. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр “Ш” ХХК нь ажлаа бүрэн гүйцэтгэсний дараа акт үйлдэн хүлээлцэж, бартераар тохирсон орон сууцыг авах ёстой. Гэтэл “Ш” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж дуусгаагүй байж ажлын хөлсөнд шилжүүлэх орон сууцны өмчлөх эрхийг шаардаж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

3. Гуравдагч этгээд С.С бие даасан шаардлага гаргасан. Үндэслэлдээ: “Ш” ХХК-ийн зөвшөөрснөөр, “Г” ХХК-ийн хүлээлгэн өгснөөр С.С би Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24 тоотод байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны үнэ 83.440.000 төгрөгийг “Ш” ХХК-д шилжүүлэн өгч, уг орон сууцандаа  2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нүүж орсон бөгөөд өнөөдрийг хүртэл амьдарч байна. “Ш” ХХК болон “Г” ХХК-д хандан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байна. Иймд Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24 тоотод байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр С.С-ийг тогтоож өгнө үү гэв.

 

4. Гуравдагч этгээд Ц.Д бие даасан шаардлага гаргасан. Үндэслэлдээ: “Ш” ХХК-ийн зөвшөөрснөөр, “Г” ХХК-ийн хүлээлгэн өгснөөр Ц.Д миний бие маргаж Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 31 тоотод байршилтай 81.6 м.кв талбайтай орон сууцны үнэ 124.000.000 төгрөгийг төлж, уг орон сууцандаа 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. “Ш” ХХК болон “Г” ХХК-д хандан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байна. Мөн “Г” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан. Дээрх гэрээнүүдийн үүргээ Ц.Д нь бүрэн биелүүлж, төлбөрийг төлсөн. Иймд Ц.Д-ийг Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 31 тоотод байршилтай 81.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэв.

 

5. Гуравдагч этгээд Д.А бие даасан шаардлага гаргасан. Үндэслэлдээ: “Ш” ХХК-ийн зөвшөөрснөөр, “Г” ХХК-ийн хүлээлгэн өгснөөр Д.А би Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 67 тоотод байршилтай 59.6 м.кв талбайтай орон сууцны үнэ 90.000.000 төгрөгийг “Ш” ХХК-д төлж, уг орон сууцандаа 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. “Ш” ХХК болон “Г” ХХК-д хандан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байна. Хэрэв “Г” ХХК-иас орон сууцны төлбөрийг “Ш” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, уг орон сууцны түлхүүрийг надад хүлээлгэн өгч, оруулаагүй байсан бол энэ маргаан гаргахгүй байсан. Иймд Д.А би гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тул Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 67 тоотод байршилтай 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэв.

 

6. Гуравдагч этгээд Б.М бие даасан шаардлага гаргасан. Үндэслэлдээ: “Ш” ХХК-ийн зөвшөөрснөөр, “Г” ХХК-ийн хүлээлгэн өгснөөр Б.М би Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 52 тоотод байршилтай 74.45 м.кв талбайтай орон сууцны үнэ 111.675.000 төгрөгийг “Ш” ХХК-д төлж, уг орон сууцанд 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байна. “Ш” ХХК, “Г” ХХК-д хандан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байна. Хэрэв “Г” ХХК-иас орон сууцны төлбөрийг “Ш” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, уг орон сууцны түлхүүрийг надад хүлээлгэн өгч, оруулаагүй байсан бол энэ маргаан гаргахгүй байсан. Иймд Б.М би гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тул Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 52 тоотод байршилтай 74.45 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгчээс “Ш” ХХК, “Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ”, уг гэрээний хавсралт, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Дээврийн угсралтын ажлын гэрээ”, уг гэрээний хавсралт, “Ш” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 08/10 дугаар “Хүсэлт гаргах тухай” гэсэн баримтыг, хариуцагчаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ш” ХХК-тай тооцоо нийлсэн акт, “Ш” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/12 дугаар “Хүсэлт хүргүүлэх тухай”, Хан богд резиндес хотхоны 404 байрны өрлөг, шавардлагын ажлын тооцоо, “Г” ХХК-ийн нэхэмжлэх, Ажлын гүйцэтгэлийн тооцоо тулгалт, Ажил гүйцэтгэлийн тайлан, Гэрээт ажлуудын алдангийн тооцоо, “Г” ХХК-ийн Шаардлага хүргүүлэх тухай, Мэдэгдэл хүргүүлэх тухай, Байр хүлээлцсэн акт гэсэн баримтыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, Захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, банкны дансны хуулга, “Ш” ХХК-ийн Тодорхойлолт, “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”, Төлбөр төлж дуусгавар болсон тодорхойлолт гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1493 дугаар албан бичгээр “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж, 404 дүгээр байрны 24, 31, 52, 67 тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна” гэсэн баримт, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128 дугаар албан бичгээр “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж, 404 дүгээр байрны 120 захиалагчтай орон сууцны нэрсийн жагсаалтыг Г ХХК нь ирүүлсэн байх бөгөөд 24, 31, 52, 67 тоотууд бүртгэгдээгүй байна” гэсэн баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Ш” ХХК, “Г” ХХК нь хамтран ажиллахаар тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл уг гэрээний дагуу “Г” ХХК нь 9 орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөхөөс 5 орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгсөн, харин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24, 31, 52, 67 тоот орон сууцыг биет байдлаар шилжүүлэн өгсөн атлаа, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй байх тул дээрх орон сууцны өмчлөх эрхийг “Ш” ХХК-д шилжүүлэхийг “Г” ХХК-д даалгаж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Ш” ХХК, “Г” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. “Ш” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гэрээний дагуу 894.957.922 төгрөгийн ажил гүйцэтгэхээс одоогийн байдлаар 318.441.794 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Иймээс гэрээний үүргийг бүрэн гүйцэтгээгүй тул “Г” ХХК-иас гэрээний заасны дагуу ажлын хөлсөнд тооцон шилжүүлэх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэв.

 

4. Гуравдагч этгээд С.С, Ц.Д, Д.А, Б.М нар бие даасан шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Ш” ХХК-тай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, “Г” ХХК-ийн зөвшөөрч, орон сууцыг актаар хүлээлгэн өгсний дагуу С.С нь Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24 тоотод байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны үнэ 83.440.000 төгрөгийг “Ш” ХХК-д шилжүүлэн өгч, уг орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Г” ХХК-иас биет байдлаар шилжүүлэн авсан, Ц.Д нь Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 31 тоотод байршилтай 81.6 м.кв талбайтай орон сууцны үнэ 124.000.000 төгрөгийг “Ш” ХХК-д шилжүүлэн өгч, уг орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Г” ХХК-иас биет байдлаар шилжүүлэн авсан, Д.А нь Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 67 тоотод байршилтай 59.6 м.кв талбайтай орон сууцны үнэ 90.000.000 төгрөгийг “Ш” ХХК-д шилжүүлэн өгч, уг орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Г” ХХК-иас биет байдлаар шилжүүлэн авсан, Б.М нь Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 52 тоотод байршилтай 74.45 м.кв талбайтай орон сууцны үнэ 111.675.000 төгрөгийг “Ш” ХХК-д шилжүүлэн өгч, уг орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Г” ХХК-иас биет байдлаар шилжүүлэн авсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн.

 

5. Нэхэмжлэгч “Ш” ХХК-иас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Үүнд: “Г” ХХК нь гэрээний дагуу 9 орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24, 31, 52, 67 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй. “Г” ХХК нь манай компанийг уг орон сууцыг бусдад худалдаж байгааг мэдэж байсан бөгөөд актаар орон сууцыг шилжүүлэн өгсөн. Гуравдагч этгээд С.С, Ц.Д, Д.А, Б.М нар орон сууцны төлбөрийг “Ш” ХХК-д бүрэн төлж барагдуулсан тул бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

6. Хариуцагч “Г” ХХК нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: С.С, Ц.Д, Д.А, Б.М нар “Г” ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрөө төлөөгүй. Мөн “Ш” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24, 31, 52, 67 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх боломжгүй гэв.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Ш” ХХК, “Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ”, уг гэрээний хавсралт, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Дээврийн угсралтын ажлын гэрээ”, уг гэрээний хавсралт, “Ш” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 08/10 дугаар “Хүсэлт гаргах тухай”, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ш” ХХК-тай тооцоо нийлсэн акт, “Ш” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/12 дугаар “Хүсэлт хүргүүлэх тухай”, Хан богд резидес хотхоны 404 байрны өрлөг, шавардлагын ажлын тооцоо, “Г” ХХК-ийн нэхэмжлэх, Ажлын гүйцэтгэлийн тооцоо тулгалт, Ажил гүйцэтгэлийн тайлан, Гэрээт ажлуудын алдангийн тооцоо, “Г” ХХК-ийн Шаардлага хүргүүлэх тухай, Мэдэгдэл хүргүүлэх тухай, Байр хүлээлцсэн акт гэсэн баримтыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, Захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, банкны дансны хуулга, “Ш” ХХК-ийн Тодорхойлолт, “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”, Төлбөр төлж дуусгавар болсон тодорхойлолт, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1493 дугаар албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128 дугаар албан бичиг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

8. Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24, 31, 52, 67 тоот орон сууцны өмчлөх эрх нь “Ш” ХХК-д бүртгэлтэй, бусдад гүйцэтгэх үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй, “Г” ХХК нь актаар Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24 тоотод байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцыг биет байдлаар С.С-т хүлээлгэн өгсөн, С.С нь орон сууцны үнэ 83.440.000 төгрөгийг “Ш” ХХК-д төлсөн, “Г” ХХК нь актаар Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 31 тоотод байршилтай 81.6 м.кв талбайтай орон сууцыг биет байдлаар Ц.Д-д хүлээлгэн өгсөн, Ц.Д нь  орон сууцны үнэ 124.000.000 төгрөгийг “Ш” ХХК-д төлсөн, “Г” ХХК нь актаар Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 67 тоотод байршилтай 59.6 м.кв талбайтай орон сууцыг биет байдлаар Д.А-д шилжүүлэн өгсөн, Д.А нь орон сууцны үнэ 90.000.000 төгрөгийг “Ш” ХХК-д төлсөн, “Г” ХХК нь актаар Хан-Уул дүүрэг, 4 хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 52 тоотод байршилтай 74.45 м.кв талбайтай орон сууцыг биет байдлаар Б.М-д хүлээлгэн өгсөн, Б.М нь орон сууцны үнэ 111.675.000 төгрөгийг “Ш” ХХК-д төлсөн талаар зохигч маргаагүй.

 

9. “Г” ХХК, “Ш” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.2-т “...ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 641.976.000 төгрөгийн 595.200.000 төгрөгийг бартерын гэрээний дагуу төлнө”, 3.7-д “Бартерын гэрээг 595.200.000 төгрөгийн бартерын төлбөрийг 2018 оны 4 дүгээр улиралд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан байдлаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Ханбогд резиденс хорооллын С4 блокийн орон сууцны барилгаас м.кв-ыг нь 1.700.000 төгрөгөөр тооцон ногдох талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэн өгнө” гэж заасан, уг гэрээний хавсралт 4-д “...гэрээний 3.7-д заасны дагуу бартерын зүйл ...24 тоот 59.1 м.кв талбайтай, 52 тоот 72.3 м.кв талбайтай, 58 тоот 54.6 м.кв талбайтай, 59 тоот 59.1 м.кв талбайтай, 60 тоот 50.6 м.кв талбайтай” гэж заасан, “Ш” ХХК-тай тооцоо нийлсэн актад “...бартерын байр 404 байрны 24 тоот, 31, 52, 67, 76 тоот орон сууц...” гэж зааж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2-т зааснаар талууд ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх арга, журам, хугацааг “...захиалагч Г ХХК нь ажлын хөлсийг төлөхдөө 595.200.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг ажил гүйцэтгэгч Ш ХХК-ийн өмчлөлд 2018 оны 4 дүгээр улиралд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан байдлаар шилжүүлэн өгнө” гэж тохиролцсон байна.

 

10. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байхад уг гэрээний дагуу захиалагч “Г” ХХК нь ажлын хөлсөнд тооцон төлөх “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24, 31, 52, 67 тоот орон сууцны өмчлөлийг Ш ХХК-д шилжүүлэн өгөх үүрэг”-ээ биелүүлээгүй болно.

 

11. Иймд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.2, 3.7-д зааснаар нэхэмжлэгч “Ш” ХХК нь  хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24, 31, 52, 67 тоот орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахаар хариуцагч “Г” ХХК-иас шаардах эрхтэй юм.

 

12. Гэсэн хэдий боловч “Г” ХХК нь дээрх орон сууцыг бусдад худалдахыг “Ш” ХХК-д зөвшөөрөл олгосон болох нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Байр хүлээлцсэн акт”-д “...хүлээлгэн өгч байгаа нь Г ХХК нь 404 байр, 31 тоот 81.55 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагч Ц.Д-д хүлээлгэн өгөв” гэсэн бичилт, 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Байр хүлээлцсэн акт”-д “...хүлээлгэн өгч байгаа Г ХХК нь 404 байр, 52 тоот 76.1 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагч Б.М-д хүлээлгэн өгөв” гэсэн бичилт, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Байр хүлээлцсэн акт”-д “...хүлээлгэн өгч байгаа “Г” ХХК нь 404 байр, 67 тоот 61.09 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагч Д.Ад хүлээлгэн өгөв” гэсэн бичилт, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Байр хүлээлцсэн акт”-д “...хүлээлгэн өгч байгаа Г ХХК нь 404 байр, 24 тоот 61.11 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагч С.С-т хүлээлгэн өгөв” гэсэн бичилт хийсэн баримтаар тогтоогджээ.

 

13. “Ш” ХХК нь “...дээрх орон сууцыг бусдад худалдахыг зөвшөөрсөн”-ний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр KhBC4/1-7A-31 дүгээр “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г Ц.Д-тэй байгуулж, уг гэрээгээр “Ш” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 31 тоот, 81.55 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Ц.Д нь орон сууцны төлбөрт 124.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу худалдан авагч Ц.Д нь орон сууцны үнэ 124.000.000 төгрөгийг “Ш” ХХК-д төлсөн, “Ш” ХХК, “Г” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 31 тоот, 81.55 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ц.Д-д биет байдлаар шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасны дагуу гэрээний зүйл болох уг орон сууцыг эрхийн доголгүй гэж дүгнэв.

 

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр KhBC4/1-7A-31 дүгээр “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүрэгт худалдан авагч Ц.Д нь хэлэлцэн тохиролцсон үнэ 124.000.000 төгрөгийг төлсөн тул Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 31 тоот хаягт байршилтай, 81.55 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Ц.Д-ийг тогтоож, гуравдагч этгээд Ц.Д-ий бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

14. “Ш” ХХК нь “...дээрх орон сууцыг бусдад худалдахыг зөвшөөрсөн”-ний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 18/07-2 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г Б.М-тай байгуулж, уг гэрээгээр “Ш” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 52 тоот, 74.45 м.кв талбайтай орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Б.М нь орон сууцны төлбөрт нэгж талбайн үнийг 1.500.000 төгрөгөөр тооцон 111.675.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу худалдан авагч Б.М нь орон сууцны үнэ 111.675.000 төгрөгийг “Ш” ХХК-д төлсөн, “Ш” ХХК, “Г” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 52 тоот орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б.М-д биет байдлаар шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасны дагуу гэрээний зүйл болох уг орон сууцыг эрхийн доголгүй гэж дүгнэв.

 

Иймд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 18/07-2 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний үүрэгт худалдан авагч Б.М нь хэлэлцэн тохиролцсон үнэ 111.675.000 төгрөгийг төлсөн тул Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 52 тоот хаягт байршилтай, 74.45 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Б.М-ыг тогтоож, гуравдагч этгээд Б.М-ын бие даасан шаардлагыг хангах нь зүйтэй болно.

 

15. “Ш” ХХК нь “...дээрх орон сууцыг бусдад худалдахыг зөвшөөрсөн”-ний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 18/11-04 дүгээр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г Д.А-тай байгуулж, уг гэрээгээр “Ш” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 67 тоот, 59.6 м.кв талбайтай орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Д.А нь орон сууцны төлбөрт нэгж талбайн үнийг 1.510.006 төгрөгөөр тооцон 90.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу худалдан авагч Д.А нь орон сууцны үнэ 90.000.000 төгрөгийг “Ш” ХХК-д төлсөн, “Ш” ХХК, “Г” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 67 тоот орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д.А-д биет байдлаар шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасны дагуу гэрээний зүйл болох уг орон сууцыг эрхийн доголгүй гэж дүгнэв. 

 

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 18/11-04 дүгээр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний үүрэгт худалдан авагч Д.А нь хэлэлцэн тохиролцсон үнэ 90.000.000 төгрөгийг төлсөн тул Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 67 тоот хаягт байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Д.А-ыг тогтоож, гуравдагч этгээд Д.А-ын бие даасан шаардлагыг хангах нь зүйтэй болно.

 

16. “Ш” ХХК нь “...дээрх орон сууцыг бусдад худалдахыг зөвшөөрсөн”-ний дагуу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18/08-05 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г С.С-тай байгуулж, уг гэрээгээр “Ш” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 24 тоот, 59.6 м.кв талбайтай орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, С.С нь орон сууцны төлбөрт нэгж талбайн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцон 83.440.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу худалдан авагч С.С нь орон сууцны үнэ 83.440.000 төгрөгийг “Ш” ХХК-д төлсөн, “Ш” ХХК, “Г” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 24 тоот орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр С.С-т биет байдлаар шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасны дагуу гэрээний зүйл болох уг орон сууцыг эрхийн доголгүй гэж дүгнэв.

 

Иймд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18/08-05 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний үүрэгт худалдан авагч С.С нь хэлэлцэн тохиролцсон үнэ 83.440.000 төгрөгийг төлсөн тул Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 24 тоот хаягт байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр С.С-ийг тогтоож, гуравдагч этгээд С.С-ийн бие даасан шаардлагыг хангах нь зүйтэй болно.

 

17. Дээр дурдсан үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С, Ц.Д, Д.А, Б.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тухай орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тул нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24, 31, 52, 67 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг “Г” ХХК-д даалгаж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24, 31, 52, 67 тоот орон сууцыг хариуцагч С.С, Ц.Д, Д.А, Б.М нар хууль буюу гэрээнд зааснаар эзэмшиж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч “Г” ХХК нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч С.С, Ц.Д, Д.А, Б.М нарын эзэмшлээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24, 31, 52, 67 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй юм.

 

Мөн тухайн орон сууцыг хариуцагч “Ш” ХХК нь эзэмшээгүй болох нь тогтоогдон тул хариуцагч “Ш” ХХК-ийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 2.817.085 төгрөгийг, “Г” ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 2.817.285 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д-өөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 851.125 төгрөгийг, Д.Ааас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 607.950 төгрөгийг, Б.М-аас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 716.325 төгрөгийг, С.Саас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 575.150 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 287.575 төгрөг гаргуулан мөн хариуцагч “Г” ХХК-иас 287.575 төгрөг гаргуулан С.Ст, нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 303.975 төгрөг гаргуулан мөн хариуцагч “Г” ХХК-иас 303.975 төгрөг гаргуулан Д.А-д, нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 358.162 төгрөг гаргуулан мөн хариуцагч “Г” ХХК-иас 358.162 төгрөг гаргуулан Б.М-д, нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 425.562 төгрөг гаргуулан мөн хариуцагч “Г” ХХК-иас 425.562 төгрөг гаргуулан Ц.Д-д тус тус олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Г” ХХК-д холбогдох, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24, 31, 52, 67 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй. “Ш” ХХК, С.С, Ц.Д, Д.А, Б.М нарт холбогдох хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 404 дүгээр байрны 24, 31, 52, 67 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 31 тоот хаягт байршилтай, 81.55 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д-ийг тогтоож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 52 тоот хаягт байршилтай, 74.45 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М-ыг тогтоож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 67 тоот хаягт байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.А-ыг тогтоож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд резиденс хороолол, 404 дүгээр байрны 24 тоот хаягт байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С-ийг тогтоосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 2.817.085 төгрөгийг, “Г” ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 2.817.285 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д-өөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 851.125 төгрөгийг, Д.А-аас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 607.950 төгрөгийг, Б.М-аас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 716.325 төгрөгийг, С.С-аас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 575.150 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 287.575 төгрөг гаргуулан мөн хариуцагч “Г” ХХК-иас 287.575 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С-т, нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 303.975 төгрөг гаргуулан мөн хариуцагч “Г” ХХК-иас 303.975 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.А-д, нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 358.162 төгрөг гаргуулан мөн хариуцагч “Г” ХХК-иас 358.162 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М-д, нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 425.562 төгрөг гаргуулан мөн хариуцагч “Г” ХХК-иас 425.562 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д-д тус тус олгосугай.  

  

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.СЭМЖИД