Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00622

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00622

 

 Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/04361 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш ХХК,

Хариуцагч Г ХХК,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С, Ц.Д, Б.М, Д.А

Үндсэн шаардлага: Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах,

Сөрөг шаардлага: Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

Бие даасан шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.А, Б.М, С.С, Ц.Дий итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Ш ХХК нь Г ХХК-тай 2018 оны 07 сарын 17-ны өдөр Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 06 сарын 17-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2019 оны 08 сарын 26-ны өдөр дээврийн угсралтын ажлын гэрээнүүд байгуулан хамтран ажилласан. Уг гэрээнүүдийн төлбөр нийт 1,166,117,922 төгрөг бөгөөд талууд 2020 оны 01 сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн Г ХХК-аас 1,028,944,000 төгрөгийн гүйцэтгэл батлан Хан-Уул дүүргийн **-р хороо, Х хорооллын ***-р байрны ** тоот 55.14 м.кв орон сууц, м.кв нь 1,700,000 төгрөг, нийт 93,738,000 төгрөг, ** тоот 53.22 м.кв орон сууц, м.кв нь 1,700,000 төгрөг, нийт 90,474,000 төгрөг, *** тоот 55.14 м.кв орон сууц, м.кв нь 1,700,000 төгрөг, нийт 93,738,000 төгрөг, ** тоот 61.1 м.кв орон сууц, м.кв нь 1,900,000 төгрөг, нийт 116,109,000 төгрөг, ** тоот 81.6 м.кв орон сууц, м.кв нь 1,900,000 төгрөг, нийт 154,945,000 төгрөг, ** тоот 76.2 м.кв орон сууц, м.кв нь 1,900,000 төгрөг, нийт 144,742,000 төгрөг, ** тоот 61.1 м.кв орон сууц, м.кв нь 1,900,000 төгрөг, нийт 116,071,000 төгрөг, ** тоот 53.8 м.кв орон сууц, м.кв нь 1,900,000 төгрөг, нийт 102,296,000 төгрөг, ** тоот 61.5 м.кв орон сууц, м.кв нь 1,900,000 төгрөг, нийт 116,831,000 төгрөгийн 9 орон сууцыг Ш ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл ***-р байрны **, **, **, **, ** тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч үлдэх **, **, **, ** тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Ш ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлыг Г ХХК хүлээн авсан, дээрх 4 байр ажил гүйцэтгэх гэрээний 531,867,000 төгрөгийн төлбөр юм. Иймд Хан-Уул дүүргийн **-р хороо, Х хорооллын ***-р байрны ** тоот 61.1 м.кв орон сууц, ***-р байрны ** тоот 81.6 м.кв орон сууц, ***-р байрны ** тоот 76.2 м.кв орон сууц, ***-р байрны ** тоот 61.1 м.кв орон сууцны өмчлөх эрхийг тус тус шилжүүлэхийг даалгаж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Ш ХХК нь манай компанитай байгуулсан 3 гэрээний дагуу нийт 894,957,922 төгрөгийн ажил гүйцэтгэхээс одоогийн байдлаар 318,441,794 төгрөгийн ажил гүйцэтгэн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, хийж гүйцэтгэвэл зохих ажлуудыг бүрэн хийгээгүй. Талуудын байгуулсан гэрээний дагуу Ш ХХК нь ажлаа бүрэн гүйцэтгэсний дараа акт үйлдэн хүлээлцэж бартераар тохиролцсон орон сууцнуудыг авах ёстой. Гэтэл гэрээний үүргээ үл биелүүлж, ажлаа дуусгаагүй атлаа гэрээнд дурдаагүй байрнуудыг хийгээгүй ажлын төлбөрт авна гэсэн нь үндэслэлгүй байна. Ш ХХК нь эцсийн байдлаар тооцоо нийлж 432,312,717 төгрөгийн өглөгтэй буюу ажил гүйцэтгэх ёстой гэдгээ илэрхийлсэн бөгөөд ямар учраас төлбөр хийгдээгүй байруудыг авна гэж байгаа нь ойлгомжгүй. Иймд Ш ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Ш ХХК-ийн хийгдсэн ажлын гүйцэтгэл нь гэрээ болон урьдчилан тохиролцсоноос зөрж 596,631,284 төгрөгийн ажил гүйцэтгэл, бараа материалын нийлүүлэлт хийгдсэн. Манай компаниас тухайн ажлын үнийн дүнд нийт 497,077,000 төгрөгийн үнийн дүн бүхий бартерын орон сууцнуудыг хүлээлгэн өгч, тухай бүрт нь албан ёсоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Ш ХХК нь манай байгууллагаас арга заль хэрэглэн ажлаа дуусгана асуудалгүй гэж худал амлалт өгч нийт 531,867,000 төгрөгийн үнийн дүн бүхий Хан-Уул дүүргийн **-р хороо, Х резиденс хотхоны ***-р байрны **, **, **, ** тоот орон сууцнуудын түлхүүрийг урьдчилан авч айлууд амьдруулсан ба уг орон сууцнуудын үнийн дүнд ажил хийсэн зүйлгүй хугацаа авч, манай компанийн өмчийг буцаан хүлээлгэн өгөлгүй өдий хүрлээ. Иймд Ш ХХК-ийн нэмж авсан нийт 4 ширхэг орон сууцны жинхэнэ өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Барилгын засал шавардлагын ажлын хөлсийг 100 хувийн бартераар төлнө гээд 9 ширхэг орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Ш ХХК нь Г ХХК-аас байрыг аваад цааш нь худалдан борлуулаад орж ирсэн мөнгөөр нь Г ХХК-ийн ажлыг хийж гүйцэтгэх, шаардлагатай бараа материал, цалин хөлсийг төлөх ёстой. Анхнаасаа бартераар авч, эх үүсвэрээ босгохын тулд тухайн орон сууцыг зараад орж ирсэн мөнгөөр нь Г ХХК-ийн ажлыг хийж өгсөн. Орон сууцнуудыг цааш нь зарах гэж байгааг Г ХХК мэдэж байсан. Бид нар акт үйлдээд байраа хүлээлгэн өгсөн, өөрсдийнх нь зөвшөөрлийн дагуу байрыг эзэмшсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5.   Гуравдагч этгээд Ц.Д бие даасан шаардлагадаа: Миний бие Хан-Уул дүүргийн **-р хороо, Х резиденс хотхоны ***-р байрны ** тоот орон сууцанд 2019 оны 05 сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2018 оны 11 сарын 28-ны өдөр Г ХХК-тай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Г ХХК нь ** тоот орон сууцыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх, Ц.Д хөрөнгө оруулалт буюу орон сууцны төлбөр тооцоог барагдуулахаар тохиролцсон. Маргаж буй орон сууцны үнэ 124,000,000 төгрөг болохыг харилцан тохиролцож 2019 оны 05 сарын 04-ний өдөр Ш ХХК-тай захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Би 2019 оны 05 сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2019 оны 05 сарын 09-ний өдөр 24,000,000 төгрөгийг Ш ХХК-ийн захирал Д.Бат-Оюуны ХААН банк дахь ********** тоот дансанд шилжүүлсний дагуу Ш ХХК-аас ***-р байрны ** тоот орон сууцны төлбөр тооцоо дууссан гэж мэдэгдсэн. Би Ш ХХК-ийг Г ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дутуу биелүүлэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болно. Иймд Хан-Уул дүүрэг, **-р хороо, Х резиденс хороолол, ***-р байрны ** тоот хаягт байрлах, 81.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

6.   Гуравдагч этгээд Д.А бие даасан шаардлагадаа: Миний бие маргаж буй ***-р байрны ** тоот хаягт байршилтай орон сууцанд 2019 оны 05 сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2018 оны 11 сарын 07-ны өдөр Г ХХК-тай орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Г ХХК орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх, Д.А хөрөнгө оруулалт буюу орон сууцны төлбөр тооцоог барагдуулах, төлбөрийг Ш ХХК-д үе шаттай төлөх, орон сууцны үнэ 90,000,000 төгрөг болно. Би 2018 оны 11 сарын 05-ны өдөр 19,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 07-ны өдөр 31,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг Ш ХХК-д төлсөн, үлдэх 40,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу сар бүр 1,000,000 төгрөг төлөх байдлаар барагдуулж байна. Үүний дагуу Ш ХХК-аас ***-р байр, ** тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн. Би Ш ХХК-ийг Г ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дутуу биелүүлэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Иймд Хан-Уул дүүрэг, **-р хороо, Х резиденс хороолол, ***-р байр, ** тоот хаягт байрлах, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

7.   Гуравдагч этгээд Б.М бие даасан шаардлагадаа: Миний бие маргаж буй ***-р байрны ** тоот од байршилтай орон сууцанд 2019 оны 05 сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2018 оны 09 сарын 03-ны өдөр Г ХХК-тай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Г ХХК, Ш ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн ашиглалтад хүлээлгэн өгөх, Б.М хөрөнгө оруулалт буюу орон сууцны төлбөр тооцоог барагдуулах, төлбөрийг Ш ХХК-д үе шаттай төлөх, орон сууцны үнэ 111,675,000 төгрөг болно. Би 2019 оны 04 сарын 27-ны өдөр 11,675,000 төгрөг, 2019 оны 09 сарын 04-ний өдөр 46,300,000 төгрөг, мөн өдөр 33,700,000 төгрөг, 2019 оны 10 сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг нийт 101,675,000 төгрөгийг Ш ХХК-д төлсөн, гэрчилгээ гарахаар 10,000,000 төгрөгийг төлнө. Үүний дагуу Ш ХХК-аас ***-р байр, ** тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн. Харин Ш ХХК-ийн Г ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, хоорондоо төлбөр тооцоотой эсэх нь миний орон сууц өмчлөх эрхийг хязгаарлахгүй. Учир нь Г ХХК-иас маргаж буй орон сууцны төлбөрийг Ш ХХК-д өгөхийг зөвшөөрөөгүй бол би мөнгө шилжүүлэхгүй байсан. Би Ш ХХК-ийг Г ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дутуу биелүүлэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болно. Иймд Хан-Уул дүүрэг, **-р хороо, Х резиденс хороолол, ***-р байр, ** тоот хаягт байрлах, 74.45 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ. 

8.   Гуравдагч этгээд С.С бие даасан шаардлагадаа: Миний бие маргаж буй ***-р байрны ** тоотод байршилтай орон сууцанд 2019 оны 05 сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2018 оны 10 сарын 18-ны өдөр Г ХХК-тай орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Г ХХК, Ш ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн ашиглалтад хүлээлгэн өгөх, С.С хөрөнгө оруулалт буюу орон сууцны төлбөр тооцоог барагдуулах, төлбөрийг Ш ХХК-д үе шаттай төлөх, орон сууцны үнэ 83,440,000 төгрөг болно. Би 2018 оны 10 сарын 19-ний өдөр 75,100,000 төгрөг, 2019 оны 03 сарын 19-ний өдөр 8,440,000 төгрөг, нийт 83,540,000 төгрөгийг Ш ХХК-д төлсөн. Үүний дагуу Ш ХХК-иас ***-р байр, ** тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн. Харин Ш ХХК-ийн Г ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, хоорондоо төлбөр тооцоотой зэрэг нь миний орон сууц өмчлөх эрхийг хязгаарлахгүй. Учир нь Г ХХК-иас маргаж буй орон сууцны төлбөрийг Ш ХХК-д өгөхийг зөвшөөрөөгүй байсан бол би мөнгө шилжүүлэхгүй байсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан барилгын өрлөг шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, аялал жуулчлалын цогцолборын ТХ-07 байгуулалтын дээврийн угсралтын ажлын гэрээтэй холбоотой маргаан тусдаа шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Би Ш ХХК-ийг Г ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дутуу биелүүлэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болно. Иймд Хан-Уул дүүрэг, **-р хороо, Х резиденс хороолол, ***-р байр, ** тоот хаягт байрлах, 74.45 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

9.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн **-р хороо, Х хороолол, ***-р байрны **, **, **, ** тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хан-Уул дүүргийн **-р хороо, Х резиденс хороолол, ***-р байрны ** тоот хаягт байршилтай, 81.55 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д-ийг, Хан-Уул дүүргийн **-р хороо, Х резиденс хороолол, ***-р байрны ** тоот хаягт байршилтай, 74.45 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М-ыг, Хан-Уул дүүргийн **-р хороо, Х резиденс хороолол, ***-р байрны ** тоот хаягт байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.А-ыг, Хан-Уул дүүргийн **-р хороо, Х резиденс хороолол, ***-р байрны ** тоот хаягт байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С-ыг тус тус тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Ш ХХК, С.С, Ц.Д, Д.А, Б.М нарт холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн **-р хороо, Х хороолол, ***-р байрны **, **, **, ** тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш ХХК-ний төлсөн 2,817,085 төгрөг, Г ХХК-ийн төлсөн 2,817,285 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д-ийн төлсөн 851,125 төгрөг, Д.А-ын төлсөн 607,950 төгрөг, Б.М-ын төлсөн 2021 оны 10 сарын 29-ний өдөр төлсөн 716,325 төгрөг, С.С-ын төлсөн 575,150 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш ХХК-иас 287,575 төгрөг, хариуцагч Г ХХК-иас 287,575 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С-т, нэхэмжлэгч Ш ХХК-иас 303,975 төгрөг, хариуцагч Г ХХК-иас 303,975 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.А-д, нэхэмжлэгч Ш ХХК-иас 358,162 төгрөг, хариуцагч Г ХХК-иас 358,162 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Мд, нэхэмжлэгч Ш ХХК-иас 425,562 төгрөг, хариуцагч Г ХХК-иас 425,562 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д-д тус тус олгож шийдвэрлэжээ.

10.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Ш ХХК-ийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Ш ХХК, Д.А, Б.М, Ц.Д, С.С нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

10.1.  Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд гол маргаан нь нэхэмжлэгч Ш ХХК ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн эсэх, хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэн Г ХХК-д хүлээлгэн өгсөн, энэ нь ямар баримтаар тогтоогдож байгаа, тухайн гүйцэтгэлд үндэслэн хэдэн төгрөгийн үнэ бүхий хэдэн орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрх үүссэн эсэх талаар маргасан. Гэтэл Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг иш татсан атлаа Ш ХХК-ийн ажлын үр дүнгийн талаар хангалттай дүгнэлт өгөөгүй, ажлын үр дүн нь Х хорооллын ***-р байрны маргаан бүхий **, **, **, ** тоот орон сууцнуудын өмчлөх эрхийг гуравдагч этгээд нарт шилжүүлэх шийдвэр гаргахтай хэрхэн уялдаж байгааг дүгнээгүй орхигдуулсан. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-т дүгнэсэн боловч нэхэмжлэгч хариуцагч нар ажлын үр дүнгийн талаар маргаантай. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12.3, 12.4, 12.5, 12.6-д дүгнэсэн эдгээр актын дүнд үндэслэн Ш ХХК нь Г ХХК-иас хэдэн байрны өмчлөх эрх шилжүүлэхийг шаардах эрхтэй болсон, ажлын гүйцэтгэл, үр дүн, тооцооны акттай уялдуулан хэдэн байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн, одоо хэдийг шилжүүлж өгөх үүрэг үүсч байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан атлаа гуравдагч этгээдүүдийг маргаан бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй. Мөн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-ын дүнг Ш ХХК өөрсдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан бичгээр хүлээн зөвшөөрсөн байхад хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн үндэслэлээ дурдаагүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 210/MA2022/01223 дугаар магадлалын З.а, З.б-д заасан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн боловч шүүх энэ үндэслэлд дахин дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна.

10.2.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээний суурь зохицуулалт нь ажлын гүйцэтгэлд үндэслэн төлбөр төлөхөөр заасан. Мөн талуудын хооронд байгуулсан 2018 оны 07 сарын 17-ны өдрийн Барилгын өрлөг, шавардлага, хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээний 7.6, 2019 оны 06 сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 5.1, 6.22, 6.23, 2019 оны 08 сарын 26-ны өдрийн Дээврийн угсралтын ажлын гэрээний 3.5-д заасныг үндэслэн Г ХХК нь гүйцэтгэсэн ажилд ногдох бартерын 5 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгч, 4 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан болно. Гэтэл шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу Г ХХК бартерын орон сууц хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна гэж дүгнэсэн атлаа гэрээний үр дүн, ажльн гүйцэтгэл, дээр дурдсан гэрээний заалтуудтай уялдуулсан дүгнэлтийг өгөлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, Г ХХК нь Ш ХХК-ийн хийж гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлд ногдох 4 орон сууцыг яагаад Ш ХХК, түүнтэй гэрээ байгуулсан гуравдагч этгээд нарт өгөх үүрэг хүлээж байгаад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

10.3.  Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгээс харахад маргаан бүхий орон сууцнуудыг Г ХХК гуравдагч этгээд нарт хүлээлгэн өгсөн, хүлээлгэн өгсөн нь Ш ХХК-д тухайн байрнуудыг худалдан борлуулах эрх өгсөн гэж үзэх үндэслэл болно. Иймээс гуравдагч этгээд нарыг маргаан бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн байрыг 2018 оны 07 сарын 17-ны өдрийн Барилгын өрлөг, шавардлага, хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээний 3.8-д, 2019 оны 06 сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 3.5-д заасныг үндэслэн Ш ХХК-ийн нэр заасан этгээдүүдэд хүлээлгэн өгсөн, үүгээр тухайн орон сууцыг худалдан борлуулах зөвшөөрөл олгоогүй болно, мөн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон бусад баримтуудад бартерын орон сууцыг худалдан борлуулж, ажил гүйцэтгэх санхүүжилт босгоно, үүнийг нь Г ХХК зөвшөөрнө гэх агуулгатай заалт байхгүй болно. Харин 2019 оны 06 сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д захиалагч нь гүйцэтгэгч талд гэрээний дагуух ажил гүйцэтгэлийн бартерын байрыг гүйцэтгэлийн үнэлгээ хангагдах нөхцөл бүрт байр тус бүрийг гүйцэтгэгчийн нэр дээр шилжүүлэх зөвшөөрлийг олгох-оор заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, бусдын хууль бус эзэмшлээс манай компанийн өмчлөлийн Х резиденс хорооллын ***-р байрны **,**,**, ** тоот орон сууцнуудыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

11.   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын хооронд байгуулагдсан гэрээ гуравдагч этгээд нарын эрх ашгийг хөндөх учиргүй бөгөөд тухайн гэрээтэй холбоотой маргаан нь өмчлөл тогтоохтой хамааралгүй. Хариуцагч компани нийт 9 орон сууц шилжүүлэх үүрэг хүлээсэн ба 5 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн, 4 орон сууцыг хариуцагч компанийн зөвшөөрлөөр худалдан борлуулж гэрээнд заасны дагуу 4 орон сууцны төлбөрийг гуравдагч этгээд нар төлж дууссан байхад ямар үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй. Орон сууцыг хариуцагч компани гуравдагч этгээд нарт тус бүрт нь хүлээлгэн өгсөн. Гэрээтэй холбоотой маргаан нь тухай бүр гүйцэтгэлээс санхүүжүүлнэ гэж заасан боловч хариуцагч компани өөрөө орон сууцнуудыг хүлээлгэн өгсөн, гэрээтэй холбоотой маргааны талаар яриагүй учир тухайн гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

12.   Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актад хангалттай үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж хариуцагч тал маргадаг. 2021 оны 02 сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн актыг анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн гаргасан санал хүсэлтийн дагуу хариуцагч компани нь нэр бүхий 4 иргэнд маргаж буй орон сууцнуудыг 2019 оны 05 сард хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Хэрэв дутуу ажлын гүйцэтгэлд тухайн орон сууцнуудыг буцаан авах санаа зорилго хариуцагч компанид байсан бол 2019 оны сүүл, 2020, 2021 онуудад тооцоо нийлэхдээ нэр бүхий 4 иргэдийг оролцуулах талаар тэдэнд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл дээрх үйл баримт болоогүй атлаа одоо албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээд нар тухайн орон сууцыг эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ зөрчих ёсгүй гэж үзэж байна. 1-р хавтаст хэргийн 8, 18, 28-р талд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 3 гэрээ байх бөгөөд эхний гэрээ 2018 оны 07 сарын 17-ны өдөр, бусад 2 гэрээ нь гуравдагч этгээд нарыг орон сууцаа хүлээн авч, амьдарснаас хойш байгуулагдсан байдаг. Иймд сүүлийн 2 гэрээ гуравдагч этгээд нарт хамааралгүй. Хариуцагч компани нь гуравдагч этгээд Ц.Д-тэй 2018 оны 11 сарын 28-ны өдөр гэрээ байгуулан тодорхой зүйлүүдийг дурдсан. Дээр дурдагдсан 9 орон сууцны талаар хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаан болон шүүхэд гаргасан гомдол зэрэгт ямар учраас 5 орон сууцыг өгч 4 орон сууцыг өгөөгүй талаар үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй. Гуравдагч этгээд Ц.Д эхлээд хариуцагч компанитай орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан талаар талууд маргадаггүй бөгөөд гэрээний агуулга нь хариуцагч компани ** тоот од байршилттай орон сууцыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгнө, Ц.Д орон сууцны хөрөнгө оруулалт, төлбөр тооцоог барагдуулна, төлбөрийг Г ХХК-д биш Ш ХХК-д өгнө, төлбөр төлөгдсөн эсэхийг Ш ХХК тодорхойлно гэж заасан ба гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Дээрх гэрээнд заасны дагуу Ц.Д нь нэхэмжлэгч компанитай маргаж буй орон сууцыг 124,000,000 төгрөгөөр тохиролцон 2019 оны 05 сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан ба төлбөрийг төлж дууссан. Иймд Ц.Д нь нэхэмжлэгч болон хариуцагч компаниудын өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй юм. Бусад гуравдагч этгээд нар дээрхтэй адил нөхцлөөр орон сууцандаа орж төлбөрийг нэхэмжлэгч компанид шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч компани нь гуравдагч этгээ нарт орон сууцыг хүлээлгэн өгсөн, орон сууцын үнийг нэхэмжлэгч компанид өгсөн эсэхэд маргаагүй, нэхэмжлэгч компани ажлаа дутуу хийсэн эсэхэд маргасан нь гуравдагч этгээд нарын өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

13.   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч компани гуравдагч этгээд нарыг бидэнд мэдэгдэлгүй нэхэмжлэгч компанид төлбөр өгөн орон сууцыг авсан гэж биднийг гүтгэдэг. Гэтэл бид хариуцагч компаниас нэхэмжлэгч компанитай гэрээ хийж болох уу гэж асуусны үндсэн дээр төлбөрөө 100 хувь төлж орон сууцыг өөрсдийн өмчлөлд авсан. Дээр дурдсан бидэнд хамааралгүй сүүлийн 2 гэрээний төлбөрт бидний орон сууцыг авахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулав.

2.   Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн **-р хороо, Х хорооллын ***-р байрны ** тоот 61.1 м.кв орон сууц, ** тоот 81.6 м.кв орон сууц, ** тоот 76.2 м.кв орон сууц, ** тоот 61.1 м.кв орон сууцуудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /1хх 1-3/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 183/ШЗ2021/04071 дугаар захирамжаар дээрх хэрэгт Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш ХХК-д холбогдох, Хан-Уул дүүргийн **-р хороо, Х хорооллын ***-р байрны ** тоот 61.1 м.кв орон сууц, ** тоот 81.6 м.кв орон сууц, ** тоот 76.2 м.кв орон сууц, ** тоот 61.1 м.кв орон сууцуудыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэгтгэжээ. /1хх 71-72, 114/

Гуравдагч этгээд С.С нь ** тоот 59.6 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Д нь ** тоот 81.6 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Б.М нь ** тоот 74.45 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Д.А нь ** тоот 61.1 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ. /2хх 34-35, 37-38, 40-41, 43-44/

3.   Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг зөвшөөрч, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч, гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч, талууд маргасан байна. /1хх 48, 2х 59-61, 62-64, 65-67, 68-70, 158-162, 2хх 59-61, 62-64, 65-67, 68-70/

4.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг нэгтгэсний улмаас гуравдагч этгээд С.С, Ц.Д, Б.М, Д.А нарын эрх зүйн байдлыг тодорхойгүй болох нөхцөлийг бүрдүүлсэн байх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.

Тодруулбал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С, Ц.Д, Б.М, Д.А нар хариуцагч Г ХХК-ийн гаргасан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч болсон байна.

Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлагыг зааглан шийдвэрлэх боломжтой байх тул С.С, Ц.Д, Б.М, Д.А нарын эрх зүйн байдлыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж тодорхойлсон болно.

5.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл, дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.  Г ХХК, Ш ХХК-иуд 2018 оны 07 сарын 17-ны өдөр GBC-KhBC4/3-06 тоот Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 06 сарын 17-ны өдөр ХТ-07 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 08 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүрэг **-р хороо Аялал жуулчлалын цогцолборын ТХ-07 байгуулалтын дээврийн угсралтын ажлын гэрээ-г тус тус байгуулж, Ш ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, Г ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /1хх 8-17, 18-24, 28-35, 81-85, 86-91, 92-95/

5.2.  Талууд 2020 оны 01 сарын 07-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар Г ХХК нь дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн ажлын хөлсөнд ***-р байрны ** тоот 55.14 м.кв орон сууц, ** тоот 61.1 м.кв орон сууц, ** тоот 81.6 м.кв орон сууц, ** тоот 76.2 м.кв орон сууц,** тоот 53.22 м.кв орон сууц, ** тоот 61.1 м.кв орон сууц, ** тоот 55.14 м.кв орон сууц, ** тоот 53.8 м.кв орон сууц, ** тоот 61.5 м.кв орон сууц буюу нийт 1,028,944,000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг орон сууцыг Ш ХХК-д шилжүүлэн өгсөн болохыг баталгаажуулсан; /1хх 61/

5.3.  Г ХХК нь эдгээр орон сууцнуудаас ** тоот,** тоот , ** тоот, ** тоот , ** тоот орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг Ш ХХК-ийн хүсэлтийн дагуу бусдын нэр дээр гаргуулан өгсөн, харин үлдэх ** тоот , ** тоот , ** тоот , ** тоот орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөөгүй; /2хх 237, 238-241, 242-243/

5.4.  Маргаан бүхий ** тоот орон сууцыг гуравдагч этгээд С.С, ** тоот орон сууцыг гуравдагч этгээд Ц.Д, ** тоот орон сууцыг гуравдагч этгээд Б.М, ** тоот орон сууцыг гуравдагч этгээд Д.А нар тус тус худалдан авсан бөгөөд тус бүр гэрээний үнийг төлсөн, улмаар 2019 оны 05 сараас өөр өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авч, өдийг хүртэл амьдарч байгаа; /1хх 164-167, 181-182, 184-212, 215-224, 225-226, 236-239, 242, 2хх 15-18, 21, 108-138, 139/

5.5.  Улмаар Ш ХХК нь 432,312,717 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй болохоо хүлээн зөвшөөрч, 2021 оны 02 сарын 01-ний өдөр төлж барагдуулах хүсэл зоригоо Г ХХК-д бичгээр илэрхийлсэн. /1хх 62-63, 78-79/

6.   Анхан шатны шүүх Г ХХК болон Ш ХХК-ийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж, Ш ХХК болон С.С, Ц.Д, Б.М, Д.А нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж тус тус зөв тодорхойлжээ.

7.   Өмнө дурдсанчлан, ажил гүйцэтгэгч Ш ХХК нь захиалагч Г ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу нийт 432,312,717 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй байх боловч энэ нөхцөл байдал нь гуравдагч этгээд С.С, Ц.Д, Б.М, Д.А нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөх үндэслэл болохгүй.

Учир нь, гуравдагч этгээд С.С, Ц.Д, Б.М, Д.А нар Ш ХХК-тай гэрээ байгуулж, үнийг нь төлж, Г ХХК-ийн зөвшөөрсний дагуу маргаан бүхий ***-р байрны **, **, **, ** тоот орон сууцыг тус тус өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авсан бөгөөд Ш ХХК нь Г ХХК-ийн өмнө хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй явдалд буруугүй, ийнхүү зохих ёсоор гүйцэтгэхгүй гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд С.С, Ц.Д, Б.М, Д.А нарыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй этгээд буюу шударга эзэмшигчид гэж үзнэ.

8.   Иймд нэхэмжлэгч Ш ХХК-ийн гаргасан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай шаардлага, хариуцагч Г ХХК-ийн гаргасан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагыг тус тус хангах эрх зүйн үндэслэлгүй, харин гуравдагч этгээд С.С, Ц.Д, Б.М, Д.А-ын нарын гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хүрээнд гуравдагч этгээд С.С, Ц.Д, Б.М, Д.А нарын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгч Ш ХХК болон хариуцагч Г ХХК-д даалгах найруулгын өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

Түүнчлэн, маргаан бүхий ***-р байрны **, **, **, ** тоот орон сууцны м.кв хэрэгт авагдсан баримтуудад зөрүүтэй бичигдсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдагдсан холбогдох м.кв-уудыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

9.   Ш ХХК нь 432,312,717 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүйтэй холбоотой нэхэмжлэлийг Г ХХК гаргахад энэхүү магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/04361 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хан-Уул дүүргийн **-р хороо, Х хорооллын ***-р байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр гуравдагч этгээд С.Сийг, ** тоот орон сууцны өмчлөгчөөр гуравдагч этгээд Ц.Д-ийг, ** тоот орон сууцны өмчлөгчөөр гуравдагч этгээд Б.М-ыг, ** тоот орон сууцны өмчлөгчөөр гуравдагч этгээд Д.А-ыг тус тус тогтоож, холбогдох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгч Ш ХХК болон хариуцагч Г ХХК-д тус тус даалгасугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 2,817,285 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

  ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.НЯМБАЗАР