Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2494

 

 

“ОАОНӨГ-ар” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02131 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ОАОНӨГ-ар” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “НС-” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 520 863 455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г

Хариуцагчийн өмгөөлөгч Т.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ОАОНӨГ-ар” УТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга, “НС-” ХХК нарын хооронд Кинотеатрын дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй нөхцлөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 4.2.1-д хөрөнгийг 1 269 655 515 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож мөн гэрээний 9.1.2-т хөрөнгийн худалдах үнийг санхүүжилтийн хуваарийн дагуу 2016-2020 он хүртэл жил бүр тогтмол гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 253 931 103 төгрөг төлж байхаар зохицуулсан.

Худалдан авагч тал 2016 оны төлбөр 253 931 103 төгрөгийг төлсөн. Гэрээгээр 2017 оны төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний дотор, 2018 оны төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч “НС-” ХХК нь 2017, 2018 оны төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний 9.1.2.2-т санхүүжилтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй санхүүжилтэд төлөх алдангийн хэмжээ хоногийн 0.01 хувь байх бөгөөд алдангийн хэмжээ төлөгдөх дүнгийн 3 хувиас хэтрэхгүй гэж заасан.

Хариуцагч талаас гэрээг цуцлах талаар санал гаргаж байгаагүй. Тус аймгийн Засаг даргын тамгын газарт ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр буцаан худалдах, цуцлах тухай дурдсан. Худалдагчийн зүгээс гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн гэрээний 7.7.1-д заасан үүргээ хэрэгжүүлж бүхий л зөвшөөрлийг зохих журмын дагуу өгч улмаар хариуцагч байгууллагын Өргөө-4 кинотеатр ашиглалтад орж үйл ажиллагаа явуулж байгаа. Гэрээний 7.7.2, 8.7.1-д зааснаар кинотеатрыг өргөжүүлэн хөгжүүлэх, орчноо тохижуулах эсэх нь худалдан авагчийн асуудал. Мөн Кинотеатрын урд талбай гэх газар энэ гэрээний зүйл биш, гэрээгээр барилгыг сууриар нь тооцож худалдсан тул үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Манай зүгээс гэрэээний үүргээ бүрэн биелүүлсэн

Иймд гэрээний 9.1.2, 9.1.2.2-т зааснаар 2017 оны төлбөр 253 931 103 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги 7 617 933 төгрөг, 2018 оны төлбөр 253 931 103 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги 5 383 316 төгрөг нийт 520 863 455 төгрөгийг “НС-” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “НС-” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “НС-” ХХК, Орхон аймгийн Засаг дарга нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Кинотеатрын дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй нөхцлөөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Уг объектын суурь, цутгамал хэсгийг худалдан авч, гэрээгээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр ажилласан боловч хүн амын нягтаршил багатай, борлуулалтын орлого муу байгаагаас шалтгаалан өнгөрсөн хугацаанд байнга алдагдалтай ажилласан. Компанийн орлогоор ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл болох үйл ажиллагааны урсгал зардлаа төлж чадахгүйн улмаас толгой компанийн санхүүгийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Уг объектыг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн засаг даргын тамгын газарт буцаан худалдах, гэрээг цуцлах тухай хүсэлтээ хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.7.1-д худалдагч тал хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбогдон шаардагдаж болох бүхий л зөвшөөрлийг худалдан авагчид олгох, олгуулах арга хэмжээ авахаар зохицуулсан. Гэтэл манай зүгээс кинотеатрын үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс урд талын талбайг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай саналыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тавьсан боловч амаар боломжгүй гэсэн хариу өгсөн. Кино театрын урд талын талбай гэрээгээр худалдсан хөрөнгө биш хэдий ч гэрээний 7.7.1-д заасан зөвшөөрөл гэдэгт орчин тойрноо тохижуулахад шаардагдах зөвшөөрөл хамаарна гэж үзэж байна. Иймд үйл ажиллагаагаа өргөтгөх, амралт зугаалгын орчинг цогцоор шийдэх боломжгүй болгосон тул гэрээний 7.7.1-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэж 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн "Кинотеатрын дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр худалдах-худалдан авах гэрээг цуцалж, хөрөнгийг буцаан худалдах саналтай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “НС-” ХХК-аас 520 127 058 төгрөг гаргуулж, ОАОНӨГ-ар УТҮГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 736 397 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2 758 585 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн ерөнхий ангид зааснаар 2 талын гэрээг 1 талын талын санаачилгаар цуцлахаар зохицуулсан байдаг ба манай зүгээс гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн тухайгаа илэрхийлж гэрээ цуцлах санал гаргасан байдаг. Шүүхээс тухайн үйл явдлыг цуцлах санал гаргасан гэж үзээгүй ба хуульд зааснаар санал гаргаагүй гэж үзсэн. Гэрээний үүргийг талууд харилцан тохиролцож тухайн иргэний эрх зүйн харилцаанд оролцдог боловч тухайн үеийн нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой гэдэг үүднээс хуульд гэрээг хугацаанаас өмнө цуцлах зохицуулалтыг оруулж өгсөн.

Энэ үүднээс гэрээний үүргийн дийлэнхи хэсгийг биелүүлэх боломжгүй болсон нь тухайн гэрээг цуцлах үндэслэл ба үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамаатуулж гэрээг цуцлах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус гэж хүлээн авахаас татгалзсан.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн манай зүгээс шүүхэд хандаж эвлэрэх тухай саналыг гаргаж байсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн аль ч шатанд талууд эвлэрэх боломжтой ба энэ тухайгаа шүүхэд илэрхийлсээр ирсэн. Гэтэл шүүхээс талуудын хооронд эвлэрэн хэлэлцэх боломжит хугацаа олголгүй хэргийг шийдвэрлэсэн.

Эдгээр нөхцөл байдлуудаас шалтгаалж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ОАОНӨГ-ар” УТҮГазар нь хариуцагч “НС-” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 520 863 455 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, автомашиныг зээлийн төлбөрт шилжүүлэн авсан гэж тайлбарлан маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж аваад шүүхэд гаргасан хариу тайлбартаа гэрээнээс татгалзаж цуцлах хүсэлтэй байгаа болон нэхэмжлэгчтэй эвлэрэх буюу эвлэрүүлэн зуучлалын журмаар асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй талаараа хандаж тайлбар гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгч нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагаа явуулахыг заасан.

Гэтэл шүүх хариуцагчийн дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Тодруулбал, хэргийн оролцогчоос хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд шүүх энэ талаар зохигчдоос тодруулж, шаардлагатай гэж үзвэл хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжтой.

Харин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шаардлагагүй гэж үзвэл энэ талаар тодорхой шийдвэр гаргавал зохино.

Түүнчлэн хариуцагч “НС-” ХХК нь нэхэмжлэгч “ОАОНӨГ-ар” УТҮГазар болон Орхон аймгийн Засаг дарга нарт холбогдуулж худалдах-худалдан авах гэрээг цуцлаж, кинотеатрыг буцаан худалдах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан нь учир дутагдалтай болжээ.

Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гадна өөр этгээдийг хамтатган оролцуулсан тохиолдолд шүүхээс сөрөг нэхэмжлэлийн агуулга болон тухайн этгээдийн талаар тодруулах шаардлагатай. Мөн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан үндэслэл нэгэн адил хамаарах боловч шүүгчийн захирамжид энэ талаар дурдаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Үүний улмаас давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02131 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас урьдчилан төлсөн 2 772 390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                 Ч.ЦЭНД