Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00562

 

“Орхон аймгийн орон нутгийн өмчийн газар” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02131 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2494 дүгээр магадлалтай,

“Орхон аймгийн орон нутгийн өмчийн газар” УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 520.863.455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа, өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Орхон аймгийн орон нутгийн өмчийн газар” УТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга, Н ХХК нарын хооронд Кинотеатрын дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй нөхцлөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 4.2.1-д хөрөнгийг 1.269.655.515 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож мөн гэрээний 9.1.2-т хөрөнгийн худалдах үнийг санхүүжилтийн хуваарийн дагуу 2016-2020 он хүртэл жил бүр тогтмол гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 253.931.103 төгрөг төлж байхаар зохицуулсан. Худалдан авагч тал 2016 оны төлбөр 253.931.103 төгрөгийг төлсөн. Гэрээгээр 2017 оны төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний дотор, 2018 оны төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч Н ХХК нь 2017, 2018 оны төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний 9.1.2.2-т санхүүжилтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй санхүүжилтэд төлөх алдангийн хэмжээ хоногийн 0.01 хувь байх бөгөөд алдангийн хэмжээ төлөгдөх дүнгийн 3 хувиас хэтрэхгүй гэж заасан.

Иймд гэрээний 9.1.2, 9.1.2.2-т зааснаар 2017 оны төлбөр 253.931.103 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги 7.617.933 төгрөг, 2018 оны төлбөр 253.931.103 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги 5.383.316 төгрөг нийт 520.863.455 төгрөгийг Н ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Н” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Н ХХК, Орхон аймгийн Засаг дарга нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Кинотеатрын дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй нөхцлөөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Уг объектын суурь, цутгамал хэсгийг худалдан авч, гэрээгээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр ажилласан боловч хүн амын нягтаршил багатай, борлуулалтын орлого муу байгаагаас шалтгаалан өнгөрсөн хугацаанд байнга алдагдалтай ажилласан. Компанийн орлогоор ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл болох үйл ажиллагааны урсгал зардлаа төлж чадахгүйн улмаас толгой компанийн санхүүгийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Уг объектыг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн засаг даргын тамгын газарт буцаан худалдах, гэрээг цуцлах тухай хүсэлтээ хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.7.1-д худалдагч тал хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбогдон шаардагдаж болох бүхий л зөвшөөрлийг худалдан авагчид олгох, олгуулах арга хэмжээ авахаар зохицуулсан. Гэтэл манай зүгээс кинотеатрын үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс урд талын талбайг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай саналыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тавьсан боловч амаар боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд үйл ажиллагаагаа өргөтгөх, амралт зугаалгын орчинг цогцоор шийдэх боломжгүй болгосон тул гэрээний 7.7.1-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэж 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн "Кинотеатрын дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр худалдах-худалдан авах гэрээг цуцалж, хөрөнгийг буцаан худалдах саналтай байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02131 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Н ХХК-аас 520.127.058 төгрөг гаргуулж, Орхон аймгийн орон нутгийн өмчийн газар УТҮГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 736.397 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2.758.585 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2494 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02131 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас урьдчилан төлсөн 2.772.390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2494 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс талуудыг эвлэрэх боломжтой эсэхийг тодруулах бүрт хариуцагчийн зүгээс “кино театрын барилгыг орон нутагт буцаан худалдах” эвлэрэх санал гаргаж ийм нөхцөлөөр боломжгүй гэдгээ миний бие илэрхийлж байсан /хх-18-19/ Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хийсэн ажиллагааг хийгээгүй мэтээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь мөн л хэт нэг талыг барьж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь Сүхбаатар дүүргийн шүүх 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11408 дугаар хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гаргасан. /хх-95-96/

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Орхон аймгийн орон нутгийн өмчийн газар” УТҮГ нь хариуцагч “Н” ХХК-с 520.863.455 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа гэрээний дагуу төлөх төлбөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги гэж тодорхойлжээ.

“Н” ХХК нь Орхон аймгийн Өмчийн харилцааны газартай 2016 оны 2 дугаар сарын 25-ний өдөр Кинотеатрын дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй нөхцлөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус аймгийн Баян-өндөр суманд баригдаж буй 300 хүний суудалтай кино театрын барилгыг 1.269.655.515 төгрөгөөр худалдан авч, үнийг 5 жилийн хугацаанд тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохирсон, уг гэрээг аймгийн Засаг дарга баталжээ /хэргийн 3-16 дугаар тал/.

Хариуцагч барилгыг барьж гүйцэтгэн, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисст хүлээн өгч, улмаар үйл ажиллагаа явуулж байгаа, мөн 2016 оны төлбөр 253.931.103 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Гэрээний 9.1.2, 9.1.2.2-т зааснаар хариуцагч нь хөрөнгийн үнийн 20 хувийг 2017 оны 1 дүгээр сарын 31-нд, 20 хувийг 2018 оны 1 дүгээр сарын 31-нд төлөх, төлбөрийг хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.01 хувиар алданги төлөхөөр тохирчээ. 

Хариуцагч 2017, 2018 оны төлбөрийг төлөөгүй бөгөөд уг төлбөр, алдангийг төлөх эсэх талаар талууд маргажээ.

Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар Орхон аймгийн Өмчийн харилцааны газрыг Худалдан авах ажиллагааны албатай нэгтгэж,  Орон нутгийн өмчийн газар УТҮГ болгон өөрчилсөн байх тул тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй /хэргийн 17 дугаар тал/.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа гэрээг цуцалж, буцаан худалдах саналтай байгаа талаар дурдаж, улмаар “...эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ үү” гэжээ /хэргийн 28 дугаар тал/.  

Нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах ба мөн зүйлийн 67.1.4.-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулна. Өөрөөр хэлбэл, хуулийн энэхүү зохицуулалтаар шүүх эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжийг талуудад олгох үүднээс энэ талаарх мэдээллийг танилцуулах үүрэгтэй.

Хэргийн 21 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл шүүх зохигчдод эрх үүргийг тайлбарлан өгсөн, уг баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа эвлэрэх талаар дурдсан боловч нэхэмжлэгч уг саналыг хүлээн аваагүй, зохигчид эвлэрэн хэлэлцээгүй тул шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан, талууд шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцээгүй байхад давж заалдах шатны шүүх “...хариуцагчийн эвлэрэх талаар гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус, энэ талаар зохигчоос тодруулж, хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж, хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжтой” гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-т зааснаар хариуцагч үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр мөн зүйлийн 73.2-т зохицуулсан.

Хариуцагч нь “Орхон аймгийн орон нутгийн өмчийн газар” УТҮГ болон Аймгийн Засаг даргад холбогдуулан “...гэрээг цуцалж, кино театрыг буцаан худалдах” сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх “... шаардлага, үндэслэл тодорхойгүй, хэргийн оролцогч бус этгээдийг хамтран хариуцагчаар тодорхойлсон” гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байхад давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн агуулга, сөрөг нэхэмжлэлд дурдсан тухайн этгээдийн талаар тодруулах шаардлагатай гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт хариуцагчийн татгалзалтай холбоогүй буюу “...автомашиныг зээлийн төлбөрт шилжүүлэн авсан...” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ. 

Дээр дурдсанаас үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д заасан нөхцлүүдийн аль нэгт хамаарахгүй, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлж, нэхэмжлэлээс 520.127.058 төгрөгийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6. дах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2494 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ