Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/02131

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “ОАОНӨГ” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: “НТС” ХХК-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 520.863.455 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга, “НТС” ХХК, манай байгууллага нарын хооронд “Кинотеатрын дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэрээний 4.2.1 дэх хэсэгт хөрөнгийг 1.269.655.515 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож мөн гэрээний 9.1.2 дахь хэсэгт хөрөнгийн худалдах үнийг санхүүжилтийн хуваарийн дагуу 2016-2020 он хүртэл жил бүр тогтмол гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 253.931.103 төгрөг төлж байхаар зохицуулсан.

Худалдан авагч тал 2016 оны төлбөр 253.931.103 төгрөгийг төлсөн.  Гэрээгээр 2017 оны төлбөрийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний дотор, 2018 оны төлбөрийг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний дотор төлөхөөр тохиролцсон боловч   “НТС” ХХК нь 2017, 2018 оны төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний 9.1.2.2 дахь хэсэгт “санхүүжилтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй санхүүжилтэд төлөх алдангийн хэмжээ хоногийн 0.01 хувь байх бөгөөд алдангийн хэмжээ төлөгдөх дүнгийн 3 хувиас хэтрэхгүй” гэж заасан.

Иймд гэрээний 9.1.2, 9.1.2.2-т заасныг тус тус баримтлан 2017 оны төлбөр 253.931.103 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги 7.617.933 төгрөг, 2018 оны төлбөр 253.931.103 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги 5.383.316 төгрөг нийт 520.863.455 төгрөгийг “НТС” ХХК-аас гаргуулж өгнө үү.

Хариуцагч талаас гэрээг цуцлах талаар санал гаргаж байгаагүй. Тус аймгийн Засаг даргын тамгын газарт ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр буцаан худалдах, цуцлах тухай дурдсан байдаг. Худалдагчийн зүгээс гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн гэрээний 7.7.1-д заасан үүргээ хэрэгжүүлж бүхий л зөвшөөрлийг зохих журмын дагуу өгч улмаар хариуцагч байгууллагын “Өргөө-4” кинотеатр ашиглалтад орж үйл ажиллагаа явуулж байгаа. Гэрээний 7.7.2, 8.7.1-д зааснаар кинотеартыг өргөжүүлэн хөгжүүлэх, орчноо тохижуулах эсэх асуудал худалдан авагчийн өөрөө асуудал. Мөн Кинотеартын урд талын талбай гэх газар энэ гэрээний зүйл биш, гэрээгээр барилгыг сууриар нь тооцож худалдсан байдаг тул үүргээ биелүүлээгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Манай зүгээс гэрэээний үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “НТС” ХХК, Орхон аймгийн Засаг дарга нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Кинотеатрын дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Уг объектын суурь, цутгамал хэсгийг худалдан авч, гэрээгээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр зорилт тавин ажилласан боловч хүн амын нягтаршил багатайн улмаас борлуулалтын орлого муу байгаагаас шалтгаалан өнгөрсөн хугацаанд байнга алдагдалтай ажилласан. Компаний орлогоор ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл болох үйл ажиллагааны урсгал зардлаа төлж чадахгүйн улмаас толгой компанийн санхүүгийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Уг объектыг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн засаг даргын тамгын газарт буцаан худалдах, гэрээг цуцлах тухай хүсэлтээ хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй болно.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.7.1-д Худалдагч тал хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбогдон шаардагдаж болох бүхий л зөвшөөрлийг Худалдан авагчид олгох, олгуулах арга хэмжээ авахаар  зохицуулсан. Гэтэл манай зүгээс кинотеатрын үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс урд талын талбайг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай саналыг 2017 оны 10 дугаар сарын 27-нд  тавьсан. Гэтэл амаар боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Кино театрын урд талын талбай гэрээгээр худалдсан хөрөнгө биш хэдий ч гэрээний 7.7.1-д заасан “шаардагдаж болох бүхий л зөвшөөрөл” гэдэгт орчин тойрноо тохижуулахад шаардагдах зөвшөөрөл хамаарна гэж үзэж байна. Иймд үйл ажиллагаагаа өргөтгөх, амралт зугаалгын орчинг цогцоор шийдэх боломжгүй болгосон тул гэрээний 7.7.1-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэж 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн "Кинотеатрын дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр худалдах худалдан авах гэрээ”-г цуцалж, хөрөнгийг буцаан худалдах саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ОАОНӨГ” ТБАГУТҮГ нь “НТС” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 520.863.455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэг талаас “ОАОНӨГ” ТБАГУТҮГ,  Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, нөгөө талаас “НТС” ХХК нар харилцан тохиролцож, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, Худалдагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7а хороололд баригдаж буй 300 хүний суудалтай кинотеатрын зориулалттай дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэл өөрчлөхгүй нөхцлөөр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч үнэ 1.269.655.515 төгрөгийг 5 жилийн хугацаанд тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож “Кинотеатрын дуусаагүй барилгыг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй нөхцлөөр худалдах худалдан авах гэрээ”-г байгуулжээ. /хх 3-16/

Гэрээнд Худалдагч талаас Орхон аймгийн Өмчийн харилцааны газар хамтран оролцсон, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар дээрх агентлагыг өөр агентлагтай нэгтгэж, улмаар оноосон нэрийг “Орон нутгийн өмчийн газар” болгон өөрчилсөн /хх73/, түүнчлэн зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. 

 Хариуцагч хуваарийн дагуу 2016 онд төлбөл зохих 253.931.103 төгрөгийг  төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

Гэрээний 9.1.2-т “хөрөнгийн үнийн 20 хувийг 2017 оны 01 дүгээр сарын 31-нд, 20 хувийг 2018 оны 01 дүгээр сарын 31-нд” тус тус төлөхөөр тохиролцсон, хариуцагч гэрээний дагуу 2017, 2018 онд төлбөл зохих хуваарьт төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчаас үнэ 507.862.206 /2*(1.269.655.515*20%)/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Мөн гэрээний 9.1.2.2.-т “тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,01 хувиар алданги тооцохоор, алдангийн хэмжээ тухайн хуваарьт төлбөрийн 3 хувиас хэтрэхгүй байхаар” заасан, уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн байх тул алдангид 12.264.852 /2017.02 .01-2018.07.31 хүртэл 548 хоног *1 өдрийн 25.393 төгрөг, гэрээний 3 %= 7.617.933төгрөг + 2018.02.01-2018.07.31 хүртэл 183 хоног*1 өдрийн 25.393 төгрөг=4.646.919/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов. 

Хариуцагч гэрээний 7.7.1-д заасан үүргээ биелүүлээгүй буюу үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцлана гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.7.1-д “Худалдагч хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдаж болох бүхий л зөвшөөрлийг  Худалдан авагчид олгох, олгуулах арга хэмжээ авах”-аар тохиролцсон, хариуцагч хөрөнгийг хүлээн авч, барьж дуусган, улмаар уг барилгад үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн улсын комиссын дүгнэлт, хариуцагч байгууллагын 2017 оны 10 дугаар сарын 27-ны, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдож байх тул Худалдагч гэрээг хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх байдал тогтоогдохгүй байна.  /хх  29, 79-81/

Мөн худалдан авсан барилгын урд талбайн газар гэрээний зүйлд хамаарахгүй гэдэгт талууд маргаагүй тул гэрээний 7.7.1-д заасан Худалдагч талын олгох, олгуулах зөвшөөрөлд орчны газрыг тохижуулах талаарх саналыг аваагүй, зөвшөөрөлд хамаарна гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч уг баримтад гэрээ цуцлах тухай тусгагдаагүй, харин шинэ гэрээ байгуулах тухай санал тавьсан байна.

Мөн худалдагч талд хөрөнгийг буцаан худалдах хүсэлтэй гэж тайлбарлаж байх боловч зохигчид гэрээг анх байгуулахдаа Иргэний хуулийн 265 дугаар зүйлд зааснаар “буцаан худалдах авах” болзол тавьж байгуулаагүй гэдэгт хариуцагч шүүх хуралдаанд маргаагүй, харин “НТС” ХХК шинэ гэрээ байгуулах саналыг нэхэмжлэгч талд тавьж байх тул энэ тайлбар үндэслэлгүй.

 Иймд хариуцагч “НТС” ХХК-иас нийт 520.127.058 төгрөг /507.862.206+12.264.852/ гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “НТС” ХХК-иас 520.127.058 /таван зуун хорин сая нэг зуун хорин долоон мянга тавин найман/ төгрөг гаргуулж, “ОАОНӨГ” ТБАГУТҮГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 736.397 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2.758.585 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ