Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 16

 

Ц.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02109 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Х-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НЗа бөгөөд УБЗ-ид холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Х-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад 2014 оноос 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж, зөрчил арилгах тухай 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02-09-294-42 тоот албан шаардлагын дагуу зөрчлийг арилгасан талаар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 11 тоот албан бичгээр хүргүүлж, биечлэн олон удаа уулзсан. Мөн тухайн үед Нийслэлийн боловсролын газраас шалгалтын бүрэлдэхүүнд ирсэн хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаярт бичгээр тайлбар өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 23-нд Нийслэлийн боловсролын газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн С.Мөнхзаяа ажлын хэсгийн дүгнэлттэй танилц гээд хуулбар хувийг өгөхөд шалгалтын удирдамжид зааснаас өөр асуудлыг хамааруулсан тул гарын үсэг зурахаас татгалзсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төлөвлөгөөт болон, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нийт 150 байгууллага, төрийн өмчийн 26 байгууллагад хийсэн тухай танилцуулахдаа 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид арга хэмжээ авах албан бичгийг 2018 оны 3 дугаар сарын 30-нд явуулсан боловч одоо хүртэл хариу ирүүлээгүй, хугацаа дууссаныг танилцуулсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа нь урьдчилан мэдэгдэлгүй ажлаа өгөхийг хэлсэн. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, мэргэжилтэн Б.Цэвэлмаа нар ирж тушаал танилцуулахад намайг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсан байсан. Энэ тушаалыг би огт мэдээгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаад 6 дугаар сарын 01-ний өдрөөс бүх ажилчид амарч, нягтлан бодогч, нярав, 3 манаач, өдрийн жижүүр ажиллаж байсан бөгөөд цэцэрлэгийн хагас жилийн үр дүнгийн тайланг бичиж хүргүүлэн, санхүүгийн баримтуудад гарын үсэг, тамга дарж гүйлгээ хийж байсан тул тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй.

   Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НЗа бөгөөд УБЗ- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: НЗын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-НЗын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжаар Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгасан. Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Х- нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөрчиж, цэцэрлэгийн байранд эцэг, эх багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсныг таслан зогсоолгүй ажлын хариуцлага алдсан, дотоод журмыг мөрдүүлж, хяналт тавьж таслан зогсоож арга хэмжээ авч ажиллаагүй зөрчил нь тогтоогдсон.

Ажлын хэсгийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгийн анги, танхимуудын цэвэрлэгээ эрүүл ахуйн шаардлага хангахгүй Боловсролын тухай хуулийн 42.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 6.2, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм БНбД 66-88, Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 3.2, 3.16, 3.17, 10.1 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тус цэцэрлэг их эрсдэлтэй дүгнэгдсэн бөгөөд үүнийг цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцож гэрээг цуцлахаар заасан. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 131.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэнэ, Хөдөлмөрийн гэрээний 7.1, 7.2-т энэ гэрээний 6.2-т /6.3/ заасан болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөх саналыг НЗад хүргүүлнэ гэснийг тус тус үндэслэл болгосон.

   Иймд Ц.Х-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Х-г Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар НЗын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3 132 434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Х-гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг НЗын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Х- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 135 269 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Цэцэрлэгийн эрхлэгч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгий сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн ажлын туршлагатай эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилно” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний 5.3-т "хамт олныг төлөвшүүлэх байгууллагын дотоод дэг журмыг сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй", 1.3-т "цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрнь тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ", ажлын байрны тодорхойлолтын 3-т "үйл ажиллагааны хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж зарлиг, захирамж, тогтоол, тушаал, шийдвэр, албан даалгавар, албан шаардлага заавар, журам зөвлөмж, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах"-ыг заасан. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т "Архидан согтуурахтай тэмцэх зорилго бүхий олон нийтийн үүсгэл санаачилгыг төрийн болон төрийн бус байгууллага дэмжин туслах үүрэгтэй", 13.3-т "аж ахуйн нэгж, байгууллага нь байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ архидан согтуурч байгаа шалтгаан нөхцлийг арилгах талаас тодорхой арга хэмжээ авч, ажилтнууддаа архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй" гэж заажээ. Гэтэл шүүхийн шийдвэрт "Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т "хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар"-т согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно" гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаар хүүхдийн цэцэрлэгт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон бөгөөд харин Ц.Х-гийн хяналт тавьж, таслан зогсоох арга хэмжээ авах үүрэг уг хуулийн зохицуулалт хамаарахгүй". Цэцэрлэгийн анги танхимд, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсныг бичлэгээр баримтжуулж үзлэг хийсэн, нэхэмжлэгч өөрөө үлээлгэхэд согтолтын зэрэг 0.33 хувь байсан талаар хэрэг хянан хэлэлцэж байхад мэдүүлсэн. Төрийн байгууллагад хүүхдийн дэргэд архидан согтуурч байхад байгууллага удирдаж байгаа албан тушаалтан хяналт тавьж, таслан зогсоож гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Гэтэл шүүх нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэцэрлэгийн байранд эцэг, эх багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсныг таслан зогсоогоогүй ажлын хариуцлага алдсан, дотоод журмыг мөрдүүлж, хяналт тавьж ажиллаагүй, зөрчил гаргасан нь тогтоогдсноос хойш дахин 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр, цэцэрлэгийн анги, танхимуудын цэвэрлэгээ эрүүл ахуйн шаардлага хангахгүй Боловсролын тухай хуулийн 42.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 6.2, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм БНбД 66-88, Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 3.2, 3.16, 3.17, 10.1-д заасныг зөрчсөн нь тогтоодсон. Өөрөөр хэлбэл 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэцэрлэгийн байранд эцэг, эх багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсныг таслан зогсоогоогүй, хяналт тавьж ажиллаагүй зөрчил гаргасан боловч сахилгын арга хэмжээ аваагүй. Сахилгын зөрчил гаргаснаас хойш 5 сарын дараа дахин зөрчил гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон. Улсын дээд шүүхийн 2012 оны зөвлөмжийн 2.4-т "Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жил, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна" гэсэн. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч НЗа бөгөөд УБЗ-ид холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2014 оноос хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдэгт хэн аль нь маргаангүй, харин ажлаас чөлөөлөх үндэслэл байсан эсэх талаар маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан.

Хуульд заасан ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл нь талууд тохиролцон гэрээндээ “ноцтой зөрчил” гэж тодорхойлсон үйлдэл, эс үйлдэхүйг нэхэмжлэгч буюу ажилтан гаргасан болох нь тогтоогдсон байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан хариуцагч НЗын Б/147 дугаар захирамжаас үзвэл нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. /хх-149 дэх тал/

1.Хариуцагч тал нэхэмжлэгчийг цэцэрлэгийн байранд эцэг, эх, багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсан үйлдэлд нь хяналт тавьж таслан зогсоох арга хэмжээ аваагүй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөрчсөн гэж нэг дэх сахилгын зөрчлийг тодорхойлон шүүхэд 36 дугаар цэцэрлэгийн багш нарыг шалгасан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлийг /хх-160 дахь тал/ нотлох баримтаар гарган өгчээ. Уг баримтад эрхлэгч Б.Хэрлэнг 0.33 хувийн согтолттой гэж тэмдэглэсэн байгаа хэдий ч хэргийн 111  дэх талд авагдсан Сүхбаатар дүүрэг дах Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11018 дугаар зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн авах тогтоолд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэцэрлэгийн байранд архидан согтуурсан зөрчлийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан талаар заасан байна. Дээрх хариуцагчийн гаргаж өгсөн нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэх баримтууд нь эргэлзээтэй, нэг үйл баримтыг өөр өөрөөр бичсэн, харилцан үгүйсгэсэн шинжтэй байх тул нэхэмжлэгч Б.Хэрлэнг дээрх зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр илрүүлсэн гэх сахилгын зөрчилд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийн “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэх заалтад нийцээгүй байна. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

2.Хариуцагч НЗын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжийн дагуу НЗын орлогч Ш.Анхмаа 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5 дугаартай ажлын хэсгийн удирдамж баталж ажлын хэсэг байгуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа, хууль тогтоомж Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрт нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж дүгнэлт гаргахыг даалгасан байна. Үүний дагуу ажлын хэсгээс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус цэцэрлэгт шалгалт хийж, дүгнэлт гаргажээ. /хх-164-172 дахь тал/ Уг дүгнэлтээр илэрсэн зөрчлийг хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.3.22, 6.3.23-т заасан ноцтой зөрчилд хамааруулан түүнийг давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халахдаа ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг буруу хэрэглэжээ. Учир нь зохигчид 2018 оны 02 дугаар сарын 27-нд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа 6.3 дахь заалтаар ноцтой зөрчлийн тохиолдлыг тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж буй 36 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдөр ажлын хэсэг шалган дүгнэлт гаргасан. Уг шалгалтаар илэрсэн гэх зөрчлийн талаар талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээнд тусгайлан зааж тохиролцоогүй байна. Иймээс нэхэмжлэгчийн өмнө гаргасан гэх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зөрчил тогтоогдоогүй байх тул түүнийг давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч НЗыг нэхэмжлэгч Б.Хэрлэнг хууль бусаар ажлаас халсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн           167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Ч.ЦЭНД