Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00741

 

  Ц гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02109 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалтай,

Ц гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлд: Намайг Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад 2014 оноос 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж, зөрчил арилгах тухай 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 02-09-294-42 тоот албан шаардлагын дагуу зөрчлийг арилгасан талаар 2018 оны 03 сарын 12-ны өдөр 11 тоот албан бичгээр хүргүүлж, биечлэн олон удаа уулзсан. Мөн тухайн үед Нийслэлийн боловсролын газраас шалгалтын бүрэлдэхүүнд ирсэн хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаярт бичгээр тайлбар өгсөн. 2018 оны 03 сарын 23-нд Нийслэлийн боловсролын газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн С.Мөнхзаяа ажлын хэсгийн дүгнэлттэй танилц гээд хуулбар хувийг өгөхөд шалгалтын удирдамжид зааснаас өөр асуудлыг хамааруулсан тул гарын үсэг зурахаас татгалзсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 05 сарын 03-ны өдөр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нийт 150 байгууллага, төрийн өмчийн 26 байгууллагад хийсэн тухай танилцуулахдаа 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид арга хэмжээ авах албан бичгийг 2018 оны 03 сарын 30-нд явуулсан боловч одоо хүртэл хариу ирүүлээгүй, хугацаа дууссаныг танилцуулсан. Гэтэл 2018 оны 06 сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа нь урьдчилан мэдэгдэлгүй ажлаа өгөхийг хэлсэн. 2018 оны 06 сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, мэргэжилтэн Б.Цэвэлмаа нар ирж тушаал танилцуулахад намайг 2018 оны 04 сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсан байсан. Энэ тушаалыг би огт мэдээгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаад 6 сарын 01-ний өдрөөс бүх ажилчид амарч, нягтлан бодогч, нярав, 3 манаач, өдрийн жижүүр ажиллаж байсан бөгөөд цэцэрлэгийн хагас жилийн үр дүнгийн тайланг бичиж хүргүүлэн, санхүүгийн баримтуудад гарын үсэг, тамга дарж гүйлгээ хийж байсан тул тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 02 сарын 20-ны өдрийн Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжаар Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгасан. Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц  нь 2017 оны 10 сарын 18-ны өдөр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөрчиж, цэцэрлэгийн байранд эцэг, эх багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсныг таслан зогсоолгүй ажлын хариуцлага алдсан, дотоод журмыг мөрдүүлж, хяналт тавьж таслан зогсоож арга хэмжээ авч ажиллаагүй зөрчил нь тогтоогдсон. Ажлын хэсгийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн дүгнэлтээр цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгийн анги, танхимуудын цэвэрлэгээ, эрүүл ахуйн шаардлага хангахгүй Боловсролын тухай хуулийн 42.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 6.2, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм БНбД 66-88, Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 3.2, 3.16, 3.17, 10.1 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тус цэцэрлэг их эрсдэлтэй дүгнэгдсэн бөгөөд үүнийг цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцож гэрээг цуцлахаар заасан. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 131.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэнэ, Хөдөлмөрийн гэрээний 7.1, 7.2-т энэ гэрээний 6.2-т /6.3/ заасан болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөх саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ гэснийг тус тус үндэслэл болгосон. Иймд Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02109 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц г Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,132,434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 135,269 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/02109 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 16 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Цэцэрлэгийн эрхлэгч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилно.” гэж заасан. Эрхлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд 5.3-т “Хамт олныг төлөвшүүлэх, байгууллагын дотоод дэг журмыг сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй”, 1.3-т “цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ", Ажлын байрны тодорхойлолтын 3-т “ Үйл ажиллагааны хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, зарлиг, захирамж, тогтоол, тушаал, шийдвэр, албан даалгавар, албан шаардлага, заавар, журам зөвлөмж, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах”-ыг заасан. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Архидан согтуурахтай тэмцэх зорилго бүхий олон нийтийн үүсгэл санаачилгыг төрийн болон төрийн бус байгууллага дэмжин туслах үүрэгтэй.’’, 13.3-т “Аж ахуйн нэгж, байгууллага нь байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ архидан согтуурч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, ажилтнууддаа архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй.” гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дугаар хуудасны 4 дүгээр догол мөрөнд “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар”-т согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэж заажээ. Дээрх хуулийн зохицуулалтаар хүүхдийн цэцэрлэгт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон зохицуулалт байх бөгөөд харин Ц гийн хяналт тавьж, таслан зогсоох арга хэмжээ авах үүрэг уг хуулийн зохицуулалт хамаарахгүй байна” гэжээ. Цэцэрлэгийн анги танхимд, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсныг бичлэгээр баримтжуулж үзлэг хийсэн, нэхэмжлэгч өөрөө үлээлгэхэд согтолтын зэрэг 0,33 хувьтай байсан талаар хэрэг хянан хэлэлцэж байхад шүүхэд мэдүүлсэн. Төрийн байгууллага /цэцэрлэгт/-д хүүхдийн дэргэд архидан согтуурч байхад байгууллага удирдаж байгаа албан тушаалтан хяналт тавьж, таслан зогсоож гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй гэтэл шүүх нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

2. 2017 оны 10 сарын 18-ны өдөр цэцэрлэгийн байранд эцэг, эх, багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсныг таслан зогсоогоогүй ажлын хариуцлага алдсан, дотоод журмыг мөрдүүлж, хяналт тавьж ажиллаагүй, зөрчил гаргасан нь тогтоогдсоноос хойш дахин 2018 оны 03 сарын 12-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр, цэцэрлэгийн анги, танхимуудын цэвэрлэгээ эрүүл ахуйн шаардлага хангахгүй Боловсролын тухай хуулийн 42.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 6.2, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм БНбД 66-88, Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 3.2, 3.16, 3.17,10.1-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, 2017 оны 10 сарын 18-ны өдөр цэцэрлэгийн байранд эцэг, эх багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсныг таслан зогсоогоогүй ажлын хариуцлага алдсан, хяналт тавьж ажиллаагүй зөрчил гаргасан боловч сахилгын арга хэмжээ аваагүй байсан. Сахилгын зөрчил гаргаснаас хойш 5 сарын дараа дахин зөрчил гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлт /Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалгалтаар/- ээр тогтоогдсон. Улсын дээд шүүхийн 2012 оны зөвлөмжийн 2.4-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна” гэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3. Ажил олгогч хуучин хөдөлмөрийн гэрээ буюу 2018 оны 02 сарын 27-нд шинэчлэн байгуулахаас өмнөх гэрээний зүйл заалтыг барихаар хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэсэн гэж буруутгаад, зөрчил нь 2018 оны 02 сарын 21-нд тогтоогдсон учраас шинэ гэрээнд заасан ноцтой тусгайлан зааж тохиролцоогүй гэсэн нь шүүх ямарч тохиолдолд нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/02109 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 16 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ц  нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан Ц г 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/47 дугаар “Ажлаас халах тухай” захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг үндэслэл болгожээ.

 Дээрх захирамжид “...албан үүргээ гүйцэтгэхдээ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөрчиж, цэцэрлэгийн байранд эцэг, эх, багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсан үйлдэлд хяналт тавьж талсан зогсоох арга хэмжээ аваагүй, Боловсролын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль,  Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж, барилгын ном ба дүрэм, Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар, хамгааллын үлгэрчилсэн дүрмийн холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй ажлын хариуцлага алдсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон” гэж халах үндэслэл болсон үйлдлийг заагаад 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлөх гэжээ.

Ажил олгогч нь ажлаас халах тухай захирамжийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан боловч 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажил хүлээлцэхдээ энэ тушаалыг танилцуулсан байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нийслэлийн Засаг даргын Б/147 дугаар захирамжаас үзвэл нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгчийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөрчсөн гэж эхний зөрчлийг тодорхойлж, шүүхэд баримт гаргаж ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь эргэлзээтэй, нэг үйл баримтыг өөр өөрөөр бичсэн, харилцан үгүйсгэсэн шинжтэй байх тул Б.Хэрлэнг тухайн зөрчлийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн гэж үзнэ. 

Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр илрүүлсэн сахилгын зөрчилд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т нийцээгүй тухай анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ. 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгээс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 36 дугаар цэцэрлэгт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг нэхэмжлэгчтэй байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.3.22, 6.3.23-т заасан ноцтой зөрчилд хамааруулан давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халахдаа ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг буруу хэрэглэсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд 2018 оны 02 дугаар сарын 27-нд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа 6.3 дахь заалтаар ноцтой зөрчлийн тохиолдлыг тохиролцсон байхад   нэхэмжлэгчийн ажиллаж буй 36 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлын хэсэг шалган дүгнэлт гаргасан боловч шалгалтаар илэрсэн   зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан зааж, тохиролцоогүй гэж дүгнэхээр байна. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” тухай гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02109 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УНДРАХ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН