Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2022/02109

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр           Дугаар 182/ШШ2018/02109         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НЗД-д холбогдох,

 

“Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад сэлгэн ажиллуулах гэдгээр 2014 оноос 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласнаар өнөөдрийг хүртэл ажиллахдаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж, зөрчил арилгах тухай 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02-09-294-42 тоот албан шаардлага өгсний дагуу зөрчлийг арилгасан талаар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 11 тоот албан бичгээр хүргүүлж, биечлэн олон удаа уулзаж байсан. Мөн нэхэмжлэгч миний бие тухайн үед Нийслэлийн боловсролын газраас шалгалтын бүрэлдэхүүнд ирсэн хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаярт тайлбар бичгээр гаргаж өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 23-нд Нийслэлийн боловсролын газрын сургалтанд сууж байхад Нийслэлийн боловсролын газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн С.Мөнхзаяа нь та ирж ажлын хэсгийн дүгнэлтэнд гарын үсэг зур гэхэд нь сургалт тараад 12 цаг 45 минутанд орж ажлын хэсгийн дүгнэлттэй танилц гээд хуулбар хувийг өгөхөөр нь миний бие үндэслэлгүй, шалгалтын удирдамжид зааснаас өөр асуудлуудыг хамааруулан оруулсан байсан тул гарын үсэг зурахаас татгалзсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын зааланд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлөвлөгөөт болон, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нийт 150 байгууллагад хийснээс 26 төрийн өмчийн байгууллагад хийсэн тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Лхавгадулам танилцуулахдаа 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид арга хэмжээ авах албан бичгийг 2018 оны 03 дугаар сарын 30-нд явуулсан боловч одоо хүртэл хариу ирүүлээгүй албан бичгийн хариу ирүүлэх хугацаа дууссаныг танилцуулсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15 цаг 45 минутанд Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа нь чамд Нийслэлийн боловсролын газраас ажлаа өгөх талаар мэдэгдсэн үү гэсэн, үгүй гэтэл, 1 дэх өдөр гэнэт урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаа өгөхийг 93134545 дугаарын утсаар ярьж байхад, миний хажууд манай нярав, эмч бид гурвыг байхад ярьсан.

Ингээд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 45 минутанд Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа нар ирж тушаалыг уншиж танилцуулахад намайг аль хэдийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан байсан тушаалыг өгсөн. Энэхүү тушаалыг би огт мэдээгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаад 06 дугаар сарын 01-ны өдрөөс бүх багш, ажилчид амарч, нягтлан бодогч, нярав, 3 манаач, өдрийн жижүүр ажиллаж байсан бөгөөд цэцэрлэгийн хагас жилийн үр дүнгийн тайланг бичиж хүргүүлэн, санхүүгийн баримтуудад гарын үсэг, тамга дарж гүйлгээ хийж байсан. Иймд миний бие уг тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд гомдлоо гаргаж байна.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжаар Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгасан.

Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Х нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар согтууруулах ундаа хэрэглэх, худалдах түүгээр үйлчлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, цэцэрлэгийн байранд эцэг, эх багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсныг таслан зогсоогоогүй ажлын хариуцлага алдсан, дотоод журмыг мөрдүүлж, хяналт тавьж таслан зогсоож арга хэмжээ авч ажиллаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон.

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгийн анги, танхимуудын цэвэрлэгээ эрүүл ахуйн  шаардлага хангахгүй Боловсролын тухай хуулийн 42.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 6.2, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм БНбД 66-88, Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 3.2, 3.16, 3.17, 10.1 дэх заалтыг тус тус зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тус цэцэрлэгийн “их эрсдэлтэй” дүгнэгдсэн бөгөөд цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд их эрсдэлтэй дүгнэгдсэн бол ноцтой зөрчилд тооцож гэрээг цуцлахаар заасан.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй”, 40 дүгээр зүйл хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”-ийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 131 дүгээр зүйлийн 131.1-д ”Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.3-т “ажлаас халах ”,      131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Хөдөлмөрийн гэрээний 7.1-д “Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.”, 7.2-т “энэ гэрээний 6.2-т / 6.3/ заасан болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөх саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.” гэж заасныг тус тус үндэслэл болгосон.

Иймд Ц.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ц.Х нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Х нь Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/47 дугаар “Ажлаас халах тухай” захирамжаар Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Хг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/47 дугаар захирамж, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Ажил хүлээлцэх комисс томилох тухай” Б/98 дугаар тушаал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил хүлээлцсэн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1403/ЦЭ0155 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ЦЭ2018/113 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Ц.Хгийн №0046989 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Х нь Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажлаас халах” тухай Б/47 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг тус тус үндэслэл болгожээ.

 

Ажил олгогч ажлаас халах тухай захирамждаа “...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Х нь албан үүргээ гүйцэтгэхдээ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөрчиж, цэцэрлэгийн байранд эцэг, эх, багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсан үйлдэлд хяналт тавьж талсан зогсоох арга хэмжээ аваагүй, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж, барилгын ном ба дүрмийн 66-88, Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар, хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 3.2, 3.16, 3.17, 10.1 дэх заалтыг дагаж мөрдөөгүй ажлын хариуцлага алдсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул түүнийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгох тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг ажлаас чөлөөлсүгэй” гэж нэхэмжлэгч Ц.Хг ажлаас халжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж, ...миний бие үндэслэлгүй, шалгалтын удирдамжид зааснаас өөр асуудлуудыг хамааруулан оруулсан байсан тул гарын үсэг зурахаас татгалзсан.

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа нар ирж тушаалыг уншиж танилцуулахад намайг аль хэдийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан байсан тушаалыг өгсөн. Энэхүү тушаалыг би огт мэдээгүй.... Иймд миний бие уг тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Ц.Х нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөрчиж, цэцэрлэгийн байранд эцэг, эх багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсныг таслан зогсоогоогүй ажлын хариуцлага алдсан, дотоод журмыг мөрдүүлж, хяналт тавьж таслан зогсоож арга хэмжээ авч ажиллаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон.

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгийн анги, танхимуудын цэвэрлэгээ эрүүл ахуйн  шаардлага хангахгүй Боловсролын тухай хуулийн 42.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 6.2, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм БНбД 66-88, Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 3.2, 3.16, 3.17, 10.1 дэх заалтыг тус тус зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тус цэцэрлэгийн “их эрсдэлтэй” дүгнэгдсэн бөгөөд цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд их эрсдэлтэй дүгнэгдсэн бол ноцтой зөрчилд тооцож гэрээг цуцлахаар заасан.

Иймд Ц.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Х Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/47 дугаар захирамжид гомдлоо 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд ажил олгогч 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажил хүлээлцэж, ажлаас халах тухай тушаал танилцуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас халах тухай тушаал гаргасан боловч 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажил хүлээлцэхдээ ажлаас халсан тушаалыг танилцуулсан нь нэхэмжлэгч шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заажээ.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын шийтгэл гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

 

Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулсан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасантай нийцэх ёстой.

 

Нэхэмжлэгч Ц.Хг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж буруутгасан зөрчлүүдийг авч үзвэл:

 

Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгч Ц.Хг ажлаас чөлөөлсөн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажлаас халах” тухай Б/47 дугаар захирамжийн үндэслэл болгон тайлбарлаж буй Ц.Хг цэцэрлэгийн байранд эцэг, эх, багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсан үйлдэлд хяналт тавьж таслан зогсоох арга хэмжээ аваагүй гэх тайлбар нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар”-т согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хүүхдийн цэцэрлэгт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон зохицуулалт байх бөгөөд харин Ц.Хгийн хяналт тавьж, таслан зогсоох арга хэмжээ авах үүрэг уг хуулийн зохицуулалт хамаарахгүй байна.

 

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11018 дугаар Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолоор 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэцэрлэгийн байранд архидан согтуурсан зөрчлийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн дээрх сахилгын зөрчил гаргасан гэх үйлдэл үгүйсгэгдэж байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэжээ.

 

Ажилтныг ажлаас халахдаа 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Боловсролын хэлтсийн даргад хүргүүлсэн 36 дугаар цэцэрлэгийн талаарх илтгэх хуудсыг үндэслэсэн гэж хариуцагч тал тайлбарладаг.

 

Боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Б.Цэвэлмаа, төсвийн мэргэжилтэн С.Ган-Эрдэнэ нар нь Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шалгалтыг хийхэд эцэг, эх багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсан үйлдэлд хяналт тавьж таслан зогсоох арга хэмжээг нэхэмжлэгчийг аваагүй гэх зөрчлийг илрүүлсэн гэж тайлбарлажээ.

 

Дээрх илтгэх хуудсанд дурдсан зөрчил дутагдлыг илрүүлсэн сахилгын зөрчлийг үндэслэж 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Хг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Ажил олгогч нэхэмжлэгч Ц.Хг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх зөрчлийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр илрүүлсэн гэж үзэх ба түүнд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сахилгын хариуцлага тооцож ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн байна.

 

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ЦЭ2018/113 дугаар Хөдөлмөрийн гэрээний 2.3-т “Дүүргийн Боловсролын хэлтсээс ирүүлсэн үнэлгээг үндэслэн улирал бүр үр дүнгийн урамшуулал, хагас, бүтэн жилээр ур чадварын нэмэгдэл олгох”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна”, 7.2-т “Энэ гэрээний 6.3-т заасан болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөх саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ” гэж заажээ.

 

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр баталсан ажлын хэсгийн удирдамжаар Нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрт нийцэж байгаа эсэхэд байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулагджээ.

 

Уг ажлын хэсгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар хяналт шалгалт хийсэн дүгнэлт, Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай илтгэх хуудас болон дүгнэлтээр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөрчиж, цэцэрлэгийн байранд эцэг, эх, багш нар хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байсан үйлдэлд хяналт тавьж талсан зогсоох арга хэмжээ аваагүй, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж, барилгын ном ба дүрмийн 66-88, Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар, хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 3.2, 3.16, 3.17, 10.1 дэх заалтыг дагаж мөрдөөгүй ажлын хариуцлага алдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1-д заасныг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгчид хариуцлага хүлээлгэх санал гаргажээ.

 

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар эрсдэл үүсэх магадлал их гэж дүгнэгдсэн нь Ц.Хг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон болон байгууллагын дотоод журам зөрчсөн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлох үндэслэл бүхий баримт гэж дүгнэх боломжгүй байна.

 

Учир нь Ц.Хтэй 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шинэчлэн байгуулсан 1403/ЦЭ0155 дугаар хөдөлмөрийн гэрээний 6.3.22-т “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 6.1 кодтой Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар “их эрсдэлтэй” үнэлэгдсэн, 3.6 кодтой цэцэрлэгийн эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудсаар “их эрсдэлтэй” үнэлэгдсэн” тохиолдолд ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж ажлаас халахаар талууд тохиролцсон боловч дээрх мэргэжлийн хяналтын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эрсдэл үүсэх магадлал их гэж дүгнэгдсэн хяналтын хуудас нь ажил олгогчийн Ц.Хтэй байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1403/ЦЭ0155 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хугацаанд гарсан байх бөгөөд уг хөдөлмөрийн гэрээгээр дээрх зөрчлийг ноцтой зөрчилд тооцох зөрчилд тооцохоор талууд тохиролцоогүй болох нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1403/ЦЭ0155 дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч нэхэмжлэгч Ц.Хг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл нь түүнтэй байгуулсан 2014 оны Хөдөлмөрийн гэрээгээр талууд ноцтой зөрчилд тооцохоор тохиролцоогүй байсан байна.

 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан бөгөөд заасан зөрчлийг ажилтан гаргасан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл юм.

 

            Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна.

 

            “Ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдхүйг ойлгоно.       

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1-д албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан ба нэхэмжлэгч Ц.Хг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ажил олгогч Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж, барилгын ном ба дүрмийн 66-88, Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар, хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 3.2, 3.16, 3.17, 10.1 дэх заалтыг дагаж мөрдөөгүй ажлын хариуцлага алдсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэх уг үндэслэлүүдийг ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээний 6.3-т тодорхойлоогүй байна.

 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар Ц.Хг Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Ц.Хг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Хг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Х нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 3,132,434 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Хгийн нэг сарын дундаж цалин хөлсийг 756,958 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 35,207 төгрөг болох нь хэрэгт авагдсан Ц.Хгийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу Ц.Хгийн ажилгүй байсан ажлын 4 сар 3 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,132,434 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Хд олгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нэхэмжлэгч Ц.Хгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Ц.Хгийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+65,069 төгрөг/ нийт 135,269 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Хг Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,132,434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хд олгосугай.

           

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

           

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 135,269 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС