Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/49

 

*******, ******* нарт   холбогдох эрүүгийн хэргийн аар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З., Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                         Д.Ганчимэг

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                        Г.Цэрэндолгор

Өмгөөлөгч          З.Нямсүрэн, М.*******, 

Шүүгдэгч            *******, ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1921008550070 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, ******* овогт *******гийн *******, урьд

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “*******” хүүхэд хөгжлийн төвийн цонхоор хууль бусаар нэвтэрч компьютерийн процессор, дэлгэц, гар, хулгана, дэлгэцний залгуур, тогны залгуур, утастай спикер, нөүтбүүк, цэнэглэгч, хулгана, нөүтбүүкний цүнх, принтер зөөврийн өсгөгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 123 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “ ” ХХК-ийн агуулахын дээврийн цонхоор хууль бусаар нэвтэрч түрдэг цахилгаан хөрөө, 90 градустай цахилгаан хөрөө, молоток, цахилгаан гар дрилл, цохилттой дрилл, 120 ампертай аккумлятор, дружба хөрөө, байн вибратор, плита зүсэгч, танкан зүлгүүр, таслагчийн ир, прожуктор гэрэл, агаар шүүгч, галын үлээгч гэх 16 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2 592 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 11 дүгээр сарын 11-ээс 19-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 7 тоот хашаанд байрлах ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч шкаф, хивс, морин хуур, хатгамал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2 038 000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5 753 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******гийн *******, *******ын ******* нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 628 000 /зургаан зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 7 тоотод оршин суух овогт ын /РД: /-т олгож,

- Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн үдээстэй өвлийн гу 1 /нэг/ хос, улаан өнгийн тэмээний логотой SHENGSHI гэсэн бичиглэл бүхий мөнгөлөг өнгийн торон хээтэй хэлтэй, хэлний дотор хэсэгт улаан өнгөөр SPORT SHOES, доод хэсэгт MADE IN CHINA, гол хэсэгт FR40, JP25.0 гэсэн бичигтэй цагаан өнгийн шошготой, хар өнгийн резинэн арзгар ултай, ногоон өнгийн арьсан материалаар хийсэн спорт гу 1 /нэг/ хос, САТ гэх бичиглэлтэй хар өнгийн хагас түрийтэй гу 1 /нэг/ хос, аав хүү хоёрын дүрслэлтэй зураг 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн багаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

... Шүүгдэгч *******, ******* нарын хувьд өөрсдийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байдаг. Бусдад учруулсан хохирлоо хувааж төлөхөөр тохиролцож ******* өөрт ноогдсон хувиа төлсөн, харин ******* нь хохирогч Э.ийн хохирлын үлдэгдэл 628 000 төгрөгийг анхан шатны шүүх хурлаас өмнө төлж барагдуулж чадаагүй. Учир нь ажил хийж цалингаа авч хохирлоо төлж байсан боловч тухайн байгууллага нь цалингаа сар бүрийн 29-ний өдөр тавьдаг тул анхан шатны шүүх хурлаас өмнө хохирлоо төлж барагдуулж чадаагүй. Гэвч 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ******* нь цалингаа авч хохирогч ийн үлдэгдэл 628 000 төгрөгийг төлж барагдуулсан.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдож өөрийн бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. *******, ******* нар нь залуу гэр бүлүүд, 3 сар гарантай нялх хүүхдүүдтэй, эхнэрүүд нь дөнгөж төрсөн тул ажил хийх боломжгүй хүүхдээ хараад гэртээ байдаг, ганц ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явдаг залуус. Гэмт хэрэг үйлдсэндээ үнэн сэтгэлээсээ харамсаж гэмшиж байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, эдгээр залуусын ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч М.******* гаргасан тайлбар, саналдаа: *******ын хувьд ар гэрийн амьдрал хүнд. Дөнгөж гэр бүл, үр хүүхэдтэй болж байсан. Ажилгүй, ямар ч орлогогүй байсан. Энэ бол манай нийгмийн шийдвэрлэж чадаагүй асуудлын нэг. Мэдээж энэ байдлаасаа болж хэрэг хийсэн гэж зөвтгөх боломжгүй. Гэхдээ ядуу хүний амьдрал үнэхээр хэцүү. Шууд туслаад өгөх хүн олдохгүй, ядуу байх зовлонг давж чадаагүй. *******ын хувьд эрүүл мэнд нь үнэхээр хүнд байгаа. Энэ хэрэгт хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан нөхцөл байдал хангагдаж байгаа учир ялыг нь хөнгөрүүлж, 1 жилээр ч болсон багасгаж өгнө үү гэсэн саналтай байна. Нэг, хоёр жилийн ял бидний хувьд онцын ялгаагүй мэт боловч биеэр туулж, эрүүл мэндийн асуудалтай байгаа хүмүүсийн хувьд хүнд юм. Дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзнэ үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч *******, ******* нарын хувьд өөрсдийн үйлдлийг хүлээн зөвшөөрдөг. Энэ хүмүүс мөрдөн байцаалтын шатанд хоорондоо маргалдсан зүйл байдаг. Анхан шатны шүүх дээр “...үйлдлээрээ нэгдсэн...” гээд гэм буруугаа хүлээгээд явсан байгаа. Энэ асуудал дээр шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийг журамлаж, 3.7 дугаар зүйлийн 2-т зааснаар ялгамжтай хандаж болох байсан. Нэг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөгөө нь албадан ажил хийлгэх ялтай байсан. Гэвч энэ хүмүүст хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулахад хууль зөрчихөөргүй харагдаж байгаа. Иймд хэргийн нөхцөл байдал, нийгэмд учруулсан хор уршиг арилсан, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны  шүүх шүүгдэгч *******, ******* нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүх ийнхүү хорих ял оногдуулахдаа хууль буруу хэрэглэсэн, хууль зөрчсөн асуудал байхгүй. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг шүүх баримтлаагүй. Давж заалдах гомдолдоо “...6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар давж заалдах шатны шүүхийн өөрийн эрх хэмжээний асуудал учир ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд прокуророос эсэргүүцэх зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 2019 оны 12 дугаар сарын 11-ний хооронд, нийт гурван удаагийн үйлдлээр бүлэглэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт орших, “*******” хүүхэд хөгжлийн төв, “ Тал” ХХК, иргэн ийн байранд нэвтэрч, нийт 5,753,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж  дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  Үүнд:

1/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүгчид олгогдсон эрх хэмжээний асуудал бөгөөд, уг зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулаагүй явдал нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл, шалтгаан болохгүй.

2/ Шүүгдэгч *******, ******* нар нь гурван удаагийн үйлдлээр бусдын орон байр, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулдаг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, нийтдээ 5,753,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, учирсан хохирол хор уршгийн шинж чанартай харьцуулахад шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан тус бүр хоёр жилийн хорих ял нь хүндэдсэн гэж үзэхээргүй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг тодорхойлбол: 2020 оны 05 сарын 27-нд шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн магадлал гарах хүртэл хугацаанд тус бүр 30 хоног цагдан хоригдсон, үүнээс хойш 2020 оны 10 дугаар сарын 02-нд хяналтын шатны шүүхийн тогтоол гарах хүртэл тус бүр 98 хоног хорих ял эдэлсэн, 2020 оны 10 сарын 02-ноос энэхүү магадлал гарах өдөр хүртэл тус бүр 38 хоног цагдан хоригдсоноос гадна, шүүгдэгч *******гийн хувьд хорих ял эдлэх хугацаандаа шагналын 10 хоног авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэлх цагдан хоригдсон бүхий л хугацааг эдлэх ялд оруулан тооцох зорилготой тул шүүгдэгч тус бүрийн 2020 оны 05 сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 166 хоногийг эдлэх ялд оруулан тооцохын зэрэгцээ, шүүгдэгч *******д хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлалын дагуу хорих ял эдэлж байхдаа хуульд заасан нөхцөл болзлын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон  шагналын 10 хоногийг хүчингүй гэж үзэх үндэслэл, шалтгаан байхгүй хэмээн дүгнэж мөн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 166 /нэг зуун жаран зургаан/ хоног, шүүгдэгч *******гийн мөн хугацаанд цагдан хоригдсон 166 хоног болон шагналын 10 хоног буюу нийт 176 /нэг зуун далан зургаан/ хоногийг тус бүрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэсэн 628,000 төгрөгийг 2020 оны 06 сарын 02-ны өдөр ийн ХААН банк - 5421083314 тоот дансанд шилжүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          Л.НАРАНБАЯР