Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2022/00715

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:ОАЗДТГ 

Хариуцагч:  У ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Д багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг У ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.О ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Н ,

Хариуцагчийн төлөөлөгч: С.Г ,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Б ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х, Б.О,

Гэрч: Ц.Б,

Гэрч: Ч.Ба,

Гэрч: А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Бнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ОАЗДТГ ар хариуцагч У ХХК-д холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Д багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх *** дугаартай гэрээгээр чанаргүй хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг У ХХК-иар гүйцэтгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Д багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг У ХХК-д даалгах тухай гэж тодруулсан.

2. Нэхэмжлэгч ОАЗДТГ ар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиалагч ОАЗДТГ ар, гүйцэтгэгч У ХХК нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх *** дугаартай гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч У ХХК нь Д багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж гүйцэтгэн, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай актаар барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авсан. Барилгыг ашиглалтад хүлээн авснаас хойш 3 удаа барилгын улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр ...сургууль, цэцэрлэгийн барилгын 1-р давхарын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад 15-20 ташуу болон хэвтээ цууралтууд үүссэн байна. Энэ нь гүйцэтгэгч компани барилгын ажлын явцад дотор ханын буурь хөрсийг, аяган суурь хийж буцааж булахдаа Барилгын газар шороо ба буурь суурийн ажил *** " 4-д заасны дагуу үечлэн нягтруулалгүй булснаас буурь сууж дээрх цууралт үүссэн болох нь тогтоогдсон. Энэ дүгнэлтийн дагуу захиалагч ОАЗДТГ ар У ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 27 тоот шийдвэрээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Д багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх **** дугаартай гэрээний дагуу тус сургууль цэцэрлэгийн нэгдүгээр давхрын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил *** ийн 4-д заасны дагуу үечлэн нягтруулалт хийж буурь, суурь цутгаж янзлахыг "У ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. У ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа гүйцэтгэж ашиглагч байгууллагад хүлээлгэж өгөөгүй байхад буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин барилгын 1 дүгээр давхарын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон ханууд сууснаас нурах аюултай нөхцөл үүссэн. Ингээд ашиглагч байгууллага дээрх нөхцөл байдлыг газар дээр нь шалгуулах хүсэлт гаргасны дагуу Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж үзэж танилцсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр ...барилгын 1 дүгээр давхрын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон ханууд сууснаас нурах аюултай нөхцөл үүссэн. Барилгын цэвэр усны далд шугамуудаас их хэмжээний ус алдаж буурь хөрсөнд суулт үүсгэсэн. Барилгын аяган суурийг хийхдээ 1.5-3.1 м гүн аяган суурийн улаар ухаж тэгшлэн суурь цутгасны дараа нягтруулалтыг Барилгын газар шороо ба буурь суурийн ажил *** -ийн 4-д заасны дагуу гүйцэтгээгүйгээс 1 дүгээр давхрын шал, ханын хийцүүд нилдээ суулт өгсөн зэрэг зөрчил илэрч байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.7, 46 дугаар зүйлийн 46.5-ыг баримтлан гүйцэтгэгч У ХХК өөрийн хөрөнгөөр засвар хийж ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах гэсэн дүгнэлтээр У ХХК буруутай болох нь тогтоогдсон. Барилгын тухай хуулийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж заасан. Иймд барилгын тухай хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний 4.10-д заасан Чанарын баталгаат хугацаа 3 жил байна гэж заасны дагуу барилга, байгууламжийн хэвийн ашиглалтын буюу чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад зөрчил, дутагдал илэрсэн тул захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Д багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх *** дугаартай гэрээний 1.7-д ...ажлыг гүйцэтгэж зөрчил, гологдлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэг хариуцлагыг хүлээнэ, мөн Барилгын тухай хуулийн 14.7-д "Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж заасны дагуу чанаргүй хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг гүйцэтгэгч У XХК-аар гүйцэтгүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлагаа Д багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг У ХХК-д даалгаж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

3. Хариуцагч У ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч захирал С.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөвсгөл аймгийн У ХХК нь Орхон аймгийн Д багийн 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилгыг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай гэрээгээр барьж барилгын ажлыг бүрэн дуусган Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай актаар хүлээлгэн өгсөн. 2018 оны 06 дугаар сараас эхлэн баруун талын сургууль цэцэрлэгийг тусгаарлах 12 см хананд бохир усны шугамын дагуу хагарал гарч эхэлсэн байсан. Уг гэмтлүүдийг манай байгууллага Барилгын тухай хуульд заасан үүргийнхээ дагуу засч янзалж байсан. Тэгээд сүүлд нь илэрсэн гэмтлүүд нь манай байгууллагатай хамааралгүй болох талаар өмчлөгчид мэдэгдэхэд манай байгууллагаар хариуцан засуулахаа ОАЗДТГ раас шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2021 оны 01 дүгээр сард шүүхийн шийдвэр гарсан байсан. Уг шүүхийн шийдвэр нь одоог хүртэл манайд ирээгүй байгаа. Гэсэн хэдий ч дээр дурдсан хагарлыг 2021 оны 07 дугаар сард засч хэвийн үйл ажиллагаанд нь оруулж байсан. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин уг барилгын 1 дүгээр давхрын зүүн жигүүрийн тусгаарлах хануудад суулт үүссэн гэмтэл гарсан байсан.

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Н.А нь уг барилгад 2019 оны 09 дүгээр сарын 02, 2021 оны 03 дугаар сарын 17, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд дүгнэлт гаргахдаа барилгын хөрсний нягтруулалтыг буруу хийсэн-ээс шалтгаалсан гэсэн дүгнэлт гаргаж байсан. Гэтэл барилгын эвдрэл гэмтлийг мэргэжлийн хүмүүс оролцуулан газар дээр нь үзэж танилцан эвдрэл гэмтлийн байдлыг нягтлахад хөрсний нягтруулалтын суулт биш харин бохирын шугам бөглөрч ус алдаж байснаас шалтгаалж урд талын хана, шал нь цөмөрч унасан болох нь батлагдаж байна.

Тодруулбал гал тогооны ажилтнууд тос баригчаа тавилгүй байснаас болж бохир усны шугам маш удаан хугацаанд ус алдсаны улмаас барилгын хамар ханын суулт үүсч нуралт үүссэн гэж үзэж байна. Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

а. Тухайн сургуулийн өмчлөгч, эзэмшигч байгууллагын инженерийн шугам сүлжээний ашиглалтын буруугаас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хамар хана болон шал цөмөрч унасан эвдрэл, гэмтэл үүссэн гэж үзэж байна.

б. Манай байгууллага тухайн сургуулийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын коммист хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад тавьсан эвдрэл гэмтэл 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн байна. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-д заасан хугацаа дууссан тул У ХХК энд гарсан хохирлыг хариуцахгүй болно.

в. Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Н.А гийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дүгнэлтийн 2-т Барилгын цэвэр усны шугамаас их хэмжээний ус алдаж буурь хөрсөнд суулт үүсгэсэн гэж тодорхой заасан хэдий ч 3 дахь заалтад Хөрсний нягтруулалтыг буруу гүйцэтгэсэн гэж зөрчилтэй дүгнэлт гаргасан байдаг. Суурийн нягтруулалтыг 15-20 см тутамд тараалт хийж индүүдэж чанартай сайн хийсэн бөгөөд мэргэжлийн хяналтын улсын байцаагч Н.А өөрөө тухай бүрт нь ирж индүүдэж байхад хяналт хийж байсан болно. Мөн түүнчлэн хяналтын инженер болон Орхон аймгийн удирдлагууд үзэж хяналт хийж байсан болно.

г. Түүнчлэн анх эвдрэл гарах үед улсын байцаагч Н.А нь буурь хөрсөнд нээлт хийж дүнгэлт гаргаагүй гадна талаас нь харж зөвхөн барилгын ажил, ашигласан материалтай холбоотой гэж гүйцэтгэгч байгууллагад буруу өгснөөс биш эзэмшигч байгууллагын буруугаас ус алдаж байгаа байдалд дүгнэлт хийгээгүйгээс шалтгаалж нуралт даамжирсан гэж үзэж байна.

д. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сургуулийн байранд үүссэн эвдрэл гэмтэлтэй өмчлөгч байгууллагын ажилтнуудын хамт газар дээр нь танилцсан бөгөөд Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Н.А гийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай дүгнэлтийн талаар нэхэмжлэгч талтай хамтарсан хурал хийж тодорхой шийдэлд хүрсэн юм. Тухайлбал, эвдрэл гэмтэл үүссэн шалтгааныг бодитойгоор тогтоолгох, эвдрэл гэмтлийг завсарлахад талуудын хариуцлага, оролцоог тодорхойлох үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Оношлгоо, зураг төсөв судалгааны PE констракшн төвүүдэд тус тус хүсэлт гарган хөндлөнгийн эксперт, шинжилгээ хийлгэж байгаа бөгөөд дүгнэлт гарсан даруйд шүүхэд хүргүүлэх болно. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс: Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай Орхон аймгийн ЗДТГ-ын даргын тушаал /хх-4/, Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай Барилгад засвар хийх тухай дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 716 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн ЗДТГ болон У ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай Д багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх 8-12/, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх 13-16/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2021/00027 дугаартай шийдвэр /хх 17-23/, Эрдэнэт ус, дулаан түгээх сүжээ ОНӨХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 209 дугаартай албан бичиг /хх-95/, ОАЗДТГ рын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/619 дугаартай албан бичиг /хх-96/, Барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11/16 дугаартай дүгнэлт /хх-97/, Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын тэмдэглэлд өгөх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн санал /хх-98/, Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн акт /хх-99/, Гадна бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн акт /хх-100/, Дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн акт /хх-101/, Орхон аймаг, 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолбор барилгын барилга угсралтын ажлын төсөвт өртгийн нэгдсэн товчоо /хх 102-103/, Дотор халуун, хүйтэн ус цалингийн нэгтгэл /хх-104/, Бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардал /хх 105-107/, Бохир усны ажил цалингийн нэгтгэл /хх 108-109/, Дулааны шугамын ажлын цалингийн нэгтгэл /хх 110-111/, Дулааны шугамын ажлын бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардал /хх 112-113/, Бохир усны шугамын ажлын цалингийн нэгтгэл /хх-114/, Бохир усны шугамын ажлын бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардал /хх-115/, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургууль, Барилгын экспертизийн тайлан, Орхон аймгийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн хичээлийн 2 дугаар байрны барилгын оношлогоо /хх 116-131/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын арвандолоо дугаар сургуулийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаартай албан бичиг /хх-133/, Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг /хх-145/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүд /хх 146-150/, Орхон аймаг,Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын Арван долоо дугаар сургуулиас Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандан гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 87 дугаартай гомдол /хх-151/, Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам /хх 163-165/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 381/6 дугаартай акт /хх 78-80/, Суурийн нүх ухсан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн акт /хх 81/, Суурь хийсэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн акт /хх 82/, суурийн булалт, хайрга нягтруулалтын ажил гэрэл зураг /хх-83/, суурь цутгалтын гэрэл зураг /хх-84/, Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн акт /хх-85/, Дотор бохир усны системийг угсарсан сорилтоор шалгасан акт /хх-86/, Дотор халуун, хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсарсан сорилтоор шалгасан акт /хх-87/, Барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0001 дугаартай дүгнэлт /хх-88/, Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн *** /16 дугаартай шинжилгээний дүн /хх-89/, Стандартчилал, хэмжил зүйн газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрчилгээ /хх-90/, ХЦШ ХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн цементийн чанарын гэрчилгээ /хх-91/, Ургашлах ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-162/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

6. Зохигчдын хүсэлтээр: Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн зураг төсөл, оношлогооны Реконстракшн төвийн шинжээчийн дүгнэлт /хх 51-53/, Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргалд хүргүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 711 дугаартай албан бичиг /хх-166/, Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15/А/079 дугаартай Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл /хх 167-168/, 280 хүүхдийн сургуулийн барилгын бохир усны барилгын хил заагийн схем /хх-169/, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн баталсан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199/15 дугаартай техникийн нөхцөл /хх-170/, Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн жижүүрийн тэмдэглэл /хх 171-175/, Ш багийн 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын бичиг баримтууд /хх 176-178/-ыг үзлэг хийж шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ОАЗДТГ рын хариуцагч У ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

У ХХК нь Д багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж гүйцэтгэн, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай актаар барилга, байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Барилгыг ашиглалтад хүлээн авснаас хойш 3 удаа барилгын улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 27 тоот шийдвэрээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Д багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх **** дугаартай гэрээний дагуу тус сургууль цэцэрлэгийн нэгдүгээр давхрын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил *** -ийн 4-д заасны дагуу үечлэн нягтруулалт хийж буурь, суурь цутгаж янзлахыг "У ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. У ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа гүйцэтгэж ашиглагч байгууллагад хүлээлгэж өгөөгүй байхад буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин барилгын 1 дүгээр давхарын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон ханууд сууснаас нурах аюултай нөхцөл үүссэн ба ашиглагч байгууллага мэргэжлийн байгууллагад хандахад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр ...барилгын 1 дүгээр давхрын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон ханууд сууснаас нурах аюултай нөхцөл үүссэн. Барилгын цэвэр усны далд шугамуудаас их хэмжээний ус алдаж буурь хөрсөнд суулт үүсгэсэн. Барилгын аяган суурийг хийхдээ 1.5-3.1 м гүн аяган суурийн улаар ухаж тэгшлэн суурь цутгасны дараа нягтруулалтыг Барилгын газар шороо ба буурь суурийн ажил *** -ийн 4-д заасны дагуу гүйцэтгээгүйгээс 1 дүгээр давхрын шал, ханын хийцүүд нилдээ суулт өгсөн зэрэг зөрчил илэрч байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.7, 46 дугаар зүйлийн 46.5-ыг баримтлан гүйцэтгэгч У ХХК өөрийн хөрөнгөөр засвар хийж ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах гэсэн дүгнэлт гарсан. Барилгын тухай хуулийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж заасан. Иймд барилгын тухай хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний 4.10-д заасан Чанарын баталгаат хугацаа 3 жил байна гэж заасны дагуу барилга, байгууламжийн хэвийн ашиглалтын буюу чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад зөрчил, дутагдал илэрсэн тул захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний 1.7-д ...ажлыг гүйцэтгэж зөрчил, гологдлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэг хариуцлагыг хүлээнэ, мөн Барилгын тухай хуулийн 14.7-д "Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж заасны дагуу У XХК-аар гүйцэтгүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргаснаа тодруулж Д багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг У ХХК-д даалгаж өгнө үү гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр манай компаний буруутай үйлдэл байхгүй бөгөөд ашиглагчийн буруутай үйлдэл байгаа тул бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн сургуулийн өмчлөгч, эзэмшигч байгууллагын инженерийн шугам сүлжээний ашиглалтын буруугаас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хамар хана болон шал цөмөрч унасан эвдрэл, гэмтэл үүссэн, манай байгууллага тухайн сургуулийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын коммист хүлээлгэн өгсөн. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-д заасан хугацаа дууссан тул У ХХК гарсан хохирлыг хариуцахгүй, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Н.А гийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дүгнэлтийн 2-т Барилгын цэвэр усны шугамаас их хэмжээний ус алдаж буурь хөрсөнд суулт үүсгэсэн гэж зөв тодорхойлсон атлаа 3 дахь заалтад Хөрсний нягтруулалтыг буруу гүйцэтгэсэн гэж зөрчилтэй дүгнэлт гаргасан байдаг. Суурийн нягтруулалтыг 15-20 см тутамд тараалт хийж индүүдэж чанартай сайн хийсэн бөгөөд мэргэжлийн хяналтын улсын байцаагч Н.А өөрөө тухай бүрт нь ирж хяналт тавьж байсан. Түүнчлэн анх эвдрэл гарах үед улсын байцаагч Н.А нь буурь хөрсөнд нээлт хийж дүнгэлт гаргаагүй бөгөөд гадна талаас нь харж зөвхөн барилгын ажил, ашигласан материалтай холбоотой гэж гүйцэтгэгч байгууллагад буруу өгснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4а. Захиалагч ОАЗДТГ ар, гүйцэтгэгч У ХХК нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх *** дугаартай гэрээ байгуулагдсан бөгөөд Орхон аймгийн Засаг дарга С.Д уг гэрээг баталсан байна.

Дээрх гэрээгээр гүйцэтгэгч У ХХК нь Д багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж гүйцэтгэн, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай актаар барилга, байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг.

4б. Барилгыг ашиглалтад хүлээн авснаас хойш нийт 3 удаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан ба 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр ...ашиглалтын явцад 2018 оноос тус сургууль, цэцэрлэгийн барилгын 1 дүгээр давхарын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад 15-20 мм ташуу болон хэвтээ цууралтууд үүссэн байна. Энэ нь гүйцэтгэгч компани барилгын ажлын явцад дотор ханын буурь хөрсийг, аяган суурь хийж буцааж булахдаа Барилгын газар шороо ба буурь суурийн ажил *** " 4-д заасны дагуу үечлэн нягтруулалгүй булснаас буурь сууж дээрх цууралт үүссэн гэж,

2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14-07-025/52 дугаартай дүгнэлтээр Сургуулийн барилгын 1 дүгээр давхрын тусгаарлах хануудын буурь, суурь сууснаас анги танхимуудад 10 мм-50 мм хэмжээтэй хэвтээ, ташуу цууралт үүссэн, ханын хэв гажилтаас хуванцар цонхны шил олон газар хагарсан, дээврийн хар цаасны налуу алдагдсанаас дээврээс ус нэвчдэг, материалын ашиглалтаас 2 дугаар давхрын хануудад босоо, хэвтээ хялгасан цууралт үүссэн, гадна ханын дулаалгын хөөс хөндийрч, хөдөлгөөнд орсон, хаяавч бетон суусан, ханаас хөндийрсөн байна. Энэ нь барилгын гүйцэтгэгч компани барилгын ажлыг холбогдох норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгээгүй, захиалагч болон зохиогч байгууллага хуулиар олгосон эрх үүргийн дагуу хяналт шалгалтыг тогтмол хийгээгүйгээс болсон гэж,

2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ***  дугаартай дүгнэлтээр барилгын 1 дүгээр давхарын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон ханууд сууснаас нурах аюул үүссэн, барилгын цэвэр усны далд шугамнуудаас их хэмжээний ус алдаж, буурь хөрсөнд суулт үүссэн, барилгын аяган суурийг хийхдээ 1.5 м-3.1 м гүн аяган суурийн улаар ухаж тэгшлэн суурь цутгасны дараа нягтруулалтыг Барилгын газар шороо ба буурь суурийн ажил *** " 4-д заасны дагуу хийгээгүйгээс 1 дүгээр давхрын шал, ханын хийцүүд нилдээ суулт өгсөн зэрэг зөрчил гарсан. Энэ нь гүйцэтгэгч У ХХК барилгын ажилд чанаргүй материал ашигласан, технологийг нарийн баримталж гүйцэтгээгүй, захиалагч, зохиогч ажлын тогтмол хяналт тавиагүйгээс үүссэн гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.

4в. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хариуцагч У ХХК эс зөвшөөрч байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй бөгөөд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2021/00027 дугаартай шийдвэрээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Д багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх **** дугаартай гэрээний дагуу тус сургууль цэцэрлэгийн нэгдүгээр давхрын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил *** 4-д заасны дагуу үечлэн нягтруулалт хийж буурь, суурь цутгаж янзлахыг "У ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

4г. Хариуцагч "У ХХК-ний 2018 оны 06 дугаар сараас эхлэн сургууль цэцэрлэгийн тусгаарлах 12 см хананд бохир усны шугамын дагуу хагарал гарч эхэлсэн бөгөөд Барилгын хуулийн дагуу тухай бүрт засч янзалж байсан. Сүүлд илэрсэн гэмтлүүд манай байгууллагатай хамааралгүй боловч шүүхийн шийдвэрийн дагуу хагарлыг засч хэвийн үйл ажиллагаанд оруулж байсан гэсэн тайлбараас хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй буюу барилгын норм дүрмийн дагуу буурь, суурийг цутгаж, янзлах ажлыг хийгээгүй байсан гэж үзнэ.

5. Зохигчдын хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр нийт 14 асуулт тус бүрт хариу ирүүлсэн бөгөөд дүгнэлтэнд сургуулийн барилгад үүссэн гэмтлийн үндсэн шалтгаан нь барилгын бохирын болон хэрэглээний ус олон жилийн явцад алдагдсанаас болсон, Барилгын буурь хөрсний анхны нягтруулалт тийм ч муу хийсэн гэх үндэслэл байхгүй, Энэ гэмтлүүд барилгын барьсан биш, ашиглалтын үеийн алдаа. Тухайлбал: барилгын ашиглалтад орсоны дараа бохирын гал тогооны хоолны тос хоолойг бөглөж байсан. Өмнө нь хананд ан цав үүсч байсан. Энэ үед зөвхөн ханыг засаж байсан байна. Харин буурь хөрсийг хүчитгэх, ус алдаж байсан хоолойг солих засах байжээ, Барилгын гэмтлийг засаж сайжруулаад дахин цэцэрлэг, сургуулийн зориулалтаар ашиглаж болно. Хамгийн гол нь одоо эвдэрсэн буурь хөрсний хүчитгэлийг зөв технологийн дагуу, чанартай хийх, хийсний дараа даацын биш хануудыг шинээр хийнэ, Барилгын ямар нэг бүтээцэд анхны ан цав үүсэхэд мэргэжлийн байгууллага, мэрэгжилтэнд хандах байсан. Эзэмшигч, өмчлөгч нар мэргэжлийн биш хүмүүс шүү дээ. Яг энэ гэмтлийн хувьд гүйцэтгэгч дээр буруу харагдахгүй байна гэж, Энэ сургуулийн хичээлийн 2 дугаар байрны инженерийн шугам сүлжээнээс ус алдалтаас хөрсний шинж чанар өөрчлөгдөж буурь хөрсний даац буурсан, Сүлжээний ус буурь хөрсний жижиг хэсгийг урсгаж буурь хөрсийг сийрэг болгож хөрсний даацыг бууруулдаг. Энэ барилгын гэмтэлийн гол шалтгаан сүлжээний ус алдалт юм. Энэ сүлжээний ус нилээд олон жил алдагдсан байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

6. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ***  дугаартай дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр барилгад үүссэн гэмтэл гарах шалтгаан нь ус алдалтаас хөрсний шинж чанар өөрчлөгдөж, буурь хөрсний даац буурсан түүний улмаас барилгад ан цав үүсэх, хана шаланд суулт үүсэх, эвдрэл гэмтэл гарсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагыг буурь суурийг барилгын норм дүрэмд заасны дагуу гүйцэтгээгүй гэж шууд дүгнэх үндэслэлгүй боловч буурь суурийн даацад нөлөөлөх хүчин зүйлд ус алдалт нөлөөлсөн, ийнхүү ус алдах шалтгаан нь барилгын материалын чанар /цэвэр ус, бохир дамжуулах хоолой/, түүнд тавих захиалагчийн хяналт, барилгын улсын хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын хяналт сул, ашиглагч байгууллагын зохисгүй хэрэглээтэй холбоотой гэж үзнэ.

6а. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэнд Энэ гэмтлүүд барилгын барьсан биш, ашиглалтын үеийн алдаа. Тухайлбал: барилгын ашиглалтад орсоны дараа бохирын гал тогооны хоолны тос хоолойг бөглөж байсан. Өмнө нь хананд ан цав үүсч байсан. Энэ үед зөвхөн ханыг засаж байсан байна. Харин буурь хөрсийг хүчитгэх, ус алдаж байсан хоолойг солих засах байжээ гэж дүгнэсэн нь нэг талаар гүйцэтгэгчийн алдаа биш гэж тодорхойлсон атлаа өмнө нь хананд ан цав үүсч байсан, буурь хөрсийг хүчитгэх, ус алдаж байсан хоолойг солих засах байжээ гэсэн нь эхний хийсэн дүгнэлттэй зөрчилдөж байна.

6б. Шүүх хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн барилгад хохирол учирсан, тэдгээрийн шалтгаант холбоо байгаа эсэхэд болон шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэнд үндэслэн хариуцагч байгууллагыг 100 хувь буруутай гэж дүгнэх үндэслэлгүй байна. Харин 2018 оноос хойш үүсэж байгаа ан цав, хаалга цонх гажих зэрэгт мэргэжлийн байгууллагын туслалцааг авч, өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, барилгын буурь суурийг засаж янзалсан бол 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн гэмтэл гарахгүй, их хэмжээний хохирол үүсэхгүй, 280 хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрх зөрчигдөхгүй байх боломжтой байжээ. Мөн тухайн обьект нь Монголын ирээдүй болсон үр хойчийн маань эрдмийн цагаан өргөө болохын хувьд хамгийн чанартай, хамгийн бат бөх, хамгийн эдэлгээтэй, хүүхдэд ээлтэй орчин байх ёстой гэдгийг гүйцэтгэгч, захиалагч, зохиогч, ашиглагч, хяналт тавих эрх бүхий багууллагууд бүгд ухамсарлах ёстой.

6в. Иймд олон жилийн туршид ус алдаж байсан гэдэг нь барилгын далд байгаа хоолой гэмтсэн, хариуцагч гүйцэтгэх ёстой байсан ажлаа дутуу хийсэн /тос баригчийг суурилуулан хүлээлгэж өгөөгүй/, ашиглагч байгууллагын зохисгүй хэрэглээнээс шууд хамааралтай гэж шүүх дүгнэсэн ба 2018 оны 06 дугаар сараас хананд хагарал цууралт үүссэн тэр үеэс ус алдалт явагдаж байсан болох нь гэрч Ц.Болдсүх, А.Энхбаатар нарын ...барилгыг хүлээж аваад удаагүй байхад ус алдаж байсныг гарсан уураар нь мэдсэн, өвөл байсан болохоор уур гарч байсан гэх мэдүүлэг давхар нотолж байна.

7. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д Ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай нь хариуцлага хүлээнэ. гэж зааснаар Д багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зургийн дагуу, нийт төсвийн 50 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор хийж гүйцэтгэж, барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг У ХХК-д даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангах нь зүйтэй.

8. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т Хөрөнгө оруулагч, захиалагч ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын явцад захиалагч, зохиогч, улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын чанар, аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлт, ашиглалтад оруулсан баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 30 өдөрт багтаан холбогдох төрийн архивт шилжүүлнэ. гэж зааснаар шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн архивын хуулбар үнэн тэмдэгтэй буюу төрийн архиваас хуулбарлан ирүүлсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар баталгаажуулан ирүүлсэн баримт гэж үнэлсэн болно.

Тодруулбал: зохигчдоос ирүүлсэн болон шүүхийн үзлэгээр судалсан Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан актГадна бохир усны системийг угсарсан, сорилтоор шалтгасан актДотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт-уудад зурсан гарын үсгүүд харилцан адилгүй зурагдсан байх ба нэг ижил баримтуудын хувьд шүүх нотлох баримтыг үнэлэхдээ дээрх хуулийн дагуу төрийн архивт хадгалагдаж байгаа баримтыг эх сурвалж болгон дүгнэсэн болно. Мөн шүүхийн архиваас гаргуулсан нотлох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

9. Нэхэмжлэгч төрийн байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д зааснаар Д багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зургийн дагуу, нийт төсвийн 50 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор хийж гүйцэтгэж, барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг У ХХК-д даалгасугай.

2. Баримт бичигт үзлэг хийлгэхээр ирүүлсэн жижүүрийн тэмдэглэл 2 ш дэвтэр, ашиглагч байгууллагын Шанд багийн 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын бичиг баримтууд-ыг буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Пүрэвхандад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ