Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 207/Ма2022/00077

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2022/00077

 

 

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын

нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/00715 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-нд холбогдох,

******* багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн төлөөлөгч С.Гүншир нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн төлөөлөгч С.Гүншир, түүний өмгөөлөгч Д.Буяндалай, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Захиалагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч ******* ХХК нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх БЗА-127/16 дугаартай гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь ******* багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж гүйцэтгэн, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 38/16 дугаартай актаар барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авсан. Барилгыг ашиглалтад хүлээн авснаас хойш 3 удаа барилгын улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14-07-025/118 дугаартай дүгнэлтээр ...сургууль, цэцэрлэгийн барилгын 1-р давхрын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад 15-20 ташуу болон хэвтээ цууралтууд үүссэн байна. Энэ нь гүйцэтгэгч компани барилгын ажлын явцад дотор ханын буурь хөрсийг, аяган суурь хийж буцааж булахдаа Барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД 3.02.01-90 4-д заасны дагуу үечлэн нягтруулалгүй булснаас буурь сууж дээрх цууралт үүссэн болох нь тогтоогдсон. Энэ дүгнэлтийн дагуу захиалагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар ******* ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 27 тоот шийдвэрээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх Б3А-127/16 дугаартай гэрээний дагуу тус сургууль цэцэрлэгийн нэгдүгээр давхрын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил БНбД 3.02.01-90 ийн 4-д заасны дагуу үечлэн нягтруулалт хийж буурь, суурь цутгаж янзлахыг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. ******* ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа гүйцэтгэж ашиглагч байгууллагад хүлээлгэж өгөөгүй байхад буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин барилгын 1 дүгээр давхрын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон ханууд сууснаас нурах аюултай нөхцөл үүссэн. Ингээд ашиглагч байгууллага дээрх нөхцөл байдлыг газар дээр нь шалгуулах хүсэлт гаргасны дагуу Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж үзэж танилцсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14-07-025/135 дугаартай дүгнэлтээр ...барилгын 1 дүгээр давхрын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон ханууд сууснаас нурах аюултай нөхцөл үүссэн. Барилгын цэвэр усны далд шугамуудаас их хэмжээний ус алдаж буурь хөрсөнд суулт үүсгэсэн. Барилгын аяган суурийг хийхдээ 1.5-3.1 м гүн аяган суурийн улаар ухаж тэгшлэн суурь цутгасны дараа нягтруулалтыг Барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД 3.02.01-90-ийн 4-д заасны дагуу гүйцэтгээгүйгээс 1 дүгээр давхрын шал, ханын хийцүүд нилдээ суулт өгсөн зэрэг зөрчил илэрч байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.7, 46 дугаар зүйлийн 46.5-ыг баримтлан гүйцэтгэгч ******* ХХК өөрийн хөрөнгөөр засвар хийж ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах гэсэн дүгнэлтээр ******* ХХК буруутай болох нь тогтоогдсон. Барилгын тухай хуулийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж заасан. Иймд барилгын тухай хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний 4.10-д заасан Чанарын баталгаат хугацаа 3 жил байна гэж заасны дагуу барилга, байгууламжийн хэвийн ашиглалтын буюу чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад зөрчил, дутагдал илэрсэн тул захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ******* багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх БЗА-127/16 дугаартай гэрээний 1.7-д ...ажлыг гүйцэтгэж зөрчил, гологдлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэг хариуцлагыг хүлээнэ, мөн Барилгын тухай хуулийн 14.7-д Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж заасны дагуу чанаргүй хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг гүйцэтгэгч ******* XХК-аар гүйцэтгүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлагаа ******* багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

Хариуцагч ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч захирал С.Гүншир шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хөвсгөл аймгийн ******* ХХК нь Орхон аймгийн ******* багийн 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилгыг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БЗА-127/16 дугаартай гэрээгээр барьж барилгын ажлыг бүрэн дуусган Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 38/16 дугаартай актаар хүлээлгэн өгсөн. 2018 оны 06 дугаар сараас эхлэн баруун талын сургууль цэцэрлэгийг тусгаарлах 12 см хананд бохир усны шугамын дагуу хагарал гарч эхэлсэн байсан. Уг гэмтлүүдийг манай байгууллага Барилгын тухай хуульд заасан үүргийнхээ дагуу засаж янзалж байсан. Тэгээд сүүлд нь илэрсэн гэмтлүүд нь манай байгууллагатай хамааралгүй болох талаар өмчлөгчид мэдэгдэхэд манай байгууллагаар хариуцан засуулахаа Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2021 оны 01 дүгээр сард шүүхийн шийдвэр гарсан байсан. Уг шүүхийн шийдвэр нь одоог хүртэл манайд ирээгүй байгаа. Гэсэн хэдий ч дээр дурдсан хагарлыг 2021 оны 07 дугаар сард засаж хэвийн үйл ажиллагаанд нь оруулж байсан. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин уг барилгын 1 дүгээр давхрын зүүн жигүүрийн тусгаарлах хануудад суулт үүссэн гэмтэл гарсан байсан.Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү нь уг барилгад 2019 оны 09 дүгээр сарын 02, 2021 оны 03 дугаар сарын 17, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд дүгнэлт гаргахдаа барилгын хөрсний нягтруулалтыг буруу хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлт гаргаж байсан. Гэтэл барилгын эвдрэл гэмтлийг мэргэжлийн хүмүүс оролцуулан газар дээр нь үзэж танилцан эвдрэл гэмтлийн байдлыг нягтлахад хөрсний нягтруулалтын суулт биш харин бохирын шугам бөглөрч ус алдаж байснаас шалтгаалж урд талын хана, шал нь цөмөрч унасан болох нь батлагдаж байна. Тодруулбал гал тогооны ажилтнууд тос баригчаа тавилгүй байснаас болж бохир усны шугам маш удаан хугацаанд ус алдсаны улмаас барилгын хамар ханын суулт үүсэж нуралт үүссэн гэж үзэж байна. Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. А. Тухайн сургуулийн өмчлөгч, эзэмшигч байгууллагын инженерийн шугам сүлжээний ашиглалтын буруугаас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хамар хана болон шал цөмөрч унасан эвдрэл, гэмтэл үүссэн гэж үзэж байна. Б. Манай байгууллага тухайн сургуулийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад тавьсан эвдрэл гэмтэл 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн байна. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-д заасан хугацаа дууссан тул ******* ХХК энд гарсан хохирлыг хариуцахгүй болно.в. Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Н.Азхүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14-17-025/135 дүгнэлтийн 2-т Барилгын цэвэр усны шугамаас их хэмжээний ус алдаж буурь хөрсөнд суулт үүсгэсэн гэж тодорхой заасан хэдий ч 3 дахь заалтад Хөрсний нягтруулалтыг буруу гүйцэтгэсэн гэж зөрчилтэй дүгнэлт гаргасан байдаг. Суурийн нягтруулалтыг 15-20 см тутамд тараалт хийж индүүдэж чанартай сайн хийсэн бөгөөд мэргэжлийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү өөрөө тухай бүрд нь ирж индүүдэж байхад хяналт хийж байсан болно. Мөн түүнчлэн хяналтын инженер болон Орхон аймгийн удирдлагууд үзэж хяналт хийж байсан болно. Түүнчлэн анх эвдрэл гарах үед улсын байцаагч Н.Азхүү нь буурь хөрсөнд нээлт хийж дүгнэлт гаргаагүй гадна талаас нь харж зөвхөн барилгын ажил, ашигласан материалтай холбоотой гэж гүйцэтгэгч байгууллагад буруу өгснөөс биш эзэмшигч байгууллагын буруугаас ус алдаж байгаа байдалд дүгнэлт хийгээгүйгээс шалтгаалж нуралт даамжирсан гэж үзэж байна. Д. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сургуулийн байранд үүссэн эвдрэл гэмтэлтэй өмчлөгч байгууллагын ажилтнуудын хамт газар дээр нь танилцсан бөгөөд Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Н.Азхүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14-17-025/135 дугаартай дүгнэлтийн талаар нэхэмжлэгч талтай хамтарсан хурал хийж тодорхой шийдэлд хүрсэн юм. Тухайлбал, эвдрэл гэмтэл үүссэн шалтгааныг бодитойгоор тогтоолгох, эвдрэл гэмтлийг завсарлахад талуудын хариуцлага, оролцоог тодорхойлох үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Оношилгоо, зураг төсөв судалгааны PE констракшн төвүүдэд тус тус хүсэлт гарган хөндлөнгийн эксперт, шинжилгээ хийлгэж байгаа бөгөөд дүгнэлт гарсан даруйд шүүхэд хүргүүлэх болно. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/00715 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д зааснаар ******* багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зургийн дагуу, нийт төсвийн 50 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор хийж гүйцэтгэж, барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, өмгөөлөгч Р.Нямцэрэн нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь зөв үнэлээгүй, гарсан гэмтэл эвдрэл нь барилгыг барих явцад гүйцэтгэгч нь барилгын ажлыг холбогдох норм, дүрэм, стандартын дагуу гүйцэтгээгүй, захиалагч, зохиогч хуулиар олгосон эрх үүргийн хүрээнд хяналт хэрэгжүүлээгүйтэй холбоотой байдалд дүгнэлт өгөөгүй, гарсан эвдрэл, гэмтэл нь ашиглагч байгууллагын зохисгүй хэрэглээнээс шууд хамааралтай гэж нотлох баримтын үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 50 хувиар хангасан нь үндэслэлгүй байна. Сургууль цэцэрлэгийн энэ барилгад ашиглалтад хүлээн авч ашигласны дараахнаас инженерийн шугам сүлжээний дутагдал илэрч байсан ба шалтгааныг бүрэн тогтоохгүйгээр гүйцэтгэгч өнгөц засварыг удаа дараа хийж байсан, мэргэжлийн хяналтын байгууллага нарийвчилсан хяналт сорил хийлгүйгээр шалтгааныг суурь буурь хөрсний нягтруулалт, аяган суурь цутгалттай холбон үзэж байсан, гүйцэтгэгч ажлын доголдол гаргаагүй болох нь энэ хэргийн 6, 146-150 дахь талд авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 4 удаагийн дүгнэлт, 2019 оны 06 сарын 05-ны хурлын тэмдэглэл /хэргийн 13-16 дахь тал/, шүүхийн 2021 оны 01 сарын 05-ны 00027 тоот шийдвэр/хэргийн 17-23 дахь тал/, 17 дугаар сургуулийн жижүүрийн тайлангийн дэвтрийн хуулбар, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл/ хэргийн 132, 133, 171-175 дахь тал/, гэрч Болдсүхийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон. Эдгээр баримтуудад барилгыг эзэмшиж ашиглагч 17 дугаар сургууль, цэцэрлэгийн буруутай үйл ажиллагааны тухай дүгнэлт, баримт байхгүй.17 дугаар сургууль, цэцэрлэгийн барилгад гарсан эвдрэл. Гэмтлийн шалтгаан энэ хэргийн явцад үндсэндээ тодорхой болсон. Үүнд: а. ШУТИС-ын Барилга, архитекторын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвийн профессор шинжээч Я.Дүйнхэржавын 2022 оны 2 сарын 15-ны дүгнэлтийн эцсийн гол дүгнэлт бол инженерийн шугам сүлжээнээс ус алдалтаас хөрсний шинж чанар өөрчлөгдөж буурь хөрсний даац буурсан. Энэ барилгын гэмтлийн гол шалтгаан нь сүлжээний ус алдалт юм. Энэ сүлжээний ус нэлээн олон жил алдагдсан байна. Хана, шаланд суулт өгсөн энэ хэсэгт бохирын болон сүлжээний шугам байна /Хэргийн 52 дахь тал/ юм. Б. Барилгын ажлын төсөвт гал тогооны шугам сүлжээнд Тос баригч баригч суурилуулах 45 443 төгрөгийн ажил тусгагдсан/хэргийн 52 дахь тал/, энэ тос баригчийг суурилуулалгүй орхиод явсныг ашиглагч суурилуулсан тухай гэрч А.Энхбаатарын мэдүүлэг /хэргийн дахь тал/, ашиглалтын явцад нэг удаа тосны хоолой бөглөрч засварлаж байсан байдал /хэргийн тал гэрчийн мэдүүлэг/ Хэрэгт авагдсан. Эрдэнэт хотын хэмжээнд хэрэглэгчийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн засвар үйлчилгээг хариуцдаг Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д ашиглагч буюу 17 дугаар сургуулиас ийм дуудлага ирж байгаагүй/хэргийн 95 дахь тал/ баримт хэрэгт авагдсан. Ашиглалтын явцад барилгын эвдрэл гэмтэлд нөлөөлөхүйц буюу ашиглагчийн мэдэлд байж байнга хэрэглэдэг ил шугамын гал тогоо, угаалтуурууд, бие засах газраас барилгын суурь руу их хэмжээний ус хөлдөж байсан ямар ч баримт байхгүй нь шинжээч Я.Дүйнхэржавын дүгнэлтийн 6 дахь хариултын Энэ гэмтлүүд барилгын барьсан биш, ашиглалтын үеийн алдаа гэсэн хэсгийг үгүйсгэдэг. Түүний дүгнэлтийн шүүгчийн захирамжид хариулсан бусад хариултууд ч өөрийнх нь энэ өгүүлбэрийг хангалттай үгүйсгэнэ. 17 дугаар сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцад дулаан, цэвэр үс, бохир усны инженерийн шугам сүлжээг угсрах, сорилоор шалгах, үр дүнг баталгаажуулах ажлыг Барилгын тухай хууль, тогтоомж норм дүрэмд заасан журмаар хийгээгүй болох нь энэ хэргийн явцад тодорхой болж нотлогдсон. Үүнд: а. Барилгад гарсан эвдрэл гэмтлийн талаар Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.11-д заасан үүргийн дагуу эзэмшигч нь Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан ба ...Гүйцэтгэгч ажлыг барилгын норм дүрмийн дагуу хийгээгүй, захиалагч, зохиогч хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй тухай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн удаа дараагийн дүгнэлтийг уг барилгад эрх, үүрэг хэрэгжүүлсэн эдгээр субъектүүд болох гүйцэтгэгч, захиалагч, зохиогч эсэргүүцээгүй, маргаагүй. Тэрчлэн уг барилгад дараах барилгын норм, дүрмийг ингэж хангасан гэсэн тайлбар, баримтыг хариуцагч, гуравдагч этгээд гаргаж чадаагүй. Үүнд: - Ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламж. БНбД 40-01-14, - Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж. БНбД 40-02-16, - Ус хангамж, ариутгах татуургын гадна сүлжээ ба байгууламж БНбД 40-04-16 ийн шаардлагыг барилгын гүйцэтгэгч хангах ёстой ба захиалагч зохиогч хяналт тавих ёстой. Б. Энэ барилгын зохиогч Эрдсанбар ХХК Б.Мөнхцэцэг нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.32, 38 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж барилга, байгууламжийг ашиглалтад авах үед мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.3-д заасан Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт үйлдэж барилгын бичиг баримтад хавсаргах ёстой. Энэ нь зохиогчийн хяналтыг зохих ёсоор бүрэн хэрэгжүүлсэн гэх баталгаа болно. Хуулиар хүлээсэн энэхүү үүрэг нь Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалаар баталсан дүрэм /БНбД 11-04-15/, 2016 оны 178 дугаар тушаалаар баталсан дүрэм /БНбД 11-04-16/-ИЙН шаардлага хангах ёстой. Гэтэл энэ барилгад гаргасан зохиогчийн 201б.12.15-ны дүгнэлт/хэргийн 97 дахь тал/ хууль тогтоомжийн шаардлага хангаагүй буюу ёс төдий болсон нь МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг баталж байна. В.Энэ барилгад захиалагчаар ажилласан Барилга, хот байгуулалт, захиалагчийн алба нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, мөн хуулийн 37.1.16-д зааснаар барилгын бичиг баримтын үнэн зөвийг хариуцах, 37.1.19-д зааснаар хяналт хэрэгжүүлж ил, далд ажлыг баталгаажуулах ажлыг барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5.2, 5.3-д заасан үүргээр хэрэгжүүлж барилга, байгууламжийг ашиглалтад авах үед Барилгын тухай хуулийн 48.5.4-т заасан Захиалагчийн техник хяналтын нэгдсэн дүгнэлт-ийг үйлдэж барилгын бичиг баримтад хавсаргах ёстой. Хуульд заасан энэ үүргээ тухайн үед мөрдөж байсан Засгийн газрын 2009 оны 73 дугаар тогтоолоор баталсан дүрмийн хүрээнд хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлсэн гэх нэгдсэн дүгнэлт болон бусад бичиг баримт олдоогүй. Г. Дээр дурдсан нөхцөл байдал нь дараах байдлаар тогтоогдоно. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах удаа дараагийн дүрмээр Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангах, улсын комиссыг бүрдүүлэх, ажиллах бэлтгэлийг хангах нь аймаг, нийслэлийн барилга хот байгуулалт хариуцсан захиалагчийн нэгжид байсан ба мөрдөж байсан дүрмийн /Засгийн газрын 2018 оны 317-р тогтоолоор баталсан/ 4.11-д ашиглалтад оруулсан барилга байгууламжийн зураг төсөл,баримт бичгийг архивт хүлээлгэж өгөхийг комисс хариуцахаар журамласан. Энэ дагуу нотлох баримт бүрдүүлэхээр: Орхон аймгийн төрийн архивт хүсэлт гарган 17 дугаар сургууль, цэцэрлэгийн барилгын бичиг баримтыг судалсан. Архивт 139-1-209 болон 140-1-207 архивын нэгжийн дугаартай баримт бичиг байгаа ба энд хавсаргасан Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилоор шалгасан акт, Гадна бохир усны системийг угсарсан, сорилоор шалгасан акт, дотор бохир усны системийг угсарсан, сорилоор шалгасан акт гэсэн баримт бичиг олдсон/ Хэргийн 99-101 дэх талд/ба эдгээр актад ДШС/дулааны шугам сүлжээ/, УСАГ/ус суваг ашиглалтын газар-ын төлөөлөгч оролцох ёстой боловч оролцоогүй байсан. Хариуцагч тал дээрх актуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дулааны сүлжээ, ус сувгийн төлөөлөгч оролцсон бүрэлдэхүүний гарын үсэгтэйгээр байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны 00715 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж егнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Гүншир шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх зохигч нараас өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, түүний үндэслэл болгон ирүүлсэн баримтууд, зохигч нарын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудыг үнэн зөв .эргэлзээгүй талаас бус зөвхөн хариуцагчийг буруутгаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагад нийцсэн байдлаар үнэлснээс тухайн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт гаргах гомдлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Нэхэмжлэгч талаас Орхон аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14-07-026/118, 2021 оны 03 дүгээр сарын 17-ны өдрийн 14-7-025/52 , 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14-7-025/135 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн ******* ХХК-г Буурь хөрсний нягтруулалтыг барилгын норм дүрэмд заасны дагуу хийгээгүй, барилгын ажилд чанаргүй материал ашигласан гэж буруутгадаг. Шүүхээс зохигч нарын хүсэлтээр шинжилгээ хийгдэж гарсан дүгнэлт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад нотлох баримтуудаар буурь хөрсний нягтруулалтын ажил барилгын норм дүрэмд заасны дагуу явагдаагүй гэсэн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдсон.Түүнчлэн нэхэмжлэгч талаас Хариуцагчийг барилгын ажилд чанаргүй материал ашигласныг шууд нотолсон ямар нэг баримтыг гаргаж ирүүлээгүй өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа баримтыг цуглуулж шүүхэд ирүүлээгүй байдаг.Барилгын тухай хуульд Барилгын үйл ажиллагаанд оролцогчидЗахиалагч , Гүйцэтгэгч, Өмчлөгч, Эзэмшигч этгээдүүдийг хамааруулж тус бүрт нь эдлэх эрх, хүлээх хариуцлагыг тодорхойлсон байдаг. Тухайлбал Барилгын тухай хуулийн 14.7-д Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна.46.5-д Ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай нь хариуцлага хүлээнэ. Гэж заасан байдаг. Энэхүү заалтуудаар Орхон аймгийн ******* багт баригдсан 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн барилгад учирсан гэмтлийн буруутай талыг нь тогтоож хариуцлага хүлээлгэхийг хуульчилсан байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6 дахь заалтад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14-07-026/118 дугаартай дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр барилгад үүссэн гэмтэл гарах шалтгаан нь ус алдалтаас хөрсний шинж чанар өөрчлөгдөж, буурь хөрсний даац буурсан түүний улмаас барилгад ан цав үүсэх, хана шаланд суулт үүсэх, эвдрэл гэмтэл гарсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагыг буурь суурийг барилгын норм дүрэмд заасны дагуу гүйцэтгээгүй гэж шууд дүгнэх үндэслэлгүй боловч буурь суурийн даацад нөлөөлөх хүчин зүйлд ус алдалт нөлөөлсөн, ийнхүү ус алдах шалтгаан нь барилгын материалын чанар / цэвэр бохир ус дамжуулах хоолой/, түүнд тавих захиалагчийн хяналт, барилгын улсын хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын хяналт сул, ашиглагч байгууллагын зохисгүй хэрэглээтэй холбоотой гэж үзнэ. Гэжээ. Шүүхээс энэхүү хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ захиалагчийн хяналт хэрэгжүүлж байсан талыг Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд-ээр тооцож итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг шүүх хуралд оролцуулсан. Шүүхийн дээрх заалтад захиалагчийн хяналт, ашиглагч байгууллагын зохисгүй хэрэглээг ус алдах шалтгааныг бүрдүүлэхэд нөлөөлсөн гэж тодорхойлсон атлаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ажлын 50 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэхийг ******* ХХК-д даалгасан нь ойлгомжгүй байна. Тодруулбал маргаан бүхий гэмтэл, эвдрэлд гүйцэтгэгч, захиалагч, ашиглагч нарыг аль алиныг нь холбоотой гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хангаж гуравдагч этгээдийн хүлээх хариуцлагыг орхигдуулсан бөгөөд барилгад учирсан хохирол, уг хохиролд хүргэсэн талуудын хариуцлагын хувь хэмжээ, учирсан эрсдэлийг арилгах хуваарилалтыг үндэслэлтэй тогтоож чадаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6а. Дахь заалтад : .... нэг талаар гүйцэтгэгчийн алдаа биш гэж тодорхойлсон атлаа өмнө нь хананд ан цав үүсэж байсан, буурь хөрсийг хүчитгэх, ус алдаж байсан хоолойг солих засах байжээ гэсэн нь эхний дүгнэлттэй зөрчилдөж байна. Гэжээ. Барилгын тухай хуулийн 46.1.11-д Барилгын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулан, холбогдох арга хэмжээг авах нь эзэмшигч, өмчлөгчийн үүрэг болохыг заасан. Энэ үүднээс мэргэжлийн хяналтын улсын байцаагч 3 удаа дүгнэлт гаргасан байдаг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтдээ л Барилгын цэвэр усны далд шугамуудаас их хэмжээний ус алдаж буурь хөрсөнд суулт үүсгэснийг тогтоосон байдаг. Өмнөх дүгнэлтүүдээр ус алдалтын талаар заагаагүй бөгөөд зөвхөн буурь суурийн ажлыг үечлэн нягтруулаагүй булснаас эвдрэл үүсэн гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг / 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14-07-026/118 дугаартай / үндэслэн Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас шүүхэд нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр .. тус сургууль цэцэрлэгийн нэгдүгээр давхрын баруун жигүүрийн ангиудын даацын бус тусгаарлах хануудад Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил БН6Д 3.02.01-90-4-д заасны дагуу үечлэн нягтруулалт хийж буурь, суурь цутгаж янзлахыг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрт заасан ажлыг 2021 оны 07 дугаар сард тухайн эвдрэл, гэмтэл үүссэн хэсэгт бүрэн хийж буурь суурь болон даацын бус хануудыг засаж янзалсан бөгөөд одоо эдгээр хэсэгт ямар нэг эвдрэл гараагүй байгаа юм. Маргаан бүхий эвдрэл гэмтлийн шалтгаан болсон ашиглалтын явц дахь ус алдалт нь хэзээ үүссэн, хаанаас ус алдсан нь тодорхойгүй байдаг. Барилга барьсан гүйцэтгэгч байгууллага ашиглалтын явцад барилгаас ус алдаж байгаа эсэх, алдаж байгаа бол хаанаас ямар хэмжээтэй алдаж байгаа, хэр хугацаанд алдаж байгаад хяналт тавих, шалтгааныг нь тогтоох нь онолын хувьд ч боломжгүй юм. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.9 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн барилга байгууламжийг эзэмшиж ашиглаж байгаа этгээдэд хуулиар хариуцуулсан үүрэг байхад гүйцэтгэгч байгууллагад хамааруулж ус алдаж байсныг мэдэх ёстой байсан гэж буруутгах үндэслэлгүй юм. 17 дугаар сургуулийн жижүүрийн ажил хүлээлцэх тэмдэглэлд тусгагдсан мэдээллээс харахад 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ус алдаж байсан бөгөөд үүнийг ******* ХХК-ийн ажилтнууд засаж янзалсан талаар тусгагдсан байна. Шүүхэд 17 дугаар сургуулийн жижүүрийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажил хүлээлцсэн тэмдэглэл ирүүлж түүнд үзлэг хийсэн . Энэ нь Барилгын тухай хуулийн 14.3-т заасан Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах 1 жилийн хугацаанд илэрсэн гэмтэл бөгөөд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ******* ХХК засаж янзалсан болох нь харагдаж байна. Харин 2017.07.28-ны өдрөөс хойш ус алдаж байсан болон үүнийг ******* ХХК-д мэдэгдэж байсан талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна. Үүнээс үзэхэд эзэмшигч байгууллага далд хэлбэрээр ус алдалт үүсэж байсныг илрүүлж шалтгааныг нь тогтоон гүйцэтгэгч байгууллагад мэдэгдэж засуулах тулаар арга хэмжээ авч байгаагүй байна. Энэ үүднээс өөрийн ашиглаж буй барилга байгууламжид тавих эзэмшигч, өмчлөгч этгээдийн зохисгүй хэрэглээ, инженерийн шугам сүлжээг арчлан хамгаалах, үүссэн эвдрэл гэмтлийн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоолгох үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь гүйцэтгэгч байгууллагад хамааралгүй гэж үзэж байна. Түүнчлэн ******* ХХК-г чанаргүй материал / цэвэр бохир ус дамжуулах хоолой/ ашигласан гэдгийг тогтоосон ямар ч баримт нотолгоог нэхэмжлэгчээс ирүүлээгүй, хэрэгт авагдаагүй байдаг. ******* багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ-ний / Захиалагчийн эрх үүрэг/ 5.2 т Ажлын явц чанарт үе шатны техникийн хяналтыг тогтмол тавьж талбайн журналд тогтмол тэмдэглэл хөтөлж ил далд ажлын актыг хянан баталгаажуулна. , /Гүйцэтгэгчийн эрх үүрэгт / 6,1 д Ажлыг батлагдсан зураг төсөл, техникийн норм дүрмийн дагуу захиалагчийн буюу төсөвт заасан материалаар чанартай гүйцэтгэж өөрийн угсарсан тоног төхөөрөмжийн туршилтыг захиалагчийн хяналтын дор хийж баталгаажуулна. Гэж заасан. Гэрээний энэхүү заалтын дагуу сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх явцад захиалагч талаас талаас тогтмол явцын хяналт тавьж ил, далд ажлын актууд үйлдэн тухай бүрд нь баталгаажуулж ажилласан байдаг. Тухайлбал эвдрэл үүссэн шалтгаан байж болзошгүй гэж маргаж байгаа барилгын хэсгүүдийг хийж гүйцэтгэх явц буюу Суурийн булалт, буурь хөрсний нягтруулалтын ажил, гадна дулаан цэвэр усан хангамж, гадна болон дотор бохир усны системийг угсарч, сорилоор шалгах зэрэг бүхий л үйл ажиллагаа нь Барилгын тухай хуульд заасны дагуу зохиогчийн болон захиалагчийн хяналт дор явагдаж энэ тухай акт баримт үйлдэгдсэн байдаг. Тухайлбал хэрэгт авагдсан Гадна дулаан цэвэр усан хангамжийг угсарсан, сорилоор шалгасан акт , Дотор бохир усны системийг угсарсан сорилоор шалгасан акт, Дотор халуун хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсарсан сорилоор шалгасан акт, Гадна бохир усны системийг угсарсан, сорилоор шалгасан акт--уудаар ямар нэг зөрчил, өөрчлөлт илрээгүй, хэвийн ажиллагаатай байсан болох нь тогтоогдсон. Эдгээр баримтуудын захиалагч, гүйцэтгэгч, хяналт хэрэгжүүлэгч талуудад хадгалагдаж байгаа хувь дээр гарын үсэг зурагдсан мэдээлэл зөрүүтэй байгаа нь тухайн баримтуудад тусгасан ажил үйлчилгээ, материалын чанар байдал болон уг баримтуудын үндсэн агуулгыг үгүйсгэх үндэслэлгүй юм. Үүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан бөгөөд актын зарим хувь дээр гарын үсэг зурагдаагүй шалтгааны талаар ч тайлбарласан байдаг. Дээрх баримтуудын үндсэн агуулга буюу инженерийн шугам сүлжээний угсралтыг хянаж сорилоор шалгаж ашиглалтад авсан талаарх мэдээллүүд нь ямар нэг зөрүүгүй бөгөөд энэ талаар зохигч нар маргаагүй юм. Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч тал ******* ХХК-ийг Барилгын ажилд чанаргүй материал ашигласан, Буурь хөрсний нягтруулалтыг норм дүрэмд заасны дагуу хийгээгүй гэж буруутгахдаа өөрийн шаардлагын үндэслэл болох нотлох баримтуудыг гаргаж ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нь зохигч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Оношилгоо зураг төсөл судалгааны Реконстракшн төвийн шинжээч Я.Дүйнхэржаваар хийлгэсэн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байхад барилгын эвдрэл гэмтэлд ашиглагч, захиалагч нарын Барилгын тухай хуулиар хүлээсэн хариуцлагад үнэлэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн гэмтлийг ******* ХХК-аар засуулах тухай шаардлага тавьсан. ******* ХХК тухайн сургуулийг 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн тул Барилгын тухай хуулийн 14.3 , 14.6-д заасан буюу ******* ХХК-аар гарсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах хугацаа дууссан байгаа бөгөөд үүнд анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна. Шүүхээс ******* багийн 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зургийн дагуу, нийт төсвийн 50 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор гүйцэтгэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг ******* ХХК-д ... даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас тухайн сургуулийн барилгын хаана нь ямар талбайг хамарсан, ямар хэмжээтэй хэдий хэр эвдрэл гэмтэл учирсан , уг эвдрэл гэмтлийн засварлах ажилд шаардагдах төсөв хөрөнгийн тооцоо, батлагдсан зураг зэргийг шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага түүний хэмжээ нь тодорхойгүй юм. Шүүхээс тухайн барилгад учирсан эвдрэл гэмтэлд ******* ХК-ийг хувь буруутгаагүй бөгөөд буурь хөрсний даац буурахад нөлөөлсөн ус алдалтын шалтгаанд захиалагч байгууллагын хяналт, ашиглагч байгууллагын зохисгүй хэрэглээ холбоотой гэж дүгнэсэн. Гэсэн атлаа эвдрэл гэмтлийг засварлах ажлын нийт төсвийн 50 хувийг өөрийн зардлаар санхүүжүүлэх, мөн засварын ажлыг хийж гүйцэтгэж комисст хүлээлгэж өгөхийг комисст даалгасан байна. Үүнд барилгыг засварлах ажлын бусад 50 хувийг ямар байгууллага хариуцах ёстой нь ойлгомгүй байна. Түүнчлэн нэгэнт барилгын засварлах ажлын төсвийг хариуцан гаргах этгээд нь тодорхой бол уг ажлын гүйцэтгэх үүргийг заавал ******* ХХК-нд даалгах шаардлагагүй өөр байдлаар /ажил гүйцэтгэгчээр өөр этгээдийг шалгаруулах гэх мэт/ шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 40 дүгээр заалтад заасан шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 05-р сарын 31-ний өдрийн ******* багт 280 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх БЗА№12716 дугаартай гэрээгээр чанаргүй хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг

2. ******* ХХК-р гүйцэтгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ захиалагч ******* гүйцэтгэгч ******* ХХК-н хооронд байгуулсан 2016 оны 05-р сарын 31-ний өдрийн ******* баг 280 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлыг захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх БЗА №12716 дугаартай гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Дээрх гэрээгээр Орхон аймгийн даваат багт 280 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгын үндсэн ажлыг 2.329.757.571 төгрөгийн үнэтэй буюу ажлын төсөвтэйгөөр ******* ХХК гүйцэтгэхээр тендерт шалгарч 2016 оны 06-р сарын 02-ны өдрөөс эхэлсэн 2016 оны 10-р сарын 10-ны өдөр (ажлын 90 хоног) ашиглалтад оруулахаар тохиролцсон байна.

Хариуцагч ******* ХХК нь Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багт 280 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгыг барьж гүйцэтгэн, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12-р сарын 19-ний өдрийн 38/16 дугаартай актаар барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгчээ.

Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09-р сарын 02-ны өдрийн 14-07-025/118 дугаартай дүгнэлтээр ашиглалтын явцад 2018 оноос тус сургууль цэцэрлэгийн барилгын 1-р давхарт баруун жигүүрийн ангиудын даацын бус тусгаарлах хануудад 15-20 мм ташуу болон хэвтээ цууралтууд үүссэн байна. Энэ нь гүйцэтгэгч компани барилгын ажлын явцад дотор ханын буурь хөрсийг, аяган суурь хийж буцааж булахдаа барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД 3.02.01-90 4-т заасны дагуу үечлэн нягтруулаагүй булснаас буурь сууж дээрх суулт үүссэн гэсэн дүгнэлт гарсан.

3. Мөн 2021 оны 09-р сарын 03-ны өдрийн 14-07-025/135 дугаартай Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчийн барилгын 1-р давхрын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон ханууд сууснаас нурах аюул үүссэн, барилгын цэвэр усны далд шугамуудаас их хэмжээний ус алдаж буурь хөрсөнд суулт үүссэн, барилгын аяган суурийг улаар ухаж тэгшлэн суурь цутгалтын дараа нягтруулалтыг барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД 3.02.01-90 4-т заасны дагуу хийгээгүйгээс 1-р давхрын шал, ханын хийцүүд нийтдээ суулт өгсөн зэрэг зөрчил гарсан. Энэ нь гүйцэтгэгч ******* ХХК барилгын ажилд чанаргүй материал ашигласан, технологийг нарийн баримталж гүйцэтгээгүй, захиалагч зохиогч ажлын тогтмол хяналт тавиагүйгээс үүссэн гэсэн дүгнэлт гарсан.

Мөн байцаагчийн 2021 оны 03-р сарын 17-ны өдрийн 14-07-025/52 дугаартай сургуулийн барилгын 1-р давхарт тусгаарлах хануудын буурь суурь сууснаас анги танхимуудад 10 мм-50 мм хэмжээтэй хэвтээ ташуу цууралт үүссэн, ханын хэв гажилтаас хуванцар цонхны шил олон газар хагарсан, дээврийн хар цаасны налуу алдагдсанаас дээврээс ус нэвчдэг, материалын ашиглалтаас 2-р давхрын хануудад босоо, хэвтээ хялгасан цууралт үүссэн гадна ханыг дулаалгын хөөс хөндийрч, хөдөлгөөнд орсон, хаяавч бетон хана суусан, хананаас хөндийрсөн байна. Энэ нь барилгын гүйцэтгэгч компани барилгын ажлыг холбогдох норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгээгүй, захиалагч болон зохиогч байгууллага хуулиар олгосон эрх үүргийн дагуу хяналт шалгалтыг тогтмол хийгээгүйгээс болсон гэсэн дүгнэлт тус тус гарсан байна.

Мэргэжлийн Хяналтын газар улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01-р сарын 05-ны өдрийн 142/ШШ2021/00027 дугаар шийдвэрээр 2016 оны 05-р сарын 31-ний өдрийн ******* баг 280 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын байгууллагыг барьж эхлүүлэх багц-1 барилгын үндсэн ажлыг захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх БЗЛ127/16 дугаартай гэрээний дагуу тус цэцэрлэг сургуулийн 1-р давхрын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад барилгын газар буурь суурийн ажил БНбД 3.02.01-90 4-т заасны дагуу үечлэн нягтруулалт хийсэн буурь суурь цутгаж янзлахыг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

4. Зохигчдын хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээчийн 2022 оны 02-р сарын 15-ны өдрийн дүгнэлтээр сургуулийн барилгад үүссэн гэмтлийн шалтгаан нь барилгын бохирын болон хэрэглээний ус олон жилийн явцад алдсанаас болсон. Барилгын буурь хөрсний анхны нягтруулалт тийм муу хийсэн гэх үндэслэл байхгүй, энэ нь барилгыг барьсан биш ашиглалтын үеийн алдаа. Тухайлбал, барилгыг ашиглалтад орсны дараа бохирын гал тогооны хоолны тос хоолойг бөглөж байсан өмнө нь хананд нь цав үүсэж байсан. Энэ үед зөвхөн ханыг засаж байсан байна. Энэ барилгын гэмтлийн гол шалтгаан нь сүлжээний ус алдалт юм. Энэ сүлжээний ус нилээд олон жил алдагдсан гэсэн дүгнэлт гаргажээ.

Шүүх Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 2021 оны 09-р сарын 03-ны өдрийн 14-07-025/135 дугаартай дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр барилгад үүссэн гэмтэл гарах шалтгаан нь ус алдалтаас хөрсний чанар өөрчлөгдөж, буурь хөрсний даац буурсан, түүний улмаас барилгад ан цав үүсэх, хана шаланд суулт үүсэх эвдрэл гэмтэл гарсан. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагыг буурь суурийг барилгын норм дүгнэлтэд заасны дагуу гүйцэтгээгүй гэж шууд дүгнэх үнлэслэлгүй боловч, буурь суурийн даацад нөлөөлөх хүчин зүйлд ус алдалт нөлөөлсөн, ийнхүү ус алдах шалтгаан нь барилгын материалын чанар (цэвэр ус бохир дамжуулах хоолой), түүнд тавих захиалагчийн хяналт, барилгын улсын хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын хяналт сул, ашиглагч байгууллагын зохисгүй хэрэглээтэй холбоотой, 2018 оны 06-р сараас хананд хагарал цууралт үүссэн тэр ус алдалт явагдаж байсан нь гэрч Энхбаатар, Ц.Болдсүх нарын мэдүүлгээр тогтоогдсон, Барилгын тухай хуулийн 46-р зүйлийн 46.5.-д зааснаар цогцолбор барилгад гарсан эвдрэл гэмтлийг засварлах ажлын батлагдсан зургийн дагуу, нийт төсвийн 50 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж ашиглалтад өгөх гэсэн дүгнэлт хийж ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Нэхэмжлэгч Засаг даргын Тамгын газрын чанаргүй хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг гүйцэтгэгч ******* ХХК-иар гүйцэтгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус.

5. Барилгын тухай хуулийн 14-р зүйлийн 14.7.-д заасны дагуу чанаргүй хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг гүйцэтгэгч ******* ХХК-аар гүйцэтгүүлэхийг даалгах нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус. Цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгын ажлыг чанаргүй хийсэн, тэр зөрчлийг арилгахад хэд хэчнээн төгрөгийн зардал гарах талаар тооцоолол байхгүй, ямар хэмжээний талбайд хэдий хэмээний хохирол учирсан талаар нотлох баримтгүй бахйад шүүх Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1., Барилгын тухай хуулийн 46-р зүйлийн 46.5.-д зааснаар ******* багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан гэмтэл эвдрэлийг засварлах ажлыг батлагдсан зургийн дагуу, хийж төсвийн 50 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 09-р сарын 01-ний дотор хийж гүйцэтгэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэх өгөхийг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Цэцэрлэг сургуулийн цогцолбор барилгад гарсан эвдрэл гэмтлийн засварлах талаар батлагдсан зураг, төсөвийн тооцоо байхгүй, нийт төсвийн 50 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн гэдэгт нийт төсөв гэдгийг хэрхэн ойлгох талаар ойлгомжгүй шийдэл гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай зарчимд нийцээгүй байна. Нөгөө талаар Барилгын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3.-т барилга байгууламжийг зүгшрүүлэх, тохижуулах тухай 1 жил байна, мөн хуулийн 14.4.-т энэ хуулийн 14.3.-т заасан хугацаа дууссан тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ, 14.5.-д энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3.-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно гэж заасны дагуу барилга байгууламжийг зүгшрүүлэх тохижуулах тухай 1 жилийн хугацаа дуусгавар болсноос хойш гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдээгүй байна.

6. Мөн хуулийн 14-р зүйлийн 14.6.-д энэ хуулийн 14.3.-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтэц, цэвэр бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гураваас доошгүй жил байна. Барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар барилгын тухай хуульд тусгайлан заасан байх ба Иргэний хуулийн 76-р зүйлийн 76.1.-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж хуульчилжээ.

Барилга байгууламжийг ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар (талуудын хооронд байгуулсан гэрээнд баталгаат хугацаа 3 жил байхаар тохирсон) 2016 оны 10-р сарын 10-ны өдөр ашиглалтад хүлээлгэх өгөхөөр тохирсон боловч 2016 оны 12-р сарын 19-ний өдөр барилга байгууламжийг хүлээлгээ өгч акт үйлдсэн ба 2017 оны 01-р сарын 09-ний өдрөөс 1-р давхрын зүүн талын заал 103-р танхимын үүдэн талд сангийн шугамнаас ус гоожиж байсныг хэрэглээний усыг хааж зогсоосон талаар жижүүрийн дэвтэрт бичигдсэн байсан /хх 171 тал жижүүр Амгалангийн рапорт/. 2017 оны 01-р сараас 04-р сарын хооронд ажлаа илтгэсэн жижүүрүүдийн дэвтрээс харахад ус дусаж, гоожиж байсныг хэрэглээний усаа хааж зогсоодог байсан талаар тэмдэглэсэн байна. Барилгад ан цав үүссэн зөрчлийг 2018 оны 6-р сард илрүүлж мэдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шаардах эрх энэ үеэс эхэлсэн байх тул 2021 оны 06-р сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн удаа дараагийн дүгнэлт болон зохигчдын хүсэлтээр шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилсон шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, хариуцагч ******* ХХК-ийг буруутгахад учир дутагдалтай ба Барилгын тухай хуулийн 46-р зүйлд барилга байгууламжийн өмчлөгч эзэмшигчийн үүргийг тодорхойлсон бөгөөд 46.1.4.-т барилга байгууламжийн инженерийн системийг арчлан хамгаалах 46.1.9.-д барилгын даац хийц, бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих гэсэн үүргүүдийг барилга байгууламжийг ашиглагч, эзэмшигч биелүүлээгүйгээс 2018 оны 06-р сарын сараас илэрч эхэлсэн зөрчил дутагдал гэмтлийг тухайн үед нь илрүүлж холбогдох байгууллагад мэдэгдэж, эвдрэл гэмтлийг хамарсан талбай хэмжээг тогтоож учирсан хохирлоо бодитой гаргаж тооцоолоогүй буруутай болох нь тогтоогдсон байна.

Хэдийгээр шүүх 2021 оны 09-р сарын 05-ны өдрийн шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилж албан ёсны дүгнэлт гаргуулаагүй боловч барилга байгууламжид гарсан доголдол дутагдлын талаар 2019 оны 09-р сарын 02-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу барилгын 1-р давхарт баруун жигүүрийн ангиудын даацын бус тусгаарлах хануудад үечлэн нягтруулалт хийж буурь суурь цутгаж янзлахыг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны 10-р сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл нь барилгын 1-р давхрын зүүн жигүүрийн ангиудын даацын бус тусгаарлах хананууд суулт үүсэж нурах аюултай болсныг засаж янзлахыг даалгах шаардлага байх бөгөөд барилга байгууламжийн 1-р давхарт баруун зүүн жигүүрийн ангиудын даацын бус тусгаарлах хананд суулт өгсөн нь 2018 оны 06-р сард анх илэрч байсан гэж үзэхээр байна. Иймд хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1., Барилгын тухай хуулийн 14-р зүйлийн 14.6.-д заасныг баримтлан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/00715 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, чанаргүй хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг гүйцэтгэгч ******* ХХК-иар гүйцэтгүүлэхийг даалгах тухай Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч байгууллагын буруутай болох нь тогтоогдож хохирол нэхэмжлэх тохиолдолд энэ магадлал саад болохгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагчийн төлөөлөгч С.Гүншир давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ