Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/01123

 

ОАЗДТГын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/00715 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 207/МА2022/00077 дугаар магадлалтай,

ОАЗДТГын нэхэмжлэлтэй

“У” ХХК-д холбогдох

Даваат багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2022.09.01-ний дотор барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг “У” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн төлөөлөгч С.Гүншир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай, П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ОАЗДТГ нь “У” ХХК-д холбогдуулан Даваат багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2022.09.01-ний дотор барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг “У” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/00715 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д зааснаар Даваат багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зургийн дагуу, нийт төсвийн 50 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор хийж гүйцэтгэж, барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг “У” ХХК-д даалгаж, Баримт бичигт үзлэг хийлгэхээр ирүүлсэн “жижүүрийн тэмдэглэл 2ш дэвтэр, ашиглагч байгууллагын Шанд багийн 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын бичиг баримтууд”-ыг буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Пүрэвхандад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “У” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 207/МА2022/00077 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/00715 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3., 14.6.-д зааснаар “Барилгын тухай хуулийн 14.6.-д заасны дагуу чанаргүй хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг  гүйцэтгэгч “У” ХХК-иар гүйцэтгүүлэхийг даалгах” тухай ОАЗДТГын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх тохиолдолд энэ магадлал саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн төлөөлөгч С.Гүншир давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нар хяналтын гомдолдоо: Магадлалыг гардан аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хянуулахаар энэ гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ: - Анхан шатны шүүхийн нотлох баримтыг үнэлсэн болон хууль хэрэглэсэн үндэслэлийг хууль ёсны үндэслэлтэйгээр үгүйсгэсэн боловч энэ талаарх үндэслэлээ магадлалдаа заагаагүй, - Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухай Иргэний хуулийн болон Барилгын тухай хуулийн зохицуулалтыг хэт хялбаршуулан илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн, - Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч “У” ХХК-ийн талд шийдвэр гаргахаар эрмэлзсэн шинжтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх хэсэгт заасан хэрэг хянуулах хууль зүйн үндэслэлийг тодруулан авч үзвэл дараах байдалтай байна. Нэг. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус буюу хэдий хэмжээний хохирол учирсан талаарх баримтгүй, гэмтлийг засварлах талаар батлагдсан зураг, төсвийн тооцоо байхгүй гэх дүгнэлтийн талаар: а. Нэхэмжлэлийн зүйл болж байгаа 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисс 2016.12.19-нд 38/16 тоот актаар хүлээн авч ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Даваат багийн 17 дугаар сургууль уг барилгад 2017.01 дүгээр сард нүүн орж барилгыг ашиглаж эхэлсэн ба барилгад ашиглаж эхэлсэн үеэс эхлэн гарсан эвдрэл, гэмтэл даамжирч үргэлжилсээр аюултай байж болзошгүй тул эрх бүхий этгээдийн шаардлагаар хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулахыг 2021.09.02-оос бүрэн зогсоож сургууль, цэцэрлэгийн хүүхдийг тараан иргэдэд маш их хүндрэл чирэгдэл учруулж байна. б. Барилгад гарсан эвдрэл, гэмтлийн талаар ашиглагч тухай бүр нь зохих байгууллагад /Барилгын тухай хуулийн 46.1.11 заалт/ мэдэгдэж байсан ба мэргэжлийн хяналтын байгууллага эвдрэл гэмтлийн шалтгааныг инженерийн далд шугамд ус шүүрч байгаатай холбоотой бөгөөд ноцтой, цаашид үргэлжилнэ гэж оношлоогүй, мэдээгүй тул удаа дараагийн дүгнэлтээрээ гүйцэтгэгчээр засвар хийлгэж ажлын доголдлыг арилгуулахаар /Иргэний хуулийн 350.1.6, 350.1.7 заалт, гэрээний 6.4 дэх заалт/ шийдвэрлэж байсан боловч бодит үр дүн гараагүй тул нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00027 тоот шийдвэрээр БнБД-ийн дагуу “...үечилсэн нягтруулалт хийж буурь, суурийг цутгаж янзлахын “У” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн ба энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон. в. “У” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх боловч барилгын эвдрэл улам нэмэгдэж, үргэлжилсэн учраас шийдвэрийн биелэлтийг тооцох боломжгүй, нийтийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн тул Засаг даргын тамгын газар хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажил гүйцэтгэгч “У” ХХК-д үүрэг даалгах энэ нэхэмжлэлийг гаргасан. г. Барилгын тухай хуулийн 14.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар угаасаа барилга, их засварын ажлыг батлагдсан зураг, төсөвгүйгээр гүйцэтгэхийг хориглодог болохыг нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь мэдэж байгаа, нэхэмжлэл тодорхой бус тул шийдвэрлэх, биелэх боломжгүй гэж талууд мэтгэлцээгүй, маргаагүй байхад шүүх ийм дүгнэлт хийсэн нь “хөндлөнгөөс хөлөө” гэгч болжээ. Одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал захиалга өгч мэргэжлийн хүмүүсийг газар дээр нь ажиллуулж, мэргэжлийн хяналтын болон Реконстракшн төвийн тайланг хүргүүлснээр тусгай зөвшөөрөл бүхий “Орхон конструкн” ХХК нь ОК-05/2022 шифр бүхий бэхэлгээ хүчитгэлийн зураг, мөн Т-13/2022 дугаар бүхий 856,172,399 төгрөгийн төсвийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу энэ 8 дугаар сард ирүүлэв. /зургаар харуулав/. Энэ зураг төсвийг 14,305,000 төгрөгийн зардлаар хийлгэсэн байна. д.Захиалагч талын эрхээ хамгаалах шаардлага гаргах Иргэний хуулийн 352.1, 9.4.3-т заасан эрхийг шүүх ийм байдлаар хязгаарлах эрх байхгүй, тийм хууль зүйн боломжгүй юм. Хоёр. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үндэслэлийн талаар: Давж заалдах шатны шүүх нь барилгад ан цав гарсан нь 2018.06 дугаар сард илэрч мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш шаардлага гаргах 3 жилийн хугацаа 2021.06 сард дууссан гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон нь дараах байдлаар үндэслэлгүй худал дүгнэлт байна. а. Барилгын энэ эвдрэл гэмтэлд гүйцэтгэгч өнгөц засварыг удаа дараа хийж байсан, мэргэжлийн хяналтын байгууллага нарийвчилсан хяналт сорил хийлгүйгээр шалтгааныг суурь буурь хөрсний нягтруулалт, аяган суурь цутгалттай холбон үзэж байсан нь энэ хэргийн 6, 146-150 дахь талд авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 4 удаагийн дүгнэлт, 2019.06.05-ны хурлын тэмдэглэл /хх13-16/, шүүхийн 2021.01.05-ны 00027 тоот шийдвэр /хх17-23/, 17 дугаар сургуулийн жижүүрийн тайлангийн дэвтрийн хуулбар, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх132, 133, 171-175/, гэрч Болдсүхийн мэдүүлэг /хх191-192/ зэрэг баримтаар тогтоогдсон, Гүйцэтгэгч “У” ХХК ажлын дутагдлыг зөвшөөрч 2017 оноос 2021 онд удаа дараа өнгөц засварыг хийж өгч байсан болох нь дээрх баримт болон анхан давж заалдах шатны хуралд С.Гүнширийн өгсөн тайлбараар нотлогдоно. Энэхүү байдал нь Иргэний хуулийн 79.1-д заасан шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсаныг харуулах ба сургуулийн барилгад зүгшрүүлэлтийн нэг жилээс хойш засвар хийх бүрт хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж дахин шинээр эхлэн тоологдож байсан гэсэн үг. б. Бүр хамгийн наад зах нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.05-ны өдрийн 00027 тоот шийдвэрийг давж заалдаагүй хүчин төгөлдөр болсон, биелүүлсэн гэх нөхцөл байдал болон Боловсрол, соёлын газар, Газрын харилцаа, Барилга хот байгуулалт, Захиалагч, гүйцэтгэгч "У" ХХК Батбаяр, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч оролцсон 2019.06.05-ны хурлын тэмдэглэл /хх13-16/-р засварын ажлыг “У” компани хийж гүйцэтгэхээр зөвшөөрсөн байдал нь энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсаныг батална. в. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, сургуулийн захирал Ц.Болдсүхийн мэдүүлгээр өвөл сургууль ашиглалтад орсноос 2 сарын дараа сургуулийн гадна хөрснөөс уур гарч байсан, ашиглалтад орсноос хойш сантехникийн холболт байнга засварлагдаж байсан зэрэг байдал нь 2018.06 сараас ч өмнө хэдийнээ барилгад зүгшрүүлэлтийн хугацаанд доголдол гарч гүйцэтгэгч түүнийг арилгаж байсныг нотолж байгаа ба энэ тохиолдолд тусгайлсан зохицуулалт буюу Барилгын тухай хуулийн 14.6-д зааснаар ...барилгын үндсэн хийц, бүтэц, цэвэр бохир ус, дулаан... хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэсэн нь мөн хуулийн 14.3-т заасан хугацаан дээр дахиад 3 жил нэмэгдэж тоологдож байгаа нь үндсэндээ 2020.12.19 хүртэл тоологдох хугацаа юм. Гэтэл хуулийн дээрх зохицуулалтууд болон бий болсон байдлыг батлах баримтуудыг үнэлэхгүйгээр хуулийг үндсэн агуулгаас нь эсрэгээр тайлбарлаж хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь мэргэжлийн төрөлжсөн дээд шатны шүүхэд байж боломгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор чармайсан байж болзошгүй гэж харагдана. Шүүгч нарын ийм илэрхий зүйлд хандсан мэргэжил, чадвар, ёс зүйн асуудал тусдаа яригдана. Гурав. Гүйцэтгэгч ажлыг хууль тогтоомжид заасан журам, бнБД-ийн дагуу хийж гүйцэтгээгүйгээс эвдрэл гарсан тухайд: а. Шүүх барилгад гарсан гэмтэл эвдрэлд ашиглагчийг буруутгаж шинжээчийн дүгнэлтийн 6 дахь асуултын хариулт “Ашиглагчийн буруу, хоолой бөглөрч байсан” гэдгийг өлгөж авч ашиглахдаа энэ дүгнэлтийн бусад хариулт, баримтуудтай харьцуулж үнэлээгүй/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 заалт/ буюу: - Хэргийн 116-124 дэх талд байгаа Оношилгооны тайлангийн дүгнэлт хэсгийн “Барилгын тоосгон хананд ан цав үүссэн, суурь суусан гол шалтгаан нь барилгын цэвэр, бохирын шугам сүлжээний ус алдагдаж, буурь хөрсний даацыг бууруулснаас болсон байна. Шугам сүлжээний ус олон жилийн өмнөөс буурь хөрс рүү алдагдсан байна” гэсэн гол дүгнэлт. - Дээр дурдсан ашиглагчийг буруутгаад байгаа 6 дахь хариултын буурь хөрсийг хүчитгэх, ус алдаж байсан хоолойг солих байжээ гэсэн хэсэг, 12,13 дахь асуултын хариулт “Инженерийн шугам сүлжээнээс ус алдалтаас хөрсний шинж чанар өөрчлөгдөж буурь хөрсний даац буурсан, гэмтлийн гол шалтгаан сүлжээний ус алдалт” гэсэн дүгнэлт, - Барилгын тухай хуулийн 4.1.35-д заасан “Инженерийн шугам сүлжээ” гэж юу болох тухай тодорхойлолт, далдлагдсан энэ сүлжээний алдагдлын эзэмшигч мэдэх боломжгүй тухай шинжээчийн дүгнэлтийн 10 дахь хэсэг, - Хэргийн 99-101 дэх талд авагдсан аймгийн архивт байгаа шугам сүлжээний далд ажлын акт, 85-87 талд байгаа “У” ХХК-ийн 2022.04.2.9-нд Хөвсгөл аймагт гэрчлүүлж энэ хэрэгт л өгч байгаа далд ажлын акт /Бүрдэл хангасан баримт архивт байх ёстой, Реконстракшны дүгнэлтийн- 11 дэх асуултын хариулт үзнэ үү/, ашиглагч 17 дугаар сургуульд гүйцэтгэгчээс өгсөн барилгын бичиг баримтад шүүх хуралдаан дээр үзлэг хийсэн тэмдэглэл /хх188 дах талд үз/, барилгын бичиг баримтаас “Захиалагчийн хяналтын нэгдсэн дүгнэлт”, “Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт” олдохгүй байгаа зэргийг харьцуулаад зохих журамтай тулгахад дулаан, ус хангамжийн төлөөлөгчийг оролцуулж, зохиогч, захиалагч байлцаж цэвэр, бохир ус, дулааны шугамыг сорилоор шалгаагүй болох нь тодорхой харагдана. Эдгээр баримт байдлаас үзэхэд эвдрэлд ашиглагчийг буруутгах ямар ч боломж байхгүй. б. Дээр дурдсан гүйцэтгэгчийн ажлын дутагдал доголдол тодорхой болсон тухай хэргийн 2018-223 дахь талд байгаа нэхэмжлэгч манай давж заалдах гомдолд нотлох баримт, хуулийн зохицуулалт, дүрэм журмыг тодорхой зааж бичсэнийг дахин давтаагүй тул энэ гомдлын нэг үндэслэл болгон дурдаж, судалж дүгнэлт хийхийг хяналтын шатны шүүхээс хүсэж байна. в. Хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь заалтыг хэрэглэн маргааныг шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343.1, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь заалтыг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарах ба энэ маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлээс гадна 350 дугаар зүйлийн 350.1.7, 352 дугаар зүйлийн 352.1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 46.5-ийг давхар хэрэглэх үндэслэлтэй гэж үзнэ. Иймд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн, нэхэмжлэгч талын хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа дээрх үндэслэлүүд, мөн давж заалдах гомдолд бичсэн, энэ гомдлын хэсэг болсон үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг тус тус илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.11.04-ний өдрийн 001/ШХТ2022/01211 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв. Энэ утгаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасан болно.

8. Нэхэмжлэгч ОАЗДТГ нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан 2016.05.31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу Даваат багийн 280 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолбор барилгын чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, 2022.09.01-ний дотор барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссоор дамжуулан хүлээлгэн өгөхийг даалгах агуулгатай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, илэрсэн доголдлууд нь ашиглалтын журам зөрчсөнөөс үүссэн, нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалсан тул хариуцах үндэслэлгүй гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх доголдлыг арилгах зардлын 50 хувийг хариуцаж, барилгын доголдлыг засахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх ийнхүү өөр өөр шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны үйл баримтын талаар зохигч мэтгэлцсэн боловч ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эрх зүйн дүгнэлт хийж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй, талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатайг анхаараагүй, улмаар эргэлзээтэй үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.

10.1. Иргэний хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлсөн боловч хариуцагч “У” ХХК-ийн ажлын үр дүн доголдолтой байсан тул доголдлыг арилгуулна гэсэн агуулгаар шаардах эрхээ тодорхойлсон боловч ямар ажлыг гүйцэтгүүлэх нь тодорхой байх ёстойг шүүх анхаараагүй, энэ талаар тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байхын тулд нэхэмжлэлийн шаардлага, шийдвэрлэсэн асуудал тодорхой байх учиртай.

10.2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах...”-ыг захиалагч шаардах эрхтэй болохыг заасан бөгөөд ажил гүйцэтгэгч татгалзаж байгаа нөхцөлд уг шаардлага биелэгдэх боломжтой эсэх, эсвэл хуулийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх” гэж зааснаар шаардах эсвэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар доголдлыг арилгахад шаардлагатай хохирлыг шаардах эсэхийг нэхэмжлэгчээс тодруулж, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох нь зохистой байжээ. Ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад ажил гүйцэтгэгчийн санал, хүсэл зориг байх урьдчилсан нөхцөлийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасан байх тул хариуцагч татгалзаж байгаа нөхцөлд ажлыг албадан гүйцэтгүүлэх боломжгүй бөгөөд ийм нөхцөлд зардал, хохирол шаардах эсэх нь тодорхой байх үндэслэлтэй.

11. Хэрэгт байгаа баримтаарУ” ХХК тендерт шалгарч, 2016.05.31-ний өдрийн гэрээний дагуу Орхон сумын Даваат багт 280 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгыг 2,329,757,571 төгрөгийн төсвийн хэмжээнд барьж гүйцэтгэх үүрэг хүлээж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016.12.19-ний өдрийн 38/16 дугаартай актаар ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн боловч барилгын 1-р давхарт баруун жигүүрийн ангиудын даацын бус тусгаарлах хануудад 15-20 мм ташуу болон хэвтээ цууралтууд үүссэн, энэ нь гүйцэтгэгч компани барилгын ажлын явцад дотор ханын буурь хөрсийг, аяган суурь хийж буцааж булахдаа барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД 3.02.01-90 4-т заасны дагуу үечлэн нягтруулаагүй булснаас буурь сууж дээрх суулт үүссэн гэсэн улсын байцаагчийн 2019.09.02-ны өдрийн дүгнэлт гарсан, нэхэмжлэгч шүүхэд хандаж Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.05-ны өдрийн 142/ШШ2021/00027 дугаар шийдвэрээр тус цэцэрлэг сургуулийн 1-р давхрын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад барилгын газар буурь суурийн ажил БНбД 3.02.01-90 4-т заасны дагуу үечлэн нягтруулалт хийсэн буурь суурь цутгаж янзлахыг “У” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн баримт хэрэгт авагджээ.

12. Гэвч үүнээс гадна өөр өөр доголдол илэрч, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021.09.03-ны өдрийн 14-07-025/135 дугаартай дүгнэлтээр “барилгын 1-р давхрын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон ханууд сууснаас нурах аюул үүссэн, барилгын цэвэр усны далд шугамуудаас их хэмжээний ус алдаж буурь хөрсөнд суулт үүссэн, барилгын аяган суурийг улаар ухаж тэгшлэн суурь цутгалтын дараа нягтруулалтыг барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД 3.02.01-90 4-т заасны дагуу хийгээгүйгээс 1-р давхрын шал, ханын хийцүүд нийтдээ суулт өгсөн байна, энэ нь гүйцэтгэгч “У” ХХК барилгын ажилд чанаргүй материал ашигласан, технологийг нарийн баримталж гүйцэтгээгүй, захиалагч тогтмол хяналт тавиагүйгээс үүссэн” гэж,

мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021.03.17-ны өдрийн 14-07-025/52 дугаартай дүгнэлтээр “сургуулийн барилгын 1-р давхарт тусгаарлах хануудын буурь суурь сууснаас анги танхимуудад 10 мм-50 мм хэмжээтэй хэвтээ ташуу цууралт үүссэн, ханын хэв гажилтаас хуванцар цонхны шил олон газар хагарсан, дээврийн хар цаасны налуу алдагдсанаас дээврээс ус нэвчдэг, материалын ашиглалтаас 2-р давхрын хануудад босоо, хэвтээ хялгасан цууралт үүссэн гадна ханыг дулаалгын хөөс хөндийрч, хөдөлгөөнд орсон, хаяавч бетон хана суусан, хананаас хөндийрсөн байна. Энэ нь барилгын гүйцэтгэгч компани барилгын ажлыг холбогдох норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгээгүй, захиалагч болон зохиогч байгууллага хуулиар олгосон эрх үүргийн дагуу хяналт шалгалтыг тогтмол хийгээгүйгээс болсон” гэсэн дүгнэлт гаргасныг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн.

13. Зохигчийн хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээч Я.Дүйнхэржавын 2022.02.15-ны өдрийн дүгнэлтээр “сургуулийн барилгад үүссэн гэмтлийн шалтгаан нь барилгын бохирын болон хэрэглээний ус олон жилийн явцад алдсанаас болсон. Барилгын буурь хөрсний анхны нягтруулалт тийм муу хийсэн гэх үндэслэл байхгүй, энэ нь барилгыг барьсан биш ашиглалтын үеийн алдаа. Тухайлбал, барилгыг ашиглалтад орсны дараа бохирын гал тогооны хоолны тос хоолойг бөглөж байсан өмнө нь хананд нь цав үүсэж байсан. Энэ үед зөвхөн ханыг засаж байсан байна. Энэ барилгын гэмтлийн гол шалтгаан нь сүлжээний ус алдалт юм. Энэ сүлжээний ус нилээд олон жил алдагдсан” гэсэн шалтгааныг тогтоожээ.

14. Дээрх баримтуудаар барилгын доголдолд ажил гүйцэтгэгч дангаараа буруутай эсвэл захиалагч буюу нэхэмжлэгч нь ашиглалтын алдаа гаргасан нь нөлөөлсөн эсэхийг  буюу аль нэг нь эсвэл хоёулаа буруутай эсэхийг бүрэн дүгнэх боломжгүй, шүүхээс томилогдсон шинжээч 2022.02.15-ны өдөр дүгнэлт гаргахдаа “...барилгад үүссэн гэмтлийн шалтгаан нь барилгын бохирын болон хэрэглээний ус олон жилийн явцад алдсанаас болсон, барилгын буурь хөрсний анхны нягтруулалт тийм муу хийсэн гэх үндэслэл байхгүй...” гэж дүгнэсэн атлаа барилгын далд ажлын акт байхгүй тул хөрсний ажлыг барилгын тухай хууль, барилгын норм стандартад нийцсэн эсэх талаар хариулах боломжгүй гэсэн эргэлзээтэй дүгнэлт гаргасан байхад шүүх шийдвэр гаргаж буй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

15. Шинжээчийн дүгнэлт тодорхой бус бол шүүгч дахин шинжээч томилох эрхтэй. Ажил гүйцэтгэгч нь барилгын буурь хөрсний нягтруулалтыг норм стандартын дагуу хийсэн эсэх асуудал тодорхой тогтоогдох ёстой бөгөөд барилгын бохирын болон хэрэглээний усыг олон жилийн турш алдсан бол шугам сүлжээний ажлыг хэн гүйцэтгэсэн, яагаад ус алдах болсон, ус алдалт ил эсвэл далд байсан эсэх, далд тохиолдолд нэхэмжлэгч мэдэх боломжгүй, эсвэл мэдэх боломжтой нөхцөл байдал байсан эсэх асуудлыг шинжээчээс тодруулж, зохих дүгнэлтийг хийх шаардлагатай байжээ. Улсын байцаагчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтэд доголдлыг арилгаж, барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжтой гэж үзсэн нь мэргэжлийн ямар шалгуур үзүүлэлтэд тулгуурласан, ийм дүгнэлт хийх болсон үндэслэлийг тодруулах нь маргааны бодит байдлыг тогтооход ач холбогдолтой.

16. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн зүгээс холбогдох байгууллагад хандаж байсан үйл баримтыг анхаараагүй, гэрчийн мэдүүлэг, ус алдсан тэмдэглэл зэрэг баримын хүрээнд дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

17. Иймд хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтад тулгуурлан хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/00715 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 207/МА2022/00077 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД